| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2017/0832/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 136
Д.Л, Г.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ж.Энхжаргал,
шүүгдэгч Д.Л, Г.О, тэдгээрийн өмгөөлөгч Х.О,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр Д.Л, Г.О нарт холбогдох 201724000425 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Р овогт Д.Л, 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хавдар судлалын үндэсний төвд эдийн засагч ажилтай, ам бүл 1, ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........./,
Да овогт Г.О, 1984 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, комюьтерийн инженер мэргэжилтэй, “Ногоон үр” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................./,
Д.Л нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний орой 20 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Адам-Евагийн хөшөөний баруун замд “Zhejing” загварын 41-46 УБ улсын дугаартай, мотоциклийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна; а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 21.1. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Аын амь насыг хохироосон,
Г.О нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний орой 20 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Адам-Евагийн хөшөөний баруун замд “Zhejing” загварын 41-46 УБ улсын дугаартай, мотоциклийн жолоог мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй, түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Лд шилжүүлж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэг болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг биелүүлээгүйгээс Х.Аын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Лгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас Г.Од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Тээврийн прокурорын газраас Д.Лд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, Д.Лг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Л, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, талийгаач Х.Аын оршуулгын зардалд шүүгдэгч нар хамтран 15.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох №207700 дугаартай түр үнэмлэхийг Г.Од буцаан олгох, Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л, Г.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэх шинжид тооцож, зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасч, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааж, “согтуурсан үедээ” тухайн гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульд тодорхойлжээ. Д.Л нь согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог бөгөөд түүний үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилбэл 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчлэхээр байгаа нь гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулахаар байсан тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болно. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэргийн шинжид тохироогүй хуулийн заалтыг хэрэглэж буюу Д.Лгийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Г.О нь өөрийн эзэмшлийн “Zhejiang” загварын, 41-46 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Д.Лг тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн үйлдэл хийснээс зам тээврийн осол гарч хүний амь нас хохироосон хор уршиг учирсан байдаг. Гэтэл шүүх уг үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцээгүй байна гэж үзлээ. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” бол ял шийтгэхээр заажээ. Жолооч Г.О нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, ...хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсэнээс хүний амь нас хохирсон хор уршиг учирсан байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5-д “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заасан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт хамаарагдахаар тодорхойлсон гэж ойлгож байна. Иймд Д.Л, Г.О нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзээд Д.Л, Г.О нарт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 785 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив ...” гэв.
Шүүгдэгч Д.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... болж өнгөрсөн хэргийн хувьд үнэхээр харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна ...” гэв.
Шүүгдэгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйл байхгүй, тайлбаргүй...” гэв.
Шүүгдэгч Д.Л, Г.О нарын өмгөөлөгч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийн хувьд Д.Лгийн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэдэгт өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэх зүйл байхгүй. Хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Г.Оын хувьд хууль буцаан хэрэглэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь тээврийн хэрэгсэл ашиглалтын журам зөрчих гэдэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлд хамаарна. Уг заалт нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэйгээр тусгагдаагүй. Харин Зөрчлийн тухай хуульд мөн тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэсэн заалт орсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэх нь үндэслэлгүй. Яагаад гэвэл 2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогддог байсан үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийн хувийн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх ёстой ба Г.Оын үйлдлийг цагаатгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчмууд алдагдах юм. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон учраас цагаатгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж дүгнэв.
Д.Л нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний орой 20 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Адам-Евагийн хөшөөний баруун замд “Zhejing” загварын 41-46 УБ улсын дугаартай, мотоциклийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна; а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 21.1. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Аын амь насыг хохироосон гэмт хэргийг болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.К-ийн “... 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Х.Аыг осолд ороод Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж найз нар нь хэлсэн. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр очиход Х.А эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад, нас барсан ...” /хх- 28/
Гэрч П.Х-ийн “... 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед намайг гэртээ байх үед Х.А, Б нар машинтай ирж аваад 13 дугаар хорооллын “Миний дэлгүүр”-ийн урд очиход Д.Л гэрээсээ гарч ирсэн. Тэгээд бид 4 “Миний дэлгүүр” лүү орж мах, архи, ундаа, ус, талх, ногоо зэргийг худалдаж авчихаад машиндаа худалдаж авсан зүйлсээ хийгээд байж байтал А нь өөрийнхөө машинтай лагераас ирсэн. Тэгээд А машинаа зогсоолд үлдээгээд бид нар Бын машинтай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Адам Ева” нэртэй хөшөөний ойролцоо байх голын эрэг дээр очсон. Тэгтэл 18 цаг өнгөрч байхад Г.О өөрийн эзэмшлийн мотоциклийг жолоодоод Эрдэнэхүүгийн хамт ирсэн. Хорхог болох зуур А, Х.А, бид 3 Г.Оын мотоциклийг ээлжилж жолоодож үзсэн. Гэхдээ бид нар нэг их хол тойрч яваагүй. Тэгээд бид нар хорхог болонгуут идээд сууж байтал ялаа, шумуул шаваад байхаар нь галд хомоол хийж, хомоолын утаа үнэрлье гэж яриад Г.О мотоциклоо жолоодохоор болж, жолоочийн хажууд би сууж, арын тэвшин дээр Х.А, Д.Л нар суусан. Ингээд бид “Адам-Ева” хөшөөнөөс ертөнцийн зүгээр баруун тийш хэсэг явж очиж зогсоод 4-үүлээ бууж тэр хавиар аргал, хомоол түүчихээд эргэж явахаар болсон. Тэгээд мотоциклийн жолоон дээр Д.Л, жолоочийн хажууд Г.О, арын тэвшин дээр Х.А бид хоёр суугаад дөнгөж хөдлөөд 30-60 метр яваад л Х.А тэвшнээс хойшоогоо саваад уначихсан. Тэгэхээр нь би зогсоорой гэж орилж байж зогсоолгосон. Бид 3 мотоциклоос буугаад Х.А дээр очсон чинь ухаангүй, ам, хамар хоёроос нь цус гараад хурхираад байхаар нь түүнийг бид 3 сэрээх гэсэн боловч ерөөсөө сэрэхгүй байсан. Тэгээд би Д.Лгийн хамт Х.Аыг харж үлдээд харин Г.О мотоциклоо жолоодоод Э, Б, А гурвыг машинтай нь авчирсан. Улмаар Э нь Бын автомашиныг жолоодоод кабинд нь Х.А, Б, Д.Л нарыг суулгаад Улаанбаатар хот руу явсан. Харин би араас нь Г.Отой мотоциклтой дагаад явсан. А нь араас такси барьж ирэхээр болсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиход хүлээн авахын эмч Х.Аын дагз хэсэгт оёдол тавьчихаад сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн. Тэгтэл сэхээн амьдруулахын тасгийн эмч нь гарч ирээд Х.Аын ар гэрээс хүн байна уу гээд ээжийг нь надтай хамт оруулсан боловч нэг их удалгүй өөд болсон...” /хх-47-48/,
Гэрч С.Агийн: “... 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би Д.Л, Б, Х, Х.А нарын хамт Бын машинтай Баянзүрхийн товчооны хойно, Туул голын гүүрний баруун хойно Адам, Евагийн хөшөөний зүүн урд талын голын эрэг дээр очсон. Бид нар очоод гал түлж хорхог хийх санаатай махаа янзлаад байж байтал Г.О нэг дөрвөн дугуйтай мотоцикл жолоодсон Эгийн хамт ирсэн. Тэгээд бид хорхогоо хийж идчихээд хөзөр тоглож хоёр шил 0.75 литрийн архийг Д.Л, Х, Б, Х.А бид тав хувааж уусан. Тэгээд бид нар ялаа шулмуул их байна, аргал, хомоол олж ирж утаа гаргая гэж яриад байж байтал Г.О, Х, Х.А, Д.Л дөрөв Г.Оын дөрвөн дугуйт мотоциклтой хомоол түүгээд ирье гээд хөдлөөд явсан. Тэр үед Г.О мотоциклоо жолоодоод хажууд нь Х суугаад хойд талын төмөр дээр нь Х.А, Д.Л хоёр суугаад явсан. Тэгээд Б, Э бид гурав үлдээд хорхогны тогоогоо цэвэрлээд тэр хавийн хогийг цэвэрлээд байж байтал Э рүү Г.О залгаад Х.А мотоциклноос уначихлаа гялс хүрээд ир гээд Бын машиныг Э жолоодоод бид хөдлөх үед Г.О хүрээд ирсэн. Тэгээд осол болсон газар яваад очиход Х.А шороон зам дээр уначихсан, дээш хараад хэвтчихсэн, Д.Л дагзнаас нь гарсан цусыг тогтоох гээд цамцаар дарчихсан сууж байсан. Тэгээд Х.Аыг машины ард хэвтүүлээд Б, Э, Д.Л нар эмнэлэг рүү явсан. Х, Г.О бид гурав үлдээд араас нь гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь Х.Аыг эрчимт эмчилгээний тасаг руу оруулчихлаа гэж байсан. Тэгээд эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. Мотоциклийг Д.Л жолоодож яваад осол болсон гэж ярьж байсан...” /хх-52/,
Гэрч Л.Эгийн: “... 2017 оны 6 дугаар сарын 24-ний 18 цаг өнгөрөөгөөд би Г.Оын хамт түүний дөрвөн дугуйт мотоциклтой Баянзүрхийн товчооны хойно Туул голын гүүрний баруун хойно Адам, Евагийн хөшөөний зүүн урд талд голын эрэг дээр очсон. Бид хоёрыг очиход Д.Л, Б, Х, Х.А, А нар хорхог хийнэ гээд махаа янзлаад чулуугаа улаасгайд байж байсан. Тэгээд бид нар хорхогоо хийж идээд хөзөр тоглонгоо 2 шил 0.75 литрийн архийг Д.Л, Б, Х, Х.А, А нар хувааж уусан. Би Бын машиныг жолоодож явна гээд архи уугаагүй, Г.О мотоциклтой явж байна гээд архи уугаагүй. Бид хөдлөхийн өмнө хомоол түүж утаа гаргъя гээд Г.О, Х, Х.А, Д.Л 4 Г.Оын дөрвөн дугуйт мотоциклтой хомоол түүнэ гээд хөдлөөд явсан. Тэр үед Г.О мотоциклоо жолоодоо хажууд нь Х суугаад хойд талын төмөр дээр нь Х.А, Д.Л хоёр суугаад явсан. Тэгээд А, Б бид гурав үлдээд хорхогний тогоогоо цэвэрлээд тэр орчмын хогийг цэвэрлээд байж байтал Г.О над руу залгаад Х.А мотоциклноос уначихлаа гялс хүрээд ир гэсэн. Би Быг машиныг жолоодоод хөдлөх үед Г.О өөдөөс ирээд бид хэд осол болсон газар яваад очтол Х.А шороон зам дээр уначихсан дээшээ хараад хэвтсэн, Д.Л дагзнаас нь гарч байсан цусыг нь тогтоох гээд цамцаараа дарчихсан сууж байсан. Х.А мотоциклноос уначихлаа гэж байсан ба бид нар Х.Аыг машины ард хэвтүүлээд 103 дуудлага өгөөд шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Х.А эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан...” /хх-54/,
Гэрч Г.Бын: “... 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед би Д.Л, Х, Х.А, А нарын хамт миний машинтай Баянзүрхийн товчооны голын баруун хойно Адам, Еваны хөшөөний зүүн урд талын голын эрэг дээр очоод удаагүй байж байхад Г.О 4 дугуйтай мотоцикл жолоодоод Эгийн хамт ирсэн. Тэгээд бид нар хорхог хийж идэцгээгээд хөзөр тоглонгоо 2 ширхэг 0.75 литрийн архийг Д.Л, Х, Х.А, А бид тав хувааж уусан. Тэр хавьд ялаа, шумуул их байхаар нь утаа гаргах гээд ойр хавийн аргал, хомоол түүсэн. 20 цаг 30 минутын үед Г.Оын жолоодож байсан дөрвөн дугуйтай мотоциклийг Г.О өөрөө жолоодоод Х, Д.Л, Х.А нар аргал, хомоол түүнэ гээд явсан. Э, А бид гурав үлдээд хорхогны тогоогоо цэвэрлээд тэр орчмын хогийг цэвэрлээд байж байтал Г.О Э рүү залгаад Х.А мотоциклоос уначихлаа гялс хүрээд ир гэсэн. Миний машиныг Э жолоодоод тэр дөрөв дээр яваад очтол Х.А шороон зам дээр уначихсан хэвтэж байсан ба толгойны ар талаас болон хамар, амнаас цус гараад ухаангүй байсан. Х.А мотоциклийн ард зогсож яваад уначихсан гэж байсан ба бид нар Х.Аыг машины ард хэвтүүлээд 103 руу дуудлага өгөөд шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Бид нарыг эмнэлэг явж байх замд “Маршал таун” хотхоны тэнд түргэний машинтай тааралдаад Х.Аыг түргэн тусламжийн машинд шилжүүлж суулгаад бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Х.Аын толгойд оёдол тавиулаад гойжсон цусыг нь эмч цэвэрлээд эрчимт эмчилгээнд оруулаад нас барсан...” /хх-56/,
Д.Лгийн сэжигтнээр өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед 13-р хороололд Миний дэлгүүрийн гадаа би Х.А, Х, А, Б нартай уулзаад Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг Адам, Ева нэртэй хөшөөний хажууханд байх голсын эрэг дээр очсон. Тэгээд бид нар хорхогны чулуу түүж мах ногоогоо бэлдээд хорхогоо хийж эхэлсэн. 18 цагийн үед Г.О Zhejiang загварын 41-46 УБ улсын дугаартай мотоцикл жолоодон Эгийн хамт ирсэн. Тэгээд бид нар газан плетка дээр хорхогоо тавьчихаад хөзөр тоглоод архи ууцгаасан. Улмаар бид нар хоорондоо ярилцаад түүдэг гал дээрээ жаахан Аргалын утаа тавьцгаая гээд хомоол түүх зорилгоор Х.А, Г.О, Х нарын хамт мотоциклтой явахаар болж мотоциклоо Г.О жолоодоод бид гурав суугаад хөшөөн дээр очиж хомоол түүгээд буцахдаа би мотоциклийг жолоодож үзье гэж бодоод жолооны ард суусан. Жолоочийн хажуу талын суудалд Г.О, хойд талын тэвшин дээр Х.А, Х нар зогсож байсан. Тэгээд би тухайн мотоциклийг хөдөлгөсөн чинь жоохон зууралттай яваад зогссон. Тэгсэн Г.О чи жоохон хаазтай явахгүй бол зүгээр энгийн машин шиг явахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хазан дээр нь гишгэхэд ухас хийгээд хөдлөөд 20 гаран метр явсан чинь араас Х миний мөрөн дээр зогсож Х.А уначихлаа зогсоорой гэж хэлэхээр нь зогссон. Тэгээд бид гурав мотоциклоос буугаад очсон чинь Х.А дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан ба бид гурав хэсэг түүнийг сэргээд гээд оролдсон боловч ерөөсөө сэргэхгүй байсан. Би Х.Аын толгойны ар хэсгийг үзтэл цус гарч байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж яаралтай түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн. Тэр үед би нилээн сандарсан. Улмаар манай найз түргэн тусламж дуудсан гэж хэлж байсан ба Х.Аыг машинд суулгаад замдаа түргэн тусламжийн машиныг Маршил хотхоны хавьд тосож түргэний машинд Х.Аыг суулгаад би хамт суугаад гэмтлийн эмнэлэг рүү очсон. Х.Аыг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлээд удалгүй өөд болсон...” /хх-99-101/,
Г.Оын яллагдагчаар өгсөн: “... Би 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед найз нартайгаа чатаар харилцаж салхинд гарахаар болсон. Э бид хоёр хамт явж байгаад манай зогсоолоос миний өөрийн эзэмшлийн 41-46 улсын дугаартай дөрвөн дугуйт мотоциклийг аваад би мотоциклоо жолоодоод Баянзүрх дүүргийн 11-р хороо Туулын гүүрний баруун талд Адам, Ева нэртэй хөшөөнөөс зүүн тийш голын эрэг дээр найзууд дээрээ очсон. Намайг очиход Д.Л, Б, Х, Х.А, А нар голын эрэг дээр хорхог хийгээд байж байсан. Тэгээд тэд нар миний мотоциклийг сонирхоод бүгд унаж үзсэн. Хорхог болохоос өмнө нэг шил 0.75 литрийн архи задалсан байсан ба бид нар хорхогоо идээд, хөзөр тоглонгоо тэр хэд архи тойруулж уусан. Би мотоциклтой явж байсан болохоор архи уугаагүй. Мөн Э Бын машиныг жолоодож явна гээд архи уугаагүй. Тэгээд сууж байтал тэр хавиар ялаа, шумуул их байсан болохоор Х бид хоёр аргал, хомоол түүж нурман дээр тавьж утаа гаргъя гээд, ойр хавьд аргал байхгүй болохоор мотоциклтой цааш явж аргал түүе гээд хөдлөх гэж байтал Д.Л, Х.А нар мотоциклийг ачаан дээр ирээд суучихсан. Би тэр үед ачаан дээр сууж болохгүй байж бай гэж хэлсэн боловч тэр хоёр “зүгээр ээ хамт яваад ирье” гээд байхаар нь би мотоциклоо жолоодоод хөдөлсөн. Бид хэд хөшөөнөөс баруун тийш яваад аргал, хомоол түүж ачаан дээр ачаад мотоцикл дээр ирэхэд Д.Л жолооны ард, Х.А хажууд нь сууж байсан. Тэгээд Д.Л би жолоодоод явъя гэж гуйхаар нь би эхлээд зөвшөөрөөгүй. Дахин гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд түлхүүрээ өгөхөд Х намайг хажууд нь суугаад яв гэж хэлсэн. Тэгээд Х.А хойд ачаан дээр гараад суусан. Хөдлөөд удаагүй ойролцоогоор 50 орчим метр явж байтал Х араас Х.А уначихлаа гээд хашгираад кузов дээр цохисон. Д.Л мотоцикл зогсоогоод бид гурав Х.А дээр гүйгээд очтол ухаангүй, өрөөсөн гутал нь сугарсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай зам дээр хэвтэж байсан. Би Б руу залгаж машинтайгаа хүрээд ир гэж дуудаад Бын машинд Х.Аыг суулгаад Д.Л, Э, Б гурав түргэн тусламжид дуудлага өгөөд түргэний машины урдаас тосоод явсан. Х бид хоёр миний мотоциклтой хот орж мотоциклоо тавиад араас нь гэмтлийн эмнэлэг дээр очсон. Х.Аыг эрчимт эмчилгээний тасагт оруулсан гэж байсан ба зүрхний хэм алдагдлаа гэхээр нь би талийгаачийн ээж, ахыг нь гэмтлийн эмнэлэг дээр авчирсан. Ээжийг нь авчраад удаагүй байтал талийгаач нас барсан...” /хх-109-110/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр авто осол: гавал тархины ил гэмтэл, гавлын баруун дагз яснаас, дагз ясны заадас дайрсан, суурь яс руу үргэлжилсэн шугам хугарал, их тархины баруун тал, бөмбөлгийн орой болон суурийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, баруун духны дэлбэнгийн суурийн тархины эдийн няцрал, дагз, зүүн зулайн хуйхны шарх, цус хуралт, тархи, уушгины хаван, дотор эрхтний цус дүүрэлт, нуруу, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ус удаагийн үйлчлэлээр тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн, амь насанд аюултай шинэ гэмтэл ба гэмтлийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нас баржээ. Талийгаачийн цусанд 1.7 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1263 тоот дүгнэлт /хх-65-66/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-17/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-18/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-20/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Д.Л, Г.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Тээврийн прокурорын газраас Г.Од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Г.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ба дээрх гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байна.
Гэтэл прокуророос Г.Оын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зарчимд нийцээгүй байна.
Мөн анхан шатны шүүх Тээврийн прокурорын газраас Д.Лд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Д.Лг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай тул анхан шатны шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Д.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцэж байна.
Харин прокурорын эсэргүүцэлд дурдсан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэдэг хүндрүүлэх шинж нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хамаарах тул Д.Лгийн үйлдлийг согтуурсан үедээ үйлдсэн гэж гэмт хэрэг үйлдэх үед нь хуульд байгаагүй, хүндрүүлэх шинжээр зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дордуулан шийдвэрлэх учиргүй бөгөөд ялтанд аль илүү ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Иймд прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЮУНЧУЛУУН