Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/153

 

2020/ШЦТ/153

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж

Улсын яллагч: С.Б 

Шүүгдэгч: О.Б, Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Ц-н Б, Ц овогт О-н Б нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 29-ны өдөр ..... аймгийн .... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3хүүхдийн хамт ...... аймгийн...... сумын...... багийн нутаг .........гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Бага отог овогт  Ц-н Б  /РД:аг/ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр .....аймгийн ....... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ......аймгийн ...... сумын ...... багийн ......... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт О-н Б /РД:аг/ 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б, Ц.Б нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ......аймгийн ........... сумын ....... багийн нутаг,......... гэх газраас 38 ширхэг 3.2314м3  шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэн, - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 126024 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

*Эрүүгийн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Мгийн өгсөн...Ц.Б мод ачиж аймаг ороод цагдаад баригдаж гэнэ гэж надад Бтай хамт явсан Б гэдэг хүн яриад модны зөвшөөрөл /гоожин/ аваад өгчихвөл болох юм шиг байна гэхээр нь би зөвшөөрөл нөхөж өгөхгүй сүүлд нь наадах чинь асуудал болдог юм гээд би зөвшөөрөл хийж өгөөгүй. Тэгэхэд нь зөвшөөрөлгүй мод ачаад аймагт баригдсан юм байна гэдгийг мэдсэн. Хаанаас хичнээн хэмжээний ямар мод бэлтгэж аймаг руу ороод баригдсан талаар надад мэдэх юм байхгүй. Манай багийн хэмжээнд Ар зуу гэсэн газарт хэрэглээний болон галын түлээ бэлтгэх зориулалтаар талбайн тусгаарлалт хийсэн. Хэрэглээний модыг мэргэжлийн байгууллага бэлтгэдэг, галын түлээг бол хувь хүмүүс өөрсдөө бэлтгэдэг юм. Тэгэхээр Ц.Б зөвшөөрөлгүй газраас, зөвшөөрөлгүй галын түлээ бэлтгээд тээвэрлэсэн байна гэсэн үг юм. Манай Борт багийн нутаг дэвсгэр Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ордоггүй Манай суманд Хөхнуур багийн газар нутаг нь Улсын Тусгай хамгаалалттай газарт ордог. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/,

Гэрч О.Бийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн үед галын түлээ авах зорилготой Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн 2 давааны наана байх Б ахынд очсон. Б ах Портер маркийн автомашинтай болохоор нь түлээ оруулаад өгөөч гээд гуйгаад авч явсан. Бид 2 Ихтамир сумын Борт баг, Борт гэх газраас Портер машин түлээ хийсэн. Манай нутгийн хүмүүс намайг Ц гэж дууддаг. Миний жинхэнэ нэрээр бараг дууддаггүй /Ц/ гэж хоч нэрээр дуудаад сурчихсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө мод бэлтгэхээр явахдаа Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн ойн байцаагч М-с эрхийн бичиг авахаар очсон боловч гоожингийн хуудас дууссан гэж хэлсэн. М байцаагч гоожингийн хуудсандаа явлаа гэж хэлээд Ихтамир сумын төв рүү яваад өгсөн. Би мэдэж байсан. Бид хоёр 5-6 ширхэг хуурай шинэс мод унагааж 1 Портерт ачсан. Би өөрийн эзэмшлийн хар өнгийн ямаха цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөж унагаан Бын эзэмшлийн - улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинд ачсан. Бид хоёр модоо уулнаас өөрсдөө цагаалж буулгаад шууд машиндаа ачсан ...гэх мэдүүлэг /хх-ийн  40-41 хуу/,

Гэрч Ц.Бын  өгсөн: ...2019оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг, Их хужирт гэх газар байх өөрийн гэртээ байж байтал Ц гэх манай нутгийн дүү ирээд мод татаад өгөөч гээд гуйсан. Ц бид хоёр Ихтамир сумын Борт багийн Баянбулаг гэх газраас 1 Портер хуурай хар мод хийгээд Ихтамир сумын төв рүү орж ирж яваад Тээг гэх газар цагдаад баригдсан. Нутгийн хүмүүс Ц гэж дууддаг. Би бүтэн нэр усыг нь сайн мэдэхгүй байна. Ц хөдөө мал малладаг. Өвөлдөө хүүхдүүдээ дагаад сумын төв рүү ороод ирдэг юм билээ. Сумын төвийн гэртээ мод татах гэж байсан юм билээ. Манайд ирэхдээ Ц гэх залуу мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Ойн байцаагчаас бичиг авах гэсэн чинь хуудас дуусчихсан эргэж орж ирэхдээ аваарай гэж хэлсэн гэж байсан. Ц өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөөтэйгээ ирсэн. Тэр хөрөөгөөр нь модоо бэлтгэсэн. Миний эзэмшлийн - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслэлийг модны захад очоод ачсан...гэх мэдүүлэг /хх-ийн  42-44 хуу/, 

Гэрч Р.Нгийн өгсөн: ...Б бид хоёр нэг гэрт хурим найраа хийгээд 8 жил болж байгаа бид хоёр 2012 онд хурим найраа хийсэн. Хааяа нэг удаа архи уудаг архи уусан үедээ ямар нэг илүү дутуу зан байхгүй. Эрүүлдээ ч гэсэн нэг ааш янз бүрийн ааш авир байхгүй томоотой хүн байгаа юм. Манай нөхөр О.Б улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Манайх аймгийн төв рүү гэрээрээ орж ирсэн яг албан ёсоор шилжиж ирээгүй Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт харъяалалтай Борт багийн Долоо гэх газар манай мал байдаг мал руугаа ирж очин байдаг малаа маллаж байгаа яг оноосон ажил байхгүй. Манай нөхөр О.Б цэрэгт яваагүй. Нийгмийн даатгал төлдөггүй. Ажил хийдэггүй болохоор сарын тогтмол орлого гээд байх зүйл байхгүй 2 хүүхдийн мөнгө, зун болохоор цагаан идээ хийж зарж борлуулаад орлого олдог бусад үед ямар нэг орлого гээд байх юм байхгүй. 2011 оны аймгийн төвийн гуравдугаар 10 жилийн сургуулийг төгссөн. Мэргэжил байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  45-47 хуу/,

Гэрч Т.Д-н өгсөн: ... Б манай нөхөр байгаа юм. Ц.Б бид хоёр нэг гэрт ороод хурим найр хийгээд 2014 онд гэр бүл болсон одоо 3 хүүхэдтэй. Зан аашийн хувьд ямар нэг гаж буруу зан байхгүй, архи дарс уудаггүй хааяа нэг уухаараа ямар нэг муухай зан авир байхгүй. Эрүүл ч бай, согтуу ч бай ямар нэг ааш зан байхгүй. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Ихтамир сумын Борт багт мал маллаж байгаа. Манай нөхөр цэрэгт яваагүй. 2019 оноос эхэлж нийгмийн даатгалаа төлж байгаа дэвтэр нь байгаа. Хүүхдийн мөнгө авч байгаа дээр нь зун намар хураасан хадгалсан цагаан идээгээ зарж үрнэ хавар ямаа самнана, хонины ноос тушаасан мөнгө гээд иймэрхүү л орлого байдаг. Өөр орлого гээд байх юм байхгүй. Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 8дугаар анги төгсөөгүй сургуулиас гарсан. Мэргэжил гээд байх юм байхгүй сумын малчны үнэмлэх гэж өгч байсан . Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-51хуу/,

Гэрч Б.Мгийн өгсөн:.. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой Архангай аймгийн Ихтамир суманд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед - улсын дугаартай автомашинтай мод тээвэрлэн явж байхад нь зогсоон шалгаж модны эрхийн бичиг байгаа эсэхийг асуусан. Уг машинд Б, Б гэх 2 залуу сууж явсан ба эрхийн бичгээ авч чадаагүй талаараа хэлж байсан тул аймгийн төв рүү оруулж автомашиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд түр саатуулсан. Тэгээд илтгэх хуудас бичиж өгөөд явсан. Архангай аймгийн Ихтамир сумын Борт гэх газраас мод бэлтгэсэн гэж байсан. Тухайн үед автомашинд дээрх багаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53хуу/,

Ц.Бын яллагдагчаар өгсөн:...Тогтоолтой холбоотой ямар нэг тайлбар байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Би намар Борт багийн Долоо гэх газар өвс хадаж байгаад Б гэдэг залуутай танилцсан тэгээд удаагүй Б 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манайд ирээд намайг машинаараа галын түлээ Ихтамир сумын төв рүү галын түлээ татаад өгөөч гэхээр нь би хамт өөрийн - улсын дугаартай Портер маркийн машинаар явсан. Тэгээд модоо ачаад Ихтамир сумын төв рүү явж байтал сумын төвийн баруун талын Таван тээг гэдэг газар цагдаа зогсоож шалгаад зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй мод тээвэрлэсэн гээд шууд аймгийн төв рүү оруулж ирээд журмын хашаанд хийсэн. Б бид хоёр Борт багийн Борт гэх газраас модоо ачсан. Б мод руугаа явах замдаа надад би модон дотор гурван ширхэг бүдүүн мод унагачихсан байгаа гэж ярьсан тэгээд Б бид хоёр очоод нөгөө гурван модыг тайрч богиносгоод миний машин дээр ачаад сумын төв рүү орох гэж яваад замдаа цагдаа зогсоогоод зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гээд аймгийн төв рүү авчраад журмын хашаанд хийсэн. Мод ачих гээд явж байх замдаа Б надад гурван бүдүүн мод унагачихсан гэж хэлсэн мод ачих газраа очиход гурван бүдүүн мод унагасан байсан тэрийг нь богинохон тайраад миний машин дээр хөндлөн ачсан. Мод ачсан машин нь миний машин байгаа юм. Миний нэр дээр байдаг - улсын дугаартай Портер маркийн машин байгаа юм. Тэр газар зөвшөөрөл өгсөн үгүйг би сайн мэдэхгүй байна. Манайд ирэхдээ модны зөвшөөрөл аваагүй байсан. Байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авах гэсэн чинь зөвшөөрлийн бичиг дуусчихсан эргэж ирэхдээ аваарай гэж хэлсэн гэж Б надад хэлсэн. Б манайд ирэхдээ мотоцикльтой ирээд мотоциклио манай гадаа орхиод миний машинтай цуг мод хийх газар руу явсан. Б манайд ирэхдээ мотоцикльдоо түлээ хөрөөддөг цахилгаан хөрөө, сүхтэй манайд ирсэн. Мотоциклио манай гадаа үлдээгээд хөрөө сүхээ аваад миний машинтай мод руугаа явсан.   гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/,

О.Бийн  яллагдагчаар өгсөн:...Тогтоолтой холбоотой ямар нэг тайлбар байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 09 дүгээр сарын эхээр Б ах манай Долоо гэдэг газар очиж өвс хадсан тэгэхдээ бид хоёр сайн танилцсан урд өмнө бие биенээ зүс таньдаг байсан. Тэрнээс хойш 2 хоноод манайх гэрээрээ Ихтамир сумын төв рүү нүүж орж ирсэн би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би мотоцикльтой Борт багийн Борт гэдэг газар очиж гурван ширхэг бүдүүн мод унагчихаад тайрах гэсэн чинь ганцаараа чадахгүй байхаар нь сумын төв рүү явж гэртээ хоночихоод маргааш нь Б ахын гэрээр нь ороод би Борт гэдэг газар хэдэн мод унагчихлаа хоёулаа тайрч богиносгож ачаад сумын төв рүү оруулаад манайд буулгаадахъя гээд гуйгаад хамт явсан. Борт гэдэг газар очоод өмнөх өдөр нь унагасан модоо хоёулаа тайрч богинохон болгоод Б ахын машинд хөндлөн ачаад сумын төв рүү орох гэж яваад Таван тээг гэдэг газар цагдаа зогсоогоод шалгахад нь модны бичиг баримт байхгүй гээд аймгийн төв рүү оруулаад журмын хашаанд хийсэн. Б ах бид хоёр Ихтамир сумын Борт багийн Борт гэдэг газраас галын түлээний мод ачсан. Би Б ахыг мод ачаад өгөөч гэж гуйхынхаа өмнө өдөр нь мотоцикльтой очоод гурван бүдүүн мод унагаад ганцаараа тайрч богинохон болгох гэсэн чинь хүчрэхгүй болохоор нь маргааш машинтай хүн гуйж ачихдаа богинохон болгоё гэж бодоод сумын төв рүү гэр лүүгээ явсан. Б ахын нэр дээр байдаг - улсын дугаартай Портер маркийн машинаар модоо ачсан. Үгүй ээ тусгай хамгаалалттай газарт ордоггүй юм байна лээ. Мод бэлтгэх зөвшөөрөлтэй газар гэж бодоод модоо бэлтгэсэн. Мод бэлтгэх зөвшөөрөлгүй газар байсан бол юу гэж тэнд хийх вэ. Мод руу явж байхдаа байгаль хамгаалагчтай уулзаагүй модоо ачаад эргэж ирэхдээ зөвшөөрлөө авъя гэж бодоод шууд явсан тэгээд эргэж ирэхдээ зөндөө оройтоод шөнө бараг 2цаг болж байхад буцсан тэгээд орой болчихлоо байгаль хамгаалагч нь унтчихсан байгаа байх гэж бодоод аваагүй шууд яваад өгсөн. Би Б ахынд очихдоо өөрийнхөө цахилгаан хөрөө, сүхийг аваад мотоцикльтой очоод Б ахын гадаа мотоциклио орхиод хөрөө, сүхээ аваад Б ахын машинтай явсан. Би сумын төвөөс өөрийнхөө цахилгаан хөрөө, сүх хоёрыг авч явсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 84-87 хуу/, 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтэнд: Иргэн Ц.Б нь зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн мод нь /хуурай шинэс/ нийт тоо  ширхэг 38 ширхэг, нийт шоометр 3.2314 м3  шоометр модыг бэлтгэжээ. 3.2314 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ 39.000 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 126024.6 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 56-57хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06 хуу/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07 хуу, 13 хуу/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08-12 хуу/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 100-101 хуу/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 102-103 хуу/,

Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 104хуу, 108 хуу/,

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105 хуу/,

Архангай аймгийн Автотээврийн төвийн албан бичиг /хх-ийн 114хуу/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 115 хуу/,

Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 116-118 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Б, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б, Ц.Б нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ..... аймгийн .... сумын..... багийн нутаг .......... гэх газраас 38 ширхэг 3.2314м3  шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ойн санд 126024  төгрөгийн хохирол учруулсан, - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Б, Ц.Б нар үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Мгийн өгсөн...Ц.Б мод ачиж аймаг ороод цагдаад баригдаж гэнэ гэж надад Бтай хамт явсан Б гэдэг хүн яриад модны зөвшөөрөл /гоожин/ аваад өгчихвөл болох юм шиг байна гэхээр нь би зөвшөөрөл нөхөж өгөхгүй сүүлд нь наадах чинь асуудал болдог юм гээд би зөвшөөрөл хийж өгөөгүй. Хэрэглээний модыг мэргэжлийн байгууллага бэлтгэдэг, галын түлээг бол хувь хүмүүс өөрсдөө бэлтгэдэг юм. Тэгэхээр Ц.Б зөвшөөрөлгүй газраас, зөвшөөрөлгүй галын түлээ бэлтгээд тээвэрлэсэн байна гэсэн үг юм. Манай Борт багийн нутаг дэвсгэр Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэот ордоггүй Манай суманд Хөхнуур багийн газар нутаг нь Улсын Тусгай хамгаалалттай газарт ордог. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн  37-39 хуу/, Гэрч Б.Мгийн өгсөн:.. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой Архангай аймгийн Ихтамир суманд эргүүл, хяналт шаглатын үүрэг гүйцэтгэж байх үед - улсын дугаартай автомашинтай мод тээвэрлэн явж байхад нь зогсоон шалгаж модны эрхийн бичиг байгаа эсэхийг асуусан. Уг машинд Б, Б гэх 2 залуу сууж явсан ба эрхийн бичгээ авч чадаагүй талаараа хэлж байсан тул аймгийн төв рүү оруулж автомашиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд түр саатуулсан. Архангай аймгийн Ихтамир сумын Борт гэх газраас мод бэлтгэсэн гэж байсан. Тухайн үед автомашинд дээрх багаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53хуу/, Ц.Бын яллагдагчаар өгсөн: ...Би намар Борт багийн Долоо гэх газар өвс хадаж байгаад Б гэдэг залуутай танилцсан тэгээд удаагүй Б 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манайд ирээд намайг машинаараа галын түлээ Ихтамир сумын төв рүү галын түлээ татаад өгөөч гэхээр нь би хамт өөрийн - улсын дугаартай Портер маркийн машинаар явсан. Тэгээд модоо ачаад Ихтамир сумын төв рүү явж байтал сумын төвийн баруун талын Таван тээг гэдэг газар цагдаа зогсоож шалгаад зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй мод тээвэрлэсэн гээд шууд аймгийн төв рүү оруулж ирээд журмын хашаанд хийсэн. Б бид хоёр Борт багийн Борт гэх газраас модоо ачсан. Миний нэр дээр байдаг - улсын дугаартай Портер маркийн машин байгаа юм. Тэр газар зөвшөөрөл өгсөн үгүйг би сайн мэдэхгүй байна. Манайд ирэхдээ модны зөвшөөрөл аваагүй байсан. Байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авах гэсэн чинь зөвшөөрлийн бичиг дуусчихсан эргэж ирэхдээ аваарай гэж хэлсэн гэж Б надад хэлсэн. Б манайд ирэхдээ мотоцикльтой ирээд мотоциклио манай гадаа орхиод миний машинтай цуг мод хийх газар руу явсан. Б манайд ирэхдээ мотоцикльдоо түлээ хөрөөддөг цахилгаан хөрөө, сүхтэй манайд ирсэн. Мотоциклио манай гадаа үлдээгээд хөрөө сүхээ аваад миний машинтай мод руугаа явсан..гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/, О.Бийн  яллагдагчаар өгсөн:.. Тэрнээс хойш 2 хоноод манайх гэрээрээ Ихтамир сумын төв хүү нүүж орж ирсэн би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би мотоцикльтой Борт багийн Борт гэдэг газар очиж гурван ширхэг бүдүүн мод унагчихаад тайрах гэсэн чинь ганцаараа чадахгүй байхаар нь сумын төв рүү явж гэртээ хоночихоод маргааш нь Б ахын гэрээр нь ороод би Борт гэдэг газар хэдэн мод унагчихлаа хоёулаа тайрч богиносгож ачаад сумын төв рүү оруулаад манайд буулгаадахъя гээд гуйгаад хамт явсан. Борт гэдэг газар очоод өмнөх өдөр нь унагасан модоо хоёулаа тайрч богинохон болгоод Б ахын машинд хөндлөн ачаад сумын төв рүү орох гэж яваад Таван тээг гэдэг газар цагдаа зогсоогоод шалгахад нь модны бичиг баримт байхгүй гээд аймгийн төв рүү оруулаад журмын хашаанд хийсэн. Б ах бид хоёр Ихтамир сумын Борт багийн Борт гэдэг газраас галын түлээний мод ачсан. Би Б ахыг мод ачаад өгөөч гэж гуйхынхаа өмнө өдөр нь мотоцикльтой очоод гурван бүдүүн мод унагаад ганцаараа тайрч богинохон болгох гэсэн чинь хүчрэхгүй болохоор нь маргааш машинтай хүн гуйж ачихдаа богинохон болгоё гэж бодоод сумын төв рүү гэр лүүгээ явсан. Б ахын нэр дээр байдаг - улсын дугаартай Портер маркийн машинаар модоо ачсан. Мод руу явж байхдаа байгаль хамгаалагчтай уулзаагүй модоо ачаад эргэж ирэхдээ зөвшөөрлөө авъя гэж бодоод шууд явсан тэгээд эргэж ирэхдээ зөндөө оройтоод шөнө бараг 2цаг болж байхад буцсан тэгээд орой болчихлоо байгаль хамгаалагч нь унтчихсан байгаа байх гэж бодоод аваагүй шууд яваад өгсөн. Би Б ахынд очихдоо өөрийнхөө цахилгаан хөрөө, сүхийг аваад мотоцикльтой очоод Б ахын гадаа мотоциклио орхиод хөрөө, сүхээ аваад Б ахын машинтай явсан. Би сумын төвөөс өөрийнхөө цахилгаан хөрөө, сүх хоёрыг авч явсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 84-87 хуу/, Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 10дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт/ хх-ийн 56-57хуу/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт,эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, О.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.   

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ мөн хуулийн 34.4.Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно. гэж тус тус заасан байх бөгөөд Ц.Бын яллагдагчаар өгсөн... Б 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манайд ирээд намайг машинаараа галын түлээ Ихтамир сумын төв рүү галын түлээ татаад өгөөч гэхээр нь би хамт өөрийн - улсын дугаартай Портер маркийн машинаар явсан. Байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авах гэсэн чинь зөвшөөрлийн бичиг дуусчихсан эргэж ирэхдээ аваарай гэж хэлсэн гэж Б надад хэлсэн гэх мэдүүлэг, О.Б-н  яллагдагчаар өгсөн:... Борт гэдэг газар очоод өмнөх өдөр нь унагасан модоо хоёулаа тайрч богинохон болгоод Б ахын машинд хөндлөн ачаад сумын төв рүү орох гэж яваад Таван тээг гэдэг газар цагдаа зогсоогоод шалгахад нь модны бичиг баримт байхгүй гээд аймгийн төв рүү оруулаад журмын хашаанд хийсэн. Мод руу явж байхдаа байгаль хамгаалагчтай уулзаагүй модоо ачаад эргэж ирэхдээ зөвшөөрлөө авъя гэж бодоод шууд явсан. Тэгээд эргэж ирэхдээ зөндөө оройтоод шөнө бараг 2 цаг болж байхад буцсан тэгээд орой болчихлоо байгаль хамгаалагч нь унтчихсан байгаа байх гэж бодоод аваагүй шууд яваад өгсөн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч О.Б нарын үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ц.Б, О.Б нарын үйлдлийн улмаас 126.024 /нэг зуун хорин зургаан мянга хорин дөрөв / төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 378.072 төгрөг /гурван зуун далан найман мянга далан хоёр / төгрөг гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Б, О.Б нарыг бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж мөн хуулийн  4дэх хэсэгт  ” ...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 03дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 38ширхэг 3.2314м3 хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус  хүчингүй болгож шүүгдэгч О.Б, шүүгдэгч Ц.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3600.000 төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашиныг, 80.0 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 221.580 төгрөгийн үнэлгээ бүхий 3.2314м3 хуурай шинэс 38 ширхэг модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Б, О.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх…”гэж хуульчилсан байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч О.Б нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэсэн бөгөөд, шүүгдэгч Ц.Б, О.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, улсын төсөвт шилжүүлж,сүх нэг ширхэгийг устгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 378.072 төгрөгийг /гурван зуун далан найман мянга далан хоёр / шүүгдэгч О.Бээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-н Б-г бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Ц шувуут овогт О-н Б-г бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1 / нэг/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.Быг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч О.Б нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч О.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч О.Б нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 03дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч О.Б, шүүгдэгч Ц.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3600.000 төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашиныг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 221.580 төгрөгийн үнэлгээ бүхий 3.2314м3 хуурай шинэс 38 ширхэг модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, шүүгдэгч Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт шилжүүлж сүх нэг ширхэгийг устгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 378.072 төгрөгийг шүүгдэгч О.Бээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, шүүгдэгч Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.О