Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2021/0907/З |
Дугаар | 221/МА2022/0213 |
Огноо | 2022-03-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2022/0213
Н.Е-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар
Нэхэмжлэгч: Н.Е
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1652 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0907/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Е- нь “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1652 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 66 дугаар зүйлийн 66.1.6, 69 дүгээр зүйлийн 69.3, 76 дугаар зүйлийн 76.4, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Е-ы нэхэмжлэлээр Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/1562 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч би анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар тус тус үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хууль хэрэглээний алдаатай хэмээн үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна.
3.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2 дахь заалтыг хэрэглэх ёстой атал хэрэглээгүй тухай:
3.1.1. Бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Засаг даргыг огцруулах, чөлөөлөх асуудал нь хуулийн дээрх заалтаар зохицуулагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 4.1- т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт тус харилцаанд үйлчлэхгүй гэж маргасан. Анхан шатны шүүх бидний тус тайлбарыг няцаахдаа дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд; Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг, 5-д (Шийдвэрийн 7 дахь тал)
3.1.2. “Нэхэмжлэгч Н.Е нь улс төрийн албан тушаалтай хэдий ч түүний хууль зөрчсөн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг хуульд өөрөөр заагаагүй байх тул Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэглэхээр байна” хэмээн тайлбарласан байна.
3.1.3. Шүүхийн энэхүү тайлбар, дүгнэлт нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм.
3.1.4. Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийг ажпаасчөлөөлөхийг шаардсан агуулгатай байгаа. Иймд маргаан бүхий харилцаа бол сумын Засаг даргыг ажлаас чөлөөлөх, огцруулах харилцаа юм. Тус харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (Цаашид “Нэгжийн тухай хууль” гэх) 32.2-т зохицуулсан. Иймд тус харилцааг “хуульд өөрөөр заасан" гэж үзэх үндэслэлтэй.
3.1.5. Шүүхийн шийдвэрт “сумын Засаг даргын хууль зөрчсөн үйлдэлд хүлээлгэх хариуцлагатай холбоотой хуульд өөрөөр заасан зүйл байхгүй” гэх боловч Нэгжийн тухай хуулийн 32.2-т сумын Засаг даргыг огцруулах үндэслэлийг дараах гурван байдлаар заасан. Үүнд; (1) гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдсон, (2) хууль тогтоомж зөрчсөн. (3) чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх гурван үндэслэлийг заасан. Өөрөөр хэлбэл, Нэгжийн тухай хуулийн 32.2 дахь заалт бол сумын Засаг даргыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр огцруулах харилцааг зохицуулсан хууль юм. Иймд “хуульд өөрөөр заасан зохицуулалт байхгүй тул Төрийн албаны тухай хууль үйлчилнэ" гэх шүүхийн тайлбар, дүгнэлт үндэслэлгүй юм.
3.1.6. Иймд Төрийн албаны тухай хуулийн 4.1-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 76.7-д “Төрийн албаны төв байгууллагын... шийдвэрийг биелүүлээгүй...буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж заасныг улс төрийн албан хаагчийн хувьд хэрэглэх үндэслэлгүй юм.
3.2. Төрийн албаны тухай хуулийн 32.6 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй тухай:
3.2.1. Шүүхийн шийдвэрийн 8-д “Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно ... гэж зааснаас үзвэл ... Төрийн албаны зөвлөлийг буруутгах боломжгүй” гэж тайлбарлаж байна. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм.
3.2.2. Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий захиргааны акт болох мэдэгдэл нь хуулийн дээрх заалтыг үндэслэж гараагүй. Иймд хуулийн тус заалт нь маргаанд хамааралгүй юм.
3.2.3. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтад Төрийн албаны тухай хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн бол огцруулах үндэслэл болох тухай заасан. Хуулийн 31.2 дахь заалт бол төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад нөлөөлөх, дарамтлах тухай заалт. Хуулийн 32.2 дахь заалт бол Төрийн албаны зөвлөлийн буруутай этгээдийг албан тушаалаас нь чөлөөлөх мэдэгдлийг биелүүлээгүй этгээдийн тухай заалт. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны зөвлөлийн буруутай этгээдийг албан тушаалаас чөлөөлөх мэдэгдлийг биелүүлэхгүй байх зөрчил гаргаагүй. Мөн төрийн албаны томилгоонд хууль бусаар нөлөөлөөгүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг нэхэмжлэгчийн хувьд хамаатуулан хэрэглэх үндэслэлгүй юм.
3.2.4. Өөрөөр хэлбэл, шүүх маргаан бүхий харилцаанд хамааралгүй, захиргааны актын үндэслэл болоогүй хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу юм.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй тухайд,
3.3.1. Шүүхийн шийдвэрийн 8-д “... Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.3-т ажлаас халах гэж зааснаар үзвэл нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 93 дугаар тогтоолыг биелүүлээгүй тул тухайн мэдэгдлийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийг буруутгах боломжгүй байна” гэж тайлбарласан байна.
3.3.2. Гэвч дараах үндэслэлүүдээр шүүх хуулийн тус заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.
3.3.3. Хуулийн дээрх заалт маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл тухайн үндэслэлээр шийдвэр гаргаагүй. Шүүх гагцхүү маргаан бүхий захиргааны актад тусгагдсан үндэслэлийг л хянах, түүнд л дүгнэлт өгөх учиртай. Харин маргаан бүхий захиргааны актад тусгаагүй үндэслэлээр актыг зөвтгөж байгаа нь шүүхийн хяналт хэрэгжүүлэх бус захиргааны чиг үүрэг хэрэгжүүлж буй хэрэг юм. Тухайлбал, газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон атал тухайн маргааныг шийдвэрлэж буй шүүх “газрын төлбөрөө төлөөгүй байна” гэх актад заагаагүй үндэслэлээр актыг зөвтгөж болохгүй билээ. Энэхүү захиргааны хэрэгт анхан шатны шүүх энэ байдлаар шийдвэр гаргасан байна.
3.3.4. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3-т заасан ажлаас халах шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан гаргах талаар хуулийн тус хэсэгт заасан. Сумын Засаг даргын хувьд тийнхүү шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь аймгийн Засаг дарга байх боломжтой болохоос Төрийн албаны зөвлөл биш юм. Иймд хуулийн дээрх заалт нь Төрийн албаны зөвлөлд хамааралгүй, тухайн байгууллагад бүрэн эрх олгоогүй заалт юм.
3.3.5. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь заалт нь албан тушаалтныг ажлаас халах шийдвэр гаргах тухай заалт. Тэрнээс ажлаас чөлөөлөхийг шаардаж мэдэгдэл өгөх тухай заалт биш юм. Бидний хэргийн маргаан бүхий захиргааны акт бол нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн акт бус чөлөөлөх шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргаас шаардсан шийдвэр билээ. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь заалт нь Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий захиргааны актад хамааралгүй юм.
3.3.6. Дээрх байдлаар анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.3 дахь заалтыг хэрэглэх ёсгүй атал хэрэглэсэн байна.
3.4. Төрийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтуудыг хэрэглэх үндэслэлтэй тухайд,
3.4.1. Шүүхийн шийдвэрийн 11-т “Төрийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т “Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг зөвлөлийн даргын томилсон гишүүн гүйцэтгэнэ” гэж заасан байх ба Төрийн албаны зөвлөлийн даргын ... 141 дүгээр тушаалаар ... Б.Ид-ыг ... түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байх тул ... хууль бус гэж үзэхгүй” гэсэн байна. Гэвч энэ нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх хуулийн тус заалтыг хэрэглэх ёсгүй, тус заалт нь маргаанд хамааралгүй юм.
3.4.2. Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна” гэж, 67 дугаар зүйлийн 67.1-д “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж тус тус заасны дагуу зөвлөлийн 5 гишүүн хуралдаж, санал хураалтын үр дүнд олонхын зарчмаар аливаа шийдвэрийг гаргах учиртай. Хэрэв нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийг шаардах агуулга бүхий мэдэгдэл гаргахыг Төрийн албаны зөвлөлийн үлдсэн дөрвөн гишүүн нь дэмжихгүй бол тийнхүү агуулга бүхий шийдвэр гарахгүй юм.
3.4.3. Захиргааны ерөнхий хуулийн 6.2-т “Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж заасан. Хуулийн эдгээр заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн дарга, түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч нь дангаар Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх учиргүй юм. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд Төрийн албаны зөвлөлийн даргыг түр орлон гүйцэтгэгч гишүүн (Төрийн албаны зөвлөлийн дарга ч тэр) нь Төрийн албаны зөвлөлийг төлөөлөх эрхгүй, Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т заасан мэдэгдлийг гаргах бүрэн эрхгүй юм.
3.4.4. Бид Төрийн албаны зөвлөлийн гишүүн болох Б.Идэрчулууныг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэдэгтэй нь маргаагүй. Харин тийнхүү гүйцэтгэж байсан ч эсвэл Төрийн албаны зөвлөлийн дарга байсан ч тэр дангаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй тухай тайлбарласан. Гэтэл шүүх энэ асуудалд дүгнэлт хийгээгүй байна” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/1562 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандан “Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлсэн тул Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е-ыг үүрэг ажлаас нь чөлөөлүүлэх мэдэгдлийг танд хүргүүлж байна” гэжээ.
3. Нэхэмжлэгч Н.Е-аас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг захиргааны акт” гэж ойлгохоор заасан бөгөөд маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хувьд дээрх байдлаар нэхэмжлэгчид тухайлан чиглээгүй, эрх зүйн үр дагавар бий болгосон захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
5. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаар захирамжаар мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/1652 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэж үзэхээргүй, захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
6. Анхан шатны шүүхийн “маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар мэдэгдлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй байна ... Учир нь Н.Е нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 93 дугаар тогтоолтой маргаагүй, уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд мэдэгдлийн хувьд 2021 оны 93 дугаар тогтоолын биелэлтийг хангаагүй албан тушаалтанд арга хэмжээ тооцуулахаар дээд шатны албан тушаалтанд хүргүүлэх хуульд заасан арга хэмжээ юм” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
7. Иймд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу Н.Е-ы нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/1652 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Н.Е-ы нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/1652 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ