Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 517

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “О” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, “Б.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00057.... дугаартай Y-220604.... дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулаттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин гэх/ дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” гэж заасан бөгөөд “О” СӨХ нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдаж хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. 

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” байхаар хуульчилсан.

Тус барилгыг барьсан “А Э” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б-д авто зогсоолын орох, гарах гарц буюу хаалга, зорчих хэсэгтэй давхцуулан холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг зөрчин Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан худалдан борлуулсан. “А Э” ХХК-иас Б.Б-д авто зогсоол худалдаж авахаас өмнө дээрх зүйл нь дундын өмчлөлийн зүйл гэдгийг удаа дараа сануулж байсан. Маргаан бүхий авто зогсоол байрлаж буй хэсэг нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хэсэг бөгөөд харуулын байр нь Б.Б-ийн зогсоолтой давхцаж байдаг. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна.” гэж тус тус заасныг зөрчиж байна. 

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас 107 байрны авто зогсоолын орох гарах гарц, зорчих хэсэгтэй давхардуулан СӨХ, нийтийн эзэмшлийн талбайд Барилгын тухай хууль болон Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартыг зөрчсөн байхад Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. 

Иймээс 107 байрны суууц өмчлөгчид авто зогсоол эзэмшигчдийн эрх ашиг  хохирч болзошгүй, галын болон бусад эрсдэлээс хамгаалагдах боломжгүй болж байх тул Б.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. ” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Эрхийн улсын бүртгэлийн Ү-220604.... дугаартай Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө ... тоот авто зогсоолын гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг гаргагч Б.Б-ийн гаргасан мэдүүлэг, тус хэлтэст байгаа тухай орон сууцны жагсаалт түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн олгосон байна. 

Нотлох баримтыг судлан үзвэл тухайн байрны авто зогсоолыг 46 байхаар улсын комиссын актаар хүлээн авсан жагсаалтад 46 авто зогсоолтой байхаар мэдүүлсэн, зоорийн давхарын план зураг болон фото зурагт орц гарцыг хаагаагүй, хэн нэгний өмчлөлийн зүйлд саад учруулахаар зүйлгүй, мөн холбогдох бусад материал шаардлага хангаж байх тул тухайн бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “А Э” ХХК-иас ... тоот авто зогсоолыг худалдан авч Ү-22060.... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан болно. 

2017 оны 08 дугаар сард хөдөө яваад иртэл “О” СӨХ-ны захирал С.О нь дур мэдэн миний өмчлөлийн зогсоол дээр манааны байраа барин одоог хүртэл миний эрхэнд халдаж байна. Маргаан бүхий .. тоот авто зогсоол нь орц гарц хаадаггүй, манааны байртай давхцдаггүй бөгөөд миний өмчлөлийн зогсоол дээр манааны байраа барьсан, анх зогсоол авхад схем болон бүдүүвч зурган дээр ... авто зогсоол байсан. 

Мөн С.О нь сануулж удаа дараа хэлж байсан гэж худал тайлбар өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “О” сууц өмчлөгчдийн холбооноос /цаашид “СӨХ” гэх/ Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Б.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00057.... дугаартай Y-220604.... дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Б.Б-ийн өмчлөлд бүртгэсэн .. тоот автозогсоолын тайлбай нь .... дугаар байрны оршин суугчдын буюу “О” СӨХ-ны дундын өмчлөлийн талбай, уг талбай нь  автозогсоолын орох, гарах гарц буюу хаалга, зорчих хэсэгтэй давхцуулан олгосон” гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн маргасан болно.

Иргэн Ц.Х-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан “Ц Т” нэртэй хотхоны зураг төслийг гүйцэтгэсэн “М” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 24/2018,  мөн оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 35/2018 дугаар албан бичгүүдээр тус байранд 44 дугаар авто зогсоол төлөвлөгдөөгүй, захиалагчийн хүсэлтээр автозогсоолуудын байршлыг нэмэх боломжтой талаар лавлагаа ирүүлсэн бөгөөд “М” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Ц Т” хотхоны зураг төсөл ёсоор зоорийн давхарт хийт 40 автомашины зогсоолыг төлөвлөсөн байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ баталсан 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 291 дүгээр Архитектур төлөвлөлтийн далгавар болон барилгын эскиз зургын дагуу баригдсан барилгыг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2015/34 дүгээр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар 46 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 218 айлын орон сууцны хотхоныг  байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 13 дугаар зүйлийн 13.5-д “мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу гуравдагч этгээд Б.Б маргаан бүхий эрхийн улсын бүртгэл хийлгэхээр хариуцагчид гаргасан материал бүрэн, татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, гуравдагч этгээд Б.Б-ийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл, “А Э” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16/45 дугаар албан бичиг, гэрээ, автозогсоолын план зураг, фото зураг,  барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэрэг. 

Иймээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн .... байр, зоорийн давхар .. тоот 15,6 м.кв талбайтай автозогсоолыг эрхийн улсын бүртгэлийн Ү-220604.... дүгээрт бүртгэж  00057.... дугаар гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэх зарчимд бүрэн нийцсэн эрхийн улсын бүртгэл болно.

Түүнчлэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “О” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэлээ. 

Учир нь, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн ... дугаар байрыг барьж ашиглалтад өгсөн “А Э” ХХК-иас .. тоот автомашины зогсоолыг гуравдагч этгээдэд иргэний хэлцлийн дагуу борлуулсан, шүүхээс хийсэн үзлэгээр уг зогсоол нь орох, гарах гарц буюу хаалга, зорчих хэсэгтэй давхцаагүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02-07-100/1353 дугаар дүгнэлтээр .. тоот автозогсоол нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30.01.04/-ийн 6.33 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Мөн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна”, 142.4-т “Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн өмчлөлийн автомашины зогсоол нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд хамаарахгүй буюу сууц өмчлөгчдийн холбооны эрх ашигт хамаарах зүйл биш бөгөөд Б.Б-ийн  дангаар өмчлөх эрх болно.

Нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, маргаан бүхий эрхийн улсын бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан ”бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцсэн, нэхэмжлэгч “О” СӨХ-ийн эрх , хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.3, 142.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан  “О” сууц өмчлөгчдийн холбооноос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Б.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576... дугаартай Y-220604... дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

 

ШҮҮГЧ                                   С.ТӨМӨРБАТ