Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2016/0230/З |
Дугаар | 504 |
Огноо | 2018-08-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 504
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “М Ц Х” ХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч нарын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 210022525 дугаар актын Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих 50,656,341.75 төлбөрөөс 285,221,888.09 төгрөгийн зөрчилд ногдох 28,522,188.81 төгрөгийн нөхөн татвар, 14,568,624.40 төгрөгийн торгууль, 128,480.83 төгрөгийн алданги, нийт 43,219,294.04 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М Ц Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, “М ТМЗ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, Х.Т, хариуцагч Ж.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч З.От, гэрч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М Ц Х” ХК-ийг төлөөлөх “М ТМЗ” ХХК-ийн захирал Х.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А , Ж.Э нар “М Ц Х” ХК-ийн 2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгаад, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 210022525 тоот актыг гаргасан. Энэхүү актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан боловч 2017 оны 06 дугаар сарын 02-ны 57 тоот тогтоолоор нийт 54,407,396.90 төгрөгийн төлбөрөөс 27,383,571.10 төгрөгийн зөрчилд ногдох 2,808,186.41 төгрөгийн нөхөн татвар, 842,437.87 төгрөгийн торгууль, 100,430.87 төгрөгийн алданги, нийт 3,751,055.15 төгрөгийн төлбөрийг хасч 50,656,341.75 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Татварын улсын байцаагч нарын актыг хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсгийн дагуу нэхэмжлэл гаргаж байна.
1. Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн иргэн Ш.Г орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5,606,718.4 төгрөгийн зөрчлийн хувьд:
1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу буюу төрийн өмчийн орон сууцыг түүний эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмаар хувьчилсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан суутгагчийн үүргийг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1, 14.1.1, 8.1.6-8.1.8 заасан орлогыг олгохдоо гүйцэтгэхээр хуульчилсан байна.
Энэхүү иргэн Ш.Г орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн асуудал нь Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлагдсан тул бидний зүгээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгагчийн үүрэг гүйцэтгэх ёсгүй гэж үзэж байна.
2. Гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийг шилжүүлсэн 300,598,388 төгрөгийн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн хувьд:
Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тооцооллын 20,983,218.31 төгрөгийн тооцооллын зөрүүг хасаж, 279,615,169.69 төгрөгийн зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Татварын хяналт шалгалт хийх томилолт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хамарсан байтал нэмэгдсэн өртгийн албан татварыг хамарч, хариуцлага тооцсон байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д хуулийн үйлчлэх хүрээ нь иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад үйлчилэх буюу нутаг дэвсгэрийн зарчмаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан байтал татварын улсын байцаагч нар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдээгүй ажил гүйлгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10,0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 заалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 7.3.5, 7.4.9-д үйлчилгээг авсан тул Монгол Улсын оршин суугч бус этгээдээс нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авч төсөвт төлөх үүргээ зөрчсөн гэжээ. Гэтэл энэхүү заалтын үндсэн гипотиз болох Монгол Улсын нутаг дэвсгэрт гэсэн нөхцөл нь олон Улсын конвенци, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн шаардлагыг хангаагүй байтал буруу үндэслэлээр хариуцлага тооцсон байна.
М Ц Х ХК нь эдгээр гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн орлогодоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнасан болно. Гэтэл хэрэглэгчээс нэг үйлчилгээний орлогод нийт дүнгээр 1, гадаад карьерт өгөх мөнгөнөөс дахин 1 удаа нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан тооцож байна.
Сувгийн түрээс нь аль ч улсын нутаг дэвсгэрт хамаардаггүй сансар огторгуйд байрлах хиймэл дагуул ашигласны төлбөр бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээ биш (Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсээс авсан албан тоот) болно.
Гадаад ярианаас Монголоос долгион болгон хиймэл дагуул луу цацдаг бөгөөд уг долгионыг хүлээн авах цахилгаан холбооны байгууллага буюу карьер нь уг долгионыг хүлээн авснаар хийгддэг. Япон Улсын KDDI нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ үйлчилгээ үзүүлсэн байтал ямар үндэслэлээр Монгол Улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн гэж байгаа нь тодорхой бус байна. Монгол Улс иргэншлээ эх үүсвэрийн зарчмаар буюу Монгол хүүхэд хаана ч төрсөн Монгол иргэн гэж бүртгэж авдаг, харин Америкийн Нэгдсэн Улс нутаг дэвсгэрийн зарчимтай бөгөөд тухайн улсад төрсөн аль ч орны хүүхдийг өөрийн иргэнээр бүртгэж авдаг. Ийм их ялгаатай хоёр зарчмыг ижил мэтээр ойлгож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээнээс гадуур акт тавьж байгаа нь хуулийн үндэслэлгүй болно.
Иймд татварын улсын байцаагч нарын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №210022525 тоот актын Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих 50,656,341.75 төлбөрөөс 285,221,888.09 төгрөгийн зөрчилд ногдох 28,522,188.81 төгрөгийн нөхөн татвар, 14,568,624.40 төгрөгийн торгууль, 128,480.83 төгрөгийн алданги, нийт 43,219,294.04 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч Ж.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нар шалгалт хийж, 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21/0022525 тоот актаар 816,795,195.2 төгрөгийн зөрчилд 54,407,396.9 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөөгүй. Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 29 тоот тогтоолоор 3,751,055.15 төгрөгийн төлбөрийг хасч, 50,656,341.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
1. 2015 онд 279,615,169.96 төгрөгийн гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийг төлбөрийн оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүйд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах”, 16.1.2-д “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасныг зөрчсөн.
2. 5,606,718.40 төгрөгийн орон сууцыг иргэн Ш.Г үнэгүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган тооцон төсөвт шилжүүлээгүй нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна” 15.1.7-д “энэ хуулийн 15.1.1.-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иргэдийн төлөөлөгч З.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ:
“Нэхэмжлэгч талын тайлбар, тодруулга болон хариуцагч талын хариулт зэргийг сонсож дүгнэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд шинэчлэн өөрчлөлт орохоос өмнөх материалыг шалгасан тул нэхэмжлэгч тал Татварын тухай хуульд хамрагдахгүй гэж үзэж байна гэж ойлголоо.
Харин Орон сууц хувьчлалын хуульд тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгддөггүй байсан гэж бодож байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“М Ц Х” ХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нарт холбогдогдуулан гаргасан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 210022525 дугаар актын Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих 50,656,341.75 төлбөрөөс 285,221,888.09 төгрөгийн зөрчилд ногдох 28,522,188.81 төгрөгийн нөхөн татвар, 14,568,624.40 төгрөгийн торгууль, 128,480.83 төгрөгийн алданги, нийт 43,219,294.04 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаараа шийдвэрээ гаргалаа.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нар нь “М Ц Х” ХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн хүрээнд “М Ц Х” ХК-ийн 2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулжээ.
Улмаар татварын улсын байцаагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 210022525 дугаар актаараа “М Ц Х” ХХК-ийн 816,795,195.2 төгрөгийн зөрчилд 36,607,862.1 төгрөгийн нөхөн татвар, 90,179.5 төгрөгийн хүү, 16,994,326.3 төгрөгийн торгууль, 715,029.0 төгрөгийн алданги, нийт 54,407,396.9 төгрөгийн төлбөр тогтоосон байна. Харин Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор хариуцагч Татварын улсын байцаагч нарын төлбөр тогтоосон актаас нийт 3,751,055.15 төгрөгийн төлбөрийг хасч 50,656,341.75 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээсэн байна.
Нэг.Ажилтанд үнэ төлбөргүй шилжүүлсэн орон сууцанд хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй гэх маргааны тухайд.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7-д "хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц" гэж тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууцыг”, 6 дугаар зүйлийн 3-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна” гэж заасны дагуу “М Ц Х” ХК-ийн Дундговь аймаг дахь холбооны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 78 кв.метр талбай бүхий 3 өрөө орон сууцыг ажилтан Ш.Г хувьчлах шийдвэрийг “М Ц Х” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар хуралдаанаар тус тус шийдвэрлэж, Ш.Г нь уг орон сууцны өмчлөгч болсон байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна”, 8.1.9-д “шууд бус орлого”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна”, 15.1.7-д “энэ хуулийн 15.1.1–15.1.6-д заасантай адилтгах бусад орлого” гэж заасны дагуу үнэ төлбөргүй авч, өмчлөгч нь болж буй иргэн нь тухайн орон сууцны тайлан, балансад тусгагдсан үнийн дүнгээр хувь хүний орлогын албан татварыг төсөвт төлөх үүрэгтэй болно.
Орон сууц хувьчлах тухай хуульд заасан “үнэгүй хувьчлах” гэх зохицуулалт нь уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч буй иргэнийг татвараас чөлөөлнө гэсэн ойлголт биш тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” гэж заасны дагуу иргэн Ш.Гантуяад үнэ төлбөргүй шилжүүлсэн орон сууцанд ногдох хувь хүний албан татварыг суутган тооцож төсөвт шилжүүлэх үүргээ “М Ц Х” ХК биелүүлээгүй тул татварын улсын байцаагч нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 210022525 дугаар актаар Ш.Ганчимэгт орон сууц шилжүүлсний орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5,606,718.4 төгрөгийн зөрчилд 560,671.8 төгрөгийн нөхөн татвар, 168,201.6 төгрөгийн торгууль, 61,215.0 төгрөгийн алданги нийт 790,088.3 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэл бүхий байна.
Хоёр.Гадаад ярианы төлбөрыг гадаадын аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нар маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №210022525 дугаар актаараа гадаад ярианы төлбөрийг Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төсөвт төлөөгүй гэх 300,598,388 төгрөгийн зөрчилд 30,059,383.9 төгрөгийн нөхөн татвар, 90,179.5 төгрөгийн хүү, 15,029,919.4 төгрөгийн торгууль ногдуулсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр 20,983,218.31 төгрөгийн тооцооллын алдааг хасаж 279,615,169.69 төгрөгийн зөрчилд ногдох 27,961,516.97 төгрөгийн нөхөн татвар, 14,400,422.90 төгрөгийн торгууль, 67,265.83 төгрөгийн алданги, нийт 42,429,205.70 төгрөгийн төлбөрийн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “М Ц Х” ХК нь гадаад улсын харилцаа холбооны компаниудаас цахилгаан холбооны үйлчилгээ авч дотоодын хэрэглэгч нарт дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаа тул тусдаа татвар төлөгдөх үйлчилгээ гэж мэтгэлцсэн.
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ”үйлчилгээ” гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг”, 3.1.6-д “хэрэглэгч” гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Хэрэглэгчийн хооронд аливаа тэмдэг, дохио, бичиг, дуу, дүрс зэрэг бүх төрлийн мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад зориулсан шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслээс цахилгаан холбооны сүлжээ бүрдэнэ” гэж заасны дагуу дотоодын хэрэглэгч болон гадаад улсад байгаа хэрэглэгч хоорондын яриа нь дотоодын харилцаа холбооны компани гадаадын харилцаа холбооны компанитай хамтран гүйцэтгэж байгаа нэг үйлчилгээ болно. Өөрөөр хэлбэл харилцаа холбооны өөрийн онцлог байдал болох нэг цаг үед хэрэглэгч нарыг тасралтгүй яриагаар холбож өгдөг дотоодын болон гадаадын харилцаа холбооны компаниудын харилцан хамтран үзүүлж байгаа нэг үйлчилгээ, татварын нэг нэгж юм.
Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Татварын ерөнхий газрын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/1862 дугаар албан бичгээр “...Монголд Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, оршин суугч бус этгээдийн үзүүлж буй харилцаа холбооны роуминг үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ биш байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна” гэж тодорхойлолт гаргаж байсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч “М Ц Х” ХК нь гадаад ярианаас олсон өөрийн орлогодоо татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд тайлагнасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох татварын тайлан, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэж заасан хуулийн заалтыг буруугаар тайлбарласан хэрэглэсэн байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Гурав. Татварын хяналт шалгалт хийх томилолтоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг баталгаажуулж ирээдүйд шилжүүлэх байтал 2015 оны санхүүгийн үйл ажиллагааг бүхэлд нь шалгасан гэх мэтгэлцээний тухайд.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нарт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон “М Ц Х” ХК-д хийх Татварын хяналт шалгалт хийх томилолтод “аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх” гэж хяналт шалгалтын төрлийг зааж өгчээ.
Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Гааль, татварын ерөнхий газрын /хуучин нэрээр/ 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03-3/1567 дугаар албан бичгээр “алдагдал баталгаажуулах хяналт шалгалт хийхдээ тус татвар төлөгчийн хяналт шалгалтанд тусгагдаагүй жилүүдийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг иж бүрэн хамруулан шалгавал зохино” гэж чиглэл өгч байжээ.
Энэхүү чиглэл нь Татварын ерөнхий хуулийн 271дугаар зүйлийн 271.1-д “Татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 271.6.2-т “энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах” гэж заасан эрх мэдлийн хүрээнд гаргасан шийдвэр тул хариуцагч нар татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцож баталгаажуулахдаа тухайн аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийг иж бүрэн шалгаж байж ирээдүйд шилжүүлэн тооцох үнийн дүн бодитой болох юм. Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд татвар ногдох орлогоос хуулийн дагуу хасагдах зардлыг хасч татвар ногдох орлого тодорхой болдог бөгөөд энэхүү орлого үнэн зөв байгаа эсэхийг зөвхөн татварын иж бүрэн шалгалтаар тодруулах боломжтой.
Иймээс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нар маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №210022525 дугаар актаар гадаад ярианы үйлчилгээнд гадаад улсын аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцож төсөв шилжүүлээгүй 279,315,169.70 төгрөгийн зөрчилд хамаарах 42,429,205.70 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, актаар тогтоосон үлдсэн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 271дугаар зүйлийн 271.1, 271.6.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 16 дугаар зүйлийн 16.1.2, 17 дугаар зүйлийн 17.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.9, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.7, Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6, 17 дугаар зүйлийн 17.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус баримтлан “М Ц Х” ХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210022525 дугаар актаас гадаад ярианы төлбөрийг оршин суугч биш этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 42,429,205.70 төгрөгийн төлбөрийг хасч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА