Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0195

 

 

Г.С-ыннэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд Д.Б

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Г аймгийн Ц сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Г.Сыг хурлын даргад сонгогдсонд тооцож, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, Д.Батааг Г аймгийн Ц сумын ИТХ-ын даргаар томилсон 08 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 49 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.С

Гуравдагч этгээд Д.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 121/2021/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.С-аас Г аймгийн Ц сумын ИТХ, хуралдаан даргалагч Д.О холбогдуулан “Г аймгийн Ц сумын ИТХ-ын2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Г.С-ыг хурлын даргад сонгогдсонд тооцож, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, Д.Б-г Г аймгийн Ц сумын ИТХ-ын даргаар томилсон 08 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г аймгийн Ц сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.С-ыг Г аймгийн Ц сумын ИТХ-ын даргаар сонгогдсонд тооцсон тогтоолыг ёсчилж баталгаажуулахыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг даргалагч Д.О-д даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: Доод шатны засаг захиргааны нэгжийн төлөвлөгөөг үндэслэн нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 болон 21.5.3 дахь заалтыгтус тус зөрчин үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 50000 м.кв газрыг нийтийн эдэлбэрт тогтоосон. Тус шинээр тогтоосон нийтийн эдэлбэр газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай буюу маргаан бүхий газартай давхцалтай байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудал гэж үзэн шүүхээс уг асуудлыг хэлэлцээгүй орхигдуулсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн тохиолдолд нийтийн эдэлбэр газартай давхцалтай тул, нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжгүй юм. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 106.4.Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасныг тус тус зөрчсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 804 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.С “... Хурлын дарга Х.Л өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч чөлөөлөгдсөнөөр Хурлын дарга сонгох сонгууль болоход миний бие болон төлөөлөгч Я.Г бид хоёр нэр дэвшиж, нууцаар санал хураалт явуулахад 18 төлөөлөгч санал хураалтад оролцож Г.С надад 10 төлөөлөгч буюу 55.5 хувь нь санал өгсөн, Я.Г-т 8 хүн буюу 44.5 хувь нь санал өгснөөр миний бие олонхийн санал авсан боловч дахин санал хураалт явуулж Д.Б-г Хурлын даргаар томилсон нь Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг, болон хурлын даргад хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгох тухай холбогдох хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр Г аймгийн Ц сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Г.С-ыг Хурлын даргад сонгогдсонд тооцож, албан тушаалд томилох тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулах, Д.Б-г Г аймгийн Ц сумын ИТХ-ын даргаар томилсон 08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хариуцагч “... Хурлын даргын сонгуульд Г.С 10 төлөөлөгчийн саналаар буюу 55.5 хувиар ялалт байгуулж, Я.Г 8 төлөөлөгчийн буюу 44.5 хувийн санал авсан. Тогтоолын төсөл батлахаар санал хураалт явуулахад оролцсон төлөөлөгчдийн 52.6 хувь нь тогтоолын төслийг батлахгүй гэж санал өгсөнөөр батлагдаагүй тул дахин санал хураалт явуулсан. Г.С дахин санал хураалтад нэрээ дэвшүүлэхгүй гээд нэрээ татсан ч түүний эрхийг хангаж, дахин санал хураалтыг Я.Г, Г.С нар дээр явуулсан ... хэн нь олонхийн санал аваагүй тул дахин нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан ... дахин нэр дэвшүүлэхэд Д.Б-аас өөр нэр дэвшигч байгаагүй тул илээр санал хураалт явуулж 52.6 хувийн санал авсан тул Д.Б-г Хурлын даргаар томилсон нь хууль зөрчөөгүй...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

4. Хэрэгт авагдсан Г аймгийн Ц сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл тухайн өдрийн хуралдаанд нийт 21 төлөөлөгчийн 19 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсоноор хуралдааны ирц бүрдсэн байх бөгөөд Хурлын дарга Х.Л-ын албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцэн 07 дугаар тогтоолоор түүнийг Хурлын даргаас чөлөөлж, улмаар хуралдаан даргалагчаар Д.О-ийг сонгож баталсан байна.

5. Ийнхүү тухайн хуралдааны явцад Хурлын дарга Х.Л албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Хурлын даргад нэр дэвшүүлэх, санал хураалт явуулах үйл ажиллагаа цааш өрнөсөн байх бөгөөд нэхэмжлэгч Хурлын даргад Г.С бие даан нэр дэвшсэн, Ардчилсан намын бүлгээс Я.Г-ийг нэр дэвшүүлж, улмаар нууц санал хураалт явагдсан, санал хураалтын дүнд нэхэмжлэгч Г.С 10, Я.Г 8 төлөөлөгчийн санал авсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байх бөгөөд хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

6. Нэгэнт хурлын төлөөлөгчдийн олонх нь Хурлын даргаар сонгож санал өгсөн байхад тухайн хуралдаанаас Г.С-ыг Хурлын даргаар сонгосонд тооцож тогтоол гаргах байтал Хурлын даргаар сонгогдсонд тооцох тухай тогтоолын төслийг батлах эсэх талаар санал хураалт явуулсан нь, дахин Хурлын даргад нэр дэвшүүлж санал хураалтуудыг явуулж, гуравдагч этгээдийг Хурлын даргаар сонгож баталсан нь хуульд нийцээгүй байна.

7. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно”, 11.4-т “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Хурлын даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн нь буруу биш, тухайн үед Хурлын даргад нэхэмжлэгч Г.С, Ардчилсан намын бүлгээс Я.Г нар нэр дэвшсэн байх тул нууцаар санал хураалт явуулсан нь, улмаар нэхэмжлэгч Г.С төлөөлөгчдийн олонхийн буюу тухайн санал хураалтад оролцсон 18 төлөөлөгчөөс 10 төлөөлөгчийн саналыг авсан болох нь тогтоогдсон байх тул түүнийг Г аймгийн Ц сумын ИТХ-ын даргаар сонгогдсонд тооцох хууль зүйн үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            8. Зүй нь, Г аймгийн Ц сумын ИТХ-ын тухайн өдрийн хуралдааны явцад олонхийн санал авсан нэхэмжлэгч Г.С-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож тогтоол гаргах байтал дахин нэхэмжлэгчийг оролцуулан санал хураалт явуулсан нь, цаашлаад хэн нь ч олонхийн санал аваагүй, нэг нэр дэвшигч нэр дэвшүүлсэн гэх зэрэг үндэслэлүүдээр дахин дахин санал хураалт явуулсан нь улмаар хамгийн сүүлд нэг хүнийг нэр дэвшүүлж, илээр санал хурааж, гуравдагч этгээд Д.Б-г Хурлын даргаар сонгосон нь хууль зөрчсөн байна.

9. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасан.

10. Нэгэнт Г аймгийн Ц сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тухайн хуралдааны явцад болсон Хурлын даргын санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонх нь Г.Сыг Хурлын даргаар сонгож санал өгсөн болох нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх тухайн хуралдааныг удирдсан Д.О-ийг хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулж, улмаар Г.С-ыг Г аймгийн Ц сумын ИТХ-ын даргаар сонгогдсон тооцсон тухай тогтоолыг ёсчилж баталгаажуулахыг Хурал, хуралдаан даргалагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Д.Б-г Г аймгийн Ц сумын ИТХ-ын даргаар томилсон 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

12. Хэрэгт авагдсан Г аймгийн Ц сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл тухайн өдрийн хуралдааны явцад сумын Хурлын Монгол ардын намын бүлэг болон нэхэмжлэгч Г.С нар хоёр дахь санал хураалтад оролцохгүй тухайгаа илэрхийлэн хуралдааныг орхин гарсан болох нь тогтоогдсон байна. Улмаар тухайн хуралдааны явцад нэхэмжлэгч Г.С-ыг Хурлын даргаар сонгож батлах тухай тогтоолын төсөл дээр санал хураахад олонхийн санал аваагүй гэсэн үндэслэлээр үлдсэн Ардчилсан намын 10 төлөөлөгч Г.С, Я.Г нарын нэр дээр дахин санал хураалт явуулсан, улмаар хэн нь ч олонхийн санал аваагүй гэсэн үндэслэлээр дахин нэр дэвшүүлэхээр шийдсэн, хуралдаан 1 цаг гаруй хугацаагаар завсарласны дараа дахин нэр дэвшүүлэх ажиллагаа болж Ардчилсан намын бүлгээс Д.Б-г Хурлын даргад нэр дэвшүүлж, илээр санал хураалт зохион байгуулж, мөн өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор сумын Хурлын даргаар сонгож баталсан болох нь тогтоогдсон байна.

13. Өмнө дүгнэсэнчлэн тухайн өдрийн хуралдааны явцад Хурлын даргад нэр дэвшүүлж санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 18 төлөөлөгчдийн 10 төлөөлөгч буюу олонх нь нэхэмжлэгч Г.С-ыг Хурлын даргаар сонгож санал өгсөн болох нь тогтоогдсон, уг санал хураалтын дүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байх тул үүний дараа дахин дахин санал хураалт явуулж, улмаар гуравдагч этгээд Д.Б-г Хурлын даргаар баталж тогтоол гаргасан хурлын үйл ажиллагааг хуульд нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.С-ын“... нэхэмжлэлдээ хариуцагчаар Г аймгийн Ц сумын ИТХ- гэснийг Г аймгийн Ц сумын ИТХ-, хуралдаан даргалагч Д.О” гэж хариуцагчийг өөрчлүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүх хянаад нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хариуцагчийг Г аймгийн Ц сумын ИТХ-, хуралдаан даргалагч Д.О гэж өөрчилж шийдвэрлэсэн, улмаар тус хариуцагч нарт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасантай нийцсэн байна.

15. Түүнчлэн хэрэгт Г аймгийн Ц сумын ИТХ-ын дарга Д.Б-ийн гарын үсэг бүхий хурлын албан ёсны тамга тэмдэг бүхий баланк дээр бичигдсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбар хавсаргагдсан, тус сумын хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг Д.О даргалсан болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй, Хурал, хуралдаан даргалагч хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

16. Мөн хэрэгт авагдсан Г аймгийн Ц сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлд Хурлын даргад нэр дэвшүүлж санал хураалт зохион байгуулагдсан үйл баримтын талаар тодорхой тэмдэглэгдсэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх тул гуравдагч этгээдийн “... хэргийн 18 дахь талд байгаа тэмдэглэлээс үвэл Г.С 52.6 хувийн санал авсан уу, 47.3 хувийн санал авсан уу гэдэг нь эргэлзээтэй ... шүүх талууд маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй ...” гэх гомдол үндэслэлгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хэргийн оролцогчдоос хэрэгт авагдсан нотлох баримт эргэлзээтэй талаар, нэмэлт нотлох баримт цуглуулах талаар шүүхэд хандаж санал хүсэлт гаргах боломжтой байсан, энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байсан гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

 

                               ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

 

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ