Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 187

 

                                   2020/ШЦТ/187

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Ц.Сайнзаяа

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

              Шүүгдэгч: Ц.Б

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Бт холбогдох 2012000000121 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар баг, .................. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил 6 хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн а/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, тус шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 66/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нийт 8 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, Б овогт Цийн Б/РД:АА.............../,

      

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 19-07 тоот хашаанд байрлах иргэн С.Мын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нууцаар, хууль бусаар, нэвтэрч эд зүйл хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            *Эрүүгийн 2012000000121 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

*Хохирогч С.Мын өгсөн:

“...Би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутын үед 99333806 дугаарын утсаар над руу Мөнгөнчимэг гэх хүн ярьж манайд ирж мод хаглаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би байшингаа түгжээд мод хаглах гээд айл руу явсан. 15 цаг 10 минут гээд гэртээ иртэл байшингийн цоож байхгүй байсан гэр рүүгээ ортол цоожийг нэг ширхэг орос автирктай авдар дээр тавьсан байсан авдрын хажуу талд байдаг хөлдөөгч алга болсон байсан. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сум 999 төвөөс 300 000/гурван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан хөлдөөгч алга болсон байсан. Ганцаараа амьдардаг. Би хөлдөөгчөө 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна сар ч болоогүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/,

*Иргэний нэхэмжлэгч Д.Гийн өгсөн:

“...Би Ц.Б гэх хүнийг танина хааяа манай ажпын газар дээр ирж ганц хоёр мянган төгрөг байна уу гэж асууж явдаг хүн байсан. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шиг санаж байна Ц.Б манай ажил дээр ирж хөлдөөгч авах уу? манай хөлдөөгч байгаа юм хямдхан 35.000 /гучин таван мянга/ төгрөгөөр авчихаач гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.Бээс чиний хөлдөөгч мөн юм уу хулгайн юм биш биз гэж асуухад тийм юм байхгүй минийх гэж хэлэхээр нь би 35.000 төгрөгөөр авсан. Тухайн өдөр манай ажил дээр ирээд нэг хөлдөөгч байна хоёулаа дамнаад ирье гэж хэлсэн тэгэхээр нь би юу яриад байгаа гээд хөөгөөд явуулсан удаагүй хөлдөөгчөө Ундрам буудлын урдаас үүрээд ирж манай хөлдөөгч байгаа юм хямдхан авахгүй биз гэсэн...’’гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар  тал/,

*Гэрч Я.Сийн өгсөн:

“...Ц.Б манай нөхөр байгаа юм хамтран амьдраад 5 жил болж орчим болж байна. Өглөө гэрээсээ гарчихаад ирье гээд эрт гарсан. Би 14:00 цаг өнгөрөөгөөд зах орж хоол хүнсний юм бөөгнүүлэх гээд явсан. Тэгээд гэртээ ирэх замд манай байрны урд талын сааданд цагаан тортой юм харагдаад байсан очоод үзтэл жоохон мах, цагаан тос байсан шиг санаж байна аваад гэр рүүгээ орох гээд явж байтал С.М ирээд манай юм байна ш дээ гээд надаас авсан. С.М манай хөрөгч алга болсон байна хэн авчихав гэж надаас асуусан би мэдэхгүй гэж хэлсэн. Ц.Б шөнө гэртээ ирээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/

*Яллагдагч Ц.Бийн өгсөн:

“...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...’’гэх мэдүүлэг/хх-ийн 43-46 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 401 дугаартай:

“...CHEST FREEZER CS-99 маркийн хөлдөөгчний үнийг 2020 оны 03 дугаар сарын байдлаар 300.000/гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 31 дүгээр тал/

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар тал/

*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 23-25 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 50 дугаар тал/

 * Шүүгдэгч Ц.Бийн эмчлүүлгэчийн хяналтын карт зэргийг шинжлэн судалсан болно.

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 19-07 тоот хашаанд байрлах иргэн С.Мын гэрээс эд зүйл алдагдаж, түүнд 300.000/гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б үйлдсэн болох нь хохирогч С.Мын”...15 цаг 10 минут гээд гэртээ иртэл байшингийн цоож байхгүй байсан гэр рүүгээ ортол цоожийг нэг ширхэг орос автирктай авдар дээр тавьсан байсан авдрын хажуу талд байдаг хөлдөөгч алга болсон байсан. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сум 999 төвөөс 300 000/гурван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан хөлдөөгч алга болсон байсан...”, гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Гийн”...2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шиг санаж байна Ц.Б манай ажил дээр ирж хөлдөөгч авах уу? манай хөлдөөгч байгаа юм хямдхан 35.000 /гучин таван мянга/ төгрөгөөр авчихаач гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.Бээс чиний хөлдөөгч мөн юм уу хулгайн юм биш биз гэж асуухад тийм юм байхгүй минийх гэж хэлэхээр нь би 35.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг, гэрч Я.Сийн”...Өглөө гэрээсээ гарчихаад ирье гээд эрт гарсан. Би 14:00 цаг өнгөрөөгөөд зах орж хоол хүнсний юм бөөгнүүлэх гээд явсан. С.М манай хөрөгч алга болсон байна хэн авчихав гэж надаас асуусан би мэдэхгүй гэж хэлсэн. Ц.Б шөнө гэртээ ирээгүй...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Бийн мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 401 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохионы 19-07 тоотод хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна, шүүгдэгч Ц.Бийн хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.   

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

              Хохирогч С.М нь хөлдөөгчөө буцаан авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

              Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.              

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цийн Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР