Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 572

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Д.Г-,

шүүгдэгч З.О-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас  .... овогт Д.Г-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  ......овогт З.О-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ..............дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ............тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн .... оны ..дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар  хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ........ овогт  Д.г. /РД:........../

 

Монгол Улсын иргэн, ....оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...............оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....... овогт З.О-. /РД:.........../

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Г- нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчим хохирогч З.О-харилцан зодолдож, З.О- эрүүл мэндэд баруун хацар ясны хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч З.О-нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчим хохирогч Д.Г-тай харилцан зодолдож, Д.Г-ын эрүүл мэндэд хамар, хүзүү, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г- хохирогчоор мэдүүлэхдээ: “Хамт архи ууж байгаад маргаан үүссэн. Уг маргаанаас болж хоорондоо зодолдсон. Миний хамар, толгой, хүзүү, мөр, өвдөг зулгаралт гэмтэл үүссэн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О-хохирогчоор мэдүүлэхдээ: “Ажлын дүүтэй архи ууж маргаан үүсэж зодоон хийсэн байна. Хамар, нүдний ухархайнд гэмтэл гарсан. Эмчлүүлээд одоо эдгэрсэн. Эмчилгээний төлбөр 1.500.000 төгрөг нэхэмжилсэн” гэв.

 

1. Шүүгдэгч Д.Г- нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч З.О- “2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой манай ажил дээр хамт ажилладаг Д-, Г- бид гурав ажил дээрээс тарахдаа хоёр шил Хараа 0.5 хэмжээтэйг хувааж ууцгаасан. Тэгээд 16 цагийн орчим хотын төв рүү ороод замдаа Н-гэх таньдаг эмэгтэйтэй уулзаад хамтдаа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Эрхэс зочид буудлын замын урд талд ертөнцийн зүгээр хойшоогоо харсан хаалгатай нэрийг нь мэдэхгүй нэг караокед 18 цагийн орчим ороод 3-4 цаг дуулж сууцгаасан. Тэр үед хүний хоёр хоёр Сэнгүр пиво хувааж  ууцгаасан. Тэгээд  22 цаг өнгөрөөгөөд караокеноос гараад Н-яваад өгсөн ба Г- бид хоёр үлдээд Бичилийн замын хажуугаар явган хүний замаар явж байхдаа Г- бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би их уусан болохоор тасарчихсан нэг мэдсэн чинь Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил дэд хэсгийн байранд ухаан орсон ба миний нүд хацар, хавдчихсан хамар орчмоос цус гарчихсан байсан. Тэгээд би тухайн үед зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Надад учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад хүндэвтэр гэмтэл учирсан байна. Надад учирсан гэмтлийн Г- намайг зодож учруулсан. Тухайн үед Г- бид хоёр маргалдсан.

... Г-ад би өмнө нь өөрийн гэсэн өмчтэй бол гэж зөвлөгөө өгч байсан ба тэрийг Г- намайг хоосон хүн гэж хэллээ гэж ойлгоод тэрнээс болж маргалдсан. Тухайн үед Г- намайг цохих үед би зөрүүлээд цохисон байж магадгүй. Би сайн санахгүй байгаа. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Гэрч Э.А-“... Тухайн үед О-ийн хамарнаас нь цус гарчихсан байсан. Харин Г-ын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №.... дугаартай:

“1. З.О- биед баруун хацар ясны хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

З.О- гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 54-57 дугаар хуудас/.

 

Гэрч Д.Ө-“ ... 11 дүгээр байрны зүүн хойд буланг очиж шалгахад буланд нь нэг хүн сууж байсан ба О- гэх хүн байсан ба зүүн нүд нь хавдаад нүүр нь цус болсон байдалтай байсан. ...Тухайн үед Г-, О- нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79-80 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Ц-“ ... Тэгсэн чинь  саарал фудволктой залуу /сүүлд нэрийг нь мэдсэн/ О- нь өндөр залууг түлхэх шиг болсон чинь /сүүлд нэрийг нь мэдсэн/ Г- нь О-ийг нүүр лүү нь нэг цохиод газар унахад нь толгой руу нь 2-3 удаа  хөлөөрөө дэвссэн. Тэр үед би хажуугаар нь өнгөрч таарсан болохоор 102 дугаарын утсанд өөрийн ..... гэсэн дугаараас мэдэгдсэн. ...Тухайн үед Г-, О- нар нийлээд согтсон гуйваад яваад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 81-82 дугаар хуудас/

 

Д.Г-ын яллагдагчаар өгсөн “... Би О-т хүндэвтэр гэмтэл учруулсанаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн маргаантай асуудал байхгүй эвлэрсэн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулахаар ярилцаж тохиролцсон байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-73 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч З.О-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Г-ын “... Тэгээд тухайн үед нилээд согтоцгоогоод гарахаар болоод гарсан ба тэр үед О- ах бид хоёр түрүүлж гараад юм яриад зогсож байгаад О- ах намайг чи яагаад ер нь давраад байгаа юм бэ гээд миний нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гараад та яаж байгаа юм гээд маргалдаад хоорондоо ноцолдсон. Тэр үед Н-г гарч ирээд салгаад би явлаа гээд яваад өгсөн. Тэгээд О- бид хоёр үлдээд зам дагаад алхаж явж байхдаа бид хоёр дахиж маргалдаад О- ах намайг наашаа хүрээд ир гээд дагуулаад есөн давхар байрны орчим ирээд булан тойроод гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд ноцолдоод нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд дээр доороо ороод ноцолдсон. Тэгээд нэг хэсэг би ухаан балартаад нэг ухаан орсон чинь цагдаагийн хэсэг дээр ухаан орсон. Тэгээд цагдаа нар ар гэрээсээ хүн дууд гээд би О- гэх ахыгаа дуудаж ирүүлсэн. Би уншиж танилцсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг тухайн үед О- ах надад учруулсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/

 

Гэрч Э.А-“... Бичил дэх Цагдаагийн дэд хэсэг дээр эргүүлийн цагдаагийн үүргийг ахлах ахлагч Д.Ө-хамт гүйцэтгэж байхад шөнө 22 цаг 32 минутад Бэгэр 10-аас Баянгол дүүргийн 12 дугаар хороо 11 дүгээр байрны хажууд хоёр хүн зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу 11 дүгээр байрны зүүн талд очиход хоёр согтуу эрэгтэй хүн бие биенийгээ газраас татаж босгож байгаа байдалтай байсан ба шалгахад О-, Г- гэх хүмүүс байсан бөгөөд юу болсон талаар асуухад бид хоёр гэр лүүгээ харьж явж байна гэсэн бөгөөд дуудлага өгсөн болохоор Бичил дэх хэсэг дээр авчираад ар гэрээс нь хүн дуудуулж дээрх 2 иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

... Тухайн үед анх очиход хоорондоо зодолдоогүй. Нэг нь нэгнийгээ татаж босгоод нилээд согтсон байдалтай байсан ба Г- гэх хүн нь О-тоо хандан чи намайг газар унагаасан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/

 

Гэрч М.Ж-“ ... Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын  27-ноос 28-ны өдөр шилжих шөнө гэрт 01-02 цагийн үед  ирсэн бөгөөд тэр үед хувцас нь шороо болчихсон, уруул, хамарнаас нь цус гарчихсан, гарын мөр болон хөлийн өвдөг хэсэг шалбарч, хөхөрсөн байсан. Яасан юм гэсэн чинь О- ахтай маргалдаад намайг зодчихлоо гэж хэлсэн. Маргааш нь хамар хугарчихсан юм шиг байна, толгой өвдөөд өндийж чадахгүй байна гэж байсан. Өөр зүйл бол мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №.... дугаартай:

“1. Д.Г-ын биед хамар, хүзүү, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт,  зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Гэрч Д.Ө-“... Баянгол дүүргийн  12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны  зүүн хойд буланд очсон чинь  Г-  нүүр нь цус болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79-80 дугаар хуудас/

 

З.О- яллагдагчаар өгсөн “... Би Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-68 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан дээр баримтуудаар шүүгдэгч З.О-, Д.Г- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчим хоорондоо маргалдаж, харилцан зодолдож З.О-нь Д.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Г- нь З.О-  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Г-, З.О нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч З.О-нь хохирогчоор мэдүүлэхдээ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул тэдгээрийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Харин шүүгдэгч Д.Г- нь хохирогч З.О-т учруулсан хохиролд нийт 1.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулжээ. Иймд тэдгээрийн харилцан тохиролцон мөнгийг шүүгдэгч Д.Г-аас гаргуулж З.О-т олгуулах зүйтэй  гэж үзэв.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч  З.О-, Д.Г- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, З.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.О-, Д.Г- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......... овогт Д.гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

...... овогт З.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.О-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-, З.О-нарыг торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г-, З.О-нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Г-, З.О-нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, З.О-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Г-аас 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч З.О-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г-, З.О-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ