| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0174/э |
| Дугаар | 210 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210
2020/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Б
Хохирогч: Т.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Дгийн Бд холбогдох 2012000000134 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Дгийн Б/РД:АГ................/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 54-01 тоотод оршин суух иргэн Б.Эын эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар нэвтрэн DDISH-ын станц, 32 инчийн зураг зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч Т.Ад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Д.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... ...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Т.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... ...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2012000000134 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Т.Агийн өгсөн:
“...Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу нөхөр Б.Этай явсан. Хотод очоод 2-3 хонож байхад манай хашаанд байдаг хажуу айлын хүн болох манай хүргэн ах Д.Б утсаар залгаад танай байшинд цонхоор нь хулгай орсон байна гэж хэлсэн. Манай байшингийн том өрөөнд байсан зурагт, DDISH-ын станц, олон залгуур, бурхан дээр байсан 0.5 литрийн Ерөөл нэртэй архи, хөргөгч дотор байсан мах /хонины хаа/ зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Мөн манай байшингийн ард талын жижиг цонх цуурч хагарсан байсан. Манай хулгайд алдсан зурагт нь хар өнгийн, самсунг брэндийн, 32 инчийн зурагт байсан. DDISH-ын станц нь хар өнгийн, сүүлийн үеийн станц байсан. Олон залгуур нь цагаан өнгийн, 3 давхар залгуур, мах нь хонины эвдээгүй хаа байсан. Би хулгайд алдсан зурагтаа 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан тэр үнээр нь үнэлж байна, DDISH-ын станцаа үнийг нь сайн мэдэхгүй байна, хонины хаагаа 25.000 төгрөгөөр, хагарсан цонхоо үнийг нь сайн мэдэхгүй байна. Хулгайд алдсан эд зүйлээ олж аваад, хагарсан цонхоо төлүүлчихвэл өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/,
*Гэрч Д.Бын өгсөн:
“...Намайг 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 58-01 тоотод гэртээ байж байхад манай төрсөн ах Д.Б хажуу айл руу сав оруулахаар гэрээс гараад удалгүй буцаж орж ирээд манай хашаанд хамт байдаг айлд хулгай орсон гэж хэлсэн. Манай бэр эгч Б.З бид хоёр гараад үзэхэд Б.Э ахын байшингийн ард талын цонхийг хагалаад хүн орсон байдалтай байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Уг байшин нь манай бэр эгч Б.Зын төрсөн дүү Б.Эын байшин. 32 инчийн зурагт, DDISH-ын станц зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай хашааны гадаа нэг мотоцикльтой махлаг шар 20-25 орчим настай, эрэгтэй хүн ирээд Нямаа гэдэг айл асуусан. Тэгээд тэр хүн манай гадаа нилээд удсан. Тэр хүн шар өнгийн мотоцикль унаж явсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,
*Гэрч Д.Бын өгсөн:
“...Намайг 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 58-01 тоотод гэртээ байж байгаад усны сав гадаа амбаарт оруулж тавихаар гэрээс гартал манай хадам дүү Б.Эын гэрийн гадна талын цоожны хуванцар бүрээс нь хагарсан байдалтай байсан. Би гайхаад байшингийн түлхүүрийг гэрээс орж аваад байшин руу орж үзэхэд хойд талынх нь цонх онгойж гадна талын дан шил нь хагарсан байдалтай байсан. Тэгээд би цааш яваад том өрөөнд нь орж хартал зурагт нь алга болсон байсан тэгээд би хулгай орсныг мэдээд цагдаад мэдэгдсэн. Уг байшин нь миний хадам дүү Б.Эын эзэмшлийн байшин байгаа. Манай дүүгийн байшингийн том өрөөний баруун талын модон тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн зурагт, DDISH-ын станц, бурхан дээр байсан архи зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Б.Эын өөрийнх нь эзэмшлийн эд зүйлс байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/
*Гэрч Н.Бын өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Нийтийн худалдааны төв /зах/ дээр байхад 16 цагийн үед манай танил Батаа гэдэг залуу ирээд та зурагт, DDISH-ын станц худалдаж авах уу миний өөрийн зурагт байгаа юм дүү нь зарчихмаар байна гэж хэлсэн. Би зурагт, DDISH-ын станцаа хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөгөөр зурагтыг нь худалдаж авахаар тохирсон. Би хаан банкин дээр очиж Батаад зурагт, DDISH-ын станцын мөнгө гэж 100.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Батаа надаас мөнгөө аваад яваад өгсөн. Би худалдаж авсан зурагтаа зах дээрээс таксинд хийгээд Бор толгой хорооллын 26-06 тоотод байх гэр рүүгээ авч ирсэн. Би самсунг гэсэн бичигтэй доороо эргэдэг суурьтай, зурагт байсан. Станц нь хар өнгийн, DDISH-ын станц 3 өнгийн утастай байсан. Батаа зах дээр хамт юм зөөдөг, өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би хулгайх гэдгийг мэдэлгүй авсан. Батаа манай гэрийн зурагт байгаа юм гэж надад хэлсэн. Хямдхан зарна та авчих гээд надаас гуйгаад байхаар нь авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/
*Яллагдагч Д.Бгийн өгсөн:
“...2020 оны 03 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгойд байдаг Энхээ гэх залуугийн гэрт очиж хонохоор яваад очтол гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь тэдний хашааны дээгүүр тойроод явж байтал 1 хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд хашаа руу нь хаалгаар нь явтал хашаан дотор 1 гэр, 1 байшин байсан. Уг гэр байшин 2 хоёулаа цоожтой байсан. Би байшингийн араар тойроод очтол байшингийн ард байдаг жижиг тал онгорхой цонх байсан. Би тэр цонхийг байшингийн ард байсан шургаагаар хөшиж байгаад уг цонхоор нь орсон. Би тэр байшин дотор явж ороод том өрөөнд байсан зурагт, ДДШ-ийн станцыг авсан. Би авсан зурагтаа өөрийнхөө тэлээгээр оосорлоод нөгөө жижигхэн цонхоороо доош буулгачихаад өөрөө бас уг цонхоороо гарсан. Тэгээд хашааны хаалгаар нь гараад доошоо уруудаад эрчимийн 4 айлын сууцанд очоод тэндээ хоносон. Маргааш өглөө нь зурагт станцаа барьж гараад Нийтийн худалдааны төв дээр очоод Боо гэдэг хүнд 100.000 төгрөгөө зарсан. Боо нь зах дээр грушик хийдэг байсан, одоо Улаанбаатар хот руу явчихсан. Энхээ нь зах дээр грушик хийдэг байсан, би өмнө нь нэг удаа очиж байсан. Тэр өдөр дахин очих гээд очсон. Энхээ одоо аймагт байхгүй Улаанбаатар явсан. Эрчимийн 4 айлын орон сууцанд хүн байхгүй, эзгүй хоосон хашаа байдаг. Би тэр үед архи уучихсан согтуу байсан, тэгээд л хулгай хийсэн байх. Би өмнө хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй. Б.Э нь зурагт станцаа буцаагаад авсан. Би Боогоос авсан 100.000 төгрөгөө буцааж өгөөд хохирлоо барагдуулсан. Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй. Би одоо энэ тэнд таарсан газараа хоноод явдаг. 1977 онд Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн. Бага насандаа ээжийн хамт айлын мал харж амьдардаг байсан. Манай цөөхөн тооны малтай байсан. Эцэг эхээс 8-уулаа айлын бага хүү байгаа. Би сургуульд суугаагүй. 2001 онд Эрдэнэчимэг гэдэг хүнтэй гэр бүл болсон, 1 хүүхэдтэй. Одоо эхнэрээсээ салсан, манай эхнэр Хөвсгөл аймагт амьдардаг...’’гэх мэдүүлэг/хх-ийн 48-51 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 444 дугаартай:
“...2019 оны 05 сард авч байсан DDISH-ын станц, 32 инч самсунг маркийн зурагт, 1х0.5 метр цонхны үнэлгээг 2020 оны 03 дугаар сарын байдлаар нийт 430.000/дөрвөн зуун гучин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 37 дугаар тал/
*Хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-6 дугаар тал/
*Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-12 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 40-41 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 57 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 54-01 тоотоос иргэн Т.Агийн DDISH-ын станц, 32 инчийн зурагт хулгайд алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь хохирогч Т.Агийн”...манай хүргэн ах Д.Б утсаар залгаад танай байшинд цонхоор нь хулгай орсон байна гэж хэлсэн. Манай байшингийн том өрөөнд байсан зурагт, DDISH-ын станц, олон залгуур, бурхан дээр байсан 0.5 литрийн Ерөөл нэртэй архи, хөргөгч дотор байсан мах /хонины хаа/ зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Мөн манай байшингийн ард талын жижиг цонх цуурч хагарсан байсан. Манай хулгайд алдсан зурагт нь хар өнгийн, самсунг брэндийн, 32 инчийн зурагт байсан. DDISH-ын станц нь хар өнгийн, сүүлийн үеийн станц байсан...”гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Манай төрсөн ах Д.Б хажуу айл руу сав оруулахаар гэрээс гараад удалгүй буцаж орж ирээд манай хашаанд хамт байдаг айлд хулгай орсон гэж хэлсэн. Манай бэр эгч Б.З бид хоёр гараад үзэхэд Б.Э ахын байшингийн ард талын цонхийг хагалаад хүн орсон байдалтай байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Уг байшин нь манай бэр эгч Б.Зын төрсөн дүү Б.Эын байшин. 32 инчийн зурагт, DDISH-ын станц зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Намайг 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 58-01 тоотод гэртээ байж байгаад усны сав гадаа амбаарт оруулж тавихаар гэрээс гартал манай хадам дүү Б.Эын гэрийн гадна талын цоожны хуванцар бүрээс нь хагарсан байдалтай байсан. Би гайхаад байшингийн түлхүүрийг гэрээс орж аваад байшин руу орж үзэхэд хойд талынх нь цонх онгойж гадна талын дан шил нь хагарсан байдалтай байсан. Тэгээд би цааш яваад том өрөөнд нь орж хартал зурагт нь алга болсон байсан тэгээд би хулгай орсныг мэдээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бын”...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Нийтийн худалдааны төв /зах/ дээр байхад 16 цагийн үед манай танил Батаа гэдэг залуу ирээд та зурагт, DDISH-ын станц худалдаж авах уу миний өөрийн зурагт байгаа юм дүү нь зарчихмаар байна гэж хэлсэн. Би зурагт, DDISH-ын станцаа хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөгөөр зурагтыг нь худалдаж авахаар тохирсон. Би Хаан банкин дээр очиж Батаад зурагт, DDISH-ын станцын мөнгө гэж 100.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Батаа надаас мөнгөө аваад яваад өгсөн. Би худалдаж авсан зурагтаа зах дээрээс таксинд хийгээд Бор толгой хорооллын 26-06 тоотод байх гэр рүүгээ авч ирсэн. Би самсунг гэсэн бичигтэй доороо эргэдэг суурьтай, зурагт байсан. Станц нь хар өнгийн, DDISH-ын станц 3 өнгийн утастай байсан...” гэх мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 444 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Бгийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 54-01 тоотод хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна, шүүгдэгч Д.Бгийн хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Бг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Т.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зурагт анх асааж үзэхэд хар толбонууд гараад доод талаараа зураас гарсан байсан. Тэгээд гэртээ авч очоод асаахад огт дүрс гарахгүй, ажиллахгүй байгаа тул зурагтын үнэ мөн хагарсан цонхны үнийг нэхэмжлэх талаар мэдүүлсэн, мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...зурагтын дэлгэц энд тэндээ хар толботой, дэлгэцийн доод хэсгээр хар зураас татсан байна...” гэж тусгагдсан байна. Иймд хохирогчийн зурагтын үнийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэн уг зурагтыг шүүгдэгч Д.Бд буцаан өгч, шүүгдэгч Д.Бгаас зурагтын үнэ 260000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох хагарсан цонхны үнэ 40000 төгрөг, нийт 300000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Ад олгож шийдвэрлэх нь зүйтэй, харин яллах дүгнэлтийн хавсралтад шинжээчид төлөх хөлс 25000 төгрөг төлөгдөөгүй гэсэн боловч уг зардалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна.
Шүүгдэгч Д.Бгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62/жаран хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3, 1.5, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Дгийн Бг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62/жаран хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Агаас 32 инчийн зурагтыг гаргуулж шүүгдэгч Д.Бд, шүүгдэгч Д.Бгаас 300.000/гурван зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 58-01 тоотод оршин суух Сартуул овогт Тогссайханы А/РД:УК95120949/-д олгосогуй.
6. Шүүгдэгч Д.Бгаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР