Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 190

 

                                   2020/ШЦТ/190

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт Бийн Мд холбогдох эрүүгийн 2012000000098 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 2, эмээгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ................оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй урьд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 онь 09 дүгээр сарын 11-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Ц овогт Бийн М/РД:АЮ................/,

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Бийн М нь 2020 оны 03 дугаар сарын 17-нь өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 72 дугаар байрны 19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр О.Сын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн 2012000000098 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч О.Сын өгсөн:

“...Тухайн өдөр манай нөхөр Б.М архи уусан халамцуу орж ирээд надаас мөнгө нэхээд мөнгө өг, мөнгө өг гэсээр байгаад хүүхэд сэрээсэн. Би тухайн үед хүүхдээ тэврээд орон дээр сууж байхад надаас мөнгө нэхээд намайг мангасдаад хойш нь түлхсэн. Тэгэхэд миний тархи хөдөлсөн байх гэж бодож байна. Миний баруун, зүүн шанаа болон эрүүний углуургаар, чихний урд хэсгээр, доошоо эрүүгээ дагаад өвдөөд байдаг юм. Би тэгээд өвдөхөөр нь хоёр гараараа зөөлөн нухаад гайгүй болгодог. Тэгж нухаж дараад байхаар миний эрүү, шанаа, чихний урдуур жаахан өвдөж байгаад гайгүй болчихдог. Хүүхдээ төрүүлснээс хойш ядраад байдаг болсон. Ядарсантай холбоотойгоор өвддөг. Тэрнээс хүнд цохиж зодуулаад гэмтэл учирсан юм байхгүй. Би шинжээч эмчид үзүүлж байхдаа баруун хацар, эрүүний өвчин орсон өвдөж байгаа нь миний нөхөртөө зодуулсанд хамаа байхгүй гэж хэлж байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.М бид хоёр сайн дураараа эвлэрсэн одоо дахин архи, дарс уухгүй гэж надад амласан. Надад гомдол байхгүй. Энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

           *Гэрч Г.Мын өгсөн:

           “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр надад Б.Мий эхнэр О.Соо хүүхэдтэйгээ хамт явъя гээд байх юм яах вэ гэхээр нь яасан юм бэ гэсэн чинь      энэ хоёр салж байгаа юм шиг байна гэхээр нь ачаа нь хэр юм бол би машинаа засчихаад яваад очъё гэж хэлээд 2020 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед байх би Б.Мий гэрт очсон чинь байрных нь гадаа миний таньдаг залуу зогсож байхаар нь хүүе юу хийж байгаа юм бэ гэсэн чинь Б.М ахыг хүлээж байна гэхээр нь би Б.Мий гэр лүү орсон чинь Б.М О.Соогоос 20.000 төгрөг өгчих гээд нэхээд зогсож байсан. Тэгсэн чинь О.Соо тэр мөнгийг чинь би үрээд дуусчихсан хувцас аваад өмсчихсөн гэж хэлсэн. Б.М чи яахаараа миний 20.000 төгрөгийг үрчихдэг юм бэ би чамд өртэй хүн өрөө нэхээд байна гэж хэлээ биздээ гээд уурласан чинь О.Соо чи зүгээр 200.000 төгрөг олж байгаа биздээ би үрэхэд яадаг юм бэ гэсэн чинь Б.М чи 20.000 төгрөг өгчихөөч өртэй хүн мөнгөө нэхээд байна би аваачиж өгмөөр байна гэсэн. О.Соо архичин минь чи архи л уух гэж байгаа биз өөр яадаг юм бэ гээд орилоод байсан тэр үед О.Соо хүүхдээ тэвэрчихсэн орон дээрээ сууж байсан Б.М рүү орилоод байсан хажуугаас нь би наад хүүхэд чинь сэрлээ ш дээ гэсэн чинь Б.М чи наад хүүхдийн чихэн дээр орилохоо болиоч гээд очоод нүүрийг нь мангасдах маягтай хойш нь түлхсэн чинь О.Соо намайг зодоод байна гээд уйлаад эхэлсэн. Тэгээд О.Соо манай эхнэр Энхжаргалыг Ээгий эгчээ гээд дуудсан чинь манай эхнэр нөгөө өрөөнөөс гарч ирээд яасан бэ гэсэн чинь манай хүүхдийг авч бай гээд манай эхнэрт хүүхдээ өгсөн. Тэр үед хүүхэд нь сэрсэн байсан. Манай эхнэр та хоёр хүүхдийн дэргэд болиоч хүүхэд айчихна ш дээ гэсэн чинь О.Соо наадах чинь намайг зодоод байна ш дээ гээд уйлаад байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 37-40 дүгээр тал/

           *Гэрч М.Нгийн өгсөн:

           “...Хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна Энхжаргал бид хоёр Б.Мийд очъё хүүхдэд нь сүү аваачиж өгье гээд очиход О.Соо уйлчихсан гэр орон нь эмх замбараагүй болчихсон чихэрийн таваг нь газар уначихсан шалаар нэг чихэр тарсан байсныг нь Энхжаргал түүж тавганд нь хийгээд ширээн дээр нь тавьж байсан. О.Соогоос юу болсон талаар асуухад Б.М бид хоёр маргалдаад намайг мангасдаад арагш нь түлхээд буйдан дээр унагаад толгой руу цохиод, над руу юм авч шидээд байсан тэгэхээр нь цагдаа дуудаад өгсөн гэж ярьж байсан. Өөр нэг их юм яриагүй би жаахан байж байгаад гэр рүүгээ явсан. Энхжаргал тэнд үлдсэн. Цагдаа дуудаад өгөөд явуулчихсан гэж О.Соо ярьж байсан. О.Со ярихдаа Б.Мийг шөнө болгон согтуу ирдэг, шөнө 02, 03 цагаас нааш ирдэггүй. Хүүхдээ тоохгүй байна гээд хэлсэн чинь уурлаад маргалдсан гэж ярьж байсан.  ...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 дүгээр тал/

*Шинжээч С.Хгийн өгсөн:

“...О.Со гэдэг хүн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нөхөртөө зодуулсан гэсэн өгүүлэлтэй, шинжилгээ хийлгэх тогтоолтой ирж үзүүлсэн. Би үзээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 129 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтийг гаргасан. Мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт О.Сын биед тархи доргилт, баруун хацар орчим зөөлөн эдэд няцралт гэмтэл учирсан гэж гаргасан. О.Сын биед үзлэг хийх үед тархи доргилтын 4 шинж илэрч байсан мөн нүүрний баруун талд доод эрүүний баруун талаар тэмтэрхэд өвчин эмзэглэлтэй байсан. Нүүрний баруун тал руу цохих, алгадах зэрэг хүчин зүйл үйлчлэх үед дээрх гэмтэлүүд үүснэ. Дух руу алгаараа түлхсэн үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. Харин нүүрний баруун тал, доод эрүүний баруун талаар өвчин эмзэглэл, зөөлөн эдэд няцралт гэмтэл үүсэхгүй. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/

*Яллагдагч Б.Мий өгсөн:

“...Би янз бүрийн юмаар цохиж зодсон зүйл байхгүй. Би хүнд мөнгө өгөх болоод картнаасаа мөнгө авах гэсэн чинь миний оюутны ствэнтийн мөнгийг үрчихсэн байхаар нь уур хүрээд мөнгө нэхээд өгөхгүй байсан. Тэр үед О.Соо хүүхдээ тэвэрчихсэн орон дээр сууж байсан тэгэхээр нь би дух орчим руу нь мангасдаад хойш нь түлхсэн хойшоо унахдаа янз бүрийн юм мөргөөгүй орон дээр уначихаад босоод ирсэн. Би өөр цохиж зодсон зүйл байхгүй. Манай эхнэр О.Соо угаасаа жаахан ядруу биетэй ядрахаараа шанаа болон эрүүний углуургаар нь өвдөөд байдаг гээд өөрөө хоёр гараараа чихнийхээ урд хэсгийг нухаад дараад байдаг. Тэгж нухаж дарснаас болж шанаа болон чихний урд хэсгээр нь өвчин орсон байх гэж бодож байна. Хүүгээ төрүүлснээс хойш жаахан ядраад байгаа юм гэж өөрөө надад хэлж байсан. Ядрахаар ингээд эрүүний углуурга, чихний урд хэсгээр өвдөөд байдаг юм гэж манай эхнэр О.Соо өмнө нь надад хэлж байсан. Би эхнэр О.Сотойгоо уулзаад учраа олсон надад гомдол санал байхгүй гэсэн намайг уучилсан гэсэн одоо бид хоёр хүүтэйгээ хамт байрандаа орох гэж байгаа надад холбогдох хэргийг хурдан хугацаад шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 90-97 дугаар тал/

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129 дугаартай“...О.Сын биед, тархи доргилт, баруун хацар орчим зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Өмнө нь гэмтэл учирч байсан эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарана. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй, эрүүл мэндэд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 81 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 03 дугаар сарын 17-нь өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 72 дугаар байрны 19 тоотод иргэн О.Со нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Сод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Сын”...Тухайн өдөр манай нөхөр Б.М архи уусан халамцуу орж ирээд надаас мөнгө нэхээд мөнгө өг, мөнгө өг гэсээр байгаад хүүхэд сэрээсэн. Би тухайн үед хүүхдээ тэврээд орон дээр сууж байхад надаас мөнгө нэхээд намайг мангасдаад хойш нь түлхсэн. Тэгэхэд миний тархи хөдөлсөн байх гэж бодож байна. Миний баруун, зүүн шанаа болон эрүүний углуургаар, чихний урд хэсгээр, доошоо эрүүгээ дагаад өвдөөд байдаг юм. Би тэгээд өвдөхөөр нь хоёр гараараа зөөлөн нухаад гайгүй болгодог...” гэх мэдүүлэг, гэрч Г.Мын”...Б.М чи яахаараа миний 20.000 төгрөгийг үрчихдэг юм бэ би чамд өртэй хүн өрөө нэхээд байна гэж хэлээ биздээ гээд уурласан чинь О.Соо чи зүгээр 200.000 төгрөг олж байгаа биздээ би үрэхэд яадаг юм бэ гэсэн чинь Б.М чи 20.000 төгрөг өгчихөөч өртэй хүн мөнгөө нэхээд байна би аваачиж өгмөөр байна гэсэн. О.Соо архичин минь чи архи л уух гэж байгаа биз өөр яадаг юм бэ гээд орилоод байсан тэр үед О.Соо хүүхдээ тэвэрчихсэн орон дээрээ сууж байсан Б.М рүү орилоод байсан хажуугаас нь би наад хүүхэд чинь сэрлээ ш дээ гэсэн чинь Б.М чи наад хүүхдийн чихэн дээр орилохоо болиоч гээд очоод нүүрийг нь мангасдах маягтай хойш нь түлхсэн чинь О.Соо намайг зодоод байна гээд уйлаад эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Нгийн”...Энхжаргал бид хоёр Б.Мийд очъё хүүхдэд нь сүү аваачиж өгье гээд очиход О.Соо уйлчихсан гэр орон нь эмх замбараагүй болчихсон чихэрийн таваг нь газар уначихсан шалаар нэг чихэр тарсан байсныг нь Энхжаргал түүж тавганд нь хийгээд ширээн дээр нь тавьж байсан. О.Соогоос юу болсон талаар асуухад Б.М бид хоёр маргалдаад намайг мангасдаад арагш нь түлхээд буйдан дээр унагаад толгой руу цохиод, над руу юм авч шидээд байсан тэгэхээр нь цагдаа дуудаад өгсөн гэж ярьж байсан. Өөр нэг их юм яриагүй би жаахан байж байгаад гэр рүүгээ явсан. Энхжаргал тэнд үлдсэн. Цагдаа дуудаад өгөөд явуулчихсан гэж О.Соо ярьж байсан. О.Со ярихдаа Б.Мийг шөнө болгон согтуу ирдэг, шөнө 02, 03 цагаас нааш ирдэггүй. Хүүхдээ тоохгүй байна гээд хэлсэн чинь уурлаад маргалдсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, шинжээч С.Хгийн ”...Би үзээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 129 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтийг гаргасан. Мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт О.Сын биед тархи доргилт, баруун хацар орчим зөөлөн эдэд няцралт гэмтэл учирсан гэж гаргасан. О.Сын биед үзлэг хийх үед тархи доргилтын 4 шинж илэрч байсан мөн нүүрний баруун талд доод эрүүний баруун талаар тэмтэрэхэд өвчин эмзэглэлтэй байсан. Нүүрний баруун тал руу цохих, алгадах зэрэг хүчин зүйл үйлчлэх үед дээрх гэмтэлүүд үүснэ. Дух руу алгаараа түлхсэн үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. Харин нүүрний баруун тал, доод эрүүний баруун талаар өвчин эмзэглэл, зөөлөн эдэд няцралт гэмтэл үүсэхгүй. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Мий мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 129 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Мий гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Сын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Б.Мий үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мий гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр О.Сын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Мд торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд хоёр удаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж шүүхээс торгох ял оногдуулж байсан,  удаа дараа хүний бие эрх чөлөөнд халдаж Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан гэмт хэрэгт гурав дахь удаагаа ял  шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Хохирогч О.Со нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул Б.Мийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах  нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Ц овогт Бийн Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Мд оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР