Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 650

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч У.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас  *** овогт У.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005019561131 дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

     Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ-Анагаах ухааны их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, Баянгол дүүргийн ***дугаар хороо *** дүгээр хороолол **-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***. /РД:***/

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч У.Энь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Гранд хилл зочид буудлын гадна иргэн А.Чоймаатай гудамжинд шээлээ гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хацар хэсэгт гараараа 2 удаа цохин газарт унаган толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч А.Чоймаагийн “2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр миний бие хорооллын 50 дугаар байрны хажууд найзтайгаа уузаж хүний  гурав, гурван пиво ууж дуусгаад дүү Гантулгыг дуудаад гэртээ харья гээд байж байтал хажууд 7,8  согтуу залуучууд зогсож байсан. Тухайн залуучуудын нэг нь гудамжинд ил задгай шээж байхаар нь би тухайн залууд хандаж чи наанаа яагаад бие засаад байгаа юм бэ гэтэл тэр залуу чамд ямар хамаатай юм ална шүү гэж надад хэлэхээр нь тоолгүй цааш явж байтал манай дүү Гантулга хүрч ирсэн. Тэгээд бид хоёр цааш явж байтал нөгөө шээж байсан залуу хамт байсан хүмүүсээ дагуулж араас ирээд хэрүүл маргаан үүсгээд байж байтал дээгүүрээ эрээн өнгийн фудволк өмссөн эрэгтэй миний зүүн талын хацар луу гараараа нэг удаа цохиж газар унагасан. Би газар унаад нүүрээ дараад хэвттэл тухайн хүмүүсийн хэн, хэн гэдгийг нь би нүүрээ хоёр гараараа дарчихсан байсан болохоор харж чадаагүй. Ямар ч байсан миний толгой руу тухайн хүмүүс хөлөөрөө нилээн олон удаа өшиглөж байгаад больсон. Тэгээд тухайн хүмүүс намайг зодчихоод өөрсдийн унаж явж байсан машин дээрээ очоод байж байтал хоёр цагдаа ирээд намайг болон тухайн залуучуудыг авч яваад цагдаагийн газар авчирсан.

... Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Санал хүсэлт байхгүй. Манай дүү Гантулга бид хоёр явж байтал тухайн 7,8 залуучууд араас ирээд хэрүүл маргаан хийж байгаад эрээн өнгийн фудволк өмссөн эрэгтэй хүн миний зүүн талын хацар луу гараараа нэг удаа цохиж газар унагасан.

... Миний зүүн талын хацар хавдаж хоёр нүд маань хөхөрч хавдсан. Мөн баруун нүдний доод зовхи язарсан. ... Эмчилгээний зардлаа төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

“... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнхжаргалын “... миний шээс хүрээд гудамжинд бие засах гэж байтал нэг танихгүй эрэгтэй хүн намайг наанаа бие засахаа болиоч гэсэн. Би тухайн үед бие засаж амжаагүй байсан болохоор тухайн эрэгтэй хүнд хандаж би бие засаагүй байна, чамд ямар хамаатай юм гэхэд тухайн эрэгтэй хүн олон юм яриад байхаар нь би тухайн эрэгтэй хүнтэй маргалдаж байтал Эрдэнэбаяр, Билгүүнээ, Бат-Эрдэнэ, Амарсайхан дөрөв машинаас бууж ирээд Билгүүнээ намайг тухайн залуугаас холдуулаад байж байтал Эрдэнэбаяр тухайн эрэгтэй хүний нүүр лүү нь  хоёр удаа гараараа цохиж унагаагаад унасных нь дараа нь хөлөөрөө хэд гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан нэгээс хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл манай хэд гүйж очоод Эрдэнэбаярыг тухайн эрэгтэй хүнээс салгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Билгүүнээгийн “... Тэгтэл Маараа, Эрдэнэбаяр, Бат-Эрдэнэ гурав машинаас бууж ирээд тухайн залуутай маргалдаж байгаад нэг хартал тухайн залууг газар унагаачихсан. Эрдэнэбаяр нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдахаар нь би болон Бат-Эрдэнэ, Маараа бид гурав явж очоод Эрдэнэбаярыг тухайн залуугаас салгаад байж байтал тухайн залуу газраас босоод ирсэн. Тэр залуу газраас босч ирэхэд баруун талын хацар нь хавдчихсан байсан.

... Би тухайн эрэгтэй хүний биед нь огт халдаагүй. Харин Эрдэнэбаяр халдсан. Нэг харсан чинь тухайн эрэгтэй хүн газар уначихсан Эрдэнэбаяр толгой руу  нь хөлөөрөө өшиглөж байхаар нь би гүйж очоод Эрдэнэбаярыг тухайн эрэгтэй  хүнээс салгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/,

      Гэрч А.Бат-Эрдэнийн “... гэтэл Эрдэнэбаяр Мөнхжаргалыг өмөөрөөд тэр залуутай маргалдаад зууралдаж байгаад яаж гэдгийг нь мэдэхгүй, тухайн эрэгтэйг газар унагаачихсан хаашаа нь гэдгийг нь хараагүй ямар ч байсан Эрдэнэбаяр хөлөөрөө өшиглөж байхаар нь Маараа, Билгүүнээ, Мөнхжаргал, бид дөрөв Эрдэнэбаярыг тухайн эрэгтэйгээс салгаад зайдуухан зосгож байтал цагдаа нар ирээд бид нарыг авч яваад цагдаагийн газарт авчирсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/,

      Гэрч А.Амарсайханы “... Эрдэнэбаяр Мөнхжаргалыг өмөөрөөд тухайн эрэгтэй хүнэтэй маргалдаж байгаад хувцаснаас нь татаж газар унагаагаад тухайн эрэгтэй хүний нүүр лүү нь баруун гараараа хоёр удаа цохиод хөлөөрөө хэд гэдгийг нь мэдэхгүй, өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6450 дугаартай:

“1. А.Чоймаагийн биед тархи доргилт, баруун зүүн дээд зовхинд цус хуралт, баруун доод зовхинд шарх, зүүн доод зовхинд зулгарал, зүүн хацар, эрүүнд цус хуралт, баруун сарвуун ар гадаргууд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Натур эмнэлэг компьютерт томографийн оношилгоо. /хэргийн 29 дүгээр хуудас/,

У.Эрдэнэбаярын яллагдагчаар өгсөн “... Тухайн үед манай найз Мөнхжаргал, Чоймаа нар хоорондоо маргалдаад байсан юм. Тэгээд тэр хоёрыг манай найзууд салгахад тухайн эрэгтэй хүн нь надтай маргалдаад байхаар нь миний уур хүрээд баруун гараараа нүүр лүү нь хоёр удаа цохиж газар унагаагаад толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Шүүгдэгч У.Э нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Гранд хилл зочид буудлын гадна иргэн А.Чоймаатай гудамжинд шээлээ гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хацар хэсэгт гараараа хоёр удаа цохин газарт унаган толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

      Хохирогч А.Чоймаагийн “... миний бие зодсон гэх хүмүүстэй сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлоо нөхөн төлүүлсэн. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шүүж өгнө үү хэмээн хүсэж байна” гэсэн хүсэлт /хэргийн 57 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

        Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч У.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Эрдэнэбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Эторгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Эторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, У.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ