Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 613

 

                                                       МАГАДЛАЛ

2017.03.03                                             №613

 

“Юу Би Капитал кредит” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Юу Би Капитал кредит” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Баянмөнхөд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн 53 077 935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Буяндаваа

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ичинхорол

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юу Би Капитал Кредит ББСБ” ХХК зээлдэгч Б.Баянмөнхтэй 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3172015/48 дугаартай зээлийн гэрээ болон БГ/2015/48 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж сарын 6 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож 35 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талууд хэлэлцэн тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр зээлдэгч Б.Баянмөнхтэй Ү-2205046012, 000229782 дугаартай, Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 85-р байр, 15 тоотод байрлах 3 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. Зээлдэгч Б.Баянмөнх зээлийн гэрээ байгуулагдсан цагаас хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байгаа бөгөөд бид төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойшх хугацаанд зээлдэгчийн төлсөн төлбөрийг хасаад үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний заалт болон хуульд нийцүүлж бодсон. Үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 16 618 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 459 574 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Баянмөнх нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан Боржигон овогт Бадарчийн Баянмөнхөөс 53 077 935 /тавин гурван сая далан долоон мянга есөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан “Юу Би Капитал кредит ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баянмөнхөөс 423 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Юу Би Капитал кредит ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баянмөнх шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 58 дугаар байрны 15 тоотод байршилтай, 63 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, зохигч тэдгээртэй адил эрх үүрэгтэй оролцож байгаа этгээдүүдэд шүүх эрх тэгш хандах, хэргийн оролцогчийг эрхийг эдлүүлэх, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанд оролцуулах, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломж бололцоогоор хангах ёстой байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хэргийн оролцогчдод олгоогүй, хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх боломжийг олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй бөгөөд хэргийн материалтай танилцуулах ажиллагааг хийгээгүй, энэ талаар хэргийн материалд авагдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлээгүй, шүүх хэргийн оролцогчдод тэгш бус хандсан ноцтой зөрчил гаргасан болно. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно гэж бичигдсэн байх бөгөөд хариуцагч Б.Баянмөнх нь Б.Анхбаярт итгэмжлэл олгосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Гэтэл 137 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй нь нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Юу Би Капитал кредит ББСБ” ХХК нь хариуцагч Б.Баянмөнхөд холбогддуулан зээлийн гэрээний үүргийн 53 077 935 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

 Б.Баянмөнх нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Юу Би Капитал кредит ББСБ” ХХК-иас 35 000 000 төгрөгийг, 9 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүү төлөх нөхцөлийг тохирч зээл авсан болох нь зохигчдын хоорондын ЗГ/2015/48 тоот зээлийн гэрээ, зээл, хүүгийн эргэн төлөх хуваарь /хх-7-9/ зэрэг баримтуудаар, мөн хариуцагч Б.Баянмөнх дээрх зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 58 дугаар байрны 15 тоот 63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БГ2015/48 тоот үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон барьцаалбараар /хх-10-12/ тус тус нотлогдож байна. Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан уг төрлийн зээлийн гэрээг бичгээр байгуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байх хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болно.

 

Иймд анхан шатны шүүх дээрх гэрээнүүдэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, /хх-14/ шүүх түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан байх боловч /хх-15/ шүүхэд өөрийн тайлбарыг ирүүлээгүй байна. Хариуцагч Б.Баянмөнх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах...” эрхээ эдлэх боломжийг олгож шүүх удаа дараа түүний хүсэлтээр хуралдааныг хойшлуулжээ. /хх-26, 29/ Тэрээр хэргийн материалтай танилцсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын тэмдэглэлээр /хх-20/ нотлогдож байна. Иймээс шүүх зохигчид хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан гэж үзэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх боломжгүй болно.

 

Харин шүүх хэрэг үүсгэсэн захирамжинд  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг орхигдуулсан, энэ хэрэгт Б.Анхбаяр гэх хэргийн оролцогч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэсэн, тогтоох хэсэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэрийг “Нийслэлийн шүүх” гэж буруу бичсэн алдаа гаргасан байгаа боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөнд тооцогдохгүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхихоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                          А.МӨНХЗУЛ

                                                                       

  Б.НАРМАНДАХ