Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 564

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Г.Я-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос ..... овогт Г.Я-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .............тоот хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .....оны ... дугаар сарын ..ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ...................д оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, ........ овогт Г.Я-. /РД:.........../

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Я-нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ж-“цэцэрлэгийн барилгын зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Я-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Г.Я-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Д.Ж- “Би өөрийн зүс таньдаг Г- гэдэг залуугийн эхнэр болох -гэдэг хүүхний данс руу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Бичил хорооллын Хаан банкны АТМ дээрээс эхлээд 9.000.000 төгрөг, дараа нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөн 1.000.000 төгрөг, нийт тэр хүүхний Хаан банкны данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн.

          ... Тэгээд тэр хүүхэн мөнгө аваад утсаа ч авахаа больсон. ... Манай охины нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 488 мк дулаан зогсоол бүхий 24 машины граш бүхий зогсоолын газар дээр нь нэмж цэцэрлэг бариулах зөвшөөрөл гаргуулж өгье гэж надад Я-хэлсэн. Тэрэнд нь итгэж би 10.000.000 төгрөг мөн цэцэрлэг барих гэж байсан барилгын эскиз зургийн хуулбарыг хамт өгсөн. Уг нь би энэ хүмүүсээс цэцэрлэг барих зөвшөөрөл гаргуулаад өгөөч гэж гуйгаагүй. Г- эхлээд надад хэлээд дараа нь намайг эхнэртэйгээ танилцуулаад түүний эхнэр -би бүтээе гээд надад хэлж надаас мөнгө шилжүүлж авсан. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

          Гэрч П.Г-ийн “... Тухайн үед манай эхнэр Ж- хоёр танилцаад сайхан найзлаад байх шиг байсан. Нэг мэдсэн чинь манай эхнэр надад хэлэхдээ “Ж- намайг нэг бичиг баримт хөөцөлдөөд өгөөч гээд гуйгаад байна, тэр нь охиных нь нэр дээр байдаг 1 газар байдаг гэнэ, тэр нь дээр нь одоохондоо граш байгаа, түүнийхээ дээр нь цэцэрлэг  барих гэсэн чинь цэцэрлэгийн зөвшөөрөл нь гарахгүй байна, чамд таньдаг хүн байвал хөөцөлдөөд өгөөч би мөнгийг нь өгье, газрын албанд ажилладаг хүмүүс мөнгө авчихвал гялс гаргаад өгдөг гээд байна” гээд гуйгаад байна. Тэгэхээр нь би хүнээс асууж өгсөн чинь тэр хүн нь болох юм шиг юм ярьж байна. Би хөөцөлдөөд өгье гэж ярьж байсан. Тэгээд манай эхнэрт Ж- мөнгө шилжүүлсэн гэсэн. Манай эхнэр тухайн үед Ж-аас мөнгө төгрөг авсан талаараа хэлээгүй. Би хэдэн төгрөг Ж-аас манай эхнэр авсан талаар тухайн үед мэдээгүй. Гэнэт л ийм асуудал үүссэн. Би энэ асуудалд ямар ч оролцоогүй. Харин сүүлд 2019 оны 03 дугаар сарын үед Ж- над руу утсаар яриад “хэл амаар доромжлоод та нар надаас мөнгө авч идсэн гэхээр нь би идээгүй гээд л хэрэлдэж байгаа, би ямар Ж-аас  мөнгийг нь авсан биш, Би тэр хоёрын дундах асуудлыг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

          Дашжамцын Ж-ын ХААН банкин дахь ........ дугаартай дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-нд “9.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг” тус тус шилжүүлсэн тухай баримт. /хэргийн 5-6 дугаар хуудас/

 

          Г.Я-яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгчийн хамтаар сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би Ж-аас авсан 10.000.000 төгрөгөө буцааж өгнө. Буцааж өгөх ёстой 10.000.000 төгрөгнөөс Ж-д би 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг нь би удахгүй өгнө.

          ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч  Г.Я-үйлдэл нь “Залилах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Г.Я-уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж-д 10.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах явцад хохирогчид 3.000.000 төгрөг хүлээлгэсэн өгсөн баримт /хэргийн 71 дүгээр хуудас/, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг Д.Ж-.........дугаарын дансанд шилжүүлсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгчээс үлдэгдэл 5.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Я-баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Шүүх  шүүгдэгч Г.Я- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан улсын яллагчаас ялласан хорих ялыг оногдуулах шаардлагагүй гэж үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт Г.Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.Я- 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г.Я-торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Я-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Я-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Я-5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ж-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Я-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ