Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01367

 

М.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00165 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 945 дугаар магадлалтай,

М.Мы нэхэмжлэлтэй

“Х Н Х Я”, БНСУ дахь “Х Н Х Ү Т”д тус тус холбогдох

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Н Х Я”ны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтнээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл БНСУ дахь “Х Н Х Т”ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16\05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэлээ танилцуулахдаа бүтэц өөрчлөгдсөн гэсэн. Нэхэмжлэгч нь уг ажлаас чөлөөлсөн тушаал гарахаас өмнө жирэмсэн болсон байсан. Энэ талаараа тус төвийн дарга Б.Тэнүүнд хэлсэн боловч хууль зөрчин ажлаас чөлөөлсөн. Иймд БНСУ дахь “Х Н Х Т”ийн мэргэжилтнээр буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Ажлаас халсан тушаалыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч нийтэд илэрхий зүйлийг дахин нотлохгүй гэсэн зарчмын дагуу хуулбар хэлбэрээр гаргаж өгсөн. Хариуцагч Засгийн газрын 55 тогтоолоор тус 2 газар татан буугдсан гэдэг. Гэтэл 55 дугаар тогтоолын 1.7-д Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь “Х Н Ү Т”-ийг нэгтгэнэ гэж байгаа. Татан буулгана гэсэн заалт байхгүй гэжээ.

Хариуцагч “Х Н Х Т” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" 2016 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь “Х Н Ү Т”ийг татан буулгаж, “Х Н Х Т”ны харьяа БНСУ дахь “Х Н Х Ү Т”ийг шинээр байгуулсан. Шинээр байгуулсан БНСУ дахь Хөдөлмөр “Х Н Ү Т”ийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 тоот тушаалаар баталсан ба орон тоо 14 байхаар тогтоосон. БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь татан буугдсан тул жирэмсэн эмэгтэйн ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй. М.Мд ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00165 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 1281.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Х Н Х Т”, Бүгд найрамдах Солонгос улс дахь “Х Н Х Ү Т”д холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч М.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Мы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 945 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Нэхэмжлэгч М.М нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу үзлэг хийж цуглуулсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. “Х Н Х Я”анд Л.Оюунсувд, М.М нарын нэхэмжлэлтэй хэрэгт үзлэг хийсэн бөгөөд уг хоёр хэрэгт адилхан нотлох баримтуудыг нэг ажиллагаагаар цуглуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх М.Мд холбогдох хэрэгт нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн хэрнээ Л.Оюунсувдын нэхэмжлэлтэй хэргийн хувьд нотлох баримтын шаардлага хангасан гэж ялгаатай үзсэн байна. Бид М.Мы нэхэмжлэлд цугларсан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч “Х Н Х Т”, БНСУ дах Хөдөлмөр “Х Н Ү Т”д холбогдуулан тус төвийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй тул хэвээр үлдээж нь зүйтэй гэж үзэв. Өөр этгээдийн нэхэмжлэлтэй ижил маргаан бүхий хэрэгт адилхан нотлох баримтыг үнэлсэн хирнээ энэ хэрэгт нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэнийг буруу гэж үзэж, магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хариуцагчийн зүгээс гаргасан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй /хх-96-131, 141, 134-136 /, шүүх үзлэг хийх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсний улмаас хэрэгт байгаа баримтыг бүрэн дүүрэн, бүх талаас нь үнэлэх боломжгүйд хүргэсэн, улмаар мэтгэлцэх зарчим хэрэгжиж чадаагүй байх ба шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй бөгөөд хуулийн уг шаардлагыг хангасан баримтыг шүүх үнэлэх учиртай юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг оролцуулан, тэмдэглэл үйлдэж, оролцогчдоор гарын үсэг зуруулахаар байхад нотлох баримт бүрдүүлэх зорилгоор үзлэг хийж, баримт бүрдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан бүх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 945 дугаар дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА