Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2017/0857/З |
Дугаар | 250 |
Огноо | 2018-04-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 250
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, “У Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 163 дугаар тушаалын “У Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “У Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Тус компани нь Ө******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт байрлах Хар т******* нэртэй 3248.53 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 15.......Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар авсан болно.
15......Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа тусгай зөвшөөрлийн талбайд хууль тогтоомжийн дагуу ашигт малтмал эрэх, хайх ажлыг хийж гүйцэтгэж, хайгуулын ажилд нийт 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Мөн хайгуулын ажлын завсрын тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг цаг тухайд нь Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ болон сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчаар батлуулж ажиллаж байсан болно.
2012 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг гаргах, түүнд хавсаргах материалын бүрдлийг хангахын тулд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу Ө******* аймгийн Б******* сумын Засаг даргад хүргүүлсэн боловч сумын байгаль орчны байцаагчийн зүгээс "15........Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрдэх эхийн хилийн заагийн солбицолд хамаарч байгаа гэсэн үндэслэлээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон 7 дугаар маягтыг батлахаас татгалзсан хариу өгсөн. Үүний улмаас тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай хүсэлтээ баримт бичгийн бүрдэл хангуулан хуулийн хугацаанд гаргаж чадаагүй болно.
Бид өөрсдөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрээд байна. Түүнчлэн тус компанийн 15......Х дугаартай тусгай зөвшөөрөл урт нэртэй хуулийн улмаас түдгэлзсэн байгаа гэж бид ойлгож байсан.
Ингээд 2017 оны 05 дугаар сард манай 15......Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарах талбайгаас гарсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн сангаас олж мэдсэн. Ийнхүү мэдсэн даруйдаа Ашигт малтмал газрын тосны газарт хандан 15.....Х дугаартай тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан боловч АМГТГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/3628 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан үүргээ биелүүлж ажиллаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 163 дугаар шийдвэрээр цуцалсан байна гэсэн ойлгомжгүй хариу өгсөн.
Тодруулбал урт нэртэй хуулийн үйлчлэлээр тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутгаас баталж өгөөгүйгээс болоод тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж чадаагүй, Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журамын дагуу нөхөн олговор олгох асуудал шийдвэрлэгд*******үй байсан. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудалд шийдвэрлэгд*******үй байхад 4 дэх жилийн төлбөр төлөх үүрэг манай компанид үүс*******үй байсан. Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 163 дугаар шийдвэрээр төлбөр төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр/ -ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу илт хууль бус байна. Кадастрын хэлтсээс дээрх 2013 оны 163 дугаар шийдвэрийг гаргахад манай компанид хуулийн дагуу мэдэгд*******үй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй байгаа шалтгааны талаар тайлбар аваагүй, одоог хүртэл 163 дугаар шийдвэрийг бидэнд өгөөгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчим, захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах тусгай зарчмыг зөрчин тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн.
Бид Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/3628 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг тодруулах, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 163 дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу хүчингүй болгуулахаар АМГТГ-ын даргад 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/29 тоот, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1/29 тоот албан бичгүүдээр гомдол гаргасан боловч ...танай гомдолд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/3628 тоот албан бичгээр хариу өгсөн гэсэн хариу 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр захирал О.С-д утсаар мэдэгдсэн тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 163 дугаар тушаалын “У Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан уг 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ болгож байгаа. Уг харилцааг Ашигт малтмал, газрын тосны газар хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах боломжтой байсан ч явуулаагүй. Учир нь хуульд заасан хугацаа, хэм хэмжээ хоорондоо уялдаа холбоотой байдаг. Тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн дотор гаргаж, 10 хоногийн дотор хянаж шийдвэрлэх ёстой байдаг.
Өргөдлийг бүртгэлээс хасахдаа ямар нэгэн байдлаар өргөдөл гаргагчид мэдэгдэж байсан эсэх талаар судалж үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 6/24 дугаартай албан бичиг ирүүлсэн гэсэн баримтыг шүүхэд өгсөн байна. Гэхдээ “У Б” ХХК-д энэ албан бичиг ир*******үй. Хариуцагч байгууллагаас албан бичиг явуулсан тухай баримт, бүртгэлийн дэвтэр зэргээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрээс “У Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тусгай зөвшөөрөл бүхий талбай нь урт нэртэй хуулийн хязгаарлалтад орсон байсан нь тогтоогдож байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбоотой баримтууд хэргийн материалд авагдсан байгаа. 2013 оны 01 дүгээр сард анх 3 жилийн хугацаатай олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байсан. Үүнийг цааш сунгах эсэх талаарх асуудлыг шийдвэрлэж байж төлбөр төлөх асуудлыг шийдвэрлэх ёстой. Хууль зүйн хувьд ч гэсэн сунгуулах өргөдлийг 1 сарын өмнө, төлбөр төлөх асуудлыг мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу анх олгосон өдрөөсөө эхлээд дараа жилийн тухайн өдөр төлбөрийг төлөх ёстой байсан. Хугацаа хэтэрвэл алданги тооцно. Хугацааг 30 хоногоор хэтрүүлбэл дахин төлбөр төлөх талаар яригдахгүй, тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн байдаг. Ийм байдлаар хуульчилсан байхад тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг шийдвэрл*******үй байж төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, нэг өдрийн дараа бүртгэлээс хассан байгаа нь хууль бус байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-56.6 дугаар заалтуудад тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, эрхийг цуцлах гэж байгаа талаар мэдэгдэх ёстой талаар заасан байдаг. Тусгай зөвшөөрлийг цуцалсан бол цуцалсныхаа дараа, мөн тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэсэн шийдвэрээ мэдэгдэх ёстой байдаг.
Мөн ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг ямар тохиолдолд дуусгавар болох талаар заасан байдаг. Иймд шүүхээс энэ үйл баримтууд харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө******* аймгийн Б******* сумын нутаг Хар т******* нэртэй 3248.53 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-015........ тоот тусгай зөвшөөрлийг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1075 дугаар шийдвэрээр “У Б” ХХК-д олгосон байна. Ийнхүү тусгай зөвшөөрлийг эзэмшигч болсноор тодорхой эрх үүрэг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг захирал З.Б нь 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байна. Тодруулбал тус мэдэгдлийн 5 дугаарт ...тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 27-ны өдрөөс өмнө төлсөн байна ... гэж зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу хугацаа сунгуулах өргөдлийг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өргөдлийн сунгуулах өргөдлийн бүртгэлийн ЕХ-00******* дугаарт бүртгүүлжээ.
Өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-ыг хавсарган ирүүлэх заалтыг зөрчиж “Ө******* аймгийн Б*******-Улаан сумын нутагт орших 15......Х хайгуулын талбайд 2012 онд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г хавсаргасан байсан. Уг төлөвлөгөөний “...оршил хэсгийн 6-р догол мөрөнд ... 15.....Х тоот Хар т******* нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон ба тус компани нь тусгай зөвшөөрлийн 2 дахь жилд геологи, хайгуулын ажил явуулахаар төлөвлөж байна гэж бичжээ.
Дээр дурдсан төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах үүргээ биелүүлж хуульд нийц*******үй өргөдөл гаргасан. Нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж захиргааны байгууллага хуульд нийц*******үй бүрдүүлбэртэй өргөдөл гаргасныг хүлээн авч бүртгэн тодорхой хугацаа өгөн 2013 оны төлөвлөгөөг ирүүлэхийг 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж шаардсан тухай хариуцсан мэргэжилтэн дотоод хяналтын хуудсанд бичиж тэмдэглэсэн байна. Энэ хугацаанд төлөвлөгөөг шинэчлэн ирүүл*******үй байна.
Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит 4 дэх жилийн төлбөрийг “У Б" ХХК төлөх үүрэгтэй.
Тодруулбал “У Б” ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө төлөх үүрэг хүлээсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/499 тоотыг хүргүүлсэн. Энэ мэдэгдэл нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ баримт бичиг хүлээлцэх дэвтрийн 411 дугаарт бүртгэгдсэн бөгөөд тухайн мэдэгдэл нь тус компанид хүрсэн болно.
Мэдэгдлийг хүлээн авсан дариуд мөн хуулийн 56.3-д “Энэ хуулийн 56,2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” заалтын хүрээнд хандаагүй.
Хэрэв нэхэмжлэгчээс төрийн захиргааны байгууллагад дээр дурдсан материалыг ирүүлсэн бол хянаж үзэх үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох боломж байсан ба нэгэнт төлбөр төлсөн баримтаа ирүүл*******үй тул тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэх үүргийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 163 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гарсны дараа дахин мэдэгдлийг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 6/2563 тоотоор хүргүүлсэн нь баримтаар тогтоогддог.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хянах явцад тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй цуцлагдсан тул Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Өргөдлийн бүртгэлээс хасах тухай” 163 дугаар шийдвэрээр өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн байна.
Гурав. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орсон тул хугацаа сунгуулах хүсэлтээ баримт бичгийн бүрдэл хангуулан хуулийн хугацаанд гаргаж чадаагүй гэж бичжээ.
2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль түүнд үндэслэн гарсан Засгийн газрын удаа дараагийн тогтоолуудад хуулиар хориглосон хязгаарласан талбайтай хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай ашигт малтмалын хайгуулын 438 тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсан байдаг тухай статистик мэдээлэл байна. Эдгээрээс 79 нь хуулийн дагуу дуусгавар болсон, 58 нь цуцлагдсан, 13 нь бүхэлд нь буцаан хүлээлгэн өгсөн, 3 нь хүчингүй болсон, 14 нь хэсэгчлэн буцаан хүлээлгэн өгч давхцалгүй болгосон бөгөөд одоо хэсэгчлэн давхцалтай 271 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хуулиар хориглосон талбайтай давхцалтай үндэслэлээр сунгаагүй, түүнчлэн урт нэртэй хуулийн дагуу түдгэлзсэн тухай бичсэн байна. Гэтэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг тэр тусмаа хугацааг сунгахыг хориглосон хязгаарласан үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага огт явуулаагүй болно.
Нэхэмжлэгч “У Б” ХХК нь тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж хугацаа сунгаж өгөхийг хүссэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/19 тоот гомдлыг гаргасан бөгөөд дараа нь дахин 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 01/29 тоотоор гомдол гаргасан.
Захиргааны байгууллага гомдлыг хянан үзэж гомдлыг хүлээн авах боломжгүй Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариу өгсөн.
Мөн сүүлийн буюу 8 дугаар сарын 15-ны өдрийн гомдолд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.1.3-д “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасны дагуу дахин албан тоотоор хариу өгөх шаардлагагүй юм.
Захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариуг авсны дараа Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 163 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У Б” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 163 дугаар тушаалын “У Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаараа хянан хэлэлцээд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн урьдчилан төлөөгүй гэж үзэн “У Б” ХХК-ийн эзэмшиж байсан Ө******* аймгийн Б******* сумын нутагт орших Харт******* нэртэй ашигт малтмалын ХҮ-015....... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Нэхэмжлэгч тал “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргасан байсан боловч сунгах асуудлыг шийдвэрлэлгүй ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэж үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан тул уг шийдвэр нь илт хууль бус” гэж мэтгэлцсэн.
“У Б” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 17-ний өдөр ХҮ-015....... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргасан болох нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудсаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлд үйлчилгээний хөлс болох 1 сая төгрөг төлсөн баримт, тусгай зөвшөөрөл болон түүний хавсралт, тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд 2012 онд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө зэрэг баримтуудыг хавсаргасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” гэж заажээ. Энэхүү хуулийн заалт ёсоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргахдаа тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлсөн байх шаардлагатай.
“У Б” ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3255.26 гектар талбай бүхий ашигт малтмалын ХҮ-015....... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө ээлжит жилийн төлбөрийг хийх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд “У Б” ХХК биелүүлэх ёстой.
Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-499 дүгээр албан бичгээр “У Б” ХХК-д ХҮ-015....... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй тул цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж байсан бөгөөд нэхэмжлэгч компани нь хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарах хүртэл буюу 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүл*******үй байна.
Иймээс нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлэсний дараа тусгай зөвшөөрлийн төлбөрийг хийх ёстой гэх мэтгэлцсэн нь үндэслэлгүй болно.
Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-т ”байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасны дагуу “У Б” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа 2013 онд хайгуулын талбайд хийх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ө******* аймгийн Б******* сумын Засаг даргаар батлуулж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийн хамт хариуцагчид хүргүүл*******үй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад хариуцагч тусгай зөвшөөрөл цуцалсан тул уг шийдвэр нь илт хууль бус” гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж маргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан. Хуулийн заалтыг тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцах үүрэг, түүний эрх хэмж******* хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоосон байдаг бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд “халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэн уг акт нь илт хууль бус болдог.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагын дагуу хариуцагч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд 2013 оны 163 дугаар тушаалаар “У Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тул уг шийдвэрийг илт хууль бус гэж үзэхгүй юм.
Ашигт малтмалын ХҮ-015........ дүгээр тусгай зөвшөөрийг цуцалсан тухай 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 6-2563 дугаар мэдэгдлийг хариуцагч “У Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа бүртгүүлж байсан хаягаар хүргүүлж байсан нь 2013 оны баримт бичиг хүлээлцэх дэвтрийн 1751 мөр дээрх бичилтээс тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагаа явуулдаг хаягаа төрийн захиргааны байгууллагад мэдэгд*******үй явдал нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “У Б” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 163 дугаар тушаалын “У Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ