Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Нармандах |
Хэргийн индекс | 184/2016/01056/И |
Дугаар | 664 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 664
“Хас зам өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00119 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Хас зам өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.Ганхуягт холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонбаатар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянмөнх
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Хас зам өргөө” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/ хд 43 дугаар байрны 84 тоот хаягт байрлах 61.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036588 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу хууль ёсоор өмчилдөг болно. Гэтэл иргэн Ч.Ганхуяг нь манай компанийн өмчлөлийн орон сууцыг хууль ёсоор өөрийн өмчлөлдөө шилжүүлэн аваагүй атлаа эзэмшиж, ашиглан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглан, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулаад байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, хд 43 дугаар байрны 84 тоот орон сууцыг хариуцагч Ч.Ганхуягийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Ганхуяг нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, хд 43 дугаар байрны 84 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг “Баян соён заан” ХХК-иас авсан бөгөөд “Баян соён заан” ХХК нь уг орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд авсан гэдэг. “Баян соён заан” ХХК болон тэдгээр байгууллагуудын хооронд маргаан үүссэнээс өнөөдрийг болтол надад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй байгаа ба маргаанаа шийдвэрлэсний дараа гаргаж өгнө гэсний үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаагүй байсан. Гэтэл “Хас зам өргөө” ХХК гэх байгууллага нь өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч өөрсдөө өмчлөх ёстой, би тэрэнд нь саад болж байгаа мэтээр шүүхэд нэхэмжлэл гарган хууль бусаар миний орон сууцыг хүчээр булаан авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн “Баян соён заан” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг байрны өмчлөх эрхийн талаар нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар “Травел линк” ХХК, “Орчлон констракшн” ХХК-ийг татсан байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/ хд43 дугаар байрны 84 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036588 дугаарт бүртгэгдсэн 61.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Ч.Ганхуягт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ганхуягаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас зам өргөө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "... Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно ..." гэж зааснаар “Травел линк” ХХК, “Орчлон констракшн” ХХК-иуд нь “Баян соён заан” ХХК-ийн нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөлийг бүртгүүлэх үүргээ гүйцэтгэх ёстой байсан боловч биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Маргаан бүхий орон сууцны асуудлаар “Травел линк” ХХК, “Орчлон констракшн” ХХК, “Баян соён заан” ХХК нарын хооронд үүссэн байсан хэрэг маргаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгч “Травел линк” ХХК нэхэмжлэлээ татан авснаар хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэлийг татан авахдаа маргаан бүхий 4 орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ гэсэн боловч шийдвэрлээгүй. Улмаар орон сууцыг шилжүүлэн өгөхгүй маргааныг шийдвэрлүүлэхгүй гэсэндээ өөр этгээдэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн нь харагддаг. Маргаан бүхий орон сууцыг “Баян Соён заан” ХХК нь Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу захиалан төлбөрийг бүрэн гүйцэтгэсэн орон сууц байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байтал анхааран үзээгүйд гомдолтой байна. Мөн "... Иймд, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх “Орчлон констракшн” ХХК болон “Травел линн” ХХК-ын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу “Травел линк” ХХК-д шилжсэн, “Травел линк” ХХК болон “Баян соён заан” ХХК-тай байгуулсан үүргийн хэлцлийн дагуу “Баян соён заан” ХХК-д шилжсэн, “Баян соён заан” ХХК болон Ч.Ганхуяг нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ч.Ганхуягт шилжсэн, Ч.Ганхуяг нь үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж буй шударга эзэмшигч гэж хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх тул ..." гэж дүгнэсэн. “Орчлон констракшн” ХХК болон “Травел линк” ХХК-ийн хооронд ямар ч хэлцэл хийгдээгүй байтал тийм ямар ч нотлох баримт байхгүй байтал хэлцэл хийгдсэн мэтээр илт худал дүгнэлт гаргасан нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй байна. “Орчлон констракшн” ХХК болон “Баян соён заан” ХХК-ийн хооронд орон сууц захиалгын гэрээ шууд хийгдэн төлбөрийг бүрэн барагдуулсан тул орон сууцыг хүлээлгэн өгч, хүлээлгэн өгсөн цаг хугацаанаас Ч.Ганхуяг оршин сууж байсан. Захиалгын гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн байгаа нь түүнтэй холбоотой ямар нэгэн төлбөрийн асуудал байхгүй байгааг нотлодог. “Травел линк” ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Баян соён заан” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж урт удаан хугацаанд шийдвэрлэгдээгүй явсаар 2016 оны 5 дугаар сарын 09-нд хэрэгсэхгүй болдог. “Баян соён заан” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргаж маргаан бүхий орон сууцнуудыг, өмчлөлийн эрхийг шилжүүлэхийг шаарддаг боловч хэрэг хэрэгсэхгүй болсон үндэслэлээр шийдвэрлүүлж чадаагүй болно. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаан маргаан бүхий орон сууцны асуудлаар байсан нь захирамжид тодорхой харагдаж байтал анхааран үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Маргаан бүхий орон сууцны захиалагчтай холбоотой асуудлыг эхлэн шийдвэрлэхгүйгээр энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй байсан болно. Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар “Баян соён заан” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байсан тул гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг хариуцагчаас гаргасан боловч шүүх хангаагүйд гомдолтой байна. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа “Баян соён заан” ХХК ч өөрөө шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх ханган шийдвэрлээгүйд гомдолтой байна. Маргаан бүхий орон сууцны захиалагч анхнаасаа л “Баян соён заан” ХХК байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтад маш тодорхой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шударга бус, нотлох баримтуудыг үнэлэхдээ хариуцагчид ашигтайгаар үнэлсэн, хэт нэг талыг барьсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулан дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Хас зам өргөө” ХХК нь хариуцагч Ч.Ганхуягт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/ хд 43 дугаар байрны 84 тоот хаягт байрлах 61.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг үл хөдлөх хөрөнгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцож авсан гэж маргажээ.
Хас зам өргөө ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр “Орчлон констракшн” ХХК-тай байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, хд 43 дугаар байрны 84 тоот хаягт байрлах 61.3м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх-8, 21/
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас зам өргөө” ХХК нь өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр өөртөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ бүртгэл хүчин төгөлдөр байх тул “Хас зам өргөө” ХХК-ийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх ба улсын бүртгэлийн талаар буруу ташаа гэж эсэргүүцээгүй байх тул уг бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.
Тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн эд зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байдаг ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Шүүх “Хас зам өргөө” ХХК-ийг маргаж буй орон сууцны өмчлөгч болох талаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон тухай үйл баримтын талаар зөв дүгнэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагч Ч.Ганхуяг нь маргаж буй орон сууцыг “Баян соён заан” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан, хууль ёсны эзэмшигч гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй учраас хариуцагчийн эзэмшил нь хууль буюу гэрээгээр үүссэн гэж үзэх боломжгүй, нотлогдохгүй байна.
Тэрээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны асуудлаар хэрэг шийдвэрлэгдэж байхад анхааран үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэх боловч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2016/09004 дугаартай, “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж /хх-73/-аас үзвэл “...“Баян соён заан” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Травел линк” ХХК, “Орчлон констаркшн” ХХК-д тус тус холбогдох 337 935 269 төгрөг гаргуулах тухай ...” иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа явдал нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Б.НАРМАНДАХ