Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 0892

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Б.Ш , түүний өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч Э.Л , Ж.Ж  , П.Ц ,

гэрч Б.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ш ийг,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Э ыг,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808046460760 дугаар хоёр хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын ... дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

- Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан. Б овогт Б.Ш  (РД:.....).

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын ...дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Б овогт Ц.Э  (РД:.........),

 

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар баг, Байшингийн 1 дүгээр гудамж, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ....дугаар хороо, задгайд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.Г  (РД:НИ92112011),

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

- Шүүгдэгч Б.Ш  нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Э.Л ын зүүн нүдэн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

- Мөн Г.Г , Ц.Э  нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

- Шүүгдэгч Ц.Э  нь Г.Г той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Ж.Ж  ыг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Мөн Б.Ш , Г.Г  нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

- Шүүгдэгч Г.Г  нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн П.Ц ыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны дээд хэсэгт зөрөөтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Ц.Э тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Ж.Ж  ыг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн Б.Ш , Ц.Э  нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Ш  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.Э  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Л  мэдүүлэхдээ: “....Миний биеийн байдлын хувьд даралт буухгүй байгаа. Амьсгаа авч гаргахад хэцүү байна. Эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг авсан. Одоо эмчилгээний зардал 4.000.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна....” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ж   мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ц  мэдүүлэхдээ: “...Манай эхнэр гэрт орж ирээд урд хүмүүс зодолдоод байна, манай хүүхэд зодолдож байгаа юм биш биз, очиж үзэе гээд дагуулаад гарсан. Тэгтэл хүүхдүүд хоорондоо зодолдож байсан. Тэгээд манай хүүхэд байхгүй юм байна гээд буцах гэтэл хоёр жижиг хүүхэд нь үсэрч ирээд намайг дараад унагасан. Тэгтэл эхнэр нь бололтой нэг эмэгтэй “та нар болиоч, наад хүнээ аллаа” гээд хашгираад байсан. Тэр эмэгтэй маш сайн мэдэж байгаа. Хохирлын хувьд 4 сар ажилгүй байсан хугацааны нийт цалингаа нэхэмжилж байгаа. Энэ талаарх баримтыг гаргаж өгсөн. Би эмчилгээний зардалд нийт 5.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Надад хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би хүнд ажил хийх боломжгүй болсон. Би сүүлд ахдаа 2.000.000 төгрөг өгчих гэсэн боловч мөнгийг өгөөгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Х  мэдүүлэхдээ: “...Намайг гэрээс гараад очиход Э  нэг хүнийг цохих гэж байсан. Тэгтэл нэг хүн  нүд юм харахгүй байна гээд орилоод нойлын цаасаар нүдээ дарсан. Тэгээд нөхөрийгөө гэр лүүгээ татаж оруулсан. Тэгээд гэрийн хаалгаа түгжсэн. Хэсэг хугацааны дараа гадаа чимээгүй болсон. Тэгээд гартал Ш  нойлын ард зогсож байсан. Мөн Э  амбаарын ард зогсож байсан. Тэгээд буцаад орж ирсний дараа Э  нь “би хувцсаа олчихлоо” гээд гэрт орж ирсэн. Тэгээд манай нөхөр гэрээс гарах гээд зүтгээд байхаар нь би цамцыг нь тайлаад авчихсан. Би хүүхдээ хөхүүлээд араас нь гарч чадаагүй. Манай ээж эгч хоёр орж ирээд 102 луу залгаад дуудлага өгсөн...гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Э.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“....Н  эгч миний урд алхаж байгаад түрүүлж очоод “дүү чинь биш байна, урд айлын залуучууд байна” гээд бид хоёр буцаад гэр лүү явж байхад нэг залуу араас гүйж ирээд эгч Н г татаад унагаасан. Би эгчийг татаж босгож байхад нүүрэнд хатуу зүйл цохисон. Би их чанга хашгираад “нүд сохорчихлоо” гээд газар хэвтсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Их өвдөж байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Миний нүднээс шингэн зүйл гоожоод “эмчилгээ байхгүй, удах юм бол баруун нүдэндээ нөлөөлнө, яаралтай хагалгаанд ор” гэснээр хагалгаанд орж, зүүн нүдээ авахуулсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...Миний биед учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг би өөрөө хараагүй. Харин сүүлд ах Ц , Н  эгчийг татаж унагаасан пиджактай залуу болох Ш  чулуу авч намайг цохисон гэсэн. Харин нөгөө 2 залуу намайг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13-14, 22, 29 дүгээр тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12030 дугаар:

1.Э.Л ын биед зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас)

 

   2. Хохирогч П.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин .....тоот гэртээ эхнэр Н гийн хамт байж байхад хамаатны дүү Ж  , Л  хоёр эргэж ирсэн. Орой 21 цагийн үед эхнэр Н  “хашааны урд хүмүүс зодолдоод байна” гээд гар чийдэн аваад гарсан. Дүү Л , эхнэр Н  2 тэр хүмүүс дээр түрүүлээд очсон. Би дүү Ж  ы хамт араас нь очиход Л  нүүрээ дараад, цус гараад байсан. Би “хүүхдийн нүд сохолчихлоо, наадуулаа бариад ав” гэхэд нэг намхан залуу намайг юмаар цохиход би баруун гараараа хаагаад, зүүн хөлөөрөө өшиглөх гэхэд би бүдрээд унасан. Тэр үед 2 залуу ирээд намайг өшиглөөд, цохиод байсан. Дүү Ж   миний дээрээс дарж хэвтээд намайг хамгаалсан. Тэр 2 залуу зугтаагаад явсан. Миний биед учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу учруулсан. Манай эхнэр Н г пиджактай залуу түлхэж, газар унагаасан. Тэр үед Л  эхнэрийг татаж босгох гэж байхад тэр пиджактай залуу чулуу аваад шидсэн чинь Л  нүүрээ дараад “нүд сохолчихлоо” гээд орилоод байсан. Би тэр пиджактай залууг барьж авах гэхэд зугтаасан. Тэгтэл хажуугаас цээж нүцгэн намхан залуу ирээд намайг цохих гэхэд би гараараа нүүрээ хаахад миний гар цохигдож гэмтсэн. Надад учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу учруулсан. Нэрийг нь мэдэхгүй. Харин нөгөө залуу нь хажуу талаас өшиглөсөн боловч өшиглөснөөс учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 19-20, 24-25, 27 дугаар хуудас)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12029 дүгээр:

1. П.Ц ын биед баруун шуунд шарх, зүүн шуу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ” 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар:

1. 2018.12.11-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн баруун шууны рентген зургаар баруун гарын богтос ясны дээд доод хэсэгт бороожиж буй зөрөөтэй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас)  

 

4. Хохирогч С.Ж  ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин .....тоотод ах Ц ыг эргэх гээд дүү Л ын хамт очсон. Тэгээд ахтай юм ярид байж байхад 21 цагийн үед эгч Н  “урд хашааны гадаа зодоон болоод байна” гээд Л ыг аваад явсан. Би ах Ц ыг бие засуулах гээд түшээд гарахад эгч Н  “хүн аллаа” гээд орилоод байсан. Би ахыг орхиод түрүүлээд очиход Л  “миний нүдийг цохиод сохолчихлоо” гээд нүдээ дараад газар хэвтэж байсан. Би цаана байсан 3 залууг “та нар яаж байгаа юм бэ” гэхэд урдаас чулуу авч шидээд байсан. Би барьж авах гээд гүйгээд очиход тэр 3 зугтаасан. Би нэг залуугийн араас хөөгөөд гүйцээгүй. Буцаад ирэхэд үлдсэн 2 залуу ах Ц ыг газар унагаагаад зодож байсан. Би тэд нарыг салгаж байхад цээж нүцгэн залуу гартаа чулуу бариад над руу шидсэн. Тэр шидсэн чулуу миний толгойн зүүн хэсэгт онож цус гараад тогтохгүй байсан. Тэгээд ах Ц ыг түшээд гэр лүү орж байхад дүү Б  ирээд тэр 3 залууг барих гээд явсан.  ...Миний биед учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу, бас нэг залуу 2 учруулсан. Нэрийг нь мэдэхгүй. Ц  ахыг хамгаалаад дээрээс нь дараад хэвтсэн байхад тэр 2 залуу чулуугаар цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 23 дугаар хуудас)

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12034 дүгээр:

1. С.Ж  ы биед зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас)

 

6. Гэрч Ц.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ээж Н  миний утас руу залгаад аав чинь хүнд зодуулчихлаа гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин .....тоот гэртээ ирэхэд аав Ц ын баруун гарын тохой хэсгээс зүсэгдэж цус гарсан байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад “урд хашааны залуус хоорондоо зодолдоод байхаар нь Л той очоод салгах гэхэд бид нарыг зодчихлоо” гэсэн.  Урд хашааны завсраар харахад 2 залуу хоорондоо “наадуулыг чинь орж ирэхээр нүхлээд нүхлээд хэвтүүлчихье” гэж ярьж байсан. Би хашаа даваад ороход тэр 2 залуу зугтаасан. Би гүйж очоод тэнд байсан 3 залууг бариад байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас)

 

7. Гэрч Ц.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин .....тоотод гэртээ Нөхөр Ц , дүү Л , Ж   4 хүүхдийн хамт байсан. Орой 21 цагийн үед бие засах гээд гэрээс гарахад хашааны гадна хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би гар чийдэн аваад гарахад дүү Л  цуг гаръя гээд араас гарч ирсэн. Хашааны гадна гарахад 3 хүн маргалдаад байж байсан. “Юу болоод байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд эргэж байхад хөх пиджактай залуу намайг татаж унагаасан. Дүү Л  намайг босгох гээд ирж байхад намайг татаж унагаасан залуу газраас чулуу хайгаад байсан. Тэр үед Л  “нүд сохолчихлоо” гэж хашгирсан. Би очоод цусыг нь тогтоох гэж байхад 2 өндөр залуу ирээд миний хажуугаар Л ыг өшиглөөд байсан. Гэрээс Ц , Ж   2 гарч ирээд “цагдаа дуудлаа шүү” гэхэд тэр 2 залуу Л оос босоод явсан. Би дүү Л ын нүднээс цус гараад байхаар нь цусыг нь тогтоох гээд хажууд нь байсан. Танихгүй хоёр залуу Ц , Ж   хоёртой зодолдоод байсан. Би юу болж байгааг харж чадаагүй. Удалгүй том хүү Б  ирээд цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудас)

 

8. Шүүгдэгч Б.Ш ын хувийн байдалтай холбоотой баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар тал), шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 113-124 дүгээр тал)

 

9. Шүүгдэгч  Ц.Э ын хувийн байдалтай холбоотой баримт:  Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар тал), шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 94-99 дүгээр тал)

 

10. Шүүгдэгч Г.Г ын хувийн байдалтай холбоотой баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ш , Ц.Э , Г.Г  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Ш  нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Э.Л ын зүүн нүдэн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  Ц.Э  нь Г.Г той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Ж.Ж  ыг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г  нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн П.Ц ыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны дээд хэсэгт зөрөөтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- мөн шүүгдэгч Ц.Э тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Ж.Ж  ыг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

 Мөн дээрх газар, цаг хугацаанд шүүгдэгч Б.Ш , Ц.Э , Г.Г  нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- хохирогч Э.Л ын мэдүүлэг (1хх13-14,22,29), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12030 дугаар дүгнэлт (1хх49),

- хохирогч П.Ц ын мэдүүлэг (1хх19-21,24-25,27), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12029 дүгээр дүгнэлт (1хх-47), мөн “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ” 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар дүгнэлт (1хх54-55),

- хохирогч Ж.Ж  ы мэдүүлэг (1хх16-17,23), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12034 дүгээр дүгнэлт (1хх-46)

- гэрч Ц.Б гийн мэдүүлэг (1хх-30)

  - гэрч Ц.Н гийн мэдүүлэг (1хх38), шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн хэрэг үйлдэгдсэн газрын талаарх найман ширхэг гэрэл зураг бүхий дөрвөн хуудас баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6, 7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар тооцоогүй.

            Харин шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч нараас “Шүүгдэгч Г  зодоонд оролцсон болохыг тогтоож чадаагүй, нотлогдоогүй, хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, түүнчлэн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх зарчмыг баримталж хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Г.Г  хохирогч П.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Ц.Э тай бүлэглэн хохирогч Ж.Ж  ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.Ж  ы “...Буцаад ирэхэд үлдсэн хоёр залуу ах Ц ыг газар унагаагаад зодож байсан. Би тэд нарыг салгаж байхад цээж нүцгэн залуу гартаа чулуу бариад над руу шидсэн. Миний биед учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу, бас нэг залуу учруулсан. Ц  ахыг хамгаалаад дээрээс нь дараад хэвтсэн байхад тэр хоёр залуу чулуугаар цохиж учруулсан...” мэдүүлэг (хх-16-17, 23), хохирогч П.Ц ын “...Би хүүхдийн нүд сохолчихлоо, наадуулаа бариад ав” гэхэд нэг намхан залуу намайг юмаар цохиход баруун гараараа хаасан, зүүн хөлөөрөө өшиглөх гэхэд бүдрээд унасан. Тэр хоёр залуу ирээд намайг өшиглөөд, цохиод байсан. Дүү Ж   миний дээрээс дарж хэвтээд намайг хамгаалсан. Тэр хоёр залуу зугтаагаад явсан. Миний биед учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу учруулсан...Би тэр пиджактай залууг барьж авах гэхэд зугтаасан. Тэгтэл хажуугаас цээж нүцгэн намхан залуу ирээд намайг цохих гэхэд би гараараа нүүрээ хаахад миний гар цохигдож гэмтсэн...” мэдүүлэг (хх-19-20, 24-25, 27) зэргээр шүүгдэгч Г.Г  дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж шүүх үзсэн.

Мөн шүүгдэгч нар нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хохирогч Э.Л , П.Ц , Ж.Ж   нарт хүч хэрэглэн, эрүүл мэндэд халдаж хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах явцдаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хууль зүйн хувьд Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадал зэргээр бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг зорилгоо болгосон үйлдлийг хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсч шууд санаагаа хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амь явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бол уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэл бий болно.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэх үндэстэй байна.

Иймд шүүгдэгч Г.Г ыг  хүнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Ш ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Э ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 мөн дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуудсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/80 тоот “Эрүүгийн хэргийн түдгэлзүүлэх тухай” хүсэлтээсээ татгалзсан болохыг тэмдэглэв.

 

-Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Э.Л ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хэрэгт авагдсан баримт (1хх-69-85)-уудад гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаатай 3 ширхэг баримт (хх-76-д 10.000, 20.000, хх-78-д 5000)-ын үнийн дүн 35.000 төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй байх тул хохирлын дүнд оруулан тооцоогүй болно. Харин “Суперпроб” ХХКомпанийн MRI толгой судастай тодосгогчтой 500.000 төгрөг (1хх247), “Солонго хараа” ХХКомпанийн “Зүүн нүдэнд гоо сайхны зорилгоор нулимсны суваг залгах мэс засал хийх боломжтой. Мэс заслын төлбөр 400.000 төгрөг болно” гэх тодорхойлолт (1хх249)-ыг үндэслэн 900.000 төгрөгийг хохиролд тооцож нийт 2.945.760 төгрөгийн бодит хохирол учирсан байна. 

Шүүгдэгч нар “...1.200.000 төгрөгийг төлсөн” гэх тэдний мэдүүлэг болон хохирогч Э.Л ын хохирлын мөнгө авсан (1хх-86) баримтаар тогтоогдож байх тул нийт төлбөл зохих хохирлын дүнгээс хасаж тооцон шүүгдэгч Б.Ш өөс 1.745.760 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Л т олгохоор, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

- Хохирогч П.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн “Мөнгөнгүүр хоспитал” ХХКомпанийн нэхэмжлэх 1/40 тоот(1хх-64)-д дурдсан цаашид хийлгэх эмчилгээ, хагалгааны төлбөр 5.398.000 төгрөг, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин 2.240.000 төгрөг (1хх65), нийт 7.638.000 төгрөгийг тодорхойлсон баримтуудыг үндэслэн бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.    

- Хохирогч Ж.Ж  ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-23)-ийг үндэслэн шүүгдэгч Ц.Э , Б.Г  нарыг түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э , Б.Г  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.Ш ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

Харин шүүгдэгч Ц.Э , Б.Г  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн байна.  

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”,

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”,  

1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж тус тус заажээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй”,

- 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байгаа нь Эрүүгийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байх бөгөөд энэхүү хуульд зааснаар  шүүгдэгч Ц.Э , Б.Г  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Э , Б.Г  нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”-ыг үндэслэн хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Ш ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Б.Ш , Ц.Э , Г.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш т оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г т оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 90 хоногийн хорих ялд дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 3 сарын хорих ялаар тогтоон, шүүгдэгч Б.Ш , Ц.Э , Г.Г  нарт тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ш ийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 306 хоног, шүүгдэгч Ц.Э , Г.Г  нарын 2019 оны 01 дүгээр сарын 28-30-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан (1хх156-157, 160-161) 2 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Ц.Э , Г.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, шүүгдэгч Б.Ш т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.Г ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан ялын дээд хэмжээ нь гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгч Г ын үйлдсэн дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Бусад асуудлаар

Эрүүгийн 1808047681565 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Ш ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

- Шүүгдэгч Б овогт Ц.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан;

- Шүүгдэгч Б овогт Г.Г ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан;

Шүүгдэгч Б овогт Б.Ш , Боржигон овогт Цэцэгсайханы Э , Боржигин овогт Ганбаатарын Г  нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г , Ц.Э  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш ийг 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г ыг 720 (долоон зуун хорин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш , Г.Г , Ц.Э  тус бүрт 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш т оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 (дөрөв) жилийн хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г т оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 90 хоногийн хорих ялд дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 (нэг) жил 3 (гурван) сарын хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш , Г.Г , Ц.Э  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш ын цагдан хоригдсон 306 (гурван зуун зургаа) хоног, шүүгдэгч  Г.Г , Ц.Э  нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 (хоёр) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш өөс 1.745.760 (нэг сая долоон зуун дөчин таван мянга долоон зуун жаран) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Л т олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Л ын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Л  нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6.000.000 төгрөг, хохирогч П.Ц  нь цаашид гаргах эмчилгээ, хагалгааны төлбөрт 5.398.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.240.000 төгрөг, нийт 7.638.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй орхиж, нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч Э.Л , П.Ц   нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

10. Эрүүгийн 1808047681565 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г , Ц.Э  нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ш т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Г.Г , Ц.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдгээрийн эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш , Г.Г , Ц.Э  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБААБААТАР