Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 135

 

     О.Т, Б.Д нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Р.П ,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.О ,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Р.П нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Т, Б.Д нарт холбогдох 201625021028 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овогт  О.Т, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Киай групп” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн ........................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../,

          Х  овогт  Б.Д, 1990 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Киай групп” ХХК-д гэрээний мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................./,

          О.Т нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Киай групп” ХХК-ийн менежерээр 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч нарын төлсөн төлбөрөөс 84.011.392 төгрөгийг,

          Мөн Б.Дтэй гэмт хэрэгт хамтран оролцож 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Г.Х-ийн зээл төлсөн 1.410.000 төгрөгөөс 1.110.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Х.Э-ийн зээл төлсөн 5.500.000 төгрөгөөс 2.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С.Д-гийн төлсөн 5.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.М-ын зээл төлсөн 3.500.000 төгрөгөөс 2.400.000 төгрөг буюу нийт 10.010.000 төгрөгийг завшиж “Киай групп” ХХК-д нийт 94.021.392 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

          Б.Д нь О.Ттэй гэмт хэрэгт хамтран оролцож Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Киай групп” ХХК-д зээлийн эдийн засагчаар 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Г.Х-ийн зээл төлсөн 1.410.000 төгрөгөөс 300.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Х.Э-ийн зээл төлсөн 5.500.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С.Д-ийн төлсөн 5.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.М-ын зээл төлсөн 3.500.000 төгрөгөөс 1.100.000 төгрөгийг завшиж “Киай групп” ХХК-д нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Тийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Тийг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Дг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар О.Тийг 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, О.Т, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Төөс нийт 75.021.392 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 21-39 тоотод оршин суух Мэрдэн овогт А Д олгож, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн “Toyota Estima” загварын, 95-79 УНЦ улсын дугаартай автомашиныг шүүгдэгч О.Тийн бусдад төлөх төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч О.Тт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1177 дугаар шүүгчийн захирамжаар: Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Төөс нийт 75.021.392 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 21-39 тоотод оршин суух Мэрдэн овогт А Д  /РД: ОМ85121104/-т олгож” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Төөс нийт 75.021.392 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 21-39 тоотод оршин суух Мэрдэн овогт А   Д /РД: ОМ85121104/-д олгож” гэж залруулжээ.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор надад оногдуулсан ял нь миний хийсэн гэм бурууд тохироогүй гэж бодож байгаа тул гомдолтой байна. Би тухайн байгууллагад 30.000.000 орчим төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Иймд энэ мөнгөн дүнд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн эхнэр маань жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрлөх боломжгүй үлдсэнд хамгийн ихээр санаа зовниж байна. Бид эцэг эхээсээ хамааралгүйгээр, хоёулаа амьдардаг тул цаашид эхнэр маань хүүхдээ төрүүлээд амьдралаа авч явах чадваргүйд маш их санаа зовж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзнэ үү. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, ухамсарлаж байна...” гэв.   

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Р.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч О.Тийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулаагүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүх “... Шүүхээс шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа...”, “... тэдний хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” талаар зөв дүгнэлт гаргасан атлаа ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэснийг эс зөвшөөрч байна. Хэргийн нөхцөл байдлыг нэг бүрчлэн шинжлэн үзэхэд шинжээчийн дүгнэлтэд хохирогч “Киай групп” ХХК-ийн дотоод хяналт шалгалт сул байсан нь гэмт хэрэг үүсэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Мөн “Киай групп” ХХК-д миний үйлчлүүлэгчийг албан тушаалд ажиллаж байсан нь давуу байдал бий болгосон гэж үзсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй. О.Тийн хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал, цалин хөлс олгохтой холбогдсон тушаалууд авагдсанаас үзэхэд зөвхөн тухайн байгууллагын менежерээр ажиллах гэсэн нь яг санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн хэрэгт “Киай групп” ХХК-ийн санхүүгийн баримт огт байдаггүй. А.Д-гийн харилцах данс л хэрэгт авагдсан. Мөн А.Д цааш нь компанидаа яаж тооцоо хийдэг болон түүнтэй холбоотой санхүүгийн тайлан болон зээлдэгч нарын тухайн үеийн өр авлагын тооцоо хэрэгт  авагдаагүй байдаг. Иймээс “Киай групп” ХХК-г хохирогчоор тогтоосон нь хэр үндэслэлтэй эсэхийг шүүх бүрэлдэхүүн анхаарч бүхэлд нь хянан үзэхийг хүсч байна. Мөн миний  үйлчлүүлэгч эрүүгийн хэрэг үүсгэгдсэн үеэс эхлэн 30.000.000 орчим төгрөгийг авсан гэдгээ мэдүүлдэг. Энэ нь Б.Дгийн бид хоёр мөнгөө хувааж авдаг байсан гэх мэдүүлэг болон “Киай групп” ХХК-ийн төлбөр барагдуулсан акт /төлбөрт 15.000.000 төгрөг, хүү 5.000 төгрөг, аудитын хөлс гэж 3.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөг төлсөн баримт 1хх-157/-аар нотлогддог. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирлын тооцоог хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд зөвхөн 30.000.000 орчим төгрөгийн үйлдлээ л зөвшөөрсөн байдаг. Миний үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэл хохирлын төлбөрөөс төлөөгүй үйлдэл нь хохирлын хэмжээг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой. Эрүүгийн хэрэгт “Мишээл од аудит” ХХК аудитын дүгнэлт гаргаж, дараа нь шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч дүгнэлт гаргасан боловч тэдгээр нь үнэн зөв гарсан анхан шатны баримтад үндэслэсэн гэдэг нь эргэлзээтэй байдаг. Жишээлбэл 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр П.М  гэдэгт 1.700.000 төгрөгийн зээлийг 2 удаа олгосон гэж төлбөрт тооцсон байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан /2хх-202/ кассын тайлан болон /2хх-233-234/ зээлийн тооцоогоор 2 удаа олгогдоогүй гэдэг нь нотлогдож байхад анхан шатны шүүх анзаарч үзээгүй. Хэрэгт авагдсан энэхүү нөхцөл байдлуудыг дүгнэн улсын яллагч торгох ялыг оногдуулсан бөгөөд 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан ял шийтгэлийн сонгох санкцид торгох ялыг хуульчилсан байдаг. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж, шүүх хуралдааны танхимд хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт хүссэн зэрэг нөхцөл байдал байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд торгох ялыг оногдуулах тухай хуульчлахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг заавал харгалзах тухай хуульчлагдаагүй бөгөөд харин ч 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино” гэж хуульчилсан нь ялтны засрал хүмүүжил хариуцлагад ач холбогдол бүхий ял гэж үзэж болохоор байна. Зүй нь шүүх улсын яллагчийн яллах дүгнэлтэд төлөвлөсөн ялаас хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг нь харгалзан үзэж уг төлөвлөсөн ялыг юм уу түүнээс хөнгөн өөр бусад төрлийн ял шийтгэлийг оногдуулах эрх зүйт төрийн үндсэн зарчим үйлчлэх ёстой байтал шүүхээс улсын яллагчийн оногдуулахаар төлөвлөсөн торгуулийн ялыг хорих ял болгон хүндрүүлж /ингэхдээ хуульд заасан ямар хүндрүүлэх нөхцөл байдал байсан болоод ямар үндэслэлээр улсын яллагчийн оногдуулахаар төлөвлөсөн торгуулийн ялыг хүндрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй/ шийдвэрлэсэн нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорьж буй манай улсад эрх зүйт ёсыг шүүхээс хөсөрдүүлэхэд хүргэж, миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөхөд хүргэсэн шийдвэр боллоо гэж үзэж байна. Мөн шүүх хуралдааны явцад өөрийн үйлчлүүлэгчийн төлбөр төлөх боломжтой талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хүлээж аваагүй гэсэн атлаа шийтгэх тогтоолд энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилсан байдаг. Мөн хохирогч А.Д , түүний өмгөөлөгч Ц.А-ийн хамт давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан эхлэхээс өмнө ирж хүсэлт гаргасан. 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 тоот шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн Боржигон овогт О- О.Тийн хохирогч А.Д би давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй. О.Т нь бидэнд учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир ямар нэг гомдол санал байхгүй. О.Тт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байна. Уг хүсэлтийн хамт О.Тийн эцэг Одбаатар нь хохирогч нарт баталгаа гаргаж, эдгээр ах дүү нарын хооронд байдаг гэр бүлийн газартай холбоотой асуудлаар 50.000.000 төгрөг авах үүргээсээ татгалзаж, 50.000.000 төгрөгөнд тооцож газраа шилжүүлсэн. Үлдэх мөнгийг бэлнээр өгсөн. Иймд О.Т учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг анхаарч үзнэ үү. Хэдийгээр миний үйлчүүлэгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн боловч үүндээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, залуу хүний цаашидын ажил хөдөлмөр эрхлэх, торгуулийн ялыг нөхөн төлүүлж улсад төлүүлэх нь зүйтэй байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх зүйл байхгүй, тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Д нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн ба уг эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдахаасаа өмнө хохирогч талд иргэний журмаар хохирлоо хүүтэй нь нөхөн төлсөн. Мөн одоог хүртэл уг компанидаа ажиллаж байгаа. Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс Б.Дгийн үйлдэл оролцоог бодитоор дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна ...” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Т, Б.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдааны үед хохирол, төлбөрийг барагдуулаагүй байсан. Мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд маргаантай байсан. Тухайн үед шүүхээс түүнд хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

          О.Т нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Киай групп” ХХК-ийн менежерээр 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч нарын төлсөн төлбөрөөс 84.011.392 төгрөгийг,

          Мөн Б.Дтэй гэмт хэрэгт хамтран оролцож 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Г.Х-ийн зээл төлсөн 1.410.000 төгрөгөөс 1.110.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Х.Э-ийн зээл төлсөн 5.500.000 төгрөгөөс 2.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С.Д-ийн төлсөн 5.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.М-ын зээл төлсөн 3.500.000 төгрөгөөс 2.400.000 төгрөг буюу нийт 10.010.000 төгрөгийг завшиж “Киай групп” ХХК-д нийт 94.021.392 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Б.Д нь О.Ттэй гэмт хэрэгт хамтран оролцож Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Киай групп” ХХК-д зээлийн эдийн засагчаар 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Г.Х-ийн зээл төлсөн 1.410.000 төгрөгөөс 300.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Х.Э-ийн зээл төлсөн 5.500.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С.Д-ийн төлсөн 5.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.М-ын зээл төлсөн 3.500.000 төгрөгөөс 1.100.000 төгрөгийг завшиж “Киай групп” ХХК-д нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Д-ийн “... О.Т нь манай нөхөр О-ийн үеэл байгаа юм. О.Т нь манай “Киай групп” ХХК-д 2011 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн ба манай нөхрийн төрсөн дүүгээс ялгаагүй байсан ба 2012 оноос үндсэн ажилтанаар ажиллаж эхэлсэн. Ингээд “Киай групп” ХХК-ийн автоломбарданд ажилласан ба 2013 онд Саппорогийн салбар дээр нэг хүний нэр дээр 500.000 төгрөгийн хуурамч зээл гаргасан байсан ба тухайн үед сануулаад өнгөрсөн. 2014 онд манай компани Цайз 16-д салбар байгуулан О.Тийг бие даан ажиллуулсан. Тэгээд би 2014 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авсан ба Цайз 16 салбараа түр хаагаад төв оффис дээрээ О.Тийг гүйцэтгэх захирлаар томилоод ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд би 2015 оны 10 дугаар сараас ерөнхийдөө ажилдаа орсон ба 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Цайз 16 салбарын үлдэгдэл зээлийг шалгах гээд О.Төөс “холбогдох бичиг баримтаа аваад ир” гэж хэлтэл О.Т нь бичиг баримтаа хайж байснаа “гадаа машинд байгаа юм байна” гэж хэлээд гараад явсан ба дахин орж ирээгүй. Утас руу нь залгаад ярьтал “гэрт байгаа аваад ирье” гэж хэлээд ирээгүй. Тэгэхээр нь сэжиг бүхий санагдаад зээлийн программаас зээлдэгч хүмүүс рүү залгахад утаснууд нь ашиглалтанд байхгүй, ихэнх нь холбогдох боломжгүй байсан. Ингээд бид байгууллагадаа аудитын шалгалт оруулахад хамгийн анх Цайз 16 салбарт ажиллаж байхдаа нийт 62.289.042 төгрөгийн байгууллагын мөнгийг хувьдаа завшсан, Төв оффис дээр ирээд 62.843.900 төгрөгийг хувьдаа завшиж, нийт 125.132.942 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулаад байна. Энэ мөнгөнөөсөө одоог хүртэл ямар нэгэн мөнгө төлж барагдуулаагүй ...” /1хх-22/,

О.Тийн сэжигтнээр өгсөн “... Би “Киай групп” ХХК-д 2012 оны 7 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн. 1 жилийн дараа тус компани нь Саппоро төвийн тэнд нэг салбар нээгээд тус газарт 2013-2014 он хүртэл ажилласан. Ингээд 2014 онд манай компани Цайз 16-д салбар нээсэн ба би тус салбарт эдийн засагчаар 2014 оноос эхлэн ажилласан ба 2014 оны 12 дугаар сард төв оффис дээр эргэж ирсэн. Цайз 16 салбарт би ганцаараа байдаг байсан ба байгууллагын мөнгөнөөс эхний ээлжинд 1.000.000 төгрөг авсан. Тэгээд уг мөнгийг буцааж хийж чадахгүй байсаар байгаад манай программ дээр алданги тооцогдоод, мөнгө нь өсөөд байсан болохоор нь би мөнгө аваад буцаан хийгээд, аваад хийгээд явдаг байсан. Тухайн үед нэг үйлчлүүлэгч “Toyota Estima” загварын машин барьцаанд тавьсан ба тухайн үед уг автомашины хроп эвдэрсэн байсан, тавьсан хүн нь өөрөө хаячихсан. Тэгэхээр нь би захиралдаа санаа зовоод хэлээгүй, сард төлөх төлбөрийг компаниас болон өөрөөсөө төлсөн. “Киай групп” ХХК-ийн авто ломбарданд ажиллаж байхдаа 2014 оны 8 дугаар сард 5.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээ гарчихаад авсан. Мөн 2014 оны 8-аас 9 дүгээр сарын хооронд 5.000.000 төгрөгийн зээлийг Баяр-Эрдэнэ гэх залууд гаргаж өгсөн ба энэ Баяр-Эрдэнэ нь намайг залилаад алга болчихсон. Тухайн асуудлыг би захиралдаа огт хэлээгүй. Тухайн 5.000.000 төгрөгийн алданги мөн өссөн. Энэ асуудлуудаас болж би “Киай групп” ХХК-ийн авто ломбарднаас мөнгө аваад мөнгөний алдангид буцаан хийдэг байсан. Тэгж явсаар өдийг хүрсэн ба миний тооцоогоор 30.000.000 төгрөг болж байгаа. Хамгийн анх авсан 1.000.000 төгрөгийн би байрныхаа түрээсэнд өгсөн. Дараагийн 5.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. Мөн 7.000.000 төгрөгийг хүнд залилуулсан. Би “Toyota Estima” загварын машиныг эвдрэлтэй гэж мэдээгүй 3.200.000 төгрөгөнд авсан. Энэ машин одоо байгаа. Мөн 2015 онд төв оффис дээр ажиллаж байхдаа 7.000.000 төгрөгийг авсан. Тухайн мөнгөөр урьд авсан мөнгөнийхөө хүү, алдангийг нөхөж явсаар ийм байдалд хүрсэн...” /1хх-47/,

Б.Дгийн сэжигтнээр өгсөн “... Надад О.Ттэй хамтран байгууллагаас мөнгө авсан зүйл байхгүй. Тухайн үед О.Т нь байгууллагын мөнгөнөөс мөнгө авч байсан ба надад үүнийг санаачилсан болон би гардаж байгууллагын мөнгөнөөс авсан асуудал байхгүй. О.Тийг байгууллагын мөнгөнөөс авч эхэлснийг 2015 оны 6 дугаар сард мэдсэн. Хажидмаа гэх зээлдэгч О.Т лүү залгаж зээлээ хаамаар байна гэж хүсэлт тавиад бэлнээр мөнгө авчирч өгсөн ба тэр мөнгийг О.Т хувьдаа авсан ба надад 300.000 төгрөг өгсөн. Тухайн үед миний машин эвдэрчихсэн байсан ба надад “чамд мөнгөний хэрэг байгаа биз дээ” гэж хэлээд мөнгө өгсөн. Тэр үйлчлүүлэгчийн мөнгийг авахдаа удахгүй Хөтөлөөс мөнгө орж ирнэ, тэгэхээр нь нөхөөд хаачихна гэж хэлсэн. Тэгээд л О.Тийг надад туслаж байна гэж бодоод тэр мөнгийг авсан. Үүний дараа Эрдэнэчимэг гэх зээлдэгч зээлээ хаах гээд 7.500.000 төгрөг тушаахад энэ мөнгийг мөн О.Т хувьдаа авсан ба Америкаас мөнгө орж ирнэ гэж хэлж байсан. Надад тэр мөнгөнөөс 3.000.000 төгрөг өгсөн. Энэ мэтчилэн О.Т нь хүмүүсээс авсан мөнгийг аваад л байдаг байсан. Би одоо боль гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ, би өөрөө мэдэж байна гэж хэлдэг байсан. Ингээд олон хүний мөнгийг байгууллагын данс руу хийхгүй, хувьдаа авсан. Би О.Төөс нийт 6.000.000 орчим төгрөг авсан ба “Киай групп” ХХК энэ байдлыг мэдээд намайг иргэний хэргийн шүүхэд өгсөн ба намайг нийт 15.000.000 төгрөг дутагдуулсан ба хүү 5.000.000 төгрөг, аудитын хөлс 3.000.000 төгрөг гээд нийт 23.000.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн шийдвэр мөн 23.000.000 төгрөг гараад би энэ мөнгийг төлж барагдуулсан ...” /1хх-51/ гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... “Мишээл Од аудит” ХХК нь “Киай групп” ХХК-ийн менежер, зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан О.Т нь 2014, 2015 онуудад нийт 125.132.942 төгрөгийг хувьдаа завшсан нь нотлогдож байна гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Шинжилгээгээр дансанд орсон боловч аудитын дүгнэлтэд тусгагдаагүй 9.623.500 төгрөгийг хасч тооцсон бөгөөд 18.519.660 төгрөгийн зээлийн үлдэгдлийг эзэн холбогдогчийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Үлдэх 91.009.442 төгрөгийг О.Т хариуцан барагдуулахаар байна. Тус компанийн зээлдэгч нарын зээлийн бүртгэлийн программ дээр 91.009.442 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг бүртгэн, зээлдэгч нараас хасч тооцсон боловч компанийн дансанд тушаагаагүй нь кассын тайлан, харилцагчийн хуулга, зээлдэгч нартай хийсэн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график зэрэг баримтаар тогтоогдож байна. Нэр бүхий хүмүүст кассаар зээл олгон зээлийн эргэн төлөлтийг бүртгэж байсан боловч 18.519.660 төгрөгийн зээлийн үлдэгдэл байна. Үүнийг тухайн зээлдэгч авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Тус компанийн барьцаалдан зээлдүүлэх салбарын нягтлан бодох бүртгэл нь хангалтгүй, зээлдэгч нарын зээлийн программын бүртгэлийг мөнгөн хөрөнгийн орлого зарлагатай тухай бүр нь тулган шалгаагүй, бэлэн мөнгөний тооллого хийдэггүй, анхан шатны баримт дутуу зэрэг зөрчилтэй байна. Шинжилгээгээр 109.529.102 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн бөгөөд үүнээс 91.009.442 төгрөгийн зөрчил дутагдлыг О.Т хариуцахаар, 18.519.660 төгрөгийг зээлийн эзэн холбогдогчийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 096 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-30-31/,    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн мэргэшсэн шинжээч Д.Мөнхцэцэгийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №096 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Харин дахин шинжилгээгээр өмнөх дүгнэлтээр гарсан 91.009.442 төгрөгийн зөрчил дутагдлаас 88.050 төгрөгийн тооцооллын алдааг хасч, үлдэгдэл 90.921.392 төгрөгийн зөрчил дутагдал гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн “Киай групп” ХХК-ийн 11 дүгээр сарын санхүүгийн баримт буюу зээлдэгчийн зээлийн гэрээ, бэлэн мөнгөний тайлан, А.Д-йн “ХААН” банкны 5037299580, 5037522804, 5007721076, 5037522815 дугаартай харилцах данснуудын хуулга, “Голомт” банкны 1405100387 дугаартай харилцах дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн график, О.Тийн гаргаж өгсөн 201 хуудас Цайз 16 салбарын өдөр бүрийн бэлэн мөнгөний тайлан, сар бүрийн орлогын тулалтын тайлан зэрэг баримтыг шинжилгээнд хамруулсан. Эдийн засгийн мэргэшсэн шинжээч Д.М-ийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №096 дугаартай дүгнэлтийн 4 дэх асуултын хариултанд 18.519.660 төгрөгийн зээлийн эзэн холбогдогчийг мөрдөн байцаалтаар тогтоох гэсэн нь тухайн үед ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Харин дахин шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн баримтаар эзэн холбогдогчийг мөрдөн байцаалтаар тогтоох 18.519.660 төгрөгийн зээлийн тооцооноос 1.800.000 төгрөгийн зээл олгогдоогүй, мөн нэр бүхий 2 зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлж барагдуулж байгаа тул 6.375.538 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 10.344.122 төгрөгийн зээлийн эзэн холбогдогчийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Шинжилгээнд Б.Дгийн мөнгө дутагдуулсан эсэхийг тогтоох санхүүгийн баримт ирүүлээгүй байна. “Киай групп” ХХК-ийн 2014-2015 оны санхүүгийн баримтаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс бэлнээр болон харилцах дансанд тушаагдаагүй 78.921.392 төгрөг, бусдын нэр дээр зээл авсан 12.000.000 төгрөг буюу нийт 90.921.392 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Б.Дгийн иргэний журмаар шийдвэрлэгдсэн дутагдал 15.000.000 төгрөг нь нийт гарсан зөрчил дутагдлын дүнтэй давхцаж байгаа тул нийт зөрчлөөс хасч тооцно. “Киай групп” ХХК-ийн 2014-2015 оны санхүүгийн баримтаар гарсан нийт зөрчил дутагдал нь 2014 оны 1дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг хамарсан байна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 93 дугаартай дүгнэлт /2хх-126-130/, баримт бичигт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1хх-17/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-18/, О.Тийн хариуцах зөрчил дутагдлын тооцоо /1хх-32-40/, төлбөр барагдуулсан талаар акт /1хх-157, 2хх-131-162/, “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар /1хх-218-219/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /2хх-13-14/, тээврийн хэрэгслийн үнэлгээ /2хх-16/, эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /2хх-163-165/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

О.Т, Б.Д нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.   

Анхан шатны шүүхээс Б.Дг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Харин О.Тийг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  хэсэгт зааснаар “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэдэг хүндрүүлэх шинж нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хамаарна.

Иймд О.Тийн үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж гэмт хэрэг үйлдэх үед нь хуульд байгаагүй, хүндрүүлэх шинжээр зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс О.Тт хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзэв.

Харин О.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж, 2 жилийн хорих ял болгон шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Р.П нараас “... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд О.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа ба  шүүгдэгч О.Тийн эцэг Р.Одбаатар  нь хохирогч А.Д-ийн нөхөр Р.О-т 358 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг 50.000.000 төгрөгийн хохиролд тооцуулахаар баталгаа гаргаж, газрын гэрчилгээний хамт  давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлсэн байх боловч энэ баримтаар төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй болно. 

Учир нь тухайн газрын гэрчилгээ нь О.Тийн эцэг Р.О-нх биш, С  овогт Р-ийн О гэх хүний нэр дээр байгаа бусдын өмчлөлийн газар байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж хуульчилсан ба О.Т нь өөрийн үйлдсэн гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо өөрөө төлж барагдуулах ёстой бөгөөд түүний гэр бүл, хамаатан саданд нь түүний үйлдсэн гэмт хэргийн хариуцлагыг халдааж болохгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Р.П нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид байхгүй зүйл, хэсгийг баримтлан О.Тийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Сүхбаатар дүүргийн прокуророос О.Тийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, О.Тийн үйлдлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 - 1 дэх заалтад “... О.Тийг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, ...” гэснийг “... О.Тийг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, ...”  гэж,

 - 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар О.Тийг 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Тийг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН