| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0155/э |
| Дугаар | 2020/ШЦТ/158 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/158
2020/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт Дын Тд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...... аймгийн ...... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, малчин, Ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт ...... аймгийн ............. сумын ...... баг, ...........гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Н овогт Дын Т, РД:;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр...... аймгийн ..... сумын .... багийн ...........гэх газар насанд хүрээгүй хохирогч Б.Өыг “хонио нийлүүлэх гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Б.Өын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Б.Өын өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед хониндоо яваад байж байхад Архангай аймаг Өндөр-Улаан сумын Хануй багийн иргэн Д овогтой Т гэх залуу манай хонь руу өөрийнхөө хонийг шахаад нийлүүлэх гээд байхаар нь би та хонио аваач, хонь нийллээ гэж хэлэхэд юу гээд байгаа пизда вэ, чи өөрөө хонио ав. Мал бэлчээртэй явж байна гээд хэрүүл хийсэн. Тэгээд Д.Т гэх залуу миний гарыг барьж аваад зүүн гараараа баруун талын шанаа руу цохиж, газар унагаж миний дээр мордож байгаад цохиод байсан. Би та болиоч гээд хоёр гараараа нүүрээ хаахад хаасан талаас өөр газар луу цохиод байсан. Тэгээд би уучлаарай ах, хоёулаа больё гэж хэлэхэд чи муу намайг босч ирээд зодох гэж байна уу гээд дахиад миний зүүн талын шанаа руу цохиод байсан. Д.Т намайг зодож байх хугацаанд бид хоёрын хонь нийлсэн байсан. Тэгээд би гэртээ харьж өөрийн төрсөн эгч Ат Д.Т ах намайг зодлоо гэж хэлсэн. Эгч төмс хуваагаад миний нүдэн дээр тавьж өгсөн. Миний биед зүүн талын нүд хөхөрч хавдсан, толгой хэд хэдэн газар товойж хавдаж, баруун талын гарын ядам хуруу тулгарсан байсан. Миний толгой өвдөж удаан суухаар нуруугаар хатгаж өвдөж байна. Д.Тд цохиулсан нүд салхинд явахаар нулимс гараад байгаа. Манайх Өндөр-Улаан сумын Хануй багтай хил залгаа байдаг. Манай гэр Д.Т ахын гэрээс 1 км хүрэхгүй зайтай. Тийм болохоор манай хоёрын мал ойрхон бэлчээрлэж явдаг. Бидний дунд ямар нэгэн өс хонзон байхгүй. Би гомдолтой байна. Намайг зүгээр хонь нийллээ гэж хэлэхэд зодож миний бие эрүүл мэндэд халдсан. Би эмчилгээ хийлгэсэн зардал болон замын унааны зардлаа гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/,
Гэрч Т.Сын өгсөн: “...Б.Ө бол миний төрсөн хүү байгаа юм. Д.Тг бол танина. Өндөр-Улаан сум, Хануй багийн иргэн. Манайхтай гэр нь ойрхон байдаг. Ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. 2020 оны 05 дугаар сард би нөхөртэйгөө хамт хонио Мацаг толгой ар гэх газар луу шахаж орхисон. Тэгээд 16 цагийн үед хүүдээ хониндоо яваарай гэж хэлээд нөхөр бид 2 айл руу явсан. Тэгээд бид 2 айлдаа очоод байж байхад манай охин А утсаар залгаж дүү Өыг Д.Т зодсон байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө гэрт ирэхэд манай хүү толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан. Тэгээд тэр шөнө багийн эмчид дуудлага өгөх гэхэд эмчийн утас болохгүй байсан. Тэгээд тэр шөнө гэртээ харж хоноод маргааш өглөө нь багийн эмч ирж үзээд тархи, нугасандаа гэмтэлтэй байж магадгүй, 2 хоног гэртээ ажиглаж, хамаагүй битгий хөдлөгө гэж хэлсэн. Тэгээд бид хүүгээ 2 хоног гэртээ харж байгаад сумын төв рүү эмнэлэгт авчирч үзүүлсэн. Сумын эмч үзээд тархи дотор ямар гэмтэлтэй байгааг бид нар мэдэхгүй. Аймаг явж рентген зураг авахуул гэж хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр аймагт ирж гэмтлийн эмчид үзүүлж, тархины рентген зураг авахуулсан. Гэмтлийн эмч гадна талдаа гавлын яс гэмтэлгүй, дотор талдаа гэмтэл байгааг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед бид нар сумын эмчдээ үзүүлээд биеийн байдлыг нь харсан. Сумын эмч та нар хүнд зодуулсан бол цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлэхэд нь 05 дугаар сарын 11-ний өдөр аймагт ирж гэмтлийн эмчид үзүүлэх үедээ цагдаад шалгуулахаар өргөдөл гаргасан. Манай хоньтой Д.Тгийн хонь нийлэх гээд байхаар нь манай хүү Д.Тг та хонио ав, хонь нийллээ гэж хэлэхэд зодсон гэж манай хүү надад хэлсэн. Малын бэлчээрээс болж зодсон гэж бодож байна. Манайх сүүлийн 3 жил айл саахалт явж байна. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/,
Гэрч Д.Тгийн өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр адуугаа хурааж ирээд дааганыхаа арангыг аваад байж байхад манай хонь Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн иргэн Б гэх айлын хоньтой нийлэх гээд байж байхаар нь би хониндоо явж өөрийнхөө тасарсан хонийг нийлүүлээд байж байхад Б.Ө хонио туугаад явж байсан. Тэгээд би Б.Ө дээр очиж уулзаад ахын дүү ганц удаач гэсэн хонио зөрүүлж байгаач гэж хэлэхэд танайх энд байдаггүй айл биз дээ, танай газар нутаг биш гээд байсан. Би Өт ахын дүү насаараа айл аймаг явна гэж хэлэхэд тоохгүй хонио туугаад яваад байсан. Тэгээд би Өыг ахын дүү намайг зодмоор байгаа юм уу гэж хэлээд гарыг нь барьж аваад баруун талын шанаанд цохисон чинь намайг зөрүүлээд баруун талын шанаанд цохихоор нь би газар унагааж байгаад дээрээс нь 2 гараараа нүүр, толгой руу нь цохиж байхад Ө 2 гараараа нүүрээ дараад хамгаалаад байхаар нь ар дагзруу нь нэг удаа гараараа цохисон. Ө уйлаад агаа больё гээд байхад нь би дахиж гар хүрээгүй. Тэгээд би гэртээ хариад аав, ээж хоёртоо би хонин дээр байхдаа Өыг зодчилоо гэж хэлсэн. Би Өын зүүн талын нүдэнд ганцхан удаа, ар дагз руу нь 2 удаа цохисон. Би Өыг айлгах гэж бие, эрх чөлөөнд нь халдсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би эм, тарианы мөнгийг нь өгч байгаа. Цаашид хохирол гомдлыг нь бүрэн барагдуулна....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
Гэрч Ц.Дын өгсөн: “...Б.Ө манай саахалт айлын хүүхэд байгаа юм. Төрөл садангийн холбоогүй. Харин Д.Т нь миний хүү байгаа юм. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай хүү Д.Т адуугаа хурааж ирээд дааганы аранга авч байсан. Манай хонь Мацаг толгой ар гэх газар Бы хоньтой ойртож нийлэх гээд байсан болохоор хүү Д.Т хониндоо явсан. Тэгээд манай хүү удалгүй хониноос ирээд би Б.Өыг зодлоо гэхэд нь би юунаас болоод зодсон юм бэ гэж асуухад Б.Ө та хонио аваач, манай малын бэлчээр дээр байгаад байна. Танайх энд байх ёсгүй, айл малын хашаагаа ав гээд хэрэлдээд байхаар нь зодсон гэж хэлсэн. Тэгээд би хонь руугаа очиход манай хоёрын хонь нийлсэн, Б.Ө уйлсан, эгчтэйгээ хонио ялгах гээд байж байсан. Тэгээд би дүү нар сайн байна уу гэхэд Б.Ө муу байна пизда минь та нарыг бүгдийг чинь шүүхэд өгнө гээд байсан. Би хонио ялгаад гэртээ харьсан. 05 дугаар сарын 03-ны өдөр би Б.Өынд очиход эмч ирсэн Өыг үзээд дуслаар шингэн хийж байсан. Тэгээд би Б.Өын ээжид та бид нарын малын бэлчээрийн хэрүүлээс болж ийм байдал хүрж байна. Одоо энэ байдлаа зогсоосон дээр байх гэж хэлсэн. Тэгсэн Б.Өын ээж эм тариа нааш, цааш явсан зардал мөнгийг 05 дугаар сарын 08-наас өмнө өгөөрэй гэж хэлэхэд нь би гарсан зардал мөнгийг өгнө, хүүхэд зүгээр болж байвал гэж хэлээд гэртээ харьсан. Намайг Б.Өын гэрт нь очиход зүүн талын нүдний доод зовхи хөхөрсөн, эрүүний доод хэсэг улайсан байсан. Б.Ө орондоо орсон хэвтэж байсан. Өөр ил харагдах шархгүй байсан. Манайх Б.Өын эмчилгээнд гарсан зардал мөнгийг өгч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/,
Гэрч Ч.Оийн өгсөн: “...Би Б.Өыг танина. Манай багийн хүүхэд, ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Харин Д.Т гэх хүнийг танихгүй, манай сумын хүн биш. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед Эрдэнэ-Уул багийн Жан гэх газраас иргэн С утсаар залгаад манай хүү Б.Өын толгой өвдөөд, дотор нь муухай оригоод огиулж бөөлжөөд байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу би Б гэх айлд очиход хүү Б.Ө нь орон дотроо хэвтэж байсан. Тэгээд би биед нь үзлэг хийхэд биеийн байдал дунд зэрэг орчиндоо харьцаатай, асуултанд зүгээр хариулж байсан. Зүүн талын нүд нь эргэн тойрон хөхөрсөн хавдаж улайсан, эрүү доод хэсэгт жаахан улайж зулгарсан байсан. Тэгээд би өвчин намдаах эмчилгээ болон үрэвслийн эсрэг тариа, тархины хаваншил үүссэн байж магадгүй гэж хаван хөөх тариа, цус алдаж магадгүй гэж бодоод цус алдалтын эсрэг тариа хийсэн. Намайг үзэхэд нүд нь хөхөрч хавдсан байсан. Өөр ил харагдах хөхрөлт няцралт байхгүй байсан. Би анхан шатны үзлэгийн бичиг хийж өгсөн. Намайг дуудлагаар очиход өчигдөр орой хаяаны айлын залууд зодуулсан гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/,
Гэрч Г.Дын өгсөн: “...Би Д.Тг танина, багын найз байгаа, ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Б.Өыг танихгүй. Бид хоёр найзлаад удаж байна. Бага байхаас эхлээд найзлаж эхэлсэн. Миний найз Д.Т хүнд тусархуу, зан ааш сайтай дөлгөөн зантай хүн байгаа. Архи, тамхи хэрэглэдэггүй. Д.Т нь эхнэр хүүхэд аваагүй аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Өндөр-Улаан сум Хануй багт мал маллаж амьдардаг. Би хамт сургуульд сурч байгаагүй. Би Архангай аймагт сурч байсан. Найз Д.Т нь Эрдэнэт хотод сурч төгссөн, ямар сурлагатай байсаныг би мэдэхгүй байна. Миний найз сургуулиа төгсөж ирээд мал дээр гарч мал маллаж эхэлсэн. Д.Тгийн аав Д ах 2019 онд мянгат малчин болж байсан. Манай найз эхнэр авч гэр бүл болоогүй байгаа. Өөрийн нэр дээр мал тоолуулаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/,
Гэрч Н.Лийн өгсөн: “...Д.Т нь миний хадам талын хамаатан. Б.Ө бол манай нутгийн хүүхэд байгаа юм. Д.Т бол дөлгөөн зантай хүүхэд байгаа юм. Ямар нэгэн буруу зуршил байхгүй. Архи, тамхи хэрэглэдэггүй, ажилд сайн хүүхэд. Д.Т нь Ам бүл 5. Аав, ээж, дүү нарын хамт Өндөр-Улаан сумын Хануй багт мал маллаж амьдардаг. Гэр бүл зохиогоогүй. Тэр хаана, ямар сургуульд сурсныг нь мэдэхгүй байна. Дээд сургуульд сурч байгаагүй. Бүрэн дунд боловсролтой. Сургууль төгсөөд мал дээр гарч, мал маллаж эхэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/,
Яллагдагч Д.Тгийн өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар бүгдийг нь хэлсэн, өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би Б.Өыг айлгах гэж байгаад биед нь хөнгөн хохирол учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/,
Хохирогч Б.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шижнээч эмч С.Х-н 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай
1. Б.Өын биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, эрүүн доор зулгаралт, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
-Эрүүн дор зулгаралт, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30 хуу/,
Хохирогч Б.Өын биед үзлэг хийсэн тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн эмч Ч.Оийн тодорхойлолт /хх-ийн 32-33 хуу/,
Хохирогч Б.Өын зодуулсан гэх зураг /хх-ийн 34 хуу/,
Н овогт Дын Т /РД:АД/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 хуу/,
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн засаг даргын2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52-53 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ....... аймгийн ....... сумын ........багийн...............гэх газар насанд хүрээгүй хохирогч Б.Өыг “хонио нийлүүлэх гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Б.Өын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Т үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Өын өгсөн: “...Тэгээд Д.Т гэх залуу миний гарыг барьж аваад зүүн гараараа баруун талын шанаа руу цохиж, газар унагаж миний дээр мордож байгаад цохиод байсан. Би та болиоч гээд хоёр гараараа нүүрээ хаахад хаасан талаас өөр газар луу цохиод байсан. Тэгээд би уучлаарай ах, хоёулаа больё гэж хэлэхэд чи муу намайг босч ирээд зодох гэж байна уу гээд дахиад миний зүүн талын шанаа руу цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/, гэрч Т.Сын өгсөн: “...Манай хоньтой Д.Тгийн хонь нийлэх гээд байхаар нь манай хүү Д.Тг та хонио ав, хонь нийллээ гэж хэлэхэд зодсон гэж манай хүү надад хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/, гэрч Ц.Дын өгсөн: “...Тэгээд манай хүү удалгүй хониноос ирээд би Б.Өыг зодлоо гэхэд нь би юунаас болоод зодсон юм бэ гэж асуухад Б.Ө та хонио аваач, манай малын бэлчээр дээр байгаад байна. Танайх энд байх ёсгүй, айл малын хашаагаа ав гээд хэрэлдээд байхаар нь зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/, гэрч Ч.Оийн өгсөн: “...Намайг дуудлагаар очиход өчигдөр орой хаяаны айлын залууд зодуулсан гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/, яллагдагч Д.Тгийн өгсөн: “...Би Б.Өыг айлгах гэж байгаад биед нь хөнгөн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/, хохирогч Б.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шижнээч эмч С.Хишигмаагийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т нь насанд хүрээгүй хохирогч Б.Өыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, эрүүн доор зулгаралт, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Өын биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, эрүүн доор зулгаралт, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт гэмтэл учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна гэх шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191 дугаартай дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Тг хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Д.Т нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.
Иймд шүүгдэгч Д.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Тгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд уг хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноос хойш тухайн гэмт хэрэг нь үйлдэгдсэн байх тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 62 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирлоо бүрэн төлүүлсэн тул ямар нэгэн гомдол саналгүй /хх-ийн 56 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Дын Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ