| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0601/Э |
| Дугаар | 0888 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 0888
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.БямбааБ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Б.Ундрах,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О , түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ч.ОтгонБ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008012400465 дугаартай, нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 сарын 20-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арвижих гал” ХХК-д өрлөгчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, хадам ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 57 дугаар гудамж ... тоотод бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо ...... задгай тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Октябрийн районы ардын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 271 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай /1991-06-21/ хуулийн 1 дүгээр зүйлийн А хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
- Октябрийн районы ардын шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 241 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1999 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Т овогт Б.Б (РД:...........)
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны .. тоот өрөөнд иргэн Б.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун шанаан тус газар гараараа цохиж, биед нь баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3.4-р ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа, лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мэдүүлэхдээ: “...Манай нөхрийн биеийн байдал маш муу байгаа. Өөрөө босож явах боломжгүй, ярьж чадахгүй, биеийн байдал их хүнд байна. Бидний зүгээс эмчилгээний зардалд нийт 4.635.931 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Гэрч Ө.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13:30 цагт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд ээлжийн ажлаа авч эмч ахмад Д.Б , жижүүрийн цагдаа дэд ахлагч Г.Б , Б.Баяр-Эрдэнэ, цагдаа жолооч ахлах ахлагч О.Х нартай үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад манай саатуулах байрны утсаар гаднаас эмэгтэй хүн залгаад “танай камерт М ын М гэж хүн байна уу” гэж асуухаар нь “байхгүй гэж” хэлсэн, дахин залгаад байхаар нь би эмчийн өрөөнд ороод тухайн хүний картыг шүүж үзээд зогсож байхад ард тас хийх чимээ гарсан. Б түрүүлж гүйгээд би араас нь гүйгээд камерын өрөө рүү орж камер харахад .... камерт байсан Т а гэгч наарны урд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь бид хоёр эмчийг дуудсан. Эмч ирж үзээд 103-т дуудлага өгсөн. 103-ийн эмч 18 цаг 05 минутын ирээд үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. 103-ийн эмчийг ирэх хооронд манай эмч анхны тусламж үзүүлж байсан. Тухайн хохирогчийн биеийн байдал нүд нь хараатай байсан ба, гарыг нь хөдөлгөөд юм асуухад хариулахгүй байсан. Би камераасаа холдоогүй ба намайг хянаж байхад тийм асуудал болоогүй. Эмчийн өрөөнд би удаагүй, тэр хооронд л тас хийх чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас)
2. Гэрч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр .... камерт байсан хүмүүс бие засах гээд байхаар нь 17:40 цагийн үед бие засуулчхаад буцааж оруулан цоожлоод камерын өрөөндөө иртэл Х байгаагүй эмчийн өрөөнд ороход эмч Б өрөөндөө ширээнийхээ ард суусан, Х өрөөнд нь эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн карт үзээд зогсож байсан. Тэгтэл тас хийх чимээ гарсан, би камерын өрөөндөө ортол .... камерт хохирогч болох Т а наарны урд талд пилтан дээр дээш харсан байдалтай хэвтэж байхаар нь гүйж очин камерыг онгойлгож Т аг очоод хартал ухаангүй хэвтэж байхаар нь эмч Б г дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд 103 яаралтай дууд гэж хэлэхээр нь 103 дуудуулсан. 18:05 минутад 103 ирж үзээд ГССҮТ-рүү Т аг аваад явсан. Хохирогч Т а нь 17:00 цагт согтуугийн дуудлагаар гудамжинд тасарсан гэх зөрчлөөр орж ирсэн. Холбогдогч 12:50 цагийн үед ээлж хүлээн авч байхад хулгайн хэрэгт сэрдэгдсэн зөрчлөөр орж ирсэн. Тэр хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)
3. Гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн саатуулах байранд ирээд камерт нь орсон. Намайг ороход нааран дээр зөндөө хүн унтаж байсан. Тэгээд байж байтал цагийн дараа гаднаас хохирогч залуу орж ирсэн. Тэр залуутай би ойр зуурын юм ярьж нэлээн суусан, тэгээд би болон надтай хамт байсан нөхдүүд гарч бие засчхаад буцаад орж иртэл нааран дээр хамт нэг бүтээлэг доор унтаж байсан хоёр хамаг бүтээлэг аваад дэвсэхийг нь дэвсээд нөмрөхийг нь нөмрөөд байхаар нь би очоод өөрийн бүтээлгээ авах гээд тонгойтол Б миний толгой руу 1-2 удаа цохих үед надтай хамт ярьж суусан залуу болох Т а намайг өмөөрч надаас Б ыг холдуулсан чинь Т аг Б гараараа зүүн шанаанд нь нэг удаа цохиод унагаасан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 33 дугаар хуудас
4. Гэрч Э.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б ахын хамт Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд ирээд нэг бүтээлгэ дэвсээд нөгөөхөө нөмрөөд хамт унтаж байгаад сэртэл эрээн хувцастай өндөр залуу бид хоёроос бүтээлэг нэхээд байхаар нь би чамд яахаараа бүтээлгээ өгдөг юм гэж хэрэлдсэн. Б ах тэр залуутай маргалдаж байтал хажуунаас хар куртиктэй залуу Б ахыг бариад автал Б ах тэр залуугийн шанаанд нэг удаа цохитол нөгөө залуу хойш саваад шалан дээр унаад дахиж босч ирээгүй, удалгүй 103 ирээд аваад явсан. Цохиулдаг залуу өөрөө лаларын бандиа чамайг ална шүү гээд байхаар нь Б ах нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 42 дугаар хуудас)
5. Гэрч Н.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...нөхөр Б ын утас руу нь залгасан чинь саатуулахад орчихлоо гэхээр нь болж, болж гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд нэг хоночхоод байж байтал өчигдөр цагдаа дээр саатуулах байранд хүн цохчихлоо гэж дүү Буянжаргалд хэлээдэх гэхээр нь хэлээд хамт очсон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 59 дүгээр хуудас)
6. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархины гэмтлийн их эмч А.Чинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Т сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай хүргэгдэж ирээд тархины томографикийн зураг авахуулж тасагт хэвтүүлсэн. Тухайн үед зургийг нь харахад цус хуралтын хэмжээ бага байсан. Өглөө дахиж имрай шинжилгээ хийж үзэхэд цус том хэмжээтэй, тархины эдийн доторх цусан хураа байсан тул тархины эмч нарын хамтарсан зөвлөгөөн хийж яаралтай журмаар тархины хагалгаанд орсон. 2 хоногийн дараа зураг давахад өвчтөн цусны бүлэгнэлтийн өөрчлөлттэй байсан тул зөвлөх эмч нарийн шийдвэрийн дагуу дахин тархины хагалгаанд орсон, цус хуралтыг байхгүй болгосон. Өвчтөний зүүн rap, хөл саажилттай, энэ нь баруун тал бөмбөлөгт зүүн талын гар, хөлийг хариуцдаг төвийн гэмтэлтэй холбоотой. Энэ саажилт бол сэргэхгүй. Сүүлд гэмтлээс гарахаас өмнө гавлын ясны нөхөн хагалгааг хийсэн. Гэмтлийн үлдэц болох зүүн талын гар хөлийн саажилт сэргэх магадлал бага учраас хэвийн хэмжээнд очих боломж муу, тархины үйл ажиллагаа бол эмчилгээний явцад сайжирна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас)
7. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би С тай хамт Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байрны өрөөнд хамт ороод бид хоёр нэг бүтээлгээ дэвсээд нэгийгээ хамт нөмрөөд унтсан, сэрээд тэр өрөөнд байсан хүмүүс бүгд бие засчхаад би түрүүлж орж ирж нааран дээр бүтээлгээ дэвсээд унтах гэж байтал өндөр залуу Б миний өөдөөс чи яагаад миний бүтээлгийг аваад дэвсээд байгаа юм гэсэн чинь хөгшин бандиа гээд байхаар нь би Б тай маргалдаж байгаад толгой руу нь гараараа 1-2 удаа хальт цохих үед цаанаас Т а яагаад байгаа хөгшин муу банди вэ гээд надаас зуураад авахаар нь би зүүн гараараа нэг удаа шанаа орчимд цохих үед хойшоо саваад унасан. Шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг би зүүн гараараа нэг удаа алгадаж учруулсан гэмтэл байна. Би өөрийн буруутай үйлдлээ ухаарч, гэмшин харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас)
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3495 дугаар:
1. Б.Т ын биед баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3.4-р ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа, лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх шинэ гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 61-63 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны .... тоот өрөөнд иргэн Б.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- гэрч Ө.Х ийн мэдүүлэг (хх13-14), гэрч Г.Б ын мэдүүлэг (хх17-18), гэрч Д.Б ын мэдүүлэг (хх-33), гэрч Э.С гийн мэдүүлэг (хх-42), гэрч Н.А гийн мэдүүлэг (хх-59), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 34595 дугаартай дүгнэлт (хх61-63), гэрч А.Чинцэцэгийн мэдүүлэг (хх118-119), шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-114) зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Б.Т ын эрүүл мэндэд халдаж, “...баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3.4-р ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа, лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр (хх61-63) тогтоогдсон байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О ас нийт 4.635.931 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б 300.000 төгрөг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Б аас 4.335.931 төгрөгийг гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т , түүний н хууль ёсны төлөөлөгч Б.О нар нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
I. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэр хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008012400465 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг камерын бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б аас нийт 4.335.931 (дөрвөн сая гурван зуун гучин таван мянга есөн зуун гучин нэг) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Б.О нар тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурван ширхэг бичлэг бүхий компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн 2008012400465 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР