| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0154/э |
| Дугаар | 2020/ШЦТ/156 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/156
2020/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Н.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, М овогт Н-н Н-т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, .......аймгийн........ сумын .......... багт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, М овогт Нгийн Н, РД:А0;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ......... аймгийн ........ сумын ..... багийн нутаг, ......... тоотод хохирогч Ш.Аын эзэмшлийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Жи-3 загварын гар утас, ....... банкны виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлж, улмаар виза картанд байсан мөнгөнөөс нь 130.491 /нэг зуун гучин мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг ашиглаж, түүнд нийт 430.491 /дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2012.......... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Ш.Аын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 10-нд..........аймгийн ........ сумын ........ багийн ..............тоотод гэртээ ганцаараа байж байтал Н манайд ирээд надад мөнгө өгөх байж байгаад мөнгөө өгөөд ганц пиво уух уу гээд бид хоёр сэрүүн нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво хувааж уугаад байж байтал Б, С 2 манайд Нийг авах гээд 15 цагийн үед ирсэн. Хоёр дахь пивоо арай ууж дуусаагүй байхад Нийг Б аваад гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад нөгөө үлдсэн пивоо уучихаад явуулъя гээд чинь уурлаад байсан. Тэгээд маргалдаж байгаад Б Н 2 яваад өгсөн. Би гэртээ ороод гар утас виза картаа хайгаад олоогүй. Гараад Сын утсаар өөрийнхөө дугаарлуу залгасан чинь холбогдох боломжгүй унтраачихсан байсан. Эргэж гүйж гараад Сын машины түлхүүр нь зоолттой байхаар нь би түлхүүрийг нь аваад та нар миний утсыг гаргаж өг гэж хэлсэн. Тухайн үедээ гар утсаа олоогүй. Маргааш нь би Б, С, Н гуравт та гурваас гарцаагүй, миний утсыг гаргаж өг гэсэн чинь аваагүй гээд уурлацгаагаад байсан. Сим картаа сэргээлгээд утсаа асаасан чинь миний гар утасны ард виза карт хамт алдагдсан байсан ухаалаг мэдээгээр миний картнаас 130.491 төгрөгний гүйлгээ гарчихсан байхаар нь би Б гэдэг газраас гүйлгээ хийгдсэн байсан болохоор нь очоод камерийг нь шүүлгэхэд Н ганцаараа миний картаар гүйлгээ хийж байгаа нь харагдсан. Тэгээд би Нээс 2020 оны 05 сарын 13-нд гар утсаа виза карттайгаа авсан. Би самсунг ЖИЗ маркийн гар утсаа шинээр нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинээр нь ХААН банкны лизенгээр 550.000 төгрөгөөр худалдаж авсан. Хүүтэйгээ 618319 төгрөг төлсөн. Хулгайд алдсан гар утсаа 450000 төгрөгөөр үнэлж байна. Шинэвтэр гар утас байгаа юм. Би гомдолтой байна. Виза картнаас уншуулсан 130.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Гар утсаа авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/,
Хохирогч Ш.Аын дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо нөхөн төлүүлсэн. 138.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөг бэлнээр авсан. Өөрийн алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,
Гэрч А.Сын өгсөн: “...Манайх 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг, Гүнж хороололд Аынд би Бтай хамт очиход Нтэй хамт пиво уугаад сууж байсан. Би Нээс авлагатай байсан юм. Аынд ороод Нийг аваад гараад явах гэтэл гэрийнхээ гадаа А Нийг явуулахгүй гээд миний машины түлхүүрийг авчихсан. Тэгээд гэрлүүгээ орсноо миний утас алга болчихлоо гэж гарч ирээд миний утсаар өөрийнхөө утасруу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Н Б 2 мотоцикльтой яваад өгсөн. Тэрнээс хэн Аын гар утсыг авсныг мэдээгүй. Сүүлд нь харин Н Аын гар утсыг хулгайлчихсан байсан. Аын утас ямар загварынх байсныг хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/,
Гэрч О.Бын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвд хөдөөнөөс Стай хамт ирээд Нээс хэдэн хонь авах гэж байгаа гээд хаана байгааг нь асуухад Аынд байна, хүрээд ир, юм ууж байна гээд дуудсан. С бид 2 Тамир багийн Гүнж хороололд Аынд ороход Н А 2 пиво уугаад сууж байсан. Тэгээд бид 2 орж сууж байгаад гараад явсан. Тэгсэн чинь А гадаа Нийг явуулахгүй гээд Сын машины түлхүүрийг өгөхгүй байсан. Тэгээд би гэрийнх нь гадаа зогсож байтал А гэрлүүгээ орохоор нь би мотоцикльтойгоо яваад өгсөн. Н бас яваад өгсөн. Маргааш нь надруу А залгаад миний утсыг чи хулгайлсан гэж хардаад залгаад байсан. Би гар утсыг нь аваагүй. Тэгээд удалгүй Аын гар утсыг Н хулгайлчихсан байсан. Аын утасных нь маркийг би мэдэхгүй. Энэ үед А, С, Н бид дөрөв л байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/,
Гэрч Н.Н-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Гүнж хороололд Ад өртэй байж байгаад мөнгийг нь аваачиж өгөх гээд очсон. Тэгээд А бид 2 гэрт хоёр, гурван том пиво хувааж ууцгаасан. Ст би хонины өртэй байж байгаад хаана байна гэхээр нь хүрээд ир гээд дуудсан. Бтай хамт хүрээд ирсэн. Би Аын гар утсыг гэрт нь байхад нь аваад унтраагаад кармаалчихсан. Сын машины түлхүүрийг А булааж аваад намайг явуулахгүй гээд хэрэлдээд байсан. Би тэгээд гадаа байж байгаад гэрлүүгээ явсан. С, А 2 үлдсэн. Б аймаг явна гээд явсан. Би мөнгөгүй байсан болохоор виза картыг нь ашиглах зорилгоор гар утасны кэйсны ард нь виза нь байхаар нь гар утастай нь хамт авчихсан юм. Би маргааш нь Архангай аймаг ороод виза картыг нь дэлгүүрт уншуулж, мотоцикпьдоо бензин хийгээд нийт 138.000 төгрөг зарлагадаж өөртөө ашигласан. Уг асуудал болоход А, С, Б бид дөрөв л байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/,
Гэрч Н.М-н өгсөн: “...Н.Н нь миний төрсөн эгч байгаа юм. Н эгч нь Архангай аймгийн Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад гарчихсан. Хэддүгээр ангиасаа гарсныг нь мэдэхгүй байна. Одоо Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт өөрийн малаа маллаж байгаа. Нөхрөөсөө 2019 оны 08 дугаар сард салаад одоо тусдаа 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Өөрийн гэсэн хэдэн малтай байдаг. 2019 онд нөхөртэйгөө зодолдоод салсан. Төлөв даруухан зантай, хүний үгнээс гардаггүй, амьдрахын төлөө зүтгэж яваа хүн байгаа юм. 2019 онд нөхрөө зодоод шүүхээр орж 450.000 төгрөгөөр торгуулсан санагдаж байна. Н.Н нь хааяадаа нэг пиво уудаг. Тамхи татдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,
Яллагдагч Н.Н-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Гүнж хороололд мөнгө өгөх ёстой байж байгаад мөнгө аваачиж өгсөн. Тэгээд А бид хоёр сэрүүн нэртэй пиво гурвыг уугаад байж байтал С, Б 2 машинтай ирсэн. С надаас юм авах байсан юм. Тэгээд харихдаа Аын самсунг жи-3 маркийн гар утсыг унтраагаад халаасандаа хийсэн. Тэгээд маргааш нь өгөх гээд Аюунзанын гэрт нь очсон чинь гэр нь цоожтой байсан. Тэгсэн цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байсан. Би авсан гар утсаа Ад буцаагаад өгчихсөн. Утасных ард хаан банкны вика карт байсан. Би виза картнаас нь 138.000 төгрөг уншуулж авсан. Дараа нь виза картнаас авсан 138.000 төгрөгөө буцаагаад өгчихсөн. Би визат картных нь нууц кодыг мэддэг байсан. Өмнө хамт юм авч байсан. Би самсунг жи-3 маркийн гар утсыг мөнгөгүй байсан болохоор авсан. Би хохирлоо барагдуулсан. Авсан гар утас болон бэлэн мөнгө 138.000 төгрөгийн бэлэн өгсөн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үлйдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/,
Хас үнэлгээ ХХК-ны мэргэшсэн шинжээч Э.Д-н 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр ЖИ-3 маркийн гар утас нь 2020 оны 05 дугаар сарын байдлаар нийт 300.000 төгрөг болохыг тодорхойлов гэх дүгнэлт /хх-ийн 17 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35 хуу/,
Н.Нт өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-41 хуу/,
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны дугаар сарын ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн М овогт Н-н Н /РД:АО/-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 44-45 хуу/,
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 49-50 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ....... аймгийн ..... сумын .......багийн нутаг, ............ тоотод хохирогч Ш.Аын эзэмшлийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Жи-3 загварын гар утас, ХААН банкны виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлж, улмаар виза картанд байсан мөнгөнөөс нь 130.491 /нэг зуун гучин мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг ашиглаж, түүнд нийт 430.491 /дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Н үйлдсэн болох нь:
Хохирогч Ш.Аын өгсөн: “...Тэгээд би Нээс 2020 оны 05 сарын 13-нд гар утсаа виза карттайгаа авсан. Би самсунг ЖИЗ маркийн гар утсаа шинээр нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинээр нь ХААН банкны лизенгээр 550.000 төгрөгөөр худалдаж авсан. Хүүтэйгээ 618319 төгрөг төлсөн. Хулгайд алдсан гар утсаа 450000 төгрөгөөр үнэлж байна. Шинэвтэр гар утас байгаа юм. Би гомдолтой байна. Виза картнаас уншуулсан 130.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Гар утсаа авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, хохирогч Ш.Аын дахин өгсөн: “...Би хохирлоо нөхөн төлүүлсэн. 138.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөг бэлнээр авсан. Өөрийн алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/, гэрч А.Сын өгсөн: “...Сүүлд нь харин Н Аын гар утсыг хулгайлчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/, гэрч О.Бын өгсөн: “...Тэгээд удалгүй Аын гар утсыг Н хулгайлчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/, яллагдагч Н.Нийн өгсөн: “...Тэгээд харихдаа Аын самсунг жи-3 маркийн гар утсыг унтраагаад халаасандаа хийсэн. Би виза картнаас нь 138.000 төгрөг уншуулж авсан. Дараа нь виза картнаас авсан 138.000 төгрөгөө буцаагаад өгчихсөн. Би визат картных нь нууц кодыг мэддэг байсан. Өмнө хамт юм авч байсан. Би самсунг жи-3 маркийн гар утсыг мөнгөгүй байсан болохоор авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/, Хас үнэлгээ ХХК-ны мэргэшсэн шинжээч Э.Даваасүрэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад алдагдсан эд зүйл болох гар утасны үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулан тогтоолгоход гар утас 300.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч Н.Н нь хохирогч Ш.Аын эзэмшлийн гар утас буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн, мөн Хаан банкны виза картнаас нь 130.491 /нэг зуун гучин мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг ашиглаж, түүнд нийт 430.491 /дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэн байхыг ойлгох бөгөөд нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгох бөгөөд хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Иймд шүүгдэгч Н.Н нь хохирогч Ш.Аын гар утас буюу эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан, мөн түүний эзэмшлийн данснаас виза картаар дамжуулж, өөрт нь мэдэгдэлгүйгээр буюу нууцаар мөнгийг нь авч, захиран зарцуулахдаа энэ үйлдлээ өөрөө ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Нийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 56-57 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Аад 430.491 /дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийн хохирол төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ш.Аа нь “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй,би хохирлоо нөхөн төлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/, хэргийн материалтай танилцах үед гомдол саналгүй гэсэн байх тул /хх-ийн 49 хуу/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Нгийн Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Нт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ