| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0191/э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 191
2020/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Болдбаатар
Шүүгдэгч: Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ггийн Гд холбогдох эрүүгийн 2012002320208 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Цагдуулт гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Орхон овогт Ггийн Г/РД:АО................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр, Цагдуултын ам гэх газарт хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хамр ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012002320208 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Аийн өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Цагдуултын ам гэх газар адуугаа туугаад явж байгаад Г гэх төрлийнхөө айлын гадаа ирээд зогсож байтал Г.Г хүрээд ирсэн. Шууд над дээр ирснээ мотоцикль дээрээс татаж унагаагаад миний нүүр рүү 2-3 удаа өшиглөөд гараараа толгой руу унагаж байгаад цохиж зодсон. Тухайн үед манай төрөл Гын эхнэр Н.Д байсан өөр хүн байгаагүй. Намайг ямар учраас цохиж зодсоныг ойлгоогүй зүгээр шууд ирээд л зодсон. Н.Д бид 3 байсан өөр хүн байгаагүй. Миний хамар руу өшиглөөд хугалсан, 2 нүд, уруул руу өшиглөсөн. Үүдэн 2 шүд суларсан, баруун талын шанаа хөндүүр болсон байсан. Би Гыг цохиогүй. Г.Г эрүүл байсан. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/
* Гэрч Н.Дын өгсөн:
“...2020 оны 04-р сард өдрийг нь сайн санахгүй байна, намайг хонины хашааны өтгийг малтаад байж байхад А.А мотоцикльтойгоо ирээд адуугаа хайгаад явж байна гээд надтай яриад байж байхад Г.Г мотоцикльтой ирээд адуугаа хайгаад явж байна гээд надтай яриад байж байхад Г.Г мотоцикльтой ирээд мотоцикльтойгоо буугаад А.А ахын нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд А.А ахыг мотоциклиос нь чирч буулгаад нүүр рүү нь дахин нэг удаа өшиглөсөн. Тэгснээ мотоциклио асаагаад яваад өгсөн. Намайг А.А ах дээр очиход баруун шүд, уруул нь хавдаад хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би гэртээ уруулын цусыг нь цэвэрлэж нүүр гарыг нь угаалгасан. Ямар шалтгаанаар Г.Г А.А ахыг цохиж зодсоныг мэдэхгүй. Манай гэрийн гадна хэрэлдэж маргалдаагүй. Г.Г А.А ахыг манай гэрийн гадна мотоцикль дээрээ сууж байхад нь ирээд юу ч хэлж ярилгүй цохиж зодсон. Урьд өмнө нь Г.Г, А.А ах нарыг хэрэлдэж маргалдаж, таарамжгүй харьцаатай байсан талаар мэдэж байгаа зүйл байхгүй. А.А ах архи уусан байсан, Г.Гыг архи уусан үгүйг мэдээгүй. А.А ахыг зодчихоод л явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-48 дугаар тал/
* Яллагдагч Г.Гын өгсөн:
“...А.А өмнө нь ч намайг хэл амаар доромжлоод зүгээр байлгадаггүй байсан, тэр өдөр надаас хэрүүл гуйгаад лалар, ална гэх мэтээр хэлээд, намайг нэг удаа алгадсан. Надад гэмтэл учраагүй, эмчид үзүүлсэн асуудал байхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Зүгээр байхад нь зодсон асуудал байхгүй. Миний өшиглөсөн асуудлаас болж гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Айлын гадаа зогсож байхдаа гуйвж байгаад мотоцикль дээрээсээ унасан. Мотоциклоос унах үед А.Аийн биед гэмтэл учраагүй. Хохирогч А.Аийн өөрийнх нь мотоцикль байсан, А.А өөрөө мотоцикль дээрээ урагшаа хараад бариулаасаа бариад хазгай гэхээр сууж байсан. Тэгээд мотоцикльтойгоо баруун гар тал руугаа хажуулдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-43 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 171 дугаартай“...А.Аийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн, хамарт зулгаралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/, хохирогчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр, Цагдуултын ам гэх газарт иргэн А.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Г үйлдсэн болох нь хохирогч А.Аийн ”...Шууд над дээр ирснээ мотоцикль дээрээс татаж унагаагаад миний нүүр рүү 2-3 удаа өшиглөөд гараараа толгой руу унагаж байгаад цохиж зодсон. Тухайн үед манай төрөл Гын эхнэр Н.Д байсан өөр хүн байгаагүй. Намайг ямар учраас цохиж зодсоныг ойлгоогүй зүгээр шууд ирээд л зодсон. Н.Д бид 3 байсан өөр хүн байгаагүй. Миний хамар руу өшиглөөд хугалсан, 2 нүд, уруул руу өшиглөсөн. Үүдэн 2 шүд суларсан, баруун талын шанаа хөндүүр болсон байсан. Би Гыг цохиогүй...” гэх мэдүүлэг, гэрч Н.Дын”...2020 оны 04-р сард өдрийг нь сайн санахгүй байна, намайг хонины хашааны өтгийг малтаад байж байхад А.А мотоцикльтойгоо ирээд адуугаа хайгаад явж байна гээд надтай яриад байж байхад Г.Г мотоцикльтой ирээд адуугаа хайгаад явж байна гээд надтай яриад байж байхад Г.Г мотоцикльтой ирээд мотоцикльтойгоо буугаад А.А ахын нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд А.А ахыг мотоциклиос нь чирч буулгаад нүүр рүү нь дахин нэг удаа өшиглөсөн. Тэгснээ мотоциклио асаагаад яваад өгсөн. Намайг А.А ах дээр очиход баруун шүд, уруул нь хавдаад хамар амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Гын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 171 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Гын хүний биед биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.А нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Г.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг зургаан сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ггийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР