Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

 

 

     

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Г.О-холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, .........тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ............овогт Г.О-. /РД:МК............./

 

Шүүгдэгч Г.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа зүй бус авир гаргаж байгааг анхааруулж шаардлага тавьсан иргэн Ш.Н-хамран тус газар цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “чамархай, уруулын няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зовхины цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.О-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.О-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ш.Н-“Би Барилга корпорацид ажилд ороод 4 cap болж байна. Манай ажил томилолтоор хөдөө явж ажилладаг бөгөөд Өмнөговь аймагт ажил гүйцэтгэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хамт ажилладаг Б.О-нь уулзах санал гаргаад уулзахаар болсон. Ингээд бид нар цуглахаар болоод 14 цагийн үед Цамбагаравын автобусны буудал дээр цуглахад Г.О-, Б.О-бид гурав уулзаад 3 дугаар эмнэлгийн урд байх таньдаг найзынхаа пабад очтол хаалттай байсан. Ингээд хажуу талд нь байрлах Төгөлдөр нэртэй пабад орсон. Пабад сууж байхад Б-, Г-, Ц- нар цуварч ирсэн. Ингээд бид нар 1 шил архи авчирсан байснаа задлаад уусан. Бас хүн тус бүр 2 шил пиво уусан. Ингээд сууж байтал Б.О-, Б-, Г- нар яваад өгсөн. Ц-, Г.О-бид гурав үлдээд архиа үргэлжлүүлж ууж байтал Г.О-агсраад, согтуурхаад байхаар нь нэг газрын /ажлын/ хүмүүс байж битгий агсраад бай гэж хэлээд маргалдсан. Тэгтэл Г.О-хамар хэсэгт мөргөсөн. Хамраас цус гарсан бөгөөд хамраа дараад газар суугаад хэвтсэн. Тэгтэл баруун чамархай хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэр үед Ц- бид хоёрыг салгасан. Би 00 орж цусаа угаачихаад Гэмтлийн эмнэлэг орж уруул, зүүн чамархайд нийт 5 оёдол тавиулсан. Г.О-намайг зодох үед Ц- л байсан. Би томографикийн зураг авахуулсан, ерөнхий шилжилгээ өгсөн. Надад баримт нь байгаа. Миний эмчилгээний зардалд 300.000 төгрөг зарцуулагдсан. Миний эмчилгээний зардлыг Г.О-бүрэн төлж барагдуулсан. Эмчилгээний баримтуудаа цуглуулаагүй бүгдийг нь хаячихсан. Ямар нэг гаргаж өгөх баримт байхгүй. Одоо надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би найз Б.О- сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн .... тоот: 

1. Ш.Н-биед чамархай, уруулын няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Г.О-ын яллагдагчаар өгсөн “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Оюутолгой хувьцаат компанийн гэрээт компани болох Барилга корпораци компанид мужаанаар ажилладаг. Манай ажлын амралт болоод би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгаас ирсэн. Ингээд байж байтал 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай найз нар уулзахаар болсон. Н- над руу 12 цаг болж байхад утсаар залгаад нөгөө хэдтэй ярьчихсан хэдүүлээ уулзацгаая гэж хэлсэн. Ингээд би гэрээс гараад 12 цаг 30 минутын үед Цамбагаравын “М" март худалдааны төвийн урд очиход Б.О-байсан. Н- араас ирсэн. Бид 3 нийлээд ярилцаж байгаад 3 дугаар эмнэлгийн тэнд Н-ын таньдаг пабад очихоор болоод явсан. Н-ын таньдаг газар очиход хаалттай байсан учир хажууханд нь байх Төгөлдөр гэх нэртэй пабд орж суусан. Суугаад байж байтал Ц-, Б-, Г- нар ирсэн. Ингээд бид нар 1 шил архи уусан. Хүн тус бүр 1 шил пиво уусан. Хэсэг сууж байгаад дахиад 1 шил архи аваад уусан. Хэсэг байж байтал Г-, Б.О-, Б- нар яваад өгсөн. Ц- Н- бид гурав суугаад юм ярьж байгаад Н-той юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байж байсан. Би Н-ын эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн ... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй бус авир гаргаж байгааг анхааруулж шаардлага тавьсан иргэн Ш.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.         

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ш.Н- мөрдөн шалгах явцад “... Одоо надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хэргийн 17-18 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, мөн хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл “Санал гомдол байхгүй, шүүх хуралд оролцохгүй. ...” гэсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын энэ хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 123 хоногийг түүний ял эдлэх оруулан тооцов.

 

Шүүгдэгч Г.О-ыг урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорх ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулна” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тэнссэн хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг үйлдсэн тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн шийдвэрийг хүчингүй болгож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.О-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 7 сарын хорих ялаар тогтоож, түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............... овогт Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О-ын урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....................... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.О-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.О-т оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.О-гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Г.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 123 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ