Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2018/00055/и |
Дугаар | 001/ХТ2018/01368 |
Огноо | 2018-10-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2018/01368
Д.Зын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00308 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 983 дугаар магадлалтай,
Д.Зын нэхэмжлэлтэй
“Х Н Х Я”холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, О.Ганцэцэг нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Х Н Х “сайдад холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Х Н Х “Сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х Н Х “Сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг эс зөвшөөрч, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Зыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэн тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл “Х Н Х “сайд уг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэлгүй нэхэмжлэгч Д.Зыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгүй өдийг хүрлээ. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1023 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш ажилүй байсан 12 сарын дундаж цалин хөлс болох 17 528 160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.З нь анх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Х Н Х “Сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаал буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Зыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Зд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 3 сар 10 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 988.800 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна. Гэтэл шүүхээс Д.Зыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ажилгүй байсан гэж дүгнэн 3 сар 10 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг бүтнээр гаргуулах шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч Д.З нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өдийг хүртэл Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргын албан тушаал буюу улс төрийн албан тушаал эрхэлж байсныг мэдээллийн хэрэгсэл болон Улсын Их хурлын Тамгын газраас ирүүлсэн нотлох баримтаар хожим бидэнд илэрхий болсон юм. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь ажиллаж байгаа тухайгаа шүүхэд үнэн зөв мэдүүлээгүй бөгөөд Д.Зыг улс төрийн албан тушаал хашиж байгаа тухай нотлох баримтыг шүүх бүрэлдэхүүн болон хариуцагчид мэдэгдээгүй, захиргааны хэргийн шүүхийн хувьд нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ хангалттай сайн явуулаагүй. Энэ дагуу бид шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар хандахад уг асуудал нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй, цалин тооцож олгохдоо суутгал хийх боломжтой гэсэн агуулгаар дүгнэж хүсэлтийг хүлээн аваагүй болно. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримталсан хэрнээ ... 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн одоог хүртэл ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн боловч, нэхэмжлэгч нь тухайн хугацаанд намын бүлгийн ажлын албанд улс төрийн албан тушаал эрхэлж байгааг харгалзаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00308 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 заасныг баримтлан хариуцагч “Х Н Х “яамнаас 17 528 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Зд олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Х Н Х Я”даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х Н Х “яамнаас 245 551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зд олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 983 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 ... гэсний дараа , 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, О.Ганцэцэг нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 17 528 160 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нь төрийн албаны өөр байгууллагад ажиллаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар цалингийн зөрүү гаргасан тохиолдолд түүнтэй тэнцэх олговрыг олгох ёстой гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.“ гэж заасныг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэр гаргахдаа Д.Зыг 2016 оны 10 дугаар сараас Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргын албан тушаал буюу улс төрийн албан тушаал эрхэлж байгааг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг шүүх өргөжүүлэн тайлбарлан хэрэглэсэн нь энэ тохиолдолд буруу юм Учир нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар давхар давхар ажил эрхлэх боломжгүй байдаг. Мөн хуулийн 69 дүгээр зүйлд шүүх тайлбарлаж байгаа ч бага цалинтай ажил эрхэлж байгаа бол зөрүүг олгох зохицуулалт нэхэмжлэгч зөвхөн тухайн байгууллага дотор ажиллаж буй тохиолдолд хамаарна гэж хуулийн утга санаа, зохицуулалтыг явцууруулж тайлбарлаж байгаа нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Д.З нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд гомдол гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1023 дугаар шийдвэрээр түүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн байх ба “Х Н Х “яам шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэвээр, ажилгүй байгаа тул шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 08-наас 2017 оны 12 дугаар сарын 08 хүртэлх хугацааны олговрыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Д.З нь өөр ажил, албан тушаал эрхэлж буй нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь ажилдаа эгүүлэн тогтоолгох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хэдийд хандсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн хийгдэж байгаа асуудал чухал бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар анхаарахгүй, өөр ажил албан тушаал эрхлэхийн зэрэгцээ ажилгүй байсан хугацааны олговор авах үр дагавар байж болохгүйг хэргийн оролцогч анхаарах нь зүйтэй болно.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “...өөр ажил эрхэлж байсан тул цалингийн зөрүүг гаргуулах ёстой...гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 983 дугаар дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА