Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01386

 

М.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлалтай,

М.Сын нэхэмжлэлтэй

Б.Үд холбогдох

М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан, Я.Т, Б.Аын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан, Б.Ү, Б.Аын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, Л С Ннэхэмжлэгч М.Саас 21 000 000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд, түүний өмгөөлөгч П.Баярмагнай, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.С шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ц.Батболд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.С нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өмчилж авсан. Дээрх газрыг 2006 оны 05 дугаар сарын дундуур Д.Эрдэнэчулуун, Солонгос иргэн Л С Нтай ирж үзсэн бөгөөд худалдаж авахаар тохирч, газар шилжүүлэх гэрээ хийхээр нотариатч дээр очиход Гадаад улсын иргэний нэр дээр газар өмчлөх эрх шилжүүлэхгүй, та ойр дотны Монгол Улсын иргэнтэй гэрээ байгуулж газар өмчлөх эрхээ шилжүүлж болно" гэсэн. Д.Эрдэнэчулуун, Л С Н нар Я.Тийг дагуулан ирж газар өмчлөх эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ хийж Л С Н газрын үнэ болох 21 000 000 төгрөгийг бэлнээр өгч, гарын үсэг зуруулж авсан. Гэтэл 2014 оны хавар намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж газар шилжүүлсэн асуудлын талаар байцаалт авсан. Тухайн үед Б.Ү Солонгос улсын иргэн Л С Нын надаас худалдаж авсан газрыг өөрийнхөө нэр дээр болгосны дараа түүнд буцааж өгөлгүй залилан мэхэлсэн талаар асуусан. Улмаар би 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн шүүхэд Солонгос улсын иргэн Л С Нын нэхэмжлэлтэй хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Солонгос улсын иргэн Л С Н нь тухайн газартай холбоотой бүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Улсын Дээд Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр магадлалыг хэвээр үлдээсэн. Дараа нь шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хэлэлцээд Л С Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давах заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй, газар өмчлөх эрх шилжүүлсэн болон олж авсан М.С, Л.Я.Т нар бие даасан шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн. Нэхэмжлэгч М.С нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улсын иргэн Л С Нд газраа худалдахад тухайн үед гадаад улсын иргэнд өмчлөх эрх шилжих боломжгүй байсан учир Я.Ттэй газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн байгуулсан. М.Стай газар өмчлөх эрх шилжүүлэн авах гэрээ байгуулсан Я.Т нь тухайн газрыг ямар нэг асуудалгүй Л С Нын нэрлэсэн дараагийн хүнд шилжүүлэх итгэмжлэлийг өгсөн байхад Б.Ү нэг ч мөнгө төлөлгүйгазрын өмчлөгч болоод явж байгааг шүүх дээр мэдсэн. Одоо тухайн газар Б.Үгийн өмчлөлийн газар болвол газрын үнэ 21 000 000 төгрөгийг газартай хамааралгүй хүнээс авсан болоод байна. Улмаар Л С Нгазрын үнэнд шилжүүлсэн 21 000 000 төгрөгөө нэхэж байгаа тул одоо газаргүй, мөнгөгүй болох нөхцөл байдал үүсээд байна. Хариуцагч Б.Ү 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Я.Тээс олгосон маргаан бүхий газрыг бусдад шилжүүлэх хэлцэлд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлээр тухайн газрыг шууд өөрийнхөө нэр дээр болгох боломжгүй байсан учир өөрийн төрсөн дүү Б.Алдарбатын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд 4 хоногийн дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлж энэ байдлаа шударгаар газар өмчлөх эрх олж авсан гэж байгаа нь шударга бус үйлдэл болж байна. М.С нь Я.Т, Б.Алдарбат, Б.Ү нарт өөрийн өмчлөлийн газрыг хүсэл зоригоо илэрхийлэн шилжүүлээгүй бөгөөд 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан шударга өмчлөгч учир хууль бус гэрээ хэлцлийн үндсэн дээр залилан мэхлэгч этгээдүүдээс газраа өөрийн өмчлөлд авах хүсэлтэй байна. Б.Үд өөрийн өмчлөлийн газраа шилжүүлэх ямар нэгэн харилцаа үүсээгүй бөгөөд түүнд анхны хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр газар өмчлөх эрх шилжсэн. М.С нь 2006 онд өмчлөлийн газраа 21 000 000 төгрөгөөр бусдад худалдах зорилго байсан учраас бэлэглэлийн гэрээ байгуулсан. Газар өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэлтэй холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй. Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах, 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т, Б.Аын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.Аын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.С нь М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, Я.Т, Б.Аын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан мөн газрыг өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.Аын хооронд 2008 оны 12 дугаар 15-ны өдөр байгуулсан мөн газрыг өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. БНСУ-ын иргэн Л С Н нь Б.Үд холбогдуулан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.С нь нэхэмжлэгч Л С Нын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэгч М.С гуравдагч этгээдээр оролцсон хэргийг шийдвэрлэсэн, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дурдсан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлд дурдсан үйл баримт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн бөгөөд тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүх 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01062 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Б.Ү нь БНСУ-ын иргэн Л С Нтай 2005 оны 12 дугаар сард Солонгос улсад байхдаа танилцсан бөгөөд 2006 онд энэ маргаж байгаа газрыг авахад хамтран амьдарч байсан. Газар худалдаж авах үед өөрөө Солонгос улсад хараар амьдарч байсан, Монголд ирэх боломжгүй байсан учраас Л С Н газрыг Я.Т гэх хүний нэр дээр авсан. 2007 онд Л С Н Монголд хамт ирээд компани байгуулж, хамтран бизнес эрхэлж байсан. Тэгээд уг газрыг өөрийн нэр дээр болгож авахын тулд Я.Тээс итгэмжлэл авахаар Л С Н нь Солонгос руу явсан. Ингээд Я.Тээс өгсөн итгэмжлэлийн дагуу өөрийн нэр дээр газрыг авах боломжгүй учир Б.Алдарбатын нэр дээр шилжүүлээд дараа нь өөрийн нэр дээр авсан. Хуульд заасан шаардлага хангасан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээг үнэн зөвд тооцдог. Л С Нтай 2012 он хүртэл хамтран амьдарч бүхий л орлогоо хамтарч хуваан зарцуулж байсан бөгөөд хоорондын таарамжгүй байдлаасаа болж би өөрийн нэр дээрх газраа, Л С Н 10 дугаар хороолол дахь обьектоо авахаар тохирсон. Уг газрыг Б.Үгийн нэр дээр шилжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээнүүдийг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар М.С газраа бусдад худалдах хүсэл зориг нь тодорхой байсан. Худалдан авагч нь Солонгос улсын иргэн байсан учраас М.С нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Я.Ттэйбэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш 11 жил 5 сарын хугацаа өнгөрсөн хойно хэлцэл хийх гадаад хэлбэр бий болгосон гэдэг үндэслэлгүй. БНСУ-ын иргэн Л С Нын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор М.Сын эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэжээ. Гэтэл уг шийдвэрт эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнээгүй. Нэхэмжлэгч М.С нь БНСУ-ын иргэн Л С Нын нэхэмжлэлтэй хэрэгт түүний шаардлагыг дэмжиж оролцсон, хэрэв эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Я.Тт газар өмчлөх эрх шилжүүлэх үедээ үүнийгээ мэдсэн гэж үзнэ. Б.Үд холбогдуулан М.С нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа миний эрхийг зөрчсөн гэсэн боловч тухайн хүний эрх зөрчигдсөн үү, үгүй юу гэдэг тодорхойгүй, харин хэн түүний эрхийг зөрчсөн гэдгийг тодруулах шаардлагатай юм. Ийнхүү анхнаасаа 2006 онд газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд шилжүүлэх боломжгүй гэдгийг М.С, Л С Н хэн хэн нь мэдэж байсан. Үүнээс үзэхэд М.Сын газар өмчлөх эрхийг Л С Н зөрчсөн болох нь тогтоогдож байна. Иймд М.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 11 дүгээр сарын 17-нд 678,99 м.кв газрыг Солонгос улсын иргэн Л С Н нь худалдан авахаар тохиролцож Солонгос улсын иргэн Монгол улсын газрыг эзэмших эрх байхгүй гэсэн хуулийн заалтаар тус газрыг миний нэр дээр авахаар болж, худалдан авсан бөгөөд би зүгээр л тусалсан юм. Харин энэ асуудал гарахаас өмнө Солонгос улсад очиж ажиллах визийн мэдүүлгийн хариу гарч Солонгос улс руу явах болсноо тул Л С Нд хэлэхэд хамт амьдарч байсан Б.Үгийн нэр дээр шилжүүлж авахаар болж одоохондоо авсан газар дээрээ барилга барих болоогүй яваад ир гэсэн. Солонгос улсад намайг байхад газраа шилжүүлж авах тухай хэлээд БНСУ-д суугаа элчин сайдын яаманд хандаж 2008 оны 11 дүгээр сарын 17-нд шилжүүлж өгсөн. Намайг Солонгос улсад байхад миний иргэний үнэмлэхний хуулбарыг бариад хайж явахад нь манай 10 жилийн ангийн хүүхэдтэй тааралдсан байдаг. Тэгээд манай ангийн хүүхдэд Монгол руу нь буцаалгана, баривчлуулна гэсэн юм ярьж дарамт учруулж, айлган сүрдүүлээд надаар итгэмжлэл хүртэл гаргуулж авсан. Би 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б. Агэдэг хүнтэй уулзаагүй, бэлэглэлийн гэрээ ч байгуулаагүй. Би тэр үед Солонгос улсад байсан. Бэлэглэлийн гэрээг хийсэн хүн нь гадаадад байхад гарын үсэг хуурамчаар зурж, нотариатаар батлуулсан байна. Энэ байдлыг сайтар тунгаан шүүж өгнө үү. Би энэхүү маргаантай асуудалд хамааралгүй, оролцохгүй гэдгээ илтгэж байна. Энэ асуудалд эцсийн эцэст Б.Ү, Л С Нын найзтай эр эмийн холбоотой асуудал илчлэгдэж үүнээс болж хэрүүл маргаан гарч ийм байдалд хүрсэн болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. Ашүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Ттэй, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Үтай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хууль ёсны дагуу хийгдсэн гэрээнүүд тул М.Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоот, 678,99 м.кв газрыг Б.Үгийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг үүгээр тайлбарлаж буйг хүлээн авна уу гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Л С Н /L S N/ шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.Сын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй, №0000000000000тоот нэгж талбарын дугаар бүхий, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 гудамжны 0 тоот 678.99 м.кв газрыг харилцан тохиролцсоны дагуу 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Газар худалдаж авсан төлбөр болох 21 000 000 төгрөгийг М.Ст өгч, мөнгө хүлээлцсэн баримт үйлдүүлэн авсан. Газрын тухай хуулиар гадаад улсын иргэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй байсан учир тухайн үед өөрийн байрлаж байсан зочид буудалд ажилладаг Я.Т гэдэг хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Я.Т нь Солонгос улс явсан учир 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын консул дээр очиж өөрийн менежер Б.Үгийн нэр дээр тухайн газрыг бусдад худалдах, шилжүүлэх итгэмжлэлийг Я.Тээр хийлгэж авсан. Гэтэл хариуцагч Б.Ү нь энэхүү итгэмжлэлийг өөрт ашигтай байдлаар урвуулан хэрэглэж өөрийн төрсөн дүү Б.Алдарбатын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр 2008оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлж, улмаар 4 хоногийн дараа буюу 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Үд 3 000 000 төгрөг өгснөөр бид хоёр тохиролцож уг газрыг худалдах, шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг Л С Нын нэр дээр хийж, газартай холбоотой бүх бичиг баримтыг өгснөөр хадгалагдаж байсан. Ингээд 2012 оны 08 сарын сүүлээр итгэмжлэлийн дагуу тухайн газрыг өөр хүний нэр дээр шилжүүлэх гэтэл Б.Ү нь газар өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүсэлт гаргаж дахин шинэ гэрчилгээг гаргуулж авсан ба Л С Нд олгосон итгэмжлэлээр газар шилжүүлэх эрхийг хориглох тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн албанд гаргасан байсан. Үүний дараа 2013 оны 01 сарын дундуур Б.Ү залгаад би Австрали явж сурахаар боллоо, надад сургалтын төлбөр хэрэгтэй байна, яаралтай 20 000 ам.доллар өг, өгөхгүй бол газрыг чинь зараад эсвэл барьцаанд тавьж мөнгө зээлээд явлаа гэсэн. Тухайн үед менежерээр ажиллаж байсан Ан Сон Илд дээрх байдлыг хэлэхэд Б.Ү бид 2 сайн харилцаатай, би уулзъя гэсэн. Удалгүй Ан Сон Ил та 10 000 ам.доллар гарга, үлдсэнийг нь би зохицуулъя, тэгээд газар шилжүүлэх итгэмжлэлийг Б.Үгаас хийлгээд авна" гэсэн. 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ан Сон Ил нь өөрийн нэр дээр Б.Үгаас газар шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл болон дахин авсан газрын гэрчилгээг эх хувиар нь авчирсан тул түүнд 10 000 ам.доллар өгч явуулсан. Энэ мөнгийг Б.Ү хүлээж авсан байдаг. Б.Ү нь 2013 оны 09 дүгээр сард гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж дахин гаргуулан авч Ан Сон Илд олгосон итгэмжлэлээр газрыг өөр хүнд шилжүүлэх боломжгүй болгож хориг тавиулсан байдаг. Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдаад гомдол гаргасан бөгөөд Прокуророос 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй учир гэмт хэргийн обьект байхгүй, газартай холбоотой асуудлаа иргэний журмаар шүүхэд хандах нь зүйтэй гэж үзсэн байсан. Газартай холбоотой хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын анхны өмчлөгч М.Сын нэр дээр бүртгэж өгөхийг хүсч шүүхэд хандсан. Шүүх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Л С Нын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд анхан шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин хэлэлцэж Л С Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Шүүх гадаад улсын иргэн газар өмчлөх эрх байхгүй, газрын анхны өмчлөгч М.Сыг төлөөлөх эрх байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг боловч анх газрын үнэ болгон төлж байсан мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дурдсан байгаа. Үүний дагуу Л С Н 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч М.Стай уулзаж газрын үнэ 21 000 000 төгрөгөө нэхсэн бөгөөд мөнгөний оронд өгсөн газраа буцаан авсны дараа мөнгийг чинь эргүүлэн төлнө гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэгч газраа эгүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж, эрх ашгийг шүүхээр сэргээлгэх боломжтой болсон учир миний бие энэ нэхэмжлэлтэй холбогдуулан газрын үнэ 21 000 000 төгрөгийг М.Саас гаргуулан БНСУ-ын Л С Нд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л С Н /L S N/-ын шаардлагад гаргасан тайлбартаа: М.С нь маргаан бүхий газрын анхны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын иргэн Л С Нд өөрийн өмчлөлийн газраа 21 000 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Л С Н нь Я.Тийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэний дагуу түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард шүүхээс М.Сыг БНСУ-ын иргэн Л С Нын нэхэмжлэлтэй Б.Үд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. Л С Ннь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр М.Стай орчуулагч, өмгөөлөгч нарын хамт биеэр уулзан хамгийн сүүлд шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн газрын үнэ 21 000 000 төгрөгөө нэхэмжлэх болно гэж хэлж мэдэгдсэн. М.С нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л С Наас газрын төлбөрт 21 000 000 төгрөг бэлнээр хүлээн авч өөрийн өмчлөлийн газраа түүний хүсэлтийн дагуу Б.Я.Тийн нэр дээр шилжүүлж өгч, Л С Н түүнд мөнгө өгсөн нь үнэн. Гэхдээ газрын анхны өмчлөгч М.Сын зарсан газрын талаарх асуудал гарч ирнэ. Тэрээр газар ч үгүй, дээр нь 21 000 000 төгрөгийн өрөнд орох нөхцөл байдалд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Иймд Л С Нын нэхэмжилж буй 21 000 000 төгрөгийг буцаан өгөх нь зүйтэй гэж үзэж, түүний шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах 678,99 м.кв газрын өмчлөх эрх шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Я.Т, Б.Аын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.Аын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.Саас 21 000 000 төгрөг гаргуулах тухай БНСУ-ын иргэн Л С Н /L S N/-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Саас улсын тэмдэгтийн хурааамжид урьдчилан төлсөн 273 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Л С Н /L S N/-ын бие даасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2017/16922 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүх хуралдаанд дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн магадлалыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч М.С нь өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэрээний нэг тал болох Я.Тт холбогдуулан уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан. Дээрх гэрээний нэг тал болох Я.Т, Б.А бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй болсон байна гэж үзсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч М.Стай 2006 оны 05 сарып 17-ны өдөр бэлэглэлийн гэрээнд оролцож гэрээний нэг тал болсон Я.Т нь энэхүү гэрээг хийх ямар нэг хүсэл зориг байгаагүй, зөвхөн өөрийн нэр дээр тухайн газрыг түр байлгаж байгаач гэсэн Л С Нын хүсэлтийн дагуу гэрээнд оролцсон талаараа шүү.хэд удаа дараа тайлбараа өгсөн. Энэхүү бэлэглэлийн гэрээ нь Я.Тийг газартай болгохын тулд эсвэл Я.Т өөрийн гэсэн өмчлөх эрхийн газартай болохын тулд байгуулагдсан хэлцэл биш. Зөвхен хэлцэл хийсэн гадаад хэлбэрийг бий болгохын тулд хийгдсэн үйлдэл бөгөөд энэхүү үйлдэлд талуудын үнэн санаанаасаа илэрхийлсэн хүсэл зориг байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсон. Гуравдагч эттээд Я.Т. Б.А нэхэмжлэгч С.М.Ст ямар нэг хохирол учруулсан үйлдэл хийгээгүй. Тэд зөвхөн хэлцэл хийгдсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд бусдын гуйлтаар хүчин төгөлдөр бус хэлцэлд оролцож байсан этгээдүүд. Харин нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж түүнд хохирол учруулж байгаа этгээд бол Б.Ү. Учир нь нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газрыг 2006 оны 05 сарын 17-ны өдөр БНСУ-ын иргэн Л С Нд худалдаж хариу төлбөрт нь 21 000 000 төгрөг бэлнээр нь авсан байдаг. Тухайн маргаан бүхий газар Л С Нтай хамаарал бүхий Монгол улсын иргэдийн нэр дээр шилжиж байгаад хариуцагч Б.Ү өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа өөрийн хууль ёсны өмчлөлийн газар гэж маргаж. Л С Нын түнш Монгол улсын иргэний нэр дээр шилжүүлэхээс татгалзаж маргаан гарсан бөгөөд 2 жил гаруй болсны дараа Л С Нын нэхэмжлэл хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Ингээд гуравдагч этгээд Л С Ннь нэхэмжлэгч М.Саас 21 000 000 төгрөгөө шаардсан бөгөөд улмаар шүүхийн үйл ажиллагаанд бие даасан шаардлага гаргаж орж ирсэн. Эндээс харахад нэхэмжлэгч М.С нь газраа зарсан мөнгөө буцааж өгөхөд хүрч байгаа. Ийм учир хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бусдын өмчлөлд хууль бусаар очоод байгаа газраа одоо өмчлөх эрх нь бүртгэгдсэн Б.Үгаас нэхэмжлэх нь хууль ёсонд бүрэн нийцнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.С нь өөрийнх нь өмчлөх эрхийг зөрчиж хохироосон хүнийг Б.Ү гэж үзэж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх 2006 оны 05 сарын 17-ны өдөр болон бусад хэлцэл хийж байх үед нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд хууль зөрчсөн үйлдэл хийж байгаагаа мэдэж байсан учир тухайн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй гэх утгатай дүгнэлт хийж байгаа. Ингэснээр гадаад улсын иргэний орчуулагч хийж байсан Б.Ү нь өөрийн зүгээс ямарч зарлал гаргалгүй газрын өмчлөгч болох нөхцөл байдал үүсч байхад тухайн газрыг хууль ёсоор өмчилж авсан өмчлөгч М.С нь газарч үгүй, газраа зарсан мөнгө ч үгүй болох нөхцөл байдал үүсч байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хууль зөрчсөн үйлдэл хийж байгаагаа мэдэж байсан бол тухайн үйлдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй гэсэн ойлголт байхгүй. Харин ч хүчин төгөлдөр бус хэлцэл хийж байгаа талууд тухайн үйлдлийнхээ учир холбогдол үр дагаврыг мэдэж тийм үйлдэл хийдэг. Энэхүү үйлдлээс аль нэг талын эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд шүүх Иргэний хуулийн дүгээр зүйлд заасан эрхийн хамгаалалтын хүрээнд хууль зөрчиж хийсэн үйлдлүүдийг таслан зогсоож энэхүү үйлдлийн улмаас хохирсон этгээдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Үд холбогдуулан М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоот, 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, улмаар уг газрыг шилжүүлсэн Я.Т, Б.Аын хооронд байгуулагдсан 2008 оны 12 дугаар сарын 11, Б.Ү, Б.Аын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ БНСУ-ын иргэн Л С Н-тай өмчлөлийн газраа худалдахаар харилцан тохирч 21 000 000 төгрөгийг хүлээж авсан бөгөөд Я.Ттэй дүр үзүүлэн хэлцэл байгуулсан, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан бусад хэлцлүүд хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдсон гэж үзжээ. Хариуцагч Б.Ү маргаж, Л С Н-тай хамтын бизнес эрхэлж байгаад үйл ажиллагаагаа дуусгавар болгохдоо уг газрыг надад, Л С Н нь өөрөө өөр обьектыг авсан бөгөөд нэгэнт хийгдэж, биелэгдсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар 11 жилийн дараа маргаан үүсгэж байгааг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд БНСУ-ын иргэн Л С Н /L S N/  оролцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 21 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар бие даасан шаардлагыг гаргасан байна. Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Я.Т, Б.А оролцож, Я.Т нь “...гадаадын иргэн газар худалдан авах эрхгүй байсан тул намайг гэрээ байгуулж өгөөч гэсний дагуу гэрээнд оролцсон, би газар худалдан аваагүй бөгөөд энэ маргаан надад хамааралгүй юм, надаас газрын өмчлөх эрхийг шилжүүлж аваад Б. Агэж хүнд шилжүүлсэн байна, энэ хүнийг би мэдэхгүй, уулзаж байгаагүй, ...” гэсэн тайлбарыг, Б. Ань бэлэглэлийг гэрээг хэн аль нь хүсэл зоригийн дагуу хийсэн, дээрх гэрээнүүд нь уг газрын өмчлөх эрхийг Б.Үд шилжүүлэх зорилгоор хийгдсэн...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх М.Сын нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01062 дугаар тогтоолоор Б.Үд холбогдох дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн БНСУ-ын иргэн Л С Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэр нь БНСУ-ын иргэн Л С Н, Б.Ү нарт хамааралтай байх ба нэхэмжлэлийн шаардлага адил хэдий ч дээрх нэхэмжлэлийг өөр этгээд буюу М.С нь Б.Үд холбогдуулан гаргасан тул иргэний хэрэг үүсгэж, уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, М.Сын нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах, 18647311500610 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 678.99 м.кв газрын өмчлөгч М.С, С.Эрдэнэцэцэг, С.Баярмаа, С.Соёлмаа, С.Баярмагнай, С.Янжмаа, Б.Чимэдлхам нар газрын өмчлөх эрхээ 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Я.Тт шилжүүлсэн, үүний дараа Я.Тийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээр Б.Ү нь 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ Б.Алдарбатад , Б. Ань 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхээ  Б.Үд тус тус шилжүүлсэн байна.

Хэрэгт байгаа баримтаар М.С нь өмчлөлийн газраа худалдахаар БНСУ-ын иргэн Л С Нтай харилцан тохирсон, түүнээс 21 000 000 төгрөгийг авсан, гадаад улсын иргэний нэр дээр газар өмчлөх эрхийг шилжүүлж болохгүй тул Л С Нын заасан этгээд болох Я.Ттэй бэлэглэлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байгаа боловч  М.С нь Б.Үтай гэрээ байгуулаагүй, тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүйгээс гадна 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байна.

2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Алдарбат, Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Алдарбат, Б.Ү нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ тус тус бие даасан хэлцэл болохоос гадна эдгээр хэлцэл нь М.Сын хүсэл зоригоос хамааралгүй, өөр этгээдүүдийн хооронд байгуулагдсан хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хэлцэлд хамаарахгүй юм.

Маргаж буй газар, түүний өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.С нь Л С Нын заасан этгээдэд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн, гэрээ биелэгдэж дуусгавар болсон, нэхэмжлэгч М.Ст газар, өмчлөх эрх байхгүй тул түүнээс 21 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л С Нын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцжээ. Л С Нын шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгч М.С нь худалдсан эд зүйлийн үнийг буцааж төлөх үүрэггүй, улмаар Л С Н нь энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч М.Сын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. 

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА