Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 107

 

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор О.Багшбаяр,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.П,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 732 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлээр Б.Од холбогдох 201626022096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б  овогт  Б.О, 1994 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ........................,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар хойшлуулсан, /РД: ............................./,       

          Б.О нь Т.О-тэй бүлэглэн хууль бусаар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Sunday” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун дотор байсан иргэн Г.А-гийн цүнхнээс 190.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S5” загварын гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Ог бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Б.О нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тухайн этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж тус тус заасан байна. Гэтэл шүүх Б.Огийн урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хорих ялыг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсныг Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 732 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэжээ.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Б.Од холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж үзэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл Б.О нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан байна.

Харин шүүх Б.Огийн урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хорих ялыг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан. Үүнийг тайлбарлахдаа шүүх хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн ял оногдуулсан бол гээд тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж оруулж ирсэн. Энэ гэмт хэрэг нь хэд хэдэн төрлийн гэмт хэрэг биш тул хорих ялыг нэмж нэгтгэх гэдэг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас энэ ялыг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч С.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Б.О нь анхан шатны шүүх хуралдааны өмнө хүүхэд төрүүлсэн. 0-4 насны бага насны гурван хүүхэд асардаг, өрх толгойлсон эмэгтэй. Ял шийтгэлийн талаар прокурор ярьж байна. Үүнд, шүүх хуралдаанд шүүгч хуулийн байгууллагуудын хүнд сурталтай ажиллгаанаас болж 2016 оны 6 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Учир нь мөрдөгч Гантулга нь 2016 оны 6 дугаар сард гэмт хэргийг мөрдөж байхад энэ хүн дахин хулгай хийсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг нь шилжсэн байхад Б.О нь байцаагчдаа би дахин гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хэлсэн чинь “чи наад хэргээ шийдвэрлүүлчихээд ир” гэж хэлсэн байдаг. Тэрээр уг хэрэг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа байцаагч дээрээ очиход Багшбаяр прокурор ял шийтгэгдээд ирснийг нь мэдээд энэ шийтгэх тогтоолыг хүчингүй болгох гэж 2017 оны 3 дугаар сар хүртэл хөөцөлдсөн байдаг. Энэ хугацаанд энэ хүн ганцаараа биш О  гэдэг хүнтэй хамт бүлэглэн гэмт  хэрэг үйлдсэн. О мөрдөн байцаагчид 2017 оны 4 дүгээр сард орж миний хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү, яагаад удаад байгаа юм бэ, намайг хэрэг хийхийг хүлээгээд байгаа юм уу гэж явсны эцэст хэргийг нь тусгаарлаад 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр О-ийг Б.Отай бүлэглэсэн хэрэг, ганцаараа үйлдсэн хоёр хэрэгтээ нь хамтатган, Багшбаяр прокурор улсын яллагчаар оролцож тэр хүнд хоёр жилийн ял оногдуулаад, уг ялыг тэнссэн. Үүний дараа 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орохдоо О дээрх тэнсэн харгалзсан ял шийтгэлээ нуугаад, О , Б.О нар хоёулаа ял хойшлуулсан. Тэгээд Б.Ог хүүхдээ төрүүлснийх нь маргааш хэргийг нь тусгаарласан. Анхан шатны шүүх хуралдаанд би О-ийг ял хойшлуулсан, энэ хоёр хүний үйлдсэн гэмт хэрэг нь адилхан, хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байгаа талаараа хэлсэн. О-ийн ялыг хойшлуулж, харин миний үйлчлүүлэгч ял хойшлуулчихаад, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би бага насны гурван хүүхэдтэй, ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. О.Багшбаяр прокурорт хэргээ нэгтгэж шийдвэрлүүлье гэж удаа дараа хэлсэн боловч хүлээж аваагүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараахь үндэслэлээр хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Ог бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.О нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан байхад анхан шатны шүүх уг ялыг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Б.Огийн холбогдсон нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй болох юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно” гэж заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг хассан тул Б.Од оногдуулах ялуудыг дээр дурдсан аргаар нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг шийтгэх тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлаагүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй.

Түүнчлэн прокуророос Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бүлэглэн үйлдсэн гэснийг журамлалгүй орхигдуулсан байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Иймд дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 732 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох хэрэгт дээрх үндэслэлийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 732 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН