Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 0944

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,

Улсын яллагч Ж.О,  

Шүүгдэгч Б.Жанцанноров, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:  

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-гийн Ж-т холбогдох 2008 0000 00948 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гурван Уул” ХХК-нд туслах ажилтан, ам бүл 3, аав, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Бурхантын 4 дүгээр гудамж 182 тоотод суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 16-52а тоотод оршин суух хаягтай Б овгийн Б-гийн Ж /РД:.................../. Урьд ял шийтгэлийн хувьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 12 сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.  

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 65 дугаар гудамж 17 тоотод оршин суух Б.Ж-гийн гэрээс иргэн Г.Б-ын эзэмшлийн “Самсунг Галакси жи-6” маркийн гар утас, өвлийн гутал, ноосон малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 435.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 65 дугаар гудамж 18 тоотод иргэн Э.Г-гийн гэрээс мөнгөн аяга хөргөгч, угаалгын машин, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад :   

            Шүүгдэгч Б.Ж  нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 65 дугаар гудамж 17 тоотод оршин суух Б.Ж-гийн гэрээс иргэн Г.Б-ын эзэмшлийн “Самсунг Галакси жи-6” маркийн гар утас, өвлийн гутал, ноосон малгай зэргийг хулгайлж, 435.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :   

- хохирогч Г.Б-ын”...Би 2020 оны 01 сарын 07-ны өдөр найз Ж-гийн баруун салааны эцэст байх гэрт нь очсон. Тэнд Ж-гийн дүү Ж  байж байсан ба бид 3 нэг шил Соёрхол 0.75 л хэмжээтэй архи хувааж уусан...Бид 3 унтаад босоод ирсэн чинь миний 2019 оны цагаан сарын өмнө Юнителийн салбараас лизингээр 780.000 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг галакси жи-6 гар утас, хархорин захаас 250.000 төгрөгөөр худалдаж авсан өвлийн үстэй дотортой арьсан гутал, ноосон малгай зэргийг Ж  хулгайлаад явсан байсан...Тэгээд маргааш нь Ж-ын утас руу ярихад би аваад, одоо очлоо хүнтэй уулзаж байна гээд алга болсон гэх мэдүүлэг /хх-81-82/,

            - гэрч Э.Г-гийн”...2020 оны 01 дүгээр сарын эхээр, өдрийг нь сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 65 дугаар гудамж 18 тоот гэртээ ганцаараа байж байсан чинь манай нөхөр Ж-гийн төрсөн дүү болох Ж орой 21 цагийн үед ирсэн...Удалгүй манай нөхөр Ж, түүний найз Б нар гаднаас 0,75 литрийн архи авчирсан ба тэр архиа хувааж уугаад амарсан...Тэгээд би өглөө 06 цаг өнгөрч байхад сэрсэн чинь Ж алга болчихсон байсан...гутлаа үлдээгээд Б-ын гутлыг өмсөөд явчихсан байхаар нь Б-ыг сэрээж Ж-ыг харсан уу чамд явлаа гэж хэлсэн үү чиний гутал байхгүй байна гэхэд уул нь унтаж амарсан шүү дээ яагаад миний гутлыг өмсөөд явчихсан юм, миний гар утас алга болчихсон байна гээд өөрийнхөө дугаар луу миний гар утсаар залгаж үзтэл утсаа аваад одоо орлоо ойрхон гэж хэлэхээр нь хүний гар утас, гутал, малгайг авчирч өг гэж хэлсэн чинь за гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Тэгээд дахин утас нь холбогдоогүй. Тэр өдрөөс хойш 2 сар гаруй сураггүй алга болж байгаад энэ 4 дүгээр сарын эхээр манай гэрт ирэхээр нь хүний гар утас, гутал малгайг яасан гэж асуухад гар утсыг согтуудаа 40.000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан Харин гутал, малгай хоёр элгэдээд дууссан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/    

            - “Мастер Үнэлгээ” ХХК-ний үнэлгээ : хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ 435.000 төгрөг /хх-97-98/,

            - Шүүгдэгч Б.Жанцанноровын”...2020 оны 01 дүгээр сарын эхээр, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баянхайрханы 65 дугаар гудамж 18 тоотод байрлах өөрийн төрсөн ах Ж-гийн гэрт байж байсан чинь орой гаднаас 22 цагийн орчимд манай ах Ж найз Б-тын хамт хоёулаа 0.75 литрийн Соёрхол нэртэй архи барьчихсан орж ирсэн...Манай ах Ж  өглөө ажилтай архи уухгүй унтлаа гэж хэлээд хэвтсэн. Харин нөгөө авчирсан архийг Б бид хоёр хувааж ууж дуусгаад унтаж амарсан. Тэгээд би унтаж байгаад өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад сэрэхэд Б  миний хажууд унтаж байхаар нь босоод хувцасаа өмсөөд хартал Б-тийн толгойн хажууд саарал өнгийн самсунг жи-6 маркийн гар утсыг авсан, мөн Б-тийн гутал байхаар нь өмсөөд ширээн дээр байсан түүний хар хөх өнгийн ноосон малгайг авч ахын гэрээс 05 цагийн орчим гараад Хархорин зах дээр очоод таксины жолоочид гар утсыг 40.000 төгрөгөөр зарсан...Малгай, гутал хоёрыг нь хэрэглэж байгаад урагдахаар нь хаясан...гэх мэдүүлэг / хх-138-138/ зэрэг нотлох баримтуудаар, мөн   

 

Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 65 дугаар гудамж 18 тоотод иргэн Э.Г-ийн гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, хөргөгч, угаалгын машин зэргийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

 - хохирогч Э.Г-гийн...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш манай нөхрийн дүү Ж  манай гэрт амьдарч байгаа. 2020 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Ж  өглөө эрт ажилдаа явлаа гээд гарсан. Тэгээд нөхөр, найз М  бид 3 цуг ажил руугаа явж байсан чинь Ж  автобусны буудал дээр байсан...Ж  над руу 11 цагийн үед залгаад, би гэртээ ирсэн байна, ус аваад юм угаах уу гэсэн би угаалгын машинд жоохон хувцас байгаа тэрийг угаачих гэж хэлсэн. Тэгээд та нар хэдэн цагийн үед ирэх вэ гэж асуусан, 19 цагийн үед харина гэж хэлсэн. Тэгээд 15 цаг 40 минутын үед Ж  дахиж залгаж хэзээ ирэх вэ гэж асуусан, орой буудаг үедээ очно гэж хэлсэн. Мөн найз Мөнхзул руу залгаж асуусан байсан. Орой манай найз М  над руу залгаж танай гэр чинь онгорхой байна, гэр чинь аймаар болсон байна угаалгын машин, хөргөгч хоёр чинь алга байна гэж хэлсэн. Тэгээд Ж руу залгахад утсаа таслаад байсан тэгээд нэг авсан чинь манай нөхөр угаалгын машин, хөргөгч авчирч өг хулгайчаа гэсэн чинь гар утсаа унтраасан. Тэгээд бид цагдаагийн байгууллагад хандсан ...гэх мэдүүлэг /хх-17-21/,

            - гэрч Ч.М-ын”...2020.05.24-ний өдөр манай найзын нөхрийн дүү Ж  над руу “89484862” гэсэн  дугаараас 13 цаг 05 минутанд залгаад надаас хэдэн цагаас тарах вэ гэхээр нь би 18 цагаас тарна гэхэд надаас угаах хувцас байгаа юу гэж асуухаар би угаах хувцас байхгүй гэж хэлсэн ба миний утас руу 15 цаг 59 минутад 3 удаа залгасан байсныг сонсоогүй ба ажлаа тараад 19 цаг 05 орчим минутын үед найз Г-гийн гэрт ирэхэд гэрийн хаалга цоожгүй хаалттай байхаар нь би гэр рүү нь ороход угаалгын машин, хөргөгч хоёр нь байхгүй, баруун хойд талд байх авдрын дээр байсан бурхан нь унасан байдалтай байхлаар нь гайхаад найз Г  рүү залгаж болсон зүйлийг хэлэхэд манай нөхрийн дүү Ж  гэрт байгаа гэж хэлэхэд цагдаа дуудаад очно гэж хэлсэн гэх мэдүүлэг /х-25/,      

            - гэрч Ч.А-ын”... 2020 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дуудлагаар хөргөгч засаж байхад 89484862 дугаар залгаж зарын дагуу ярьж байна хөргөгч, угаалгын машин зарах гэсэн юм гэж хэлсэн. Би авна хаягаа хэлээрэй гэсэн. Тэгээд тэр эрэгтэй хүн баруун салааны эцэст гэж хэлсэн. Тэгээд гэр лүү нь очиж хөргөгч, угаалгын машин харж үзээд 160.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Тэгээд тэр ах өгье гэж хэлээд хүний төрсөн өдөр дээр очих гээд яаралтай хэрэг болоод байна гэсэн. Тэгээд би хөргөгч, угаалгын машиныг ачиж баруун салааны Хаан банкны АТМ-аас дансаа хэлж дансны дугаар луу шилжүүлж авсан...”гэх мэдүүлэг /хх-31/,

            -“Мастер Үнэлгээ” ХХК-ний үнэлгээ : хохирогчийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1.000.000 төгрөг /хх-38/  

            - шинжээчийн дүгнэлт : 2020 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 65-18 тоотод байрлах монгол гэрээс эд зүйлс алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр илруулж бэхжүүлсэн №1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №01 “Шкаф дээрээс авсан мөр” гэж дугаарласан гарын мөр нь Б овогтой Ж-ын зүүн гарын эрх хурууны хээтэй тохирч байна...”  /хх-45/,

            - шүүгдэгч Б.Ж-ын:...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж өөрийн төрсөн ах болох Ж-гийн гэрт амьдрах болсон. 2020 оны 05 сарын 24-ний өдөр ахын гэрт байж байгаад өглөө 08 цагийн үед гурвалжингийн зах руу ажилд явсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад буцаж ах Ж-гийн гэрт ирэхэд хүнгүй байхаар нь орж хувцсаа угааж дуусгачихаад зурагт үзээд хэвтэж байтал хуучин хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин авна гэсэн зар явж байхаар нь тухайн дугаар луу залгаж зарын дагуу ярьж, гэрийнхээ хаягийг зааж өгөхөд 15 цаг өнгөрч байхад цагаан өнгийн ачааны машинтай 20 гаруй насны залуу хүрч ирээд угаалгын машин, хөргөгч хоёрыг үзэж харж байгаад нийлүүлээд 160.000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь зарсан. Тэгээд авдар дотроос 2 ширхэг мөнгөн аяга байсныг аваад кармандаа хийгээд Хархорин зах орж гудамжинд явж байсан танихгүй эрэгтэй хүнд нийлүүлээд 2 аягыг 50.000 төгрөгөөр зарсан. Тэгээд гурвалжингийн зах орж хөргөгч, угаалгын машин мөнгөн аяга, зарсан мөнгөөрөө архи авч дуусгасан...гэх мэдүүлэг /хх-66, 138/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.   

 Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний болон 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн хулгайлах гэмт үйлдлүүд нь “хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох 300,001-50,000,000 төгрөг хүртэлх  шинжийг хангасан, түүнчлэн нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон нь зөв болно.

Иймд шүүгдэгч Б.Ж-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-т 310.000 төгрөг (2 ширхэг мөнгөн аяганы үнэ 150.000 төгрөг, хохирогч нь алдагдсан хөргөгч болон угаалгын машинаа бусдаас буцааж авсан зардал 160.000 төгрөг) /хх-21/, хохирогч Г.Б-тод 435.000 төгрөгийг тус тус төлөх төлбөртэй.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүгдэгч нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 12 сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх тул тус шийтгэгдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.    

Шүүгдэгч нь тус хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй болон ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж /х-35, 103, 110, 112, 114/ хэрэгт авагджээ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 10 сарын хугацаагаар хорих ял  оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2020.08.20-ны өдрөөс шүүх хуралдаан эхлэх хүртэл нийт 5 хоног цагдан хоригдсон тухайн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Ж-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-выг 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн эдлэх 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 5 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-оос 745.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Ганцэцэгт 310.000 төгрөг, хохирогч Г.Б-од 435.000 төгрөг тус тус олгосугай.      

6. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

            7. Шүүгдэгч Б.Ж-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.          

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.