| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0145/э |
| Дугаар | 2020/ШЦЦТ/147 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦЦТ/147
2020/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Хохирогч: С.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Ц.Р нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д овогт Ц-н Р-д холбогдох 2012............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1952 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 1, ....... аймгийн ......... сумын .............гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн шүүхийн 1979 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлийн Б-д, 109 дүгээр зүйлийн Б-д, 171 дүгээр зүйлд тус тус 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт Ц-н Р, регистрийн дугаар: /АЭ/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Р нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ....... аймгийн ....... сумын нутаг дэвсгэр, .............. гэх газарт иргэн Д.Б-тай маргалдах явцдаа хохирогч С.О-г чулуугаар цохиж, биед нь зүүн далны дээд хэсэг, зүүн гарын 2, 3 дугаар хурууны 1 дүгээр үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогч С.О-н өгсөн: 05 дугаар сарын 14-ны өдөр хонио услах гээд нөхөртэйгээ явж байсан гол руу орж байтал энэ ах ирээд манай хүнийг энэ хонио аваад зайл хэдэн шар хорхойгоо аваад зайл гээд барьж байсан модоороо шахуурдаад манай хүн рүү дайраад гар хөл нь дийлдэхгүй аймаар бяртай чулуу ч авч шидээд байсан хажуу айлын залуу нь ирээд Р ахаа та одоо боль боль гэтэл манай хүн мотоциклио асаагаад хөдлөх гэхэд миний араас чулуу аваад шидсэн нь миний мөрийг оносон. Энэ хүн худлаа яриад байна би ганц ч үг дуугараагүй би хулгайч гэж хэлээгүй, би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа төлүүлж авна. Нийтдээ би 657800 төгрөг нэхэмжлэнэ гэв.
Шүүгдэгч Ц.Р-н өгсөн: Би Б-той маргалдаад, хонио гарга гэсэн. Намайг хулгайч гээд хэл амаар доромжлохоор нь би араас нь чулуу шидсэн. Миний буруу байгаа юм. Өөрийнхөө бурууг хүлээж байна гэв.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.О-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нам давааны өвөр гэх газарт нөхөр Б-н хамт хонио услаад байж байтал Р гэх хүн ирээд хэдэн шар хонио аваад зайл пизда гээд манай нөхөр лүү дайрч бургасны модоор цохиж аваад, гараараа цохиж дайраад байсан. Тэгээд маргалдаж муудалцаад салаад явах болж нөхөр мотоциклоо асаагаад хөдлөөд явтал араас чулуу шидээд миний зүүн талын дал хэсэгт онож цохисон. Нөхөр бид 2 тэр чигтээ яваад цагдаад дуудлага өгөөд эмчид үзүүлсэн чинь миний биед гэмтэл учирсан гэсэн. Намайг Р гуай хонь услах асуудлаас болж өөр ямар ч шалтгаангүй намайг чулуугаар цохиж гэмтээсэн. Миний зүүн талын даланд хөхөрч хавдсан, өөр гэмтэл учраагүй. Эмчилгээ хийлгэж чадаагүй, мал харахад туслах хүн байхгүй байна. Эмчилгээний зардал 500,000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна. Мөнгөө өгөхөөр нь эмчилгээ хийлгэх бодолтой байна. Эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй учир нэхэмжлэлийн талаар баримт байхгүй байна. Тухайн үед манай нөхөр Б, хойд саахалт айлын нэг залуу байсан, нэрийг нь мэдэхгүй. Өөр хүн байгаагүй. Өмнө нь Ц.Р-тай маргалдаж муудалцаж байгаагүй. Тухайн үед нөхөр бид 2 эрүүл байсан, харин Р гуай бага зэрэг халамцуу байсан. Ер нь бол ямаагаа услах санаатай булаг руу ирсэн юм шиг байна лээ. Тэр үед нь манайх хонио усалж байсан чинь хонио гарга гээд л дайраад байсан, өөр ямар ч шалтгаан байхгүй. Надаас өөр тухайн үед гэмтэл авсан хүн байхгүй. Одоо зүүн талын мөр хөндүүр байна. Эмчилгээ хийлгэж чадаагүй, эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Ямар ч гэм хийгээгүй байж цохиулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуу/,
Хохирогч Д.Б-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 13 цагийн үед би эхнэрийнхээ хамт хонио услаад байж байтал Р гэх хүн ирээд хонио хол байлга ав гээд байсан тэгснээ намайг нарийн бургасаар баруун гарын мөр хэсэгт 2-3 удаа ороолгож цохисон гэхээр нь би та яахаараа ингэж байдаг юм бэ бид хоёр хонио услаад явлаа ш дээ гэсэн тэгтэл надруу улам дайраад давшлаад чулуу шидлззд байсан. Бид нарыг маргалдаад байж байтал малаа услаад явж байсан Ч гэх залуу ирээд Р ах болиулсан. Би эхнэрээ аваад мотоциклоо унаад хөдлөх гэтэл Р нь эхнэрийн ар нуруу хэсэгт чулуу шидээд байсан эхнэр би оногдчихлоо гээд уйлсан. Би шууд цагдаагийн 102 тоот утсанд дуудлага өгсөн юм. Ц.Р-г сайн танихгүй, орж гараад байдаггүй, таарвал мэндийн зөрүүтэй л явдаг хүмүүс юм. Бидэнд өс хонзон гэзд байх зүйл байхгүй. Ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байдаггүй. Надад гэмтсэн бэртсэн зүйл байхгүй ил харагдах шарх сорви байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
Хохирогч С.Оын зөрчлийн хэрэгт өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед нөхөр болох Б-тай Булган сумын Нам давааны өвөр гэх газар хонио услах гээд явж байтал Ц.Р гэх хүн ирээд хорхой шиг хэдэн хонио аваад зайл гэж хэлээд манай нөхрийг нарийн бургасаар нуруунд нь 2-3 удаа ороолгоод цохисон. Тэгэхээр нь би та яасан сонин юм бэ бид нар малаа нийлүүлэв гэж усалж байна ш дээ гзж хэлсэн. Тэгтэл Р нь би чамайг хоёр бандиараа багалзуурыг чинь шахуулж ална шүү гээд орилоод манай нөхрийг модоороо нүдээд байж байтал хажуугаар Ч гэх залуу Рг салгаж аваад цааш нь авч яваад хоргоогоод байж байх зуур би нөхрийн хамт мотоциклтойгоо хөдлөөд явтал Ц.Р гэх хүн миний ар нурууны хэсэгт чулуу шидсэн юм. Тэгээд бид хоёр зугтаагаад хонируугаа явсан. Бидний араас тэр хүн зайлаарай гээд л орилоод байсан. Манайх Булган сумын нам давааны өвөр гэх газар амьдраад 7 жил болж байна Ц.Р гэх айл манайхыг нүүж ирэхээс өмнө байсан айл юм. Бид хоорондоо орж гараад байдаггүй юм, сайн танихгүй. Манай нөхөр Ц.Рд цохиулахгүй гэж гарыг нь барьж хорьсон юм. Цохиж зодсон асуудал огт болоогүй. Ч гэх залуу харж байсан. Миний зүүн мөр орчимд чулуугаар шидэж цохисон. Одоо хорсож өвдөөд байна. Мөн чулуугаар цохих үед би толгойгоо хамгаалаад гараараа хаатал миний зүүн гарын сарвуу хэсэгт шидсэн чулуу нь давхар оносон юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Холбогдогч Ц.Р-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би хонио услахаар булаг руу очсон юм. Тэгтэл Б-н хонь булаг дээр байхаар нь хонь нийллээ наад хонио зайлуул гэж хэлсэн. Б услаж дуусаагүй байна гэхээр нь уурлаад би барьж явсан нарийн бургасаар ороолгосон юм. Тэгтэл Ч намайг салгаад барьсан. Б хонио холдуулахгүй эхнэртэйгээ явчихаар нь араас нь чулуу аваад шидчихсэн юм. Булаг дээр өөр асуудал болоогүй юм. Б намайг цохиж зодоогүй би их согтуу байсан болохоор хэрүүл маргаан үүсгээд асуудал болгосон байна. Өвөөгийнх нь буруу. Уг асуудал болсон газрыг Булган сумын Нам давааны өвөр гэж нэрлэдэг, Маантийн ам гэж бас хэлдэг юм Булган сумын захиргаанаас бэлчээрийн татвар авдаг юм. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, арга хэмжээ авагдахад татгалзах зүйл байхгүй. Миний буруу өвөө нь уучлалт гуйна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
Яллагдагч Ц.Р-н өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Миний үйлдэлд тохирч байна, хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр жаахан архи уучихсан малдаа явж байгаад булаг руу малаа оруулах гэтэл Б-н хонь булаг дээр байхаар нь хонио гарга, манай хонь, ямаа орох гээд байна гэж хэлсэн. Б тухайн үед манай хонь гарах болоогүй байна гэх асуудал хэлж, тэрнээс болоод Б-тай маргалдсан. Тэгээд салаад байж байтал О нь намайг хулгайч гэх мэтээр хэлж хашгирч мотоцикльтой хөдлөөд явахаар нь араас нь чулуу шидсэн чинь нуруу руу оносон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй, тэр чигтээ салцгаасан. Салаад явахдаа цагдаад өгнө гээд явсан чинь дараа нь цагдаа дуудсан байсан. Би халамцуу байсан учир цагдаад баригдаад явсан. Өөр ямар нгэн зүйл болоогүй. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хонь услах асуудлаас болж маргасан. Өөр шалтгаан байхгүй. Өмнө Отай өр, авлага, өс хонзонгийн асуудал байхгүй, айл саахалт байдаг хүмүүс байгаа юм аа. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Б-г цохиж зодоогүй, барьцалдаж аваад салсан. Нарийн бургасаар нэг удаа ороолгосон. Би халамцуу л байсан, их согтоогүй байсан, харин Б, О нар архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Оын нуруу руу нь чулуугаар онох шиг болсон, дал хэсэгт нь цохисон гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-38 хуу/,
С.О-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт:
1. С.О-н биед зүүн далны дээд хэсэг, зүүн гарын 2,3-р хурууны 1-р үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/,
С.О-т анхны тусламж үзүүлсэн талаарх хуудас /хх-ийн 19-20 хуу 25-26хуу/,
Д овогт Ц-н Р-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42 хуу/,
Д овогт Ц-н Р-гн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх Архангай аймгийн Шүүхийн 1979 оны 04 дүгээр сарын 03-ны 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-49 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-52 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-62 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн63-64 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Рд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Р нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ..............аймгийн .......сумын нутаг дэвсгэр, .............. гэх газарт иргэн Д.Б-тай маргалдах явцдаа хохирогч С.О-г чулуугаар цохиж, биед нь зүүн далны дээд хэсэг, зүүн гарын 2, 3 дугаар хурууны 1 дүгээр үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Р үйлдсэн болох нь:
Хохирогч С.О-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нам давааны өвөр гэх газарт нөхөр Б-н хамт хонио услаад байж байтал Р гэх хүн ирээд хэдэн шар хонио аваад зайл пизда гээд манай нөхөр лүү дайрч бургасны модоор цохиж аваад, гараараа цохиж дайраад байсан. Тэгээд маргалдаж муудалцаад салаад явах болж нөхөр мотоциклоо асаагаад хөдлөөд явтал араас чулуу шидээд миний зүүн талын дал хэсэгт онож цохисон. Нөхөр бид 2 тэр чигтээ яваад цагдаад дуудлага өгөөд эмчид үзүүлсэн чинь миний биед гэмтэл учирсан гэсэн. Намайг Р гуай хонь услах асуудлаас болж өөр ямар ч шалтгаангүй намайг чулуугаар цохиж гэмтээсэн. Миний зүүн талын даланд хөхөрч хавдсан, өөр гэмтэл учраагүй. Эмчилгээ хийлгэж чадаагүй, мал харахад туслах хүн байхгүй байна. Эмчилгээний зардал 500,000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна. Мөнгөө өгөхөөр нь эмчилгээ хийлгэх бодолтой байна. Тухайн үед манай нөхөр Б, хойд саахалт айлын нэг залуу байсан, нэрийг нь мэдэхгүй. Өөр хүн байгаагүй. Одоо зүүн талын мөр хөндүүр байна. Эмчилгээ хийлгэж чадаагүй, эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Ямар ч гэм хийгээгүй байж цохиулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуу/, Хохирогч Д.Б-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 13 цагийн үед би эхнэрийнхээ хамт хонио услаад байж байтал Р гэх хүн ирээд хохио хол байлга, ав гээд байсан. Тэгснээ намайг нарийн бургасаас баруун гарын мөр хэсэгт 2-3 удаа ороолгож цохисон гэхээр нь би та яахаараа ингэж байдаг юм бэ бид хоёр хонио услаад явлаа ш дээ гэсэн тэгтэл надруу улам дайраад давшлаад чулуу шидлээд байсан. Бид нарыг маргалдаад байж байтал малаа услаад явж байсан Ч гэх залуу ирээд Р ах болиулсан. Би эхнэрээ аваад мотоциклоо унаад хөдлөх гэтэл Р нь эхнэрийн ар нуруу хэсэгт чулуу шидээд байсан эхнэр би оногдчихлоо гээд уйлсан. Би шууд цагдаагийн 102 тоот утсанд дуудлага өгсөн юм. Ц.Рд сайн танихгүй, орж гараад байдаггүй, таарвал мэндийн зөрүүтэй л явдаг хүмүүс юм. Бидэнд өс хонзон гээд байх зүйл байхгүй. Ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байдаггүй. Надад гэмтсэн бэртсэн зүйл байхгүй ил харагдах шарх сорви байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,С.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас Ц.Р-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Хохирогч С.О-н биед зүүн далны дээд хэсэг, зүүн гарын 2,3-р хурууны 1-р үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ргийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Ц.Р нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.
Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Р-н үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ц.Р-н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт Монос эмийн сангаас 2020 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 279.000 төгрөгийн эм тариа авсан гэх Монос Архангай ХХК санхүү гэх тамга дарсан зарлагын баримт, Богд-Хайрхан эмийн сангаас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 275.000 төгрөгийн эм тариа, Элбэг эмийн сангаас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 103800 төгрөгийн эм тариа авсан гэх Бидний Од ХХК Архангай гэх тамгатай зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж нийтдээ 657800 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх боловч хэн авсан нь тодорхойгүй, хохирогч С.О нь ямар эмчийн хяналт дор эмчийн заавраар ямар эмчилгээг хийлгэсэн нь тодорхойгүй, эмчлүүлэгчийн карт дээр ямар жороор эмчилгээ хийлгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч С.О-н нэхэмжилсэн 657800 төгрөгийг гаргуулах боломжгүй байх бөгөөд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Р-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Р нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.О нь 657800 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ц-н Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Рд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Рд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Р нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж, хохирогч С.О нь 657800 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйл зааснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ