Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0199

 

 

 

 

 

 

 

 

 

М.Д, Г.С, Н.Т

                        нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2021/844 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

               Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

               Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

               Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

 

Хэргийн оролцогчид: 

               Нэхэмжлэгч М.Д, Г.С, Н.Т

               Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга

  

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн М.Д, Г.С, Н.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2021/844 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

               Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б

               Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.А

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0423/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2021/0844 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Д, Г.С, Н.Т нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн М.Д, Г.С, Н.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Иргэн М.Д, Г.С, Н.Т нарт анх Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хуандайн адаг гэх газарт дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/112 дугаар захирамжаар тус тус 1000 м.кв газар төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөнийг шүүх хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийн үйл баримт, нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахыг хүссэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй гэх шалтгаанаар 16 иргэн, 11 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан тус бүр 10000 м.кв газрын гэрчилгээ орсон байна.

3. Тус захиргааны актад заасан “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээгүй” буюу нэхэмжлэгч нарт анхнаасаа газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлтэй холбоотой анх газар эзэмшүүлсэнтэй холбоотой баримтуудыг анхан шатны шүүх цуглуулж маргаан бүхий актын энэхүү үндэслэлд дүгнэлт хийлгүй уг актын улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны газар эзэмших эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

4. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нар анх газар эзэмшихдээ ... Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчсөнийг шүүх хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй” гэх гомдлыг үгүйсгэх баримтууд хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий акт хууль зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх зөрчигдсөн болохыг тогтоох баримтууд хэрэгт хангалттай авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

5. Анхан шатны шүүх “дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй” гэх асуудал нь газар эзэмшүүлэх гэрээнд тусгагдах асуудал биш бөгөөд үүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан гэрээнд заасан нөхцөл зөрчсөн гэж үзэхгүй талаар зөв дүгнэсэн боловч хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

6. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн этгээдэд боломж олгож, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбоотой нэхэмжлэгч нарт “дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх талаар мэдэгдэл, нэхэмжлэх” хүргүүлсэн боловч төлөөгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байна. Үүнтэй холбоотой уг нэхэмжлэхийг нэхэмжлэгч нарт хэзээ мэдэгдсэн, нэхэмжлэгч нар нь уг үнийг төлөхийг зөвшөөрсөн эсэх, тодорхой хугацаанд төлөх боломж олгосон эсэх, анх хариуцагч нь хуульд зааснаас илүү хэмжээгээр газрыг эзэмшүүлсэн үндэслэлийн талаар баримтуудыг шүүх цуглуулж, маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байна. 

7. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь 2000 оноос хойш газрыг эзэмшиж байгаа гэж тайлбарласан байхад “2019 онд хугацаа сунгасан захирамж, гэрээний хугацаанаас хойш 2 жил болоогүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу хэрэглэжээ.

8. Маргаан бүхий актын уг үндэслэлтэй холбоотой газар эзэмших эрх олж авснаас хойш газраа 2 жил дараалан зориулалтын дагуу эзэмшсэн эсэх, эзэмшээгүй бол хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг хариуцагч хэрхэн тогтоосон, нэхэмжлэгч нарын гаргасан бусад этгээдтэй төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан гэх үндэслэл нь газраа ашиглаагүй гэх 2 жилд хамаарах эсэх, тухайн хугацаанд нэхэмжлэгч тус бүр 10000 м.кв газар дээрээ төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан эсэхтэй холбоотой баримтыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий акт дээрх хуульд нийцсэн эсэхийг дүгнэхээр байна.

9. Мөн маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40.2-т заасныг баримталж, 2 дахь заалтаараа захиргааны актыг мэдэгдэх үүргийг холбогдох этгээдэд үүрэг болгосон байхад шүүх “захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй үндэслэлээр А/178 дугаар захирамжийг хууль бус болсон” хэмээн дүгнэсэн нь логик алдаатай болжээ.

10. Иймд нэхэмжлэгч тус бүрийн газар эзэмших эрхтэй холбогдох нотлох баримтыг цуглуулж, дээр дурдсан тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тогтоож, маргаан бүхий актыг  хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2021/0844 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                      Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                                      С.МӨНХЖАРГАЛ