| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0131/э |
| Дугаар | 2020/ШЦТ/135 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/135
2020/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Д.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э нарыг оролцуулан
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хан өндөр овогт Д-н Х-д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл, 4 эхнэр, 2 хүүхдийн хамт, .......... аймгийн .......сумын ....... баг, ........... гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Д-н Х /РД:АО/,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ........аймгийн ....... сумын .......... багийн нутаг дэвсгэрт байх ........... гэх нэртэй газарт Мосин маркийн галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсаны улмаас буудлага үйлдэн хохирогч З.И-н зүүн, баруун гуя хэсэгт онож, түүний биед цочмог цус алдалт, гиповолемийн шок /эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалт бүхий хүндрэл буюу амь биед аюултай хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч З.И-н өгсөн: ...Манай ээжийн төрсөн ах нь байгаа юм. Би мэдүүлэг өгнө татгалзах зүйл байхгүй. 2020 оны 03 дугаар сарын 24-ны орой 21 цагийн үед гэртээ ээж З.И, ах Э, Ж, дүү Д нарын хамт унтахаар хэвтсэн. Тэгээд шөнө 01 цагийн үед шиг санаж байна, хөл өвдөх шиг болохоор нь сэрээд хөлөө гараар бариад үзсэн зүгээр байсан. Тэгэхээр нь би ээжийг гэрлээ асаачихдаа миний хөл өвдөөд байна гээд ээж гэрлээ асаагаад хөнжлөө сөхөөд харсан чинь цус гарсан байсан. Тэрнээс хойш юу болсныг би нэг их сайн санахгүй байгаа юм. Нэг ухаан орсон аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд тэндээсээ шууд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт ирж эмчлүүлж эхэлсэн. Миний баруун хөлний гуяны урд хэсэг, зүүн хөлний гуяны ар хэсэг шарх авсан байсан. Орж ирээд манай ахтай цуг миний хөлийг боож өгсөн. Цусыг нь тогтоох гэж байхдаа нэг буутай холбоотой юм яриад байсан. Би сайн ойлгоогүй ухаан орж гараад байсан. Одоо миний бие зүгээр, өмнө нь хагалгаанд ороод гарсан. Өчигдөр арьс нөхөх хагалгаанд орсон. Одоо миний бие зүгээр. Өр авлага өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй, архи хэрэглээгүй, цоо эрүүл байсан. Гэр орноор нь ороход л гэрт нь ил харагдах буу янз бүрийн юм байдаггүй байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү гэж хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/,
Гэрч Д.Х-н өгсөн: ...Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны шөнийн 01:00 цагийн үед эхнэр С, охин Н /14настай/, О /4 настай/, өвөөгийнхөө нэрээр овоглодог миний том охин Нг бид 5 унтаж байсан. Тэгээд шөнө үхэр үргээд байхаар нь би босч хувцсаа өмсөөд өөрийн винтов маркийн галт зэвсэг, гудсан доороо байх 1 ширхэг сум хоёрыг аваад гялс гүйгээд гарсан. Тэгээд гэрийн үүднээс 4-5 метр зайд зогсоод бууныхаа хошууг ертөнцийн зүгээрээ зүүн тийш харуулаад зүүн гараараа бууныхаа онгоц мод хэсгээс бариад, баруун гараараа бууны гол төмрийн хоолойнд авч гарсан сумаа байрлуулаад буцаагаад буугаа цэнэглэх гэтэл замаг гацаад байхаар нь баруун гараараа замгаа хүчтэй цохиход /дарахад/ гэнэт сум алдаад буудлага үйлдэгдсэн. Тэгтэл үүнтэй зэрэгцээд манай эгч Э-н гэрээс эмэгтэй хүн чанга чанга орилоод байсан. Тэгэхээр нь би гялс гүйгээд ортол манай дүү Н охин И намайг аллаа гээд орилоод байсан. Тэгээд хөнжлийг нь сөхөөд харахад хөнжил гудас нь нил цус болсон байсан. Тухайн үедээ яараад Цэнхэр сумын төвд байх өөрийн хоёр найз Б.Б, Д.Г нарт болсон явдлаа хэлээд гялс түргэний эмч аваад хүрээд ир гэж хэл дуулгаад түргэн хүлээж байх зуураа И-н хоёр гуянаас гарч байсан цусыг тогтоох зорилгоор даавуу урж цусыг тогтоож ороосон. Тэгээд байж байтал 30-40 минутын дараа Цэнхэр сумын эмч М ирж боолтыг нэмж боогоод цус тогтоох, өвчин намдаах тариа хийгээд аваад явсан. Гол төмрийн дугаар RF1859, замгийн GV1664 дугаартай Винтов маркийн галт зэвсэг нь ямар нэг бүртгэл байхгүй. Манай аав Д-с үе дамжиж надад ирсэн миний өмчийн галт зэвсэг юм. Олон жил ашиглагдсан үе дамжиж ирсэн болохоор бүртгүүлж болохгүй байх гэж бодсон. Би уг галт зэвсэгээр өмнө нь 19 удаа бай онох болон мал барьдаг нохой буудах зорилгоор буудлага үйлдэж байсан. Би хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын Нарантуул захын өргөтөл дээрээс 20 ширхэг винтов сум худалдаж аваад уг сумнуудаараа бай болон мал барьдаг нохой буудаж байсан. Одоо надад ямар ч сум үлдээгүй. Би эрүүл байсан. 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэртээ найзуудтайгаа жаахан архи уусан. Бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,
Гэрч З.И-н өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 24-ны орой 23 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сум Тэлээ гэх газар байдаг гэртээ ээж З.И, ах Э, Ж, дүү Д нарын хамт амарч унтацгааж байсан. Тэгээд шөнийн 01 цагийн орчим миний зүүн талын хөл шөрмөс татаж байгаа юм шиг бадайраад байхаар нь ээж З.И-г гэрлээ асаагаарай гэж орилсон. Би зүүн талын хөлөө тэмтэрч үзэхэд бага зэргийн цус гарсан байсан. Ээж З.И гэрэл асаагаад ээ юу болчихов гэж байсан. Тэрнээс хойш миний ухаан санаа юу болсон талаар сайн санахгүй байна. Би зүүн талын орон дээр ганцаараа унтаж байсан. Зүүн талд ээжийн төрсөн эгч З.И-н хүүхэд Ц гэх айл байдаг бөгөөд тухайн үед гэр бүлээрээ Хэнтий аймаг руу явсан эзгүй байсан. Баруун талд ээжийн төрсөн дүү Х гэх айл байдаг бөгөөд эхнэр С 3 хүүхдийн хамт байдаг. Өөр ойр саахалт айл байхгүй. Манайхаас ойролцоогоор 10-20 метр зайтай байдаг. Би унтаж байгаад хөл бадайраад өвдөөд байхаар нь сэрээд зүүн талын хөлөө барьж үзсэн цус гарсан байсан. Яг юунаас болж цус гарсанг мэдэхгүй байна. Тэгсэн Х ах эхнэр С-н хамт манай гэрт орж ирээд Х ах ах нь мал үргээд байхаар нь буун дуу гаргах гээд гэсэн чинь санамсаргүй буу гацаж сум алдчихлаа гээд уйлаад байсан. Намайг унтахад миний зүүн хөл зүгээр байсан. Миний зүүн хөлийн гуя хэсгээс цус гарсан байсан. Манай ах Э, Х ах нар миний зүүн баруун хөлийг боож өгсөн. Би өөрөө хэвтэж байсан болохоор аль хэсэгт цус алдсаныг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл санамсаргүй байдлаар ийм зүйл болсон болохоор. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй миний мэдүүлэг бүхэн үнэн зөв.. гэх мэдүүлэг /хх-ийн 26-30хуу/,
Гэрч Д.Э-н өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 18-19 цагийн үед манай хотныхон хонь малаа бөөнөөрөө хотлуулаад хоол, ундаа идчихээд би гэртээ баруун талын орон дээр, хойд орон дээр Х, зүүн талын орон дээр И, газар манай төрсөн дүү З.И, З.И-н хүү Д/ 9 настай/ нар манайд унтацгаасан. Тэгтэл шөнө 01 цагийн үед гэнэт буун дуу гарч, манай зүүн талын орон дээр унтаж байсан И гэнэт орилоод байсан. Тэгэхээр нь юу болов гэтэл З.И гэрэл асаагаад босоод И-с юу болов гэж асуутал хөнжил гудас нь бөөн цус нөж болчихсон байхаар нь түргэн дуудаад, мөн хэн буун дуу ду угаргасан талаар харах гэтэл дүү Х урдаас орж ирээд буу алдчихлаа баларлаа гэж хэлж байсан. Тэгээд түргэн дуудсан байсан болохоор хүлээгээд сууж байтал удалгүй ирээд И-г аваад явсан. Хотонд хангай яваад мал үргээд байх шиг болохоор нь гарч үргээх гэж буудаад буу алдсан гэсэн. Манай аав Д бүрлэгчид байсан буу. Манай аав Х-д өгч байсан юм. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан үнэн зөв...гэх мэдүүлэг / хх-ийн 31-34 хуу/,
Гэрч Д.З.И-н өгсөн:... Х нь миний төрсөн дүү, И нь миний төрсөн дүү Н-н охин байгаа юм. Эгч нь ойлголоо. Эгч нь амьдралдаа тийм зүйл харж байгаагүй болохоор бие тавгүйтээд байна. Манай ах Э бүх зүйлийг ярьсан байна. Тиймээс мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/,
Гэрч А.Б-н өгсөн: ...Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өглөө манай саахалт айлын Э надтай таараад урд шөнө Х буу алдаад гэрт унтаж байсан И-г оносон байна, тэгээд аймаг руу түргэн дуудаад явчихлаа гэсэн одоогоор өөр мэдэх зүйл байхгүй. Х-тай уулзаагүй байгаа. Д.Х- хуучин винтов маркийн буу байдаг. Олон жил болж байгаа. нүүж суухад л харагддаг байсан. Урд шөнө буун дуу гарсан эсэхийг нь мэдэхгүй. Манай хоёр гэр уулын наана цаана байдаг юм. Би бичиг баримттай эсэхийг нь мэдэхгүй, хаанаас авсан эсэхийг нь ч мэдэхгүй, манай энэ нутаг хангай газар болохоор чоно нохой их байдаг миний бодлоор хотонд нь чоно ирсэн юм болов уу гэж бодож байна. Миний ярьсан үнэн зөв өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 хуу/,
Гэрч Х.Н-н өгсөн:... 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манайхан гэр бүлээрээ гэртээ байсан бөгөөд унтаж амарцгаасан. Тэгсэн намайг унтаж байхад гэнэт чимээ шуугиан болоод явсан тэгэхээр нь юу болсон юм бол гээд боссон чинь аав ээж хоёр боссон гадаа байсан. Тухайн үед аав их сандарсан яана аа буу алдчихлаа шүү дээ гээд байсан. Тэгсэн манай зүүн талын гэрт унтаж байсан И-н хөлөнд нь бууны сум орсон бололтой намайг гэрт нь ороход зүүн орон дээрээ цус их алдсан ээж хажууд нь байсан. Тэгээд бид нар түргэн дуудсан. Тухайн үед намайг анх сэрэхэд 01 цаг 30 минуд болж байсан. Би маркийг нь мэдэхгүй, манай аавд л буу байдаг тухайн үед тэр буу бага гэрт байсан. Тэр шөнө манайд аав, ээж манай хоёр дүү бид 5 л байсан зүүн гэрт Э, З.И, Ж, И нар 3-р ангийн жаахан Д гэх хүүхдийн хамт байсан миний ярьсан зүйл үнэн зөв өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 39-40хуу/,
Д.Х-н яллагдагчаар өгсөн: ...Би тогтоолтой танилцлаа тохирч байна хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар бүгдийг нь хэлсэн өөр нэмж ярих зүйл байхгүй. Гадаа мал үргээд байхаар нь гарч буун дуу гаргах гэж байгаад гэрийн гадаа сум алдаж, хажуу айлд унтаж байсан хүүхдийг оносон, миний бууны замаг өмнө нь гацдаг байсан учир бүртгэлд оруулаагүй, гэрчилгээ аваагүй байсан миний бууг хүмүүс орос Винтов гэж нэрлэж сурсан. Мосин гэж дуудвал хүмүүс мэдэхгүй. Би эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг төлж бүх эмчилгээг хийлгэсэн. Энэ буу миний өөрийн буу, өөр буруутай хүн байхгүй, миний буруу болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 118-122хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт:
1. Д.Х-н гэх цусанд спиртийн зүйл илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 42хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт:
1. З.И-н биед хоёр гуяны дээд хэсгийн зөөлөн эдийг гэмтээсэн нэвт буудагсдан шарх, гэмтлийн дараах цочмог цус алдалт, гиповолемийн шок/ эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалтын хүндрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Гэмтлийн дараах цочмог цус алдалт гиповолемийн шок/ эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалт бүхий хүндрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3, 3.4-д зааснаар амь биед аюултай гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Хоёр гуяны дээд хэсгийн зөөлөн эдийг гэмтээсэн нэвт буудагдсан шарх гэмтэл нь чирсан тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна.
6. З.И-н 3-р шатлалын онош тодруулсан эмнэлэгийн баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана. З.И-н өвчний түүхийн дагалдах онош хэсэгт 12-13 долоо хоногтой жирэмсэн гэж дурьджээ гэх дүгнэлт /хх-ийн 72-73хуу/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1853 дугаартай дүгнэлт:
1. Шинжилгээнд 1954 онд хуучих Рум улсад үйлдвэрлэгдсэн, гол төмрийн суваг 7,62х54 мм калибртай, Мосин загварын галт зэвсэг ирүүлжээ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Мосин загварын галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой.
3. Шинжилж буй Мосин загварын гал зэсвгээр гох дараагүй байхад буюу гадна нөлөөний улмаас /доргилт, цохилт/-оос буудлага үйлдэгдэхгүй.
4. Шинжилж буй хонгио нь шинжилгээнд ирүүлсэн Мосин загварын галт зэвсгээр буудагдсан.
5. Шинжилгээнд 1988 онд хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 7,62х54мм калибртай сумны хонгио ирүүлжээ.
6. Шинжилгээнд ирүүлсэн Мосин загварын галт зэвсэгт сум хийн цэнэглэж буудлага үйлдсэн тохиолдолд амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх чадвартай. Шинжилж буй хонгио нь шинжилгээнд ирүүлсэн байдлаараа амьд биетийг хөнөөх чадваргүй гэх дүгнэлт /хх-ийн 79-83 хуу/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 2211 дугаартай дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр хамгийн сүүлд гол төмрийг цэвэрлэснээс хойш 1 удаа буудлага үйлдсэн байна. Буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн Д.Х-н баруун, зүүн гарын арчдас болон бууны хошууноос авсан арчдас тус бүрт дарь тортог илрээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн тогоонд үүссэн мөрнүүд нь галт зэвсгийн сумны үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4. Ямар маркийн галт зэвсгээр тогоог буудсан эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 89-92хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15хуу/,
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 49-71 хуу/,
Улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96, 98хуу/,
Хохирогч З.И-н иргэний үнэмлэхний лавлагаа, Д.Х-н иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 97, 99 хуу/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 115хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 131 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 125, 128 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2020 оны 03 дугаар сарын 24-с 25-нд шилжих шөнө........ аймгийн........сумын ....... багийн нутаг дэвсгэрт байх .......... гэх нэртэй газарт Мосин маркийн галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсаны улмаас буудлага үйлдэн хохирогч З.И-н зүүн, баруун гуя хэсэгт онож, түүний биед цочмог цус алдалт, гиповолемийн шок /эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалт бүхий хүндрэл буюу амь биед аюултай хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх 2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ........аймгийн ...... сумын ............... багийн нутаг дэвсгэрт байх ......... гэх нэртэй газарт Мосин маркийн галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсаны улмаас буудлага үйлдэн хохирогч З.Иичнхорлоогийн зүүн, баруун гуя хэсэгт онож, түүний биед цочмог цус алдалт, гиповолемийн шок /эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалт бүхий хүндрэл буюу амь биед аюултай хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Х нь үйлдсэн болох нь:
Хохирогч З.И-н өгсөн: ...Манай ээжийн төрсөн ах нь байгаа юм. Би мэдүүлэг өгнө татгалзах зүйл байхгүй. 2020 оны 03 дугаар сарын 24-ны орой 21 цагийн үед гэртээ ээж З.И, ах Э Ж дүү Д нарын хамт унтахаар хэвтсэн тэгээд шөнө 01 цагийн үед шиг санаж байна хөл өвдөх шиг болохоор нь сэрээд хөлөө гараар бариад үзсэн зүгээр байсан. Тэгэхээр нь би ээжийг гэрлээ асаачихдаа миний хөл өвдөөд байна гээд ээж гэрлээ асаагаад хөнжлөө сөхөөд харсан чинь цус гарсан байсан...Миний баруун хөлний гуяны урд хэсэг, зүүн хөлний гуяны ар хэсэг шарх авсан байсан. Орж ирээд манай ахтай цуг миний хөлийг боож өгсөн. Цусыг нь тогтоох гэж байхдаа нэг буутай холбоотой юм яриад байсан. Би сайн ойлгоогүй ухаан орж гараад байсан. Одоо миний бие зүгээр өмнө нь хагалгаанд ороод гарсан өчигдөр арьс нөхөх хагалгаанд орсон одоо миний бие зүгээр. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү гэж хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/,
Гэрч Д. Эийн өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 18-19 цагийн үед манай хотныхон хонь малаа бөөнөөрөө хотлуулаад хоол, ундаа идчихээд би гэртээ баруун талын орон дээр хойд орон дээр Х, зүүн талын орон дээр И, газар манай төрсөн дүү З.И, З.Иы хүү Д /9 настай/ нар манайд унтацгаасан. Тэгтэл шөнө 01 цагийн үед гэнэт буун дуу гарч, манай зүүн талын орон дээр унтаж байсан И гэнэт орилоод байсан. Тэгэхээр нь юу болов гэтэл З.И гэрэл асаагаад босоод И-с юу болов гэж асуутал хөнжил гудас нь бөөн цус нөж болчихсон байхаар нь түргэн дуудаад, мөн хэн буун дуу дуугаргасан талаар харах гэтэл дүү Х урдаас орж ирээд буу алдчихлаа баларлаа гэж хэлж байсан. Тэгээд түргэн дуудсан байсан болохоор хүлээгээд сууж байтал удалгүй ирээд Иг аваад явсан. Хотонд хангай яваад мал үргээд байх шиг болохоор нь гарч үргээх гэж буудаад буу алдсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 хуу/,
Гэрч А.Батболдын өгсөн: ...2020 оны 003 дугаар сарын 25-ны өглөө манай саахалт айлын Э надтай таараад урд шөнө Х буу алдаад гэрт унтаж байсан Иг оносон байна тэгээд аймаг руу түргэн дуудаад явчихлаа гэсэн одоогоор өөр мэдэх зүйл байхгүй Хтай уулзаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/,
Гэрч Х.Наранцэцэгийн өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр манайхан гэр бүлээрээ гэртээ байсан бөгөөд унтаж амарцгаасан тэгсэн намайг унтаж байхад гэнэт чимээ шуугиан болоод явсан тэгэхээр нь юу болсон юм бол гээд боссон чинь аав ээж хоёр боссон гадаа байсан тухайн үед аав их сандарсан яана аа буу алдчихлаа шүү дээ гээд байсан. Тэгсэн манай зүүн талын гэрт унтаж байсан Игийн хөлөнд нь бууны сум орсон бололтой намайг гэрт нь ороход зүүн орон дээрээ цус их алдсан ээж хажууд нь байсан Тэгээд бид нар түргэн дуудсан. Тухайн үед намайг анх сэрэхэд 01 цаг 30 минут болж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40хуу/,
Хохирогч З.И-н биед хоёр гуяны дээд хэсгийн зөөлөн эдийг гэмтээсэн нэвт буудагсдан шарх, гэмтлийн дараах цочмог цус алдалт, гиповолемийн шок/ эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалтын хүндрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн дараах цочмог цус алдалт гиповолемийн шок/ эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалт бүхий хүндрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3, 3.4-д зааснаар амь биед аюултай гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1853 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 2211 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Х-ыг 2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт байх Тэлээ гэх нэртэй газарт Мосин маркийн галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсаны улмаас буудлага үйлдэн хохирогч З.Иичнхорлоогийн зүүн, баруун гуя хэсэгт онож, түүний биед гэмтлийн дараах цочмог цус алдалт, гиповолемийн шок /эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалт бүхий хүндрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3, 3.4-д зааснаар буюу амь биед аюултай хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдэл нь Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсэн хохирол, хор уршигт учрах боломжтойг ухамсарлаж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч түүний болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн бие эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Хын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Хыг Мосин маркийн галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсаны улмаас хохирогч З.Игийн зүүн, баруун гуя хэсэгт онож, түүний биед гэмтлийн дараах цочмог цус алдалт, гиповолемийн шок /эргэлдэх цусны эзлэхүүн багасах хэлбэрийн шок/ цус алдалтын дараах цус багадалт бүхийхүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 132 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч З.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Д.Х нь эмчилгээний зардал 3500.000 төгрөг төлсөн мөн хохирогч нь надад ямар нэгэн гомдол санал байхгүй /хх-ийн 127 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн RF 1859 гол төмрийн дугаартай GV1664 замгийн дугаартай Мосин загварын 1 ширхэг буу, 1 ширхэг шар өнгийн хонгиог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлж, хоол хийх зориулалт бүхий тогоо 1 ширхэгийг шүүгдэгч Д.Х-д буцаан олгохоор шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г галт зэвсэг өмчлөх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 2700000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, галт зэвсэг өмчлөх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хан өндөр овогт Д-н Хыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хад галт зэвсэг өмчлөх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялын 2700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хад оногдуулсан галт зэвсэг өмчлөх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн RF1859 гол төмрийн дугаартай GV1664 замгийн дугаартай Мосин загварын 1 ширхэг буу, 1 ширхэг шар өнгийн хонгиог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлж, хоол хийх зориулалт бүхий 1 ширхэг тогоог шүүгдэгч Д.Хад буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О