Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 137

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Цэрэндалай,

хохирогч Я.А, түүний өмгөөлөгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 316 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр А.Бд холбогдох 201701080134 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ш овогт  А.Б, 1968 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ..............................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../,

          А.Б нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн эхлэн Я.Аэд би том зээл авах гэж байгаа, банкны зээл хаана, банкны зээл хөөцөлдөж байна, банкны ажилтанд мөнгө өгнө гэх мэтээр хуурч, мэхлэх аргаар Я.Аээс удаа дараа мөнгө авч залилсан болох нь:

          1. А.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр нарийн боовны цех ажиллуулж байгаа гэж хэлээд Я.Аээс 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг, нийт 1.226.000 төгрөгийн барааг зээлж хуурч авсан,

          2. Я.Аээс банкны зээл хаана гэж 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн 5374369420 тоот данс руу 9.550.000 төгрөгийг Я.Аийн 5749547412 тоот дансаар шилжүүлэн авсан, мөн өдөр Я.Аийн 5001278431 тоот Хасбанкны данснаас 850.000 төгрөг буюу нийт 10.400.000 төгрөгийг өөрийн 5374369420 данс руу шилжүүлэн хуурч мэхлэн авсан,

          3. Х.Б-ын хугацаа хэтэрсэн зээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй байна гэж Я.Аэд хэлж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн “ХААН” банкны тооцооны төвөөс нь түүний 5749547412 тоот данснаас Х.Б-ын 5031128565 тоот данс руу 5.950.000 төгрөгийг шилжүүлж Я.Аийг хохироосон,

          4. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн “Эхбулагийн ихэр” ХХК-ийн нийгмийн даатгалд 1.000.000 төгрөгийн өртэй учир зээл олгогдохгүй байна гэж хэлж итгүүлж, Я.Аийн 5749547412 тоот данснаас 1.000.000 төгрөгийн өөрийн 5374369420 данс руу шилжүүлэн авсан,

          5. Иргэн Х.Б-ын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө гэж Я.Аээс 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөгийг 2 удаа буюу 6.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан, мөн өдөр Налайх дүүргийн “ХААН” банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

          6. 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөгийг 3 удаа буюу 9.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг 1 удаа, нийт 10.000.000 төгрөгийг мобайл банкаар А.Б нь өөрийн 5374369420 данс руу шилжүүлэн авсан боловч иргэн Х.Б-ын 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөлгүй өөрт шилжүүлэн авсан,

          7. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний зээл хурлаар орж батлагдсан тул эдийн засагчид 3.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэж итгүүлэн Я.Аийн 5749547412 тоот данснаас 3.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан,

          8. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээл батлагдах гээд байна гэж Я.Аэд итгүүлэн 2.000.000 төгрөгийг өөрийн 5374369420 тоот дансаар мобайл банкаар шилжүүлэн иргэн Я.Аийг тус тус хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөгч нь “мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай” санал /1хх-193/-ыг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гаргасан байхад 20 хоногийн дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаар прокурорын тогтоол /1хх-194/-оор мөрдөн байцаалтын хугацааг 15 хоногоор сунгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Прокурорын 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 11а  дугаартай “мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай” тогтоол /1хх-196/-ын олсон нь гэсэн хэсэгт ... “Дорнын говь” ХХК-ийн захирал Ганхуягийг гэрчээр байцаах ажиллагаа хийлгэхээр хугацаа сунгасан боловч уг ажиллагаа огт хийгдээгүй. Иймд “Дорнын говь” ХХК-ийн захирал Г-ийг гэрчээр байцаах нь зүйтэй.

          2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 201701080134 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор А.Б нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн Я.Аээс “би их хэмжээний зээл авах гэж байгаа, банкны зээл хаана, банкны ажилтанд мөнгө өгөх хэрэгтэй байна” гэх мэтээр хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр 43.576.000 төгрөгийг залилж, хуурч авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын “Олсон нь” хэсэгт: ... А.Б нь иргэн Я.Аийг дээрх байдлаар хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж олон удаагийн давтан үйлдээр нийт 43.576.000 төгрөгийг буюу бусдад ноцтой хохирол учруулсан, Я.Аийн амьдралын эх үүсвэр болох “Ургац” нэртэй хүнсний дэлгүүрт эд хөрөнгийн хохирол учирсан байх тул яллагдагчаар татсан зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзээд А.Бг иргэн Я.Аийг хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж олон удаагийн үйлдээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол”-ын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан нь А.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зүйл заалтаар ял сонсгосон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэж оногдуулах ялыг хүндрүүлсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. /2хх-70-74/

          2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт: ...яллагдагч А.Бд холбогдох эрүүгийн 201701020134 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх хуулийн заалтыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно гэж шүүх дүгнэв. Иймд дээрх ажиллагаануудыг хийлгэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр яллагдагч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “... А.Бд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байх бөгөөд мөрдөгчөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, прокурор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд мөрдөн байцаалтын хугацааг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 15 хоногоор, 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 1 сараар тус тус сунгажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн 201701080134 дугаартай хэрэгт хохирогч Я.Аийн мэдүүлэг, гэрч О.Э, Х.Б, Б.О, Д.Ц, А.М, А.Ж нарын мэдүүлгээр А.Б нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн олон удаагийн үйлдлээр, хуурч мэхлэн Я.Аээс 43.576.000 төгрөгийг залилан авч ноцтой хохирол учруулсан нь тогтоогдож байна. Гэтэл шүүгчийн захирамжид “Дорнын говь” ХХК-ийн захирал Г гэгчийг гэрчээр байцаалгах гэж дурдсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Уг этгээдийг ямар зорилгоор, ямар үйл баримтыг нотлуулах, хэргийн шийдвэрлэлтэд тухайн этгээдийн мэдүүлэг яаж нөлөөлөх талаар дүгнээгүй байна.

А.Бд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уг өөрчлөлт оруулж, А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан байна. Энэ нь хэрэгт авагдсан гэрч О.Энхжаргалын “... хүний өмнөөс өндөр хүүтэй мөнгө зээлээд, хүнд байдалд ороод хүмүүс мөнгөө нэхээд манай нөхөр амиа хорлох үйлдэл хийсэн” гэх мэдүүлэг, гэрч А.М-гийн “...аав, ээж 2 миний “Toyota Prius-20” загварын автомашиныг өрөндөө өгсөн, миний цуглуулсан 15.000.000 төгрөгийг надаас аваад энэ хүнд өгсөн. Хохирол учраад байна” гэх мэдүүлэг, гэрч А.Ж-ийн “... энэ хүнд мөнгө залилуулснаас болоод миний сургуулийн төлбөр төлөгдөөгүй... жилийн чөлөө авсан... ахын машиныг өрөндөө өгсөн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд “ноцтой хохирол” учирсан гэх үндэслэлээр зүйлчилсэн. Гэтэл шүүгчээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, оногдуулах ялыг хүндрүүлсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ойлгомжгүй байна. Хэрэв шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзвэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т “Прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” зааснаар хэргийг прокурорт буцаахгүйгээр яллах дүгнэлт засуулах боломжтой ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад боломжгүй гэж дүгнэн хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд А.Бд холбогдох Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 316 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Урьдчилсан хэлэлцүүлгийг хэргийн оролцогч нар хүсэлт гаргаж, эсхүл шүүх санаачилгаараа хийж болно. Энэ хуралдаанаар үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдааг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байсан. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй. Гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болон хэргийн зүйлчлэл зөв эсэх талаар хэлэлцэх ёсгүй. Одоогийн яллагдагчаар татсан зүйлчлэлээр түүний эрх зүйн байдал нь дээрдэж байна. Шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна ...” гэв.

Хохирогч Я.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

Хохирогч Я.Аийн өмгөөлөгч С.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлага байгаагүй. Хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээс харахад “Дорнын говь” ХХК-ийн хувьд А.Бтай хамтарсан асуудал байгаагүй. А.Б харин хохирогчийн мөнгийг авч махны бизнес хийхээр өөрөө ашигласан. Шүүгдэгч А.Бгийн гэм буруугийн асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй гэсэн атлаа шүүгчийн захирамжид ялын шүүмжийн талаар оролцогч нараас ямар нэг хүсэлт гаргаагүй байхад шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс 2 хүсэлт гаргасан. Шүүгдэгч А.Бгийн дундын эд хөрөнгийг битүүмжилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн 2 хүсэлт гаргасан. Яагаад гэвэл А.Б нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд дуудахад ирдэггүй байсан. Гэтэл үүнийг шүүх шийдвэрлээгүй. Прокурорын яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах асуудлыг урьдчилсан хэлэлцүүлэгт шийдвэрлэх боломж байхад хэргийг заавал прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг прокурорт буцаасан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 316 дугаар  шүүгчийн захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэв.

          Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд мөрдөгч нь “мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай” саналыг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гаргасан байхад 20 хоногийн дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаар прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын хугацааг 15 хоногоор сунгасан зөрчил гаргасан байх боловч уг зөрчил нь одоо засагдах боломжгүй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй байна.

          Мөн А.Б нь иргэн Я.Аийг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байх ба “Дорнын говь” ХХК-ийн захирал Ганхуягийг гэрчээр байцаах шаардлагагүй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн дүгнэлт өгч шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

          Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж болно гэж заасан тул прокурорын уг зөрчлийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд А.Бд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 316 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН