Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч А.Х-,

шүүгдэгч С.Т-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас  ...... овогт А.Х-, .... овогт С.Т-нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ............. дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ........ оршин суух, 

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн  ...оны .. дугаар сарын ..-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, .... овогт А.Х- /РД:.........../

 

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл 4, эх, ах нарын хамт ...............оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дух овогт С.Т-/РД:ЗЛ87100314/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Х-, С.Т-нар бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шөнө 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б- зочид буудлын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б-зүй бус харьцааны улмаас шалтгаангүйгээр маргалдаж гараараа болон хөлөөрөө өшиглөн түүний биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус  хуралт, нүүр зүүн даланд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч А.Х-, С.Т-нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх  заалтад заасан бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н.Б- “Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөөр 19 цагаас ажил дэрээсээ гараад явж байгаад найз Д-уулзаад бид хоёр удалгүй салаад би ачаа явуулахаар том овын автомашинууд зогсдог зогсоол дээр очсон.

“... Би зочид буудал руу  ороход зочид буудлын ресепшиний үүдэн дээр ...... орчим насны залуучууд зогсож байгаад би буудлын ресепшинтэй уулзаад буудлын шатан доороос найзуудынхаа үлдээсэн машины шалавч резиныг нь аваад буцахад тэнд зогсож байсан дөрвөн залуугийн хоёр нь миний замыг хашиж зогсоод хэнтэй  уулзах гэж байгаа юм, яах гэж байгаа юм гэхээр нь би ах нь буудлын ресепшин дээр юмаа орхичихсон байсан юмаа, одоо юмаа аваад гарч байнаа гэхэд тэр хоёр  залуу нь юу авсан юм гээд миний гадна цамцыг татсан. Тэгэхэд зочид буудлын ресепшин эмэгтэй нь наад ах чинь зүгээр, та нар наад хүнээ зүгээр явуулаач гэхэд нь би зочид буудлаас гараад алхаж байтал Б- зочид буудлаас нөгөө залуучууд гарч ирээд миний араас хөөе, чи зогсож бай гээд орилоод байсан. Тэгэхээр нь би зугтаах маягтай алхаж байтал өндөр нуруутай залуу нь гүйж ирээд миний нуруу руу өшиглөөд би унасан. Тэгтэл тэр залуутай хамт зочид буудалд байсан гурван залуу гүйж ирээд тэр гурван залуугийн бүдүүн биетэй  залуу нь миний нүүр лүү нь  цохиод би доошоо толгойгоо дараад хэвтсэн. Тэгтэл намайг анх өшиглөж унагаасан залуу, миний нүүр лүү цохисон. Бүдүүн залуу, мөн тэр 2 залуугаас арай намхан биетэй залуу 3 нийлээд миний дээрээс өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тэр залуучуудын нэгнийх нь хөлийг барьж аваад ахын дүү нар болио гээд босч ирээд зугтаасан. Тэгтэл тэдгээр залуучуудыг хоёр нь миний араас гүйж ирээд намайг миний нуруу руу цохисон. Тэгэхээр нь би босч гүйгээд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б-“... Тэгэхэд цагийг нь сайн мэдэхгүй байна, 2 давхараас танихгүй хүн бууж ирснээ миний хажууд сууж байсан С.Т- чи яасан муухай хардаг юм бэ гэж хэлсэн. Тэгэж хэлсэн чинь С.Т-нөгөө танихгүй хүнтэй маргалдаж буудлын гадна гарсан. Гадна маргалдаж байхад нь манай найз нар араас нь гараад ирсэн. Бид нарыг гарч ирэхээс өмнө С.Т-нөгөө танихгүй эрэгтэйг зодсон. ... Би зодож байхыг хараагүй. Тэр үл таних эрэгтэй хүний нүд нь хавдсан байсан. Тэгээд би С.Т-зодсон юм байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Э.С-“ ... Т- хажуугаар зөрөхдөө яасан муухай хардаг пизда вэ гэхэд нь Т- айн гэхэд нөгөө залуу нь чам шиг муу жижигхэн бацаан ахыгаа амжихгүй шү гэж хэлээд өнгөрсөн. Тэгэхэд нь Т- өрөө рүүгээ ороод гутлаа өмсөж гарч ирэхэд нөгөө хүн гарсан. Би хувцсаа өмсөөд тэр хоёрын араас гартал Т- ахтай муудалцаад хоорондоо зодолдсон юм шиг Т- болон нөгөө хүнийх нь хувцас шороо болчихсон байсан байхаар нь Б- бид хоёр очоод Т-ыг аваад өрөө рүүгээ оръё гээд өрөө рүүгээ орох гээд явж байтал нөгөө залуу нь за за болъё гээд цаашаа алхаж байгаад эргэж хараад хоёр гараараа салаавч гаргаад май пизда нараа би одоо эргэж ирээд та нарыг ална, би хүмүүс дуудчихсан байгаа, одоо та нар бүгд дуусаа гээд орилсон. Тэгэхэд нь Т- тэр хүний араас гүйгээд араас нь Х-гүйхээр нь би араас нь алхаад очиход Т-, Х-хоёр нөгөө согтуу хүнийг газар унагаачихсан зодоон бололтой хараад зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн  22-23 дугаар хуудас/,

 

Гэрч Б.-“... Тэгтэл Т- нэг найзынх нь сүүлд нэрийг нь мэддэг болсон Х- хамт бууж ирээд тэр ахын араас гарч яваад удалгүй араас нь нэг залуу нь гараад удалгүй С- араас нь гарсан. Гадаа юу болсон талаар нь мэдэхгүй байна. ... 2, 3 цагийн дараа шиг санагдаж байна. Нөгөө манай зочид буудалд орж ирээд Т- гэх ахтай маргалдсан залуу цагдаа нартай орж ирээд тэд нарыг аваад гарсан. Тэр ахын нүүр ам нь нил цус болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №.... дугаартай:

“1. Н.Б- биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүр, баруун зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

А.Х-ын яллагдагчаар өгсөн “... Тэгээд тэр ах Т-тай зууралдаж байгаад түрүүлээд буудлаас гарсан. Тэгээд Т- араас нь гараад би араас нь гарсан. Тэгэхэд Т- тэр ахыг цохиж байхаар нь би хажуугаар нь ороод тэр ахыг цохисон. Тэгээд тэр ах босч ирээд цаашаа явж байгаад Т- бид хоёрыг алнаа гээд орилоод байхаар нь Т- бид хоёр араас нь гүйж очоод тэр ахыг газар унагааж байгаад хоёр талаас нь өшиглөөд байж байхад Б- эхлээд гүйж ирээд С- араас нь гүйж ирээд бид хоёр салгаад бид хоёр өрөөндөө орсон. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг  /хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

С.Т- яллагдагчаар өгсөн “... нэг ах бууж ирээд над руу хараад яасан муухай хардаг банди бэ, ахыгаа амжих уу гэсэн тэгэхээр нь би тэр ахтай хэрэлдээд бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд би тэр ах буудлаас гарахад нь тэр ахын нүүр лүү нь цохиод байж байхад А.Х- миний араас гарч ирээд тэр ахыг бас цохисон. Тэгээд А.Х- бид хоёр тэр ахыг цохиж байгаад орхиод буудал руугаа орох гэж байхад тэр ах буудлаас холдож байгаад та нарыг алнаа, та нар наанаа байж байгаарай гээд орилоод байхаар нь А.Х- бид хоёр дахиж гүйж очоод газар унагааж байгаад тал талаас нь өшиглөчихсөн юм. А.Х- бид хоёр тэр ахыг газар унагаагаад байж байтал эхлээд Б- гүйж ирээд бид хоёрыг салгаад араас нь С- ирээд А.Х- бид хоёрыг салгаад бид 4 буудлынхаа өрөө рүү орсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч А.Х-, С.Т-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Б- “... хохирсон Н.Б- эмчилгээний зардал болон нэхэмжилсэн төлбөр /1 сая/ -ийг өгч хохиролгүй болгов. Хохирогч Н.Б-миний бие ахин гомдол саналгүй болно” гэсэн хүсэлт /хэргийн 64 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос А.Х-, С.Т-нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч А.Х-, С.Т-нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х-, С.Т-нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...... овогт А.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

.. овогт ............ Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Х-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, С.Т-  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А.Х-, С.Т-нарыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Х-, С.Т-нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  А.Х-, С.Т-нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Х-, С.Т-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ