Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 638

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Ц.Э түүний өмгөөлөгч Л.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Ц.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005009170149 дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Блюбус ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц.Э. /РД:***/

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн  урд замд Блюбус ХХК-ний эзэмшлийн Хьюндай  Аеро маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Л.Э жолоочтой  Хьюндай  Аеро маркийн 69-81 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Трансбус ХХК-д 1.350.000 төгрөгийн хохирол, Д.Эрдэнэмандал жолоочтой Zhongtong маркийн  09-40 УНБ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг мөргөж Атибус ХХК-д 540.000 төгрөгний хохирол, Жэй Си Дэко Монголиа ХХК-ний эзэмшлийн 134 дугаартай автобусны буудлын саравчийг мөргөж 3.692.404 төгрөгийн хохирол, мөн Хьюндай Аеро маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан зорчигч Ж.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн  урд замд Блюбус ХХК-ний эзэмшлийн Хьюндай  Аеро маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Л.Э жолоочтой  Хьюндай  Аеро маркийн 69-81 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Трансбус ХХК-д 1.350.000 төгрөгийн хохирол, Д.Эрдэнэмандал жолоочтой Zhongtong маркийн  09-40 УНБ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг мөргөж Атибус ХХК-д 540.000 төгрөгний хохирол, Жэй Си Дэко Монголиа ХХК-ний эзэмшлийн 134 дугаартай автобусны буудлын саравчийг мөргөж 3.692.404 төгрөгийн хохирол, мөн Хьюндай Аеро маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан зорчигч Ж.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 4-5 дугаар хуудас/,

      Хохирогч Ж.Оюунчимэгийн “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би ажил  руугаа явах гээд Цамбагарав автобусны урд талын буудал дээрээс 12 цагийн үед Мах импекс Улаанхуаран гэсэн автобусанд суусан юм. Намайг автобусанд ороход бүх суудал дээр хүмүүс суучихсан байхаар нь би дунд хаалганы харалдаа зүүн талын суудлын бариулаас нэг гараараа бариад нөгөө гараараа цонхны голын бариулаас бариад явсан юм. Тэгсэн 3 дугаар эмнэлгийн урд замаар автобус ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байгаад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал орохоос 100 метрийн зайтай явж байгаад гэнэт түс тас болоод явчихсан. Нэг мэдсэн би голын хаалганы урд талын сандлын харалдаа газар уначихсан байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс болгоомжтой яваач хүн алах гэж байна гэсэн чинь автобусны жолооч гарч ирээд автобус тоормосгүй болчихлоо гэж байсан. Тэгээд автобусанд байсан хүмүүс буугаад байсан. Намайг хоёр хүн босгоод сандал дээр суулгаж өгсөн. Тэгээд би сандал дээр сууж байхад цагдаа орж ирээд юу болсон гэхээр нь би болсон явдлыг хэлж өгсөн.

      ... Тэгээд би эмнэлэгт үзүүлээд зургийг нь авхуулсан чинь зүүн хөлийн өвдөгний хавтан яс нь хугарсан байна гэсэн. Тэгээд намайг эмч нар хагалгаа хийлгэх үү өөрөөр нь эдгээх үү гэхээр нь би өөрөөр нь эдгээнэ гээд эмнэлэгт 1 хоног хэвтээд гарсан.

      ... Гомдолтой байна. Зүгээр автобусанд үйлчлүүлж явж байж гэмтчихсэн байна. Эмчилгээний зардалд 450.939 төгрөг, цалинд 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөг бүгд нийт 5.450.939 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/,

      Гэрч Д.Эрдэнэмандалын “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би Зайсан-Сүлжмэл гэсэн чиглэлд том оврын автобусны жолоочоор ажиллаж байсан юм. Тэгээд тэр өдөр 12 цагийн үед Зайсангийн эцэс орох гээд 3 дугаар эмнэлгийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн  чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр явж байхад миний урд байсан явган хүний гэрэл дохиотой гарцан дээр улаан гэрэл асаад явган хүний гарцаар хүмүүс гарцаар зам хөндлөн гараад миний урд нэг жижиг машин зогсож байхаар нь би ард нь зогссон. Тэгээд ногоон гэрэл хүлээгээд зогсож байтал гэнэт араас түс хийх чимээ гараад нэг юм миний автобусны араас мөргөсөн. Тэгээд би буугаад ирсэн чинь автобусны араас нэг автобус мөргөчихсөн, тэрний араас бас нэг автобус мөргөчихсөн, 2 дугаар  эгнээ рүү хальт орсон маягтай нэг автобус зогсож байхаар нь юу болов гэсэн чинь тоормос гишгээд зогсож амжилгүй мөргөчихлөө гэж байсан.

... Тэгээд би хамгийн арын автобус руу орсон чинь нэг настай эмэгтэй шалан дээр суучихсан байхаар нь та зүгээр үү босож чадах нуу гэсэн чинь би хөлөө мэдрэхгүй байна гэхээр нь би түргэнд өөрийн 80076088 гэсэн дугаараар дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2878 дугаартай:

“1. Ж.Оюунцэцэгийн биед зүүн шаант дунд чөмөгт ясны үе дайрсан сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 62-63 дугаар хуудас/

Ашид Билгүүн ХХК-ны Сурталчилгааны гэрэлт самбарыг автомашин мөргөснөөс учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг 3.692.404 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 71-74 дүгээр хуудас/,

Виннер Вэй ХХК-ны Hyundai Aero city 570 маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.107.200 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 75-79 дүгээр хуудас/,

      Илт хөрөнгө ХХК-ны Zhongtong LCK6103 маркийн 09-40 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 380.000 төгрөгийн хохирол учирсаныг тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 82-84 дүгээр хуудас/,

      Мастер үнэлгээ ХХК-ны Hyundai Aero city 540 маркийн 69-81 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.350.000 төгрөгийн хохирол учирсаныг тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 87-89 дүгээр хуудас/,

      Мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №61 дугаартай “... Жолооч Цэвэлдорж овогтой Энхбат нь Х.Аеро маркийн **-** УНИ дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хэргийн 189-190 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Ц.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.Оюунцэцэгийн “миний бие Ц овогтой Э-д нэхэмжлэх зүйл байхгүй болно. Бэлнээр 700.000 төгрөгөөр авч эмчилгээний хохирлоо төлүүлсэн учир гомдол санал байхгүй. Шүүх хуралд биеэр оролцож чадахгүй тул хүсэлтийг минь хүлээж авч хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 209 дүгээр хуудас/ хэрэгт авагджээ.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Э.Дөлгөөний “... Манай байгууллагаас ямар нэгэн санал гомдол байхгүй. Шүүхээс хэрэг буцсаныг мэдсэн. Шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 198 дугаар хуудас/,       

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Отгонзаяагийн “... Би байгууллагынхаа хуулийн асуудлыг хариуцаж байгууллагынхаа өмнөөс оролцдог юм. Надад өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Манай байгууллага нь Энхбатад ямар нэгэн санал гомдол байхгүй бөгөөд хохирлоо төлүүлж  авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 201-202 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Санжаасүрэнгийн “... Манай байгууллагаас ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан. Шүүх хуралд оролцохгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 206 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.Батбаатарын “Манай байгууллагаас ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан ба уг автобусны буудал нь хэвийн ажиллаж байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 208 дугаар хуудас/ тус тус авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

     Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Эыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ц.Э торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хураагдсан зүйлгүй, Ц.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.АЛТАНХУЯГ