Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 498

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Алаг адуут овогтой Ц-ийн М /**/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/216 дугаар тушаалын иргэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гэрч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/216 дугаар тушаалын иргэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай. 

Нэхэмжлэгч Ц.М миний бие Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 430 м.кв газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар авсан. Энэхүү газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн давхцалгүй байсан бөгөөд тус газар дээрээ бичил эко аялал жуулчлалын бааз байгуулахаар хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулан ажиллаж ирсэн. 

Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/216 дугаар тушаал гарч хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Ц.М миний газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалсан шийдвэр гарсан байна. Тус шийдвэрийг миний бие эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх болон тодруулах байдлаар Байгаль орчин, аялап жуучлалын сайдад хандсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 23- ны өдрийн 10/7162 тоот албан бичгээр холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын санапыг үндэслэн таны газар ашиглах эрхийг цуцалсан болно гэжээ. 

Ийнхүү цуцлахдаа “...Ц.М нь газар ашиглах эрх авахдаа манай хамгаалалтын захиргаанаас санал авч байгаагүй, ... мөн энэ асуудалтай холбогдуулан “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс газар ашиглах эрхийг цуцалж өгөхийг хүссэн...” зэрэг нөхцөл байдлыг дурьджээ. Нэхэмжлэгч миний бие газар ашиглах эрх авахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу хүсэлтээ гарган шийдвэрлүүлсэн бөгөөд тухайн үед Тусгай хамгаалаптгай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл журмыг хангасан учраас сайдын тушаал гарч газар ашиглах эрх, гэрчилгээ олгосон. 

Байгаль орчин, аялал жуучлапын сайд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/216 дугаар тушаалаа гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсгийг үндэслэсэн байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох талаар зохицуулсан бөгөөд 39.1.3-т “Эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэжээ. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд заасан эзэмшигч буюу манай тохиолдолд газар ашиглах эрх бүхий Ц.М миний бие газар ашиглах гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан. Миний зүгээс газар ашиглах гэрээгээ цуцлах тапаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болно. 

Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/216 дугаар тушаал гарахдаа дээрх хуулийн заалтыг үндэслэсэн нь хууль бус, хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас яаманд санал хүргүүлэхдээ “Ц.М нь газар ашиглах эрх авахдаа манай хамгаалалтын захиргаанаас санал авч байгаагүй” гэсэн байна. Миний бие газар ашиглах эрх авахдаа хуульд заасан нөхцөл, шаардлагыг бүрэн биелүүлсэн учраас сайдын тушаал гарч, газар ашиглах эрх миний нэр дээр шилжсэн байдаг. Тухайн ашиглах эрх бүхий газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж хамгаалалтын захиргаатай байнгын харилцаатай байсан. Бичил эко аялал жуучлалын бааз байгуулах төсөл дээрээ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж, хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуучлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Э-д 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 505 тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт “Ц.М-ын төсөл хэрэгжүүлэх 0.043 га газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг нь давхцаагүй, төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж саналыг хүргүүлэв” гэсэн байдаг. Гэтэл 2 сар хүрэхгүй хугацааны дараа хамгаалалтын захиргаанаас санал авч байгаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болгох санал гаргасан нь ойлгомжгүй байна. 

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/216 дугаар тушаалын иргэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн нэмэлт тайлбартаа: “Тухайн 2 газарт 1 төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ газар нь 1 хашаатай бөгөөд 2 хувааж газар ашиглах хүсэлтээ гаргасан. Хойд тал нь Ч.Б-ын нэр дээр ашиглах эрхтэй хэвээрээ байгаа. Урд тал нь С.М-н нэр дээр анх ашиглах эрх олгогдоод Ц.М-д шилжүүлсэн байдаг. Төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулахаар яаманд хандаж байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 505 тоотоор “Ц.М-ын төсөл хэрэгжүүлэх 0.043 га газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг нь давхцаагүй, төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж” санал хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авсан. Анх газар ашиглах эрх авахдаа бүрдүүлж өгсөн баримтууд яаманд байх ёстой ч гаргаж өгдөггүй. “С с” ХХК-ийн орц гарцыг одоо хаагаагүй, бохирын шугамыг гаргаж хашаагаа татаад шинээр кадастрын зураг хийлгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Иргэн Ц.М нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/216 дугаар тушаалын иргэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно", 36 дугаар зүйлийн 36.1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацаагүй байна” гэж заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Иймд иргэн Ц.М-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ “С сс” ХХК-ийн орц гарч хаасан, “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын тавьж байгаа бохирын шугамтай давхцуулж газар олгосон гэсэн үндэслэлээр тэдгээрийн гомдлоор шалгаад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Зөрчлийг арилгаж шинээр кадастрын зураг хийлгэхэд манай газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн газар дээр нь очиж хэмжсэн гэсэн. Энэ зөрчил арилсан бол тухайн газар дээр төсөл хэрэгжүүлэх боломжтой.” гэв.   

Гэрч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Ц.М-ын залгаа хойд талын газрыг ашиглах эрхтэй. Манайх 1973 оноос хойш л энд амьдарч байгаа. Манай аав Т.Ч Ц.М-ын ашиглах эрхтэй байсан газарт худаг ажиллуулж байсан. 2007 оны үед сонгуулийн ажлын хүрээнд худаг гаргаж өгсөн. Тэгээд худгийг хашаатай болгож манай аав ажиллуулж байгаад С.М-ыг 2007 оноос ажиллуулсан ба хашаандаа амьдруулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон хорооны Засаг дарга гээд 7-8 хүн ирж газар дээрээ амьдарч байгаа иргэдийн судалгаа хийсэн. Судалгаа хийх үед би байлцсан. Манай урд талын талбайд гаар ашиглах эрх олгогдсон, зургаар одоо ч хашаа нь харагдана. “С с” ХХК-ийн захирал Даваа гэж хүн байдаг. Даваа “танайх хашаагаа татахгүй бол гэрчилгээг чинь гаргаж өгөхгүй” гэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд очиход гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан. Танайх газраа чөлөөлж өг гэсэн. Явган хүний зам дагуу 1 метр хагастай хашаагаа дотогш татаж, хашааны гадуур бохирын шугам хийгдсэн. Дараа нь кадастрын зураг хийлгэж газрын хэмжээг багасгасан. Кадастрын зургаар хашааны гадна талд бохирын шугам байгаа. Тухайн газарт барилга барихаар төлөвлөж барилгын зургаа хийлгэсэн байсан. Гэтэл “Зайсан дэд бүтэц холбоо” ТББ хашаагаа татаад барилгын зургаа дахиад хийлгэчих, замын эсрэг талд байрлах зочид буудлыг бохирын шугамд холбож өгөөд түүнээс зардлаа гаргаад авчих гэсэн. Түүний дагуу шугамын ажил хийгдэж бид зардлаа гаргуулж авсан. Одоо хавтаст хэрэгт байгаа 2 гэрчилгээний кадастрын зурагт бохирын шугам ороогүй байгаа.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/216 дугаар тушаалын иргэн Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Анх маргаан бүхий газар болох Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө, 1 дүгээр гудамж, 63 тоот 2007 онд ашиглалтад орсон ундны зориулалттай худаг  бүхий 430 м.кв газрыг С-н М /РД:ШЖ810513**/-д тус хорооны Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1129382 тоот хаягийн тодорхойлолт, “К Л” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн байршлын кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, “он удаан жил амьдарч байгаа газраа ашиглах гэрчилгээ хүссэн” түүний гараар бичсэн хүсэлт, тухайн байршилд амьдарч буй гэр /үүдний амбаар бүхий/-ийн фото зураг зэргийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/401 дүгээр тушаалаар “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах эрх олгож, мөн өдөр Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах 2015/697 дугаартай гэрчилгээ олгосон  байдаг. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны кадастрын мэдээллийн санд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар маргаан бүхий газар С.М-ын ашиглалтад бүртгэлтэй  байсан, мөн тус хорооны өрхийн бүртгэлд тэрээр тухайн хаягт 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шилжин ирсэн бүртгэлтэй  хэвээр байгааг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.М нь тухайн газрыг ашиглах эрхийг С.М-с шилжүүлэн авсан гэдэг ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт иргэн Ц.Мын гаргасан “Экологийн боловсрол, ногоон ирээдүй” сургалтын бааз байгуулах зорилгоор газар ашиглах эрх хүссэн хүсэлт , түүний иргэний үнэмлэхний хуулбар, “Н с” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 09-нд үйлдсэн 430 м.кв газрын байршлын кадастрын зураг , “Экологийн боловсрол, ногоон ирээдүй” төсөл  зэргийг үндэслэн  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар  С.М-ын газар ашиглах эрхийг түүнээс гаргасан хүсэлтийг үндэслэн дуусгавар болгож, гэрээг цуцлан уг газрыг ашиглах хүсэлт гаргасан Ц.М-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх 5 жилийн хугацаагаар олгон, тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах 2016/211 дугаартай гэрчилгээ  олгожээ.      

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/216 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн иргэн Ц.М-д олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалснаар  маргаан үүсчээ. 

Дээрх тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон заалтаас гадна газар ашиглах эрхийг дуусгавар болгохтой холбоотой мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болох” заалтыг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь “газар ашиглагч газар ашиглах эрхээ дуусгавар болгох хүсэлт гаргасан тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болох” заалтын хамт баримталжээ. Өөрөөр хэлбэл Ц.М нь ийнхүү хүсэлт гаргаагүй байхад уг тушаалаар “газар ашиглагч газар ашиглах эрхээ дуусгавар болгох хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр Ц.М-ын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Уг тушаалын хавсралтад түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэлээ "хамгаалалтын захиргааны саналын дагуу” хэмээн тэмдэглэсэн байх ба хариуцагч “... “С с” ХХК-ийн “орц гарц хаасан” гэх, “Зайсан дэд бүтэц” ГҮТББ-ын “тус ТББ-ын хөрөнгөөр хийгдсэн бохирын цооног, шугам, нийтийн эзэмшлийн худаг, явган хүний зам дайруулан олгосон” гэх гомдол, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 30 тоотоор ирүүлсэн саналыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан” хэмээн, нэхэмжлэгч нь “С.М-аас уг газрыг ашиглах эрхийг шилжүүлэн авсан, ... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “төсөл хэрэгжүүлэх 0.043 га газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг нь давхцаагүй, төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж” санал хүргүүлж байсан, газар ашиглах эрхээ дуусгавар болгох хүсэлт гаргаагүй” хэмээн маргажээ. 

Нэхэмжлэгч Ц.М нь бичил эко аялал жуулчлалын бааз байгуулах төсөл дээрээ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж, хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Э-д 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 505 тоот “Ц.М-ын төсөл хэрэгжүүлэх 0.043 га газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг нь давхцаагүй, төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж” санал хүргүүлсэн албан бичгийг хүргүүлсэн  нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.    

Иймээс нэхэмжлэгч нь “газар ашиглах эрхээ дуусгавар болгох хүсэлт гаргаагүй”-н дээр “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал аваагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

“С с” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1228 тоотоор гаргасан “Ц.М-д олгосон газар нь тус компанийн аж ахуйн хашааны гарцыг хаасан”, мөн “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/59 тоотоор гаргасан “Ц.М-д олгосон газар нь тус холбооны шинээр тавьсан бохирын шугамтай давхцсан” гэсэн үндэслэлээр Ц.М-ын газар ашиглах эрхийг цуцлуулах гомдол тус тус ирүүлж , дээрх гомдлын дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 30 тоотоор  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт ирүүлсэн байна.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь бохирын шугам, нийтийн эзэмшлийн явган хүний замтай давхцалгүйгээр, “С с” ХХК-д орц, гарц гаргаж хашаалсан  байх  ба ийнхүү бохирын шугам, нийтийн эзэмшлийн явган хүний зам, “С с” ХХК-д орц, гарц гаргасан хэмжээгээр “К л” ХХК-иар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр кадастрын зураг  үйлдүүлсэн байна.  

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ “С с” ХХК-ийн орц гарч хаасан, “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын тавьж байгаа бохирын шугамтай давхцуулж газар олгосон гэсэн үндэслэлээр тэдгээрийн гомдлоор шалгаад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Зөрчлийг арилгаж шинээр кадастрын зураг хийлгэхэд манай газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн газар дээр нь очиж хэмжсэн гэсэн. Энэ зөрчил арилсан бол тухайн газар дээр төсөл хэрэгжүүлэх боломжтой.” хэмээн тайлбарласан хэдий ч энэ хэмжээнд буюу “К л” ХХК-иар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үйлдүүлсэн кадастрын зургаар “зөрчлийг арилсан” гэж дүгнэх нь эргэлзээтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч Ц.М-аас  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “...өөрийн газрын урд талд 10 м орчим татаж орц, гарцыг нээж өгсөн. ... “Зайсан дэд бүтэц холбоо” –ны тавьж байсан бохирын шугамыг гаргаж кадастраа хийсэн, мөн тус холбоотой тохиролцон бохирын шугамыг өөрийн газрын баруун талаар зам дагуу праллел явуулж шийдсэн . Иймд танай байгууллагын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн цуцлуулах саналд дурдагдсан зөрчлүүдийг арилгасан”  хэмээх хүсэлтээс өмнө буюу 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Б Л” ХХК-иар үйлдүүлсэн кадастрын зураг  дахь 425 м.кв газрын хэмжээ, 4 эргэлтийн цэг бүхий солбицлууд нь зөрчлийг арилгасан гэх 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “К л” ХХК-иар үйлдүүлсэн кадастрын зургийн 425 м.кв газрын хэмжээ, 4 эргэлтийн цэг бүхий солбицлуудтай адил байна. 

Өөрөөр хэлбэл “С с” ХХК-ийн орц гарч хаасан, “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын тавьж байгаа бохирын шугамтай давхцуулж газар олгосон гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгохоос өмнө уг зөрчлүүдийг арилгасан хэмээх хүсэлт гаргасан байхад хариуцагч уг зөрчлийг арилаагүй, бусдын орц гарч хаасан, бохирын шугамтай давхцсан хэмээн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон атлаа уг шийдвэрээсээ өмнө хийгдсэн кадастрын зурагтай адил хэмжээ, эргэлтийн цэгүүд бүхий дараа нь хийгдсэн кадастрын зургаар “зөрчил арилсан” гэж үзэж буй нь ойлгомжгүй байна. 

 “К л” ХХК-иар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үйлдүүлсэн кадастрын зургаар “зөрчлийг арилсан” гэж дүгнэх нь ийнхүү эргэлзээтэй, нөгөөтэйгүүр энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, мөн хариуцагч тал хэрвээ газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэл болсон дээрх зөрчлүүд арилсан бол тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын төслөө хэрэгжүүлэх боломжтойг тайлбарласан тул нэхэмжлэгч Ц.М-ын газар дээр хэмжилт хийж, бусдын орц, гарцыг чөлөөлж, бохир усны шугамыг давхцуулахгүйгээр ашиглах газрын хэмжээг тогтоон дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 08 сарын 01-ний өдрийн А/216 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр хэсгийн Ц.М-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

 

                Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан “маргаан бүхий газар дээр хэмжилт хийж, бусдын орц, гарцыг чөлөөлж, бохир усны шугамыг давхцуулахгүйгээр ашиглах газрын хэмжээг тогтоон” дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 08 сарын 01-ний өдрийн А/216 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр хэсгийн Ц.М-д холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий газар дээр хэмжилт хийж, бусдын орц, гарцыг чөлөөлж, бохир усны шугамыг давхцуулахгүйгээр ашиглах газрын хэмжээг тогтоон” дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж байгаа бөгөөд шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 08 сарын 01-ний өдрийн А/216 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр хэсгийн Ц.М-д холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА