Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 608

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэг У.С-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас  ....... овогт У.С- холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... .оны ... дугаар ..-ний сарын өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...........ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, .......... овогт У.С-. /РД:.........../

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч У.С-нь  2020 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Winsway” нэртэй баарны гадна орчим иргэн С.Б-үл ялих зүйлээр шалтгаалан биед нь халдан зодож, түүний биед тархи доргилт уруулд шарх, хаван, цус хуралт, баруун гарын эрхий хурууны хавантай бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  У.С-мэдүүлэхдээ: “Санал нийлж байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч У.С-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “1. Эрүүгийн ...........дугаартай хэрэгт хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харуулсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол /хэргийн 7 дугаар хуудас/

 

Бичлэг бүхий компакт дискинд үзлэг хйисэн  “... Энэ үед ханцуйгүй гадуур хувцастай дотуураа бараан өнгийн  цамц өмссөн эрэгтэйгийн урдуур Н- орж салгахад ханцуйгүй гадуур хувцастай дотуураа бараан өнгийн цамц өмссөн эрэгтэй гараа халаасандаа хийснээ зүүн гараараа Б- гадуур хувцаснаас татан түлхэж Б- доош газар унагаад нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 13-19 дүгээр хуудас/

 

Хохирогч С.Б- “2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой 22 цаг өнгөрч байхад Н- ажил дээр орж ирээд найз охин А- муудалцаад байсан. Н- найз охиныхоо хоолойг боогоод байхаар нь би аятайхан яриач гэсэн чинь дээрээс О-, Э-хоёр бууж ирээд гарцгаая гэсэн чинь Н- түр байж бай гэсэн. Тэгсэн О- харьж амармаар байна гээд хаалгаа цоожлох гээд байсан чинь Н- түр байж бай пизда минь гээд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд Н-, О-, О-ын найз охин С-, зохион байгуулагч Н-, Э-бид нар гадагшаа гарцгаасан. Гадаа гараад О- Н- хоёр үргэлжлүүлээд хэрэлдээд эхэлсэн. Sway баарны ар талаас 5-6 эрэгтэй гарч ирээд Н-ын ард талаар тойроод зогссон. Тэгсэн Н-, О-ын цээж хэсэг рүү цохиод тэр хоёр хоорондоо зодолдоод Э-ах тэр хоёрыг салгах гэж байхад малгайтай хар цамцтай, ханцуйгүй гадуур хувцастай эрэгтэй Э- ахын ард зогсож байсан. Би хажууд нь тамхи татаад зогсож байсан. Э-ах О-, Н- хоёрыг татаад шатнаас буулгаад үүднээс холдуулсан. Мөн нөгөө малгайтай хар цамцтай, ханцуйгүй гадуур хувцастай эрэгтэй бас татаж холдуулсан. Тэгсэн тэр эрэгтэй гэнэт миний хажууд зогсож байснаа миний цамцны энгэрээс татаад баруун шанаа руу 1 удаа гараараа цохиод би ухаан алдчихсан юм шиг байна лээ. Манараад доошоо суугаад намайг өшиглөж байсан. Үүнийг би сүүлд камерын бичлэгээс харж мэдсэн. Тэгээд би ухаан ороход би найз Б- машины урд суудал дээр суучихсан хойд талын суудал дээр О-, С-, А- гурав суучихсан, С- О- хоёр машинаас бууж байхад сэргэсэн.

... Би эмнэлэгт үзүүлсэн 153.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан. Мөн баримтгүйгээр таксины зардал болох 40.000 төгрөг. Мөн энэ хугацаанд ажлаа хийж чадаагүй тул 392.000 төгрөгийн цалин нэхэмжлэх хүсэлтэй байна. Нийт 585.000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлаа нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 23-24 дүгээр хуудас/

“... Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан С- гэх залуу надаас уучлалт гуйж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээ болон бусад шаардлагатай хохиролд бэлнээр 500.000 төгрөг өгсөн учраас гомдол саналгүй талаар мэдүүлэг өгч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Гэрч О.О-ын “... Яг тэр үед би харсан чинь жижигхэн биетэй, малгайтай цамцтай, богино үстэй эрэгтэй Б- эрүү нь гараараа шууд цохиод унагаагаад нүүр лүү нь шууд өшиглөсөн. Тэгээд би Н-аас салаад Б- рүү гүйгээд очсон чинь Б- салганаад татаад байгаа юм шиг нүүр амнаас нь цус гоожоод байсан. Тэгээд Б- босгосон чинь эргүүлийн цагдаа нар хүрээд ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

 

Гэрч М.А-“... Тэгсэн цаана тамхи татаад зогсож байсан чинь Winsway-д ажилладаг  өндөр бандийг хар  малгайтай, ханцуйгүй цамцтай эрэгтэй, цохиод авсан чинь өндөр банди газар унахаар нь би тэр цохисон залууг нь бариад авсан.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/

 

Гэрч П.Э- “... Тэгээд би буцаад эргээд харсан чинь ханцуйгүй гадуур хувцастай дотуур нь хар өнгийн тамирын цамц өмссөн надаас жаахан өндөр эрэгтэй Б- нүүр лүү гараараа 1 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Э.З-“... Тэгсэн С- наад талд нь бас нэг бараан өнгийн хувцастай эрэгтэй маргалдсан. Манай таньдаг хүн байна, юу болоод байгаа юм гэхэд бараан хувцастай эрэгтэй чамд хамаагүй, чи зүгээр зайл гэсэн. Тэгээд тэр эрэгтэйг С- гадуур хувцаснаас нь барьж байгаад хөлөөрөө дэгээдээд унагасан. Тэр үед С-гийн гадуураа өмссөн байсан хантааз нь урагдсан. Тэгээд С- уурлаад тэр эрэгтэйгийн нүүр лүү 1 удаа цохисон. Тэгсэн чинь цагдаа нар хүрээд ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо. /хэргийн 38 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

“1. С.Б- биед тархи доргилт, уруулд шарх хаван цус хуралт, баруун гарын эрхий хуруу хавантай зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

У.С-гийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би хөдөөнөөс ирсэн хоёр дүү болох З-, Т- нартай хороололд 21 цаг өнгөрч байхад уулзахаар тохиролцоод Хорооллын Winsway орчим уулзсан. Түмэн плазагийн урд бид гурав уулзаад зогсож байхад зүс таних залуу хүмүүстэй маргалдаад олон хүмүүст зодуулж байсан. Тэгэхээр нь би очоод салгах гэсэн чинь намайг нэг нь болиулах гэж байсан байх түлхсэн. Тэгэхээр нь би над руу дайрч байна гэж бодоод 1 удаа гараараа нүүрэн тус газар нь цохиод 1 удаа нүүр лүү нь өшиглөсөн. Тэгсэн ойрхон эргүүлийн цагдаа явж таараад бид нарыг болиулаад цагдаагийн хэлтэст ирсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч У.С-нь 2020 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Winsway” нэртэй баарны гадна орчим иргэн С.Б-үл ялих зүйлээр шалтгаалан биед нь халдан зодож, түүний биед тархи доргилт уруулд шарх, хаван, цус хуралт, баруун гарын эрхий хурууны хавантай бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч С.Б- “... Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан С- гэх залуу надаас уучлалт гуйж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээ болон бусад шаардлагатай хохиролд бэлнээр 500.000 төгрөг өгсөн учраас гомдол саналгүй талаар мэдүүлэг өгч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч У.С-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч У.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.С-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт У.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.С-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, У.С-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ