Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00723

 

 

 

 

 

 

    2017 оны 02 сарын 23 өдөр           Дугаар101/ШШ2017/00723       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 18-392 тоотод оршин суух, Боржигон овогт Ёндонцэрэнгийн Отгонбаяр /РД:ШД73110702/, Боржигон овогт Доржпүрэвийн Даваасамбуу /РД:ЧЙ74080974/, Боржигон овогт Даваасамбуугийн Мөрөн /РД:УШ97072221/ нарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 28-616 тоотод оршин суух, Хушуут овогт Чулууны Ундармаа /РД:ЦБ77022502/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 28-616 тоотод оршин суух, Боржигон овогт Чулууны Ундраа /РД:ЦБ75060248/ нарт холбогдох

8,170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Даваасамбуу, Ё.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.         

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Даваасамбуу, Ё.Отгонбаяр, Д.Мөрөн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Ундармаа, Ч.Ундраа нар нь бидний нэр дээрх Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мөрөн" 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл сарын 550.000 төгрөгөөр түрээслэхээр амаар гэрээ байгуулсан. Ч.Ундармаа, Ч.Ундраа нар нь 2016 оны 05 дугаар cap хүртэл дээрхи дэлгүүрийг түрээслэн ажиллаж байгаад хаалгыг нь түгжээд гэнэт алга болсон. Ингээд Ч.Удармаагийн охин Жаргалангийн 91670905 дугааын утас руу нь холбогдоход “мөнгөтэй болохоороо очиж төлбөрийг чинь төлнө. Оросод наймаа хийж байна" гэдэг болсон. Мөн дэлгүүрт Ч.Ундармаа нь өөрийн танилаа дагуулан ирж камер суулгуулсан. Түүний дэлгэцний 450.000 төгрөгийн Ё.Отгонбаяр миний бие бэлнээр өгсөн. Гэвч хариуцагч явахдаа тэрхүү миний төлбөр төлсөн дэлгэцийг салгаж аваад явчихсан. Иймд хариуцагч нараас 2015 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 180.000 төгрөг, 2015.12 дугаар сараас 2016.10 дугаар cap хүртэлх түрээсийн төлбөр  6.050.000 төгрөг, камерын дэлгэцний төлбөр 450.000 төгрөг, нам даралтын зуухны 1.000.000 төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 90.000 төгрөг, нүүрсний үнийн үлдэгдэл 400.000 төгрөг, нийт 8.170.000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Даваасамбуу, Ё.Отгонбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.Ундармаа, Ч.Ундраа нарт 2015 оны 5 сарын 19-нөөс эхлэж дэлгүүрээ түрээслээд 2015.06.19-нийг хүртэлх 1 сарын түрээс авахгүй гэж тохиролцсон. 7, 8, 9, 10 сарын 19 хүртэлх түрээсээ цувуулж, мөн бараа оролцуулж авсан. 2015 оны 11 сарын 19 хүртэлх түрээснээс 180,000 төгрөг дутуу өгсөн. 2015 оны 12 сараас хойш огт түрээсээ өгөөгүй. 2016 оны 4 сард очиход дэлгүүрийг түгжээд явчихсан байсан. 2015 оны 10 сард манайх байр руугаа нүүгээд хашаанд Ундрах, Ундармаа нар үлдсэн. Ингэхдээ өөрсдийн худалдаж авсан 5 тонн нүүрс байснаа 400,000 төгрөгөөр худалдсан. Түрээслэх хугацаанд дэлгүүрт камер суурилуулах шаардлагатай гээд 450.000 төгрөгөөр камер суурилуулсан. Гэтэл явахдаа уг камерийг аваад явсан байсан.  Мөн түрээсийн төлбөрт тооцно гэж тохиролцоод 1.000.000 төгрөгөөр нам даралтын зуухтай халаалт тавиулсан. Тэр нь ямар ч шаардлага хангаагүй. Одоо болтол халахгүй байж байгаа. Цахилгааны төлбөрийн үлдэгдэл 90,000 төгрөг төлөөгүй байсныг манайх төлсөн. 2015 оны 12, 2016 оны 1, 2, 3 сарын түрээсээ болон худалдан авсан нүүрсний үнээ төлөөгүй талаараа бичиж өгсөн баримтыг хэрэгт өгсөн. Нийт 8.170.000 төгрөг нэхэмжилсэнээ дэмжиж байна ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Даваасамбуу, Ё.Отгонбаяр, Д.Мөрөн нар хариуцагч Ч.Ундармаа, Ч.Ундраа нарт холбогдуулан “түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6,230,000 төгрөг, камерны дэлгэцийн төлбөр 450,000 төгрөг, нам даралтын зуухны үнэ 1,000,000 төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 90,000 төгрөг, худалдсан нүүрсний үнэ 400,000 төгрөг, нийт 8,170,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Ундраад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, хариуцагч Ч.Ундармаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхөд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус гардуулж өгсөн.

Хариуцагч Ч.Ундраа нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсанаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, хариуцагч Ч.Ундармаа, түүний төлөөлөгч Д.Батмөнх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулсан байх бөгөөд түрээслэгч нар өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн 18 дугаар гудамжны 392 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг түрээслэгчид дэлгүүрийн зориулалтаар түрээслүүлэхээр шилжүүлэн өгөх, түрээслэгч нь хөлс төлөхөөр тохиролцсон, мөн 5 тонн нүүрсийг 400,000 төгрөгөөр худалдсан болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал маргаагүй.

Талууд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

Үл хөдлөх хөрөнгө түрээслэх тухай дээрх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд талуудад түрээсийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэвч хариуцагч нар нь бодит байдалд нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зориулалттай байрыг 2016 оны 4 дүгээр сар хүртэл ашиглаж, хүлээлгэн өгөлгүй цоожлоод явсан үйл баримт тогтоогдсон байна.

Иймээс хариуцагч нарыг бусдын эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нар нь хөрөнгөө бодитоор бусдын эзэмшилд байсан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д, худалдсан нүүрсний үнийг иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тус тус хариуцагч нараас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх үедээ 1 сарын төлбөр 550,000 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч нар 2015 оны 7, 8, 9, 10 сарын төлбөрийг төлж барагдуулсан, 2015 оны 11 сарын төлбөрт 180,000 төгрөг дутуу төлсөн, 2015 оны 12, 2016 оны 1, 2, 3 сарын төлбөр төлөөгүй, цахилгааны хөлсөнд 270,000 төгрөг төлөх, худалдсан нүүрсний үнэд 400,000 төгрөг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ нь нэхэмжлэгч нарын тайлбар, хэргийн 3-р талд авагдсан баримт зэргээр тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 Нэхэмжлэгч нар 2016 оны 10 сарыг хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжилж байх боловч 2016 оны 4 сараас хойш хариуцагч нар уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшээгүй болох нь нэхэмжлэгч Ё.Отгонбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нарыг 2016 оны 10 сарыг хүртэл ашиглаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Төлбөрийг 2016 оны 4 сар хүртэл үл хөдлөх хөрөнгийг эзэмшил, ашиглалтдаа байлгасныг бодитой буцаах боломжгүй тул уг үр дагаврыг нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсэн бол сард 550,000 төгрөг олох боломжтой байсан гэж үзэн 2015 оны 11 сарын дутуу 180,000 төгрөг, 2015 оны 12 сар, 2016 оны 1, 2, 3 сард 2,380,000 төгрөг төлөх үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нарын хувьд үүсэх тул 2,380,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Талуудын хооронд 5 тонн нүүрсийг 400,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, худалдан авагч болох хариуцагч Ч.Ундармаа, Ч.Ундраа нар үнийг төлөөгүй болох нь тогтоогдсон, хариуцагч нар маргаагүй тул 400,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагч нарыг 2016 оны 4 сар хүртэлх цахилгааны хөлсөнд 270,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч Ё.Отгонбаяр шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нар хариуцагч нараас камерийн мөнгө 450,000 төгрөг, нам даралтын зуух 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй, цахилгааны төлбөрт 90,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагч Ч.Ундраа, Ч.Ундармаа нараас 2,780,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Даваасамбуу, Ё.Отгонбаяр, Д.Мөрөн нарт олгож, нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 3,850,000 төгрөг, камерын үнэ 450,000 төгрөг, нам даралтын зуух 1,000,000 төгрөг, цахилгааны хөлсөнд 90,000 төгрөг, нийт 5,390,000 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагч нарын төлөөлөгч Д.Батмөнхөд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч нарын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ундармаа, Ч.Ундраа нараас 2,780,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Даваасамбуу, Ё.Отгонбаяр, Д.Мөрөн нарт олгож, нэхэмжлэлээс 5,390,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ундармаа, Ч.Ундраа нараас улсын тэмдэгтийн хураамжид 59,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваасамбуу, Ё.Отгонбаяр, Д.Мөрөн нарт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БАТЦЭЦЭГ