Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 665

 

Г.Хулангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын  13-ны өдрийн  183/ШШ2016/01350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Хулангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бета стар” ХХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 4 746 114 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Төмөрцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Дашням, У.Болортуяа

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.Хулан 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Бета стар ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж агуулах болон ложистик хариуцсан ахлахын албан тушаалд ажилд орсон. Үүнээс хойш 4 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралтаа бүтэн авч байгаагүй. Харин амралтаа 5, 7 хоногоор тасалж авч байсан бөгөөд байгууллагынхаа ажлын төлөө идэвх санаачилга гаргаж ажиллаж байсан. Харин 2016 оны амралтаа анх удаа бүтэн авсан. Учир нь өөрийнх нь эмээ Америк улс руу эмчилгээнд явснаар Солонгос улсаар дамжиж, эмчилгээ хийгдэх байсан. Ингээд Б.Хулан ээлжийн амралтаараа Солонгос улс руу явсан байдаг. Нэхэмжлэгч 8 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсад ирж ажилдаа орох ёстой байтал ирэх боломжгүй байдал үүссэнээр амжиж ирээгүй. Энэ тухайгаа байгууллагынхаа холбогдох албан тушаалтнуудад утсаар болон имэйлээр харьцсан баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч 7 дугаар сарын 28-ны өдөр ерөнхий захирлын туслах н.Гантулгатай, 8 дугаар сарын 01-ний өдөр хүний нөөцийн менежер н.Соёл-Эрдэнэ, нягтлан н.Цэрэнтогтох зэрэг хүмүүстэй харилцаж надад 6 хоногийн чөлөө нэмж өгнө үү гэж хүссэн байдаг. Би 8 дугаар сарын 6-ны өдрийн билет авсан гэж 5 удирдах албан тушаалтай хүнд мэдэгдсэн. 8 дугаар сарын 6-ны билет аваад эмээгээ Солонгос улсад хүлээж байтал “Бета стар” ХХК-ийн удирдлагаас яаралтай ир гэхэд нь 8 дугаар сарын 06-ны өдрийн билетийг цуцалж, 8 дугаар сарын 03-ны өдөр МИАТ-ийн нислэгээр Улаанбаатар хотод ирж 8 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 3 хоног тасалсан учраас ажлаас чинь халж байна гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Нэхэмжлэгч алс хол гадаад улсад байсан. Мөн авсан байсан билетээ цуцалж өөр нислэгээр ирсэн. Удирдах албан тушаалтанд тухай үед албан ёсоор мэдэгдэж ямар ч байсан мэдэгдсэн байдаг. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, Г.Хуланг ажилд эргүүлж тогтоож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. "Үүнд ажилгүй байсан хугацааны 8 дугаар сарын цалин 736 000 төгрөг, 9 дүгээр сарын 736 000 төгрөг, 10 дугаар сарын цалин улирлын бонустай нийлээд 1 191 000 төгрөг, 11 дүгээр сарын цалин 736 000 төгрөг, 12 дугаар сарын 1 191 000 төгрөг нийт 4 590 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн дээр нь 6 сард 36 цаг илүү цагаар ажилласан гэх 156 110 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна Учир нь үүнийг нотлох баримтыг авч ирсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ багасгаж байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин 4 590 000 төгрөгийг “Бета стар” ХХК-иас гаргуулж, ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгчийг анх 2012 оноос ажилд орсон гэж байна. Гэтэл “Бета стар” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 2015 онд байгуулсан. 8 дугаар сарын 31-ний өдөр ирэх байсан гэж ярьж байна. Гэтэл 7 дугаар сарын 31-ний өдөр ирэх байсан. Анхнаасаа ажил таслах зорилготой байсан байна гэж ойлгогдож байна. Удирдах албан тушаалтанд хэлж байна гэж мессенжерээр зураг явуулсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Мөн билетээ өөрчилсөн гэж байгаа боловч компаниар дамжуулж билет захиалахдаа 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр явж буцаж ирэх хугацаа нь 7 дугаар сарын 29-ний өдөр ирэхээр билет захиалсан боловч дунд нь цуцалж явах хугацаагаа дур мэдэж хойшлуулсныхаа дараа МИАТ-ийн билет авсан байдаг. Энэ байдал нь анхнаасаа ажил таслах зорилготой байсан нь харагдаж байна гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Хуланг "Бета стар" ХХК-ийн ложистик болон агуулах хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэхийг хариуцагч "Бета стар" ХХК-д даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч "Бета стар" ХХК-аас 4 590 000 төгрөгийг /холбогдох суутгалыг хийх гаргуулж, нэхэмжлэгч Г.Хуланд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 888 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 88 390 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.   Нэхэмжлэгч Г.Хулан нь “Бета Стар” ХХК-тай 2015 оны 4 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан тээврийн хяналтын ажилтны албан тушаалд ажилд орсон ба 2015 оны 7 сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орж агуулах болон ложистик хариуцсан ахлах ажилтан гэсэн албан тушаалд томилогдон ажиллах болсон. “Бета Стар” ХХК нь Г.Хулангийн ээлжийн амралтыг хуульд заасан журмын дагуу тооцоолж 2016 оны 6 сарын 23-ны өдрөөс 2016 оны 7 сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар амралтыг олгосон. Мөн Г.Хулангийн өмнөх саруудын илүү цагаар ажилласан 3 хоногийг ээлжийн амралтын хоног дээр нэмж нөхөж амраахаар талууд тохиролцсон. Өөрөөр хэлбэл Г.Хулангийн амралттай байх хугацаа 2016 оны 7 сарын 29-ний өдрийн баасан гаригт дууссан ба тэрээр 2016 оны 8 сарын 01-ний өдрийн даваа гаригт ажилдаа эргэж орох байсан юм. Гэвч Г.Хулан нь тогтоосон хугацаанд ажилдаа ирээгүй буюу 3 хоног ажлаа таслан 2016 оны 8 сарын 04-ний өдөр ажилдаа эргэж ирсэн байдаг. Ингэхдээ байгууллагаас чөлөө аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байдаг. “Бета Стар” ХХК болон Г.Хулан нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 7.3.3.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор ажлын 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг Цуцлаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан.

Иймд дээрх үндэслэлүүдээр 2016 оны 8 сарын 09-ний өдрийн Б/027/016 тоот Захирлын тушаалаар Г.Хуланг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцласан юм.

Г.Хулан нь ажилдаа ирээгүй шалтгаанаа Солонгос улсаас 2016 оны 7 сарын 29-ний өдөр ирэх билетээ "эмээгээ хүлээнэ гэсэн" шалтгаанаар цуцалж, 2016 оны 8 сарын 6-ны өдрийн билет авсан ба Бета Стар ХХК-ийн удирдлагаас яаралтай ир гэхэд нь энэ билетээ цуцалж, 3 сарын 3-ны өдөр МИАТ-ын нислэгээр Улаанбаатарт ирж, 8 сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн гээд шүүх хурлын үеэр энэ асуудлаа хүндэтгэх үзэх шалтгаан гэж үзэж тайлбарласан байдаг. Гэвч хэргийн материалд түүнийг эмээгээ эмчлүүлж байсан, билетээ цуцалсан, 2016 оны 8 сарын 03-ны өдөр Монгол Улсад ирсэн зэргийг нотолж буй ямар нэгэн баримт авагдаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Т.Хулангийн эмээ Солонгос улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлага бий болсон гэдэг нь тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн атлаа "ажилдаа ирж амжихгүй нөхцөл байдлаа мэдэгдэж байсан тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэж үзэх үндэслэлгүй" гэх мэтээр ойлгомжгүй, зөрчилтэй дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Мөн шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримт (мессенжэрийн зураг)-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 40.1, 116.2 дахь заалттай зөрчилдөж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Хулан нь хариуцагч “Бета Стар” ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 4 746 114 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг 3 хоног ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор хөдөлмөрийн гэрээ түүнд орсон өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолт, цахим хэлбэрээр бичсэн чөлөө авах тухай хүсэлтийг цаасан дээр хэвлэж шүүхэд ирүүлжээ./хх-7-18, 22-30/

 

 

Хэргийн оролцогчийн гаргасан дээрх хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолт гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан  “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч ажлаас чөлөө авах хүсэлтээ цахим хэлбэрээр ирүүлснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт байгаа эсэхийг тодруулах замаар уг цахим баримтад хуульд заасан журмын дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар үзлэг хийж нотлох баримтыг бэхжүүлээгүй атлаа үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан нотлох баримт гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөнөөс нотлох чадвараа алдсан байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу, хууль зөрчжээ.

 

Ийнхүү шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

Түүнчлэн хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй маргааны үйл баримтыг дүгнэхэд шаардлагатай баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан гомдолд дурдсан үндэслэлээр  хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1.Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Бета Стар” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                 

                                            ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                     Б.НАРМАНДАХ