Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 27 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00238

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 584 тоотод оршин суух, Долоон Т овогт Энэбишийн Төгссайхан /РД:ШД86120473/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, өөрийн байранд байрлах, "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК /РД:5081092/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Төгссайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.                                                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Төгссайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...миний бие тус компанид 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс “Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн албаны хуулийн зөвлөх албан тушаалтай Н.Оюунтуяагийн “Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй” байх хугацаанд түүний оронд ажил үүргийг гүйцэтгэхээр туршилтын хугацаатай ажиллаж эхэлсэн.

Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.5-д заасан хугацааг хангаж, туршилтын хугацааны тайлангаа өгсөн боловч зохих тушаал гаргахгүй байсаар Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Б/204 тоот тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

Би 2016 оны 6 дугаар сарын 07-ныг хүртэл үндсэн цалингийн 80 хувиар цалинжиж байсан. Энэ өдрөөс хойш бол би 710,000 төгрөгөөр цалинжих естой байсан.

Ийм учраас ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Төгссайхан нь “Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн албаны хуулийн зөвлөхөөр 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд томилогдон ажиллаж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3т заасны дагуу Э.Төгссайхантай хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулсан бөгөөд компанийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар ажлын байранд тавигдах шаардлагад тэнцээгүй учраас цаашид үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Ийм учраас Э.Төгссайханыг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Төгссайхан нь хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Э.Төгссайхан нь "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/62 дугаартай тушаалаар туршилтын хугацаагаар "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн зөвлөхийн албан тушаалд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр томилогдож, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

"Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/204 дугаартай тушаалаар "ажлын байранд тавигдах шаардлагад тэнцээгүй" гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.Төгссайханыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Э.Төгссайхан нь "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/204 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Нэхэмжлэгч тус компанид хүүхэд асрах чөлөөтэй байгаа хуулийн зөвлөх О.Оюунтуяагийн оронд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Туршилтын хугацаа дуусахад надтай шинээр хөдлмөрийн гэрээ байгуулахгүй байж байгаад ажилдаа тэнцэхгүй гэж халсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

"Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн зөвлөх О.Оюунтуяа нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа болох нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн Б/169 дугаартай хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т "ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, ...шинээр орж байгаа дагалдан суралцагчтай ажил олгогчоор хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар, туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас ихгүй байна" гэж зохицуулсан.

 

"Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-т "шинээр орсон ажилтныг шаардлагатай гэж үзвэл 3 сарын хугацаагаар, үндсэн цалингийн 80 хувиар цалинжуулна, Ажилтан дадлагажих хугацаандаа тухайн ажлын байранд тэнцсэн бол үндсэн ажилтнаар томилж, тэнцээгүй тохиолдолд хөдөлмөрийнг гэрээг цуцлана", 3.1.4-т "хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна. Ажлын байр нь хууль тогтоомжийн дагуу хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд тухайн ажилтны эргэж ажилдаа орох хүртэл, түр ажилд томилогдож байгаа ажилтантай тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулна гэжээ.

 

Хөдөлмөрийн дотоод журам болон хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл нэхэмжлэгч Э.Төгссайханы туршилтын хугацаа 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дууссан байх тул хуулийн зөвлөх О.Оюунтуяаг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах хуульд заасан үүргээ хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК нь биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно" гэж заасан бөгөөд Э.Төгссайхантай туршилтын хугацаа дууссаны дараа хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг ажил олгогч буюу "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-д хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК нь нэхэмжлэгчтэй 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй атлаа түүнийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тус компанийн хуулийн зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгүүлэн ажиллуулсан байх тул нэхэмжлэгч Э.Төгссайханыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан гэж үзэх бөгөөд ажлын байранд тавигдах шаардлагад тэнцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг "ажлын байранд тавигдах шаардлагад тэнцээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан боловч энэ талаарх тайлбараа нотлох баримтаар нотлож чадаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд ажил олгогчийн санаачлагаар Э.Төгссайханыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Э.Төгссайханыг "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т үндсэн цалинг хэмжээ 710,000 төгрөг байхаар заасан байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу Э.Төгссайханы 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлоход нэг өдрийн цалин 33,023 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацаа болох 74 хоногт үржүүлэн тооцоход 2,443,702 төгрөг болж байх тул хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Төгссайханыг урьд эрхэлж байсан ажил буюу "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 2,443,702 төгрөгийг хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Э.Төгссайханд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Төгссайханы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Төгссайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-иас 54,049 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                  Х.ДАШДЭЧМАА