| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2018/0021/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 108
Ц.А, О.У, Т.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ж.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1112 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Ц.А, Т.Т, О.У нарт холбогдох 201726010905 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овогт О.У, 1996 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлчин мэргэжилтэй, “Төгөлдөр хүнс” нарийн боовны үйлдвэрт нарийн боовчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, охины хамт ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../,
С овогт Т.Т, 1998 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Абука” барилга технологийн коллежид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, охины хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./,
З овогт Ц.А, 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ....... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/,
Р.О.У, Т.Т, Ц.А нар нь 2017 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Б” зочид буудалд Г.Г-ын гар утас, “ХААН” банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.Г-д 1.262.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.У, Т.Т, Ц.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс яллагдагч О.У, Т.Т, Ц.А нарт холбогдох хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлага хангахгүй буюу /хх-99, 101, 103/ дахь талд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллаагдагчаар татах тогтоол он, сар, өдөр, дугаар байхгүй. Мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөгчийн сэжигтнээр тооцсон, байцаалт авсан О.У /хх-28-31/, Т.Т/хх-32-35/ нарт холбогдох шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 04, 05 дугаар тогтоолоор /хх-81, 82/ хүчингүй болгосон байхад тухайн сэжигтний мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хуульчилсан ба тус зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэйг заасан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогч, ...яллагдагчаас мэдүүлэг авахад энэ бүлэгт заасан нийтлэг журмыг баримтлана”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлаж өгнө...” гэсэн байна. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл яллагдагч О.У нь Т.Ттэй төрсөн эгч, дүү болох нь хэрэгт цугларсан баримт болон тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл яллагдагч Т.Тээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр /хх-109/ мэдүүлэг авсан боловч Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй мэдүүлэг авсан. Дээрх мэдүүлэг нь нотлох баримт бэхжүүлэх хуулийн шаардлага хангахгүй.
Яллагдагч О.У, Т.Т, Ц.А нараас 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр /хх-86-88/ гэрчээр мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэрчийн тухайн ойлголтыг хэл зүйн талаас нь авч үзвэл хэрэг явдлын талаар үзсэн, харсан зүйлээ нотолж ярьж байгаа этгээдийг ойлгох ба, хууль зүйн талаас нь авч үзвэл хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлийг мэдэж байгаа хүнийг гэрч гэж заажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд /гэрчийн талаар/ 2 дахь хэсэгт “... хэргийн талаарх өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх...”, 4 дэх хэсэгт “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн...” 6 дахь хэсэгт “... өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна...”, 7 дахь хэсэгт “... дуудагдан ирсэн зардлаа төлүүлэх, хуульд заасны дагуу аюулгүй байдлаа хамгаалуулах...” зэрэг байдлаар гэрчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн тогтоож өгсөн байна. Нөгөө талаар гэрч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж буй оролцогчийн хувьд “саад учруулсан, ... санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг” өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээдэг бол яллагдагч нь “... өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” юм.
Дээрх агуулгаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны субъект нь “гэмт хэрэг үйлдсэн этгээд бус харин тухайн хэрэг явдлыг харсан үзсэн, өөрөөр хэлбэл хэргийн талаар бодит байдлыг мэдэж байгаа хүн” байх гэсэн ойлголтоор хуульд тодорхойлогдсон, уг хуулийн үзэл баримтад тусгагдсан гэж дүгнэх юм. /УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл/ Иймд тухайн хэргийн холбогдогч буюу яллагдагч О.У, Т.Т, Ц.А 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэрчийн этгээдээр мэдүүлэг авсан байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн “... иргэн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдсөн зөрчил болох юм. Тиймээс дээр дурдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул яллагдагч О.У, Т.Т, Ц.А нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол О.У, Т.Т, Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.
1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол нь он, сар, өдөр, дугаар байхгүй. Мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөгчийн сэжигтнээр тооцсон, байцаалт авсан О.У, Т.Тнарт холбогдох шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 04, 05 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байхад тухайн сэжигтний мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн гэж шүүгчийн захирамжинд дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан. Хэдийгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын нэг хувь буюу хавтаст хэрэгт авагдсан хувь дээр он, сар, өдөр, дугаар тавигдаагүй боловч прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж дугаар авсныг нотлох зорилгоор урьдчилсан хэлэлцүүлэгт прокурорын нэгдсэн бүртгэл дээр хадгалагддаг тогтоолыг эх хувиар нь гаргаж өгөхөд шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийн үед шинээр нотлох баримт гаргаж өгөх эрхгүй гэсэн үндэслэлээр аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн үед шинээр нотлох баримт шүүхэд гаргаж өгөхийг хориглосон заалт байхгүй болно.
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөгчийн сэжигтнээр тооцсон шийдвэрийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хүчингүй болгосон. Харин О.У, Т.Тнарын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг хүчингүй болгоогүй бөгөөд уг мэдүүлэг нь тухайн үед хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авсан тул нотлох баримтаар үнэлсэн. Гэхдээ шүүгч дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй гэж үзэж байгаа бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд дурдагдсан бусад нотлох баримт болох хохирогч Г.Гантулгын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, дипозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул сэжигтний мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасч тооцох боломжтой, энэ хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй гэж үзэж байна.
2. Яллагдагч О.У нь Т.Ттэй төрсөн эгч, дүү болох нь хэрэгт цугларсан баримт болон тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл яллагдагч Т.Тээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр /хх-109/ мэдүүлэг авсан боловч Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй мэдүүлэг авсан. Дээрх мэдүүлэг нь нотлох баримт бэхжүүлэх хуулийн шаардлага хангахгүй гэжээ.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “... мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж заажээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “ба” гэж гишүүн өгүүлбэрийг холбох, зааглах үүрэгтэй холбоос үг гэж тайлбарласан. Дээрх заалтыг яллагдагчийн эрх үүрэгт хамааруулж ойлгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Хэрэв яллагдагчид дээрх хуулийн заалтыг сануулсны дараа мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл бий болж байгааг анхаарч үзнэ үү.
3. Шүүгчийн захирамжинд яллагдагч О.У, Т.Т, Ц.А нараас 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэжээ.
О.У, Т.Т, Ц.А нараас 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэрчээр байцаалт авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн шүүгчийн захирамжтай санал нэг байгаа бөгөөд прокурор тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтад үнэлээгүй. Нотлох баримтаар үнэлээгүй болох нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болох яллах дүгнэлтэд дээрх баримтыг иш татаж бичээгүй, яллах нотлох баримт болоогүй зэргээр нотлогдож байгаа ба уг байцаалтыг нотлох баримтаар үнэлээгүй нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад дээрх үндэслэлээр буцааснаар хэрэгт хийгдэх ажиллагаа огт байхгүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдсон байна. Иймд О.У, Т.Т, Ц.А нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1112 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд яллагдагч О.У, Т.Т, Ц.А нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1112 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ.
О.У, Т.Т, Ц.А нар нь 2017 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Болор” зочид буудалд Г.Г-ын гар утас, “ХААН” банкны карт зэргийг хулгайлж, хохирогч Г.Г-д 1.262.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан байна.
О.У, Т.Т, Ц.А нар нь хамтран гэмт хэрэг үйлдсэн яллагдагч нар бөгөөд өөр өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлэг өгч байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” гэж заасны дагуу эрх тайлбарлаж өгөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, дээрх заалт нь гэр бүл, төрөл садангийн хүний эсрэг гэрчээр мэдүүлэг өгөх тохиолдолд тайлбарлах заалт байна.
Харин О.У, Т.Т, Ц.А нараас 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн боловч уг зөрчил нь одоо засагдах боломжгүй бөгөөд уг мэдүүлгүүдийг прокурор яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй байгааг анхаарах нь зүйтэй.
О.У, Т.Т, Ц.А нарыг сэжигтнээр тооцсон тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлтэй. Гэхдээ сэжигтнээр тооцсон тогтоолыг хүчингүй болгосноор сэжигтэн нарын өгсөн мэдүүлэг хүчингүй болохгүй тул яллагдагчаар татах тогтоолыг нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд огноо, дугаар тавигдаагүй алдаа зөрчил байгаа нь хэргээс тогтоогдож байх боловч прокурорын нэгдсэн бүртгэлд тогтоолын огноо нь авагдсан талаарх баримтыг шүүхэд гаргуулан өгөх боломжтой талаарх прокурорын тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг зөрчил нь засагдах боломжтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.
Иймд О.У, Т.Т, Ц.А нарт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1112 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.У, Т.Т, Ц.А нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол О.У, Т.Т, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЮУНЧУЛУУН