Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 655

 

     ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 10210 дугаар захирамжаар ХХХХ-аас 25 049 441 төгрөгийг гаргуулж ХХХХ-д олгохоор шийдвэрлэсэн. ХХХХ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилуулан 65 000 000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 11 сарын 8-ны өдөр хүлээн авсан. Миний өөрийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот 2 өрөө орон сууц нь 2010 онд ашиглалтад орсон, одоо зах зээлийн бодит ханшаар үнэлэхэд 43 м.кв талбайтай орон сууцыг 2 200 000 төгрөгөөр үнэлэхэд 94 600 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэтэл дээрх 2 өрөө орон сууцанд яаж үнэлгээ тогтоосон талаар ямар ч үнэлгээ хийлгэсэн үнэлгээгээ өгөөгүй ганцхан 65 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг өгсөн. ХХХХ наас томилсон шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг хэдэн м.кв талбайтай гэдгийг нь тогтоогоогүй байж 65 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 65 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу шүүхэд дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 10210 дугаар захирамжаар Д.Ж-аас 25 049 441 төгрөгийг гаргуулж ХХХХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 6 сарын 07-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч ХХХХ-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг үлдэгдэл 12 034 441 төгрөгийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 8 сарын 24-ний өдрийн 10210/01 тоот тогтоолоор битүүмжлэн сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн. Мөн хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2016 оны 9 сарын 13-ны өдрийн 10210/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар ХХХХ хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох ХХХХ ХХК-ийг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Иймд ХХХХ үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

           

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан ХХХХ-ын гаргасан ХХХХ-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 7565 дугаар захирамжийг хүчингүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

 ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үл хөдлөх хөрөнгө 2010 онд ашиглалтад орсон 43 м.кв талбайтай 1 м.кв 2 200 000 төгрөгөөр үнэлэхэд 94 600 000 төгрөг болж байгаа юм. Гэтэл хариуцагч байгууллага 1 м.кв-ыг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг тал бүрээс бодитойгоор үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 10210 дугаартай захирамжаар ХХХХ” ХХК-ийн нэхэмжилсэн 25 034 441 төгрөгийг ХХХХ нь төлөхийг зөвшөөрч эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна. /хх-5/

 

Шүүхийн 2016 оны 4 сарын 10-ны өдрийн  1890 дугаартай  гүйцэтгэх хуудсыг /хх-22/ үндэслэн ХХХХ ны 2016 оны 6 сарын 07-ны өдрийн 16261121 дугаартай тогтоолоор /хх-25/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох  улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан талаар талууд маргаагүй.

 

ХХХХ, ХХХХ нар нь  орон сууцны үнэлгээг шинжээчээр үнэлүүлэн тогтоолгох хүсэлт /хх-32-33 /-ийг ХХХХ-д гаргасан байна.

Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээний талаар  талууд тохиролцож чадаагүй тул ХХХХ наас 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 173 дугаар тогтоолоор ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий, 2 өрөө уг орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “ХХХХ” ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

“ХХХХ” ХХК нь 2016 оны оны 10 сарын 26-ны өдрийн байдлаар дээрх барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 65 000 000 төгрөг болохыг тодорхойлсон үнэлгээний тайлан болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь заалтад заасны дагуу зах зээлийн үнийн 70 хувиар буюу 45 500 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг ХХХХ 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 3/34519 дугаартай мэдэгдэл /хх-40/-ээр ХХХХ-т мэдэгдсэн байна.

 

 ХХХХ нь үнэлгээний талаар шүүхэд 2016 оны 11 сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ 94 600 000 төгрөгийн үнээр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийг 65 000 000 төгрөгөөр буюу хэт доогуур үнэлсэн, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг хэдэн м.кв талбайтай гэдгийг тогтоогоогүй байж үнэлгээ хийсэн, м.кв-ыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй болно.

 

Тэрээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн баримтаа гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар 94 600 000 төгрөгөөр үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй  байна.

 

Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ үнэлгээний тайланд орон сууцны талбай, байршил, ашиглалтад орсон хугацаа зэрэг үнэлгээ тогтоолгоход ач холбогдол бүхий байдлын талаар тодорхой дурджээ.

 

ХХХХ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад томилогдсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримтгүй, нэхэмжлэгч ХХХХ нь уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ямар болохыг баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан  үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                 Б.НАРМАНДАХ