Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 110/2021/0067/З |
Дугаар | 221/МА2022/0209 |
Огноо | 2022-03-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2022/0209
2022 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2022/0209 | Улаанбаатар хот |
Д.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Нэхэмжлэгч: Д.Д,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолын Бы Сийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Д-ийн Дийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах”,
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээд М.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,
Хэргийн индекс: 110/2021/0067/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолын Бы Сийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Д-ийн Дийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолын Бы Сийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Д-ийн Дийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Анхан шатны шүүх Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
3.2. Маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлсэн Б.С нь Ховд их сургуулийн байгалийн ухааны факультетийг газар зүй, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгссөн байна. Өөрөөр хэлбэл, Б.Сийн *** дугаартай дипломын хавсралтад мэргэжил багш, мэргэшил газар зүй, байгалийн шинжлэл гэж тодорхой заасан байна. Б.Сийн эзэмшсэн мэргэжил нь ерөнхий боловсролын сургуулийг бага ангид байгаль шинжлэлийн хичээлийг, дунд ангид газар зүйн хичээлийг заадаг ердийн багш гэж дүгнэж байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил байдлын тодорхойлолтын мэргэжил гэсэн хэсэгт 052 код буюу Хүрээлэн буй орчин судлал, байгаль шинжлэл мэргэжилд газар зүй, байгаль шинжлэлийн багшийн мэргэжил хамаарахгүй. Иймд 4 жил багшийн мэргэжлээр суралцаж, зөвхөн багш мэргэжилтэй иргэнийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь ажил байдлын тодорхойлолтын мэргэшил гэсэн хэсэгт заасан “Газар зүй, байгаль шинжлэл” гэж заасныг үндэслэн бүртгэж, тусгай шалгалт өгүүлсэн явдлыг хууль бус гэж үзэж байна. Гуравдагч этгээд Б.С нь Цэнгэл сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд газар зүйн багшаар ажиллаж байсан нь түүний мэргэжил нь багш байсан гэдэг нь нотлогдож байна.
3.3. Б.Сийн эзэмшсэн мэргэжил нь зөвхөн багшийн мэргэжил болох нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн A/78 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл хөтөлбөр индекс”-ийн Ерөнхий чиглэл: 01 Боловсрол, Төрөлжсөн чиглэл: 011 Боловсрол, Нарийвчилсан чиглэл: 0114 Багш мэргэжлийн, Хөтөлбөрийн нэр: Багш, байгаль ухааны боловсрол, Ерөнхий чиглэл: 01, Төрөлжсөн чиглэл: 1, Нарийвчилсан чиглэл: 4, Хөтөлбөрийн нэр: 02 гэж бичигдсэнээр нотлогдож байна. Харин уг тушаалын хавсралтад Ерөнхий чиглэл: 05 Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, Төрөлжсөн чиглэл: 052 Хүрээлэн буй орчин, буй орчин судлал, 0522 Байгалийн, Нарийвчилсан чиглэл: 0521 Хүрээлэн шинжлэл, Хөтөлбөрийн нэр: Экологи, Хүрээлэн буй орчин судлал, Цаг уур, Биологийн нөөц судлал, ус судлал, Ерөнхий чиглэл: 05, Төрөлжсөн чиглэл: 2, Нарийвчилсан чиглэл: 1, Хөтөлбөрийн нэр: 01, 02, 03, 01, 02 гэж тусгасан байна. Үүнээс үзэхэд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь маргаан бүхий албан тушаал буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан албан мэргэжилтний тушаалын тусгай шалгалтад зөвхөн багш мэргэжилтэй Б.Сийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болох нь харагдаж байна.
3.4. Нөгөө талаас Монгол Улсад аливаа мэргэжлийг 4 жилийн турш суралцаж байгаад олж авдаг жишиг бий. Б.Сийн багшийн мэргэжил эзэмшсэн дипломын хавсралтад “байгалийн шинжлэл” гэсэн хичээлийг 5 цаг багцаар үзэж байсан нь түүний эзэмшсэн мэргэжлийг бүхэлд нь “Байгаль шинжлэл” гэж үзэхэд эргэлзээтэй.
3.5. Иймд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй тооцож, давж заалдах гомдлыг хангаж, Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С миний “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 дугаар тогтоолын Бы Сийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Д-ийн Дийг сумын Засаг даргын Тамгын газрын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
5. Гуравдагч этгээд Б.С гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “...
5.1. Нэхэмжлэгч Д.Даас Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
5.2. Нэхэмжлэгч Д.Д-ийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Б.Сийг нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Д.Дийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж өгөхийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний эрх сэргээгдэх боломжгүй юм. Учир нь миний бие Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Б.Сийг нэр дэвшүүлэх тyxaй” 30 дугаартай тогтоолоор нэр дэвшүүлснээр Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай” Б/23 дугаар тушаалаар бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.
5.3. Шүүх хуралдааны шатанд өмгөөлөгч А.Саас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сээс төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой маргаан байгаа эсэх талаар асуухад тэрээр “маргаан байхгүй” гэж хариулсан. Нөгөө талаас өмгөөлөгч А.Саас “Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай” Б/23 дугаар тушаал хүчинтэй, энэ талаар нэхэмжлэгч маргаан гаргаагүй” гэж тайлбар хэлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С үүнд няцаасан тайлбар хэлж мэтгэлцээгүй.
5.4. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсний дараа Д.Д нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 13 дугаар тогтоол, мөн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Д овогтой Дийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/06 дугаар тушаалаар нотлогдож байна.
5.5. Иймд нэхэмжлэгч Д.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “...
6.1. Гомдлын агуулгаас үзвэл нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ нэхэмжлэгч Д.Д одоо болтол ажил төрөл эрхэлдэггүй мэтээр тайлбарлажээ.
6.2. Гэтэл бодит байдал дээр Д.Д нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний орон тоонд бүр томилогдон ажиллаж байгаа юм байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 13 дугаар тогтоол, мөн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Д овогтой Дийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/06 дугаар тушаалаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Д.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Д.Д нь “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолын Бы Сийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Д-ийн Дийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.2. Маргаан бүхий 30 дугаар тогтоолоор “Төрийн албаны салбар зөвлөлийн Шалгалтын комиссын дүнг хэлэлцсэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Б.Сийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, тухайн албан тушаалд томилохыг Засаг даргын Тамгын газрын даргад санал болгож” шийдвэрлэсэн, улмаар Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай тушаалаар Б.Сийг дээрх албан тушаалд томилсон байна.
3.3. Б.С нь 2007-2011 онд Ховд их сургуулийн Байгалийн ухааны факультетэд газар зүй, байгаль шинжлэл мэргэжлээр суралцан төгссөн, үүний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалын хавсралтаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс”-ийг баталсан, уг чиглэлд байгалийн шинжлэн ухаан, математик, статистикийн ерөнхий чиглэлийн төрөлжсөн чиглэлд “хүрээлэн буй орчин /052/ гэж, уг төрөлжсөн чиглэлийг “хүрээлэн буй орчин судлал”, “байгалийн шинжлэл” гэж нарийвчлан 2 чиглэлээр хуваажээ.
3.4. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/18 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар маргаан бүхий албан тушаал болох бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа дээр дурдсан А/78 дугаартай тушаалаар баталсан чиглэлийг үндэслэн уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “Хүнс хөдөө аж ахуй” /081101-03/, жимс ногооны аж ахуй /0812/, хүрээлэн буй орчин /052/ гэж заасан байна.
3.5. Дээр дурдсан үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Б.С газар зүй, байгалийн шинжлэл мэргэжлийг эзэмшсэн, уг мэргэжил нь “хүрээлэн буй орчин” төрөлжсөн чиглэлд хамаарч байна гэж үзээд түүнийг маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж дүгнэн тухайн албан тушаалд томилуулахаар санал гаргасан маргаан бүхий 30 дугаар тогтоолын Б.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “...бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил байдлын тодорхойлолтын мэргэжил гэсэн хэсэгт 052 код буюу Хүрээлэн буй орчин судлал, байгаль шинжлэл мэргэжилд газар зүй, байгаль шинжлэлийн багшийн мэргэжил хамаарахгүй. 4 жил багшийн мэргэжлээр суралцсан, зөвхөн багш мэргэжилтэй иргэнийг бүртгэж, тусгай шалгалт өгүүлсэн явдлыг хууль бус” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.6. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх түүний тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, гагцхүү мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргах үүрэгтэй. Түүнчлэн шүүхийн шийдвэр биелэгдэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой байх ёстой.
3.7. Уг маргааны хувьд нэхэмжлэгчээс Б.Сийг тухайн албан тушаалын тусгай шалгалтад оролцуулахаар бүртгэсэн болон түүнийг Б/23 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэртэй холбогдуулж маргаагүй, маргаан бүхий 30 дугаар тогтоолын Б.Сийг тухайн албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Д.Дийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгаж шийдвэрлэсэн ч дээрх Б/23 дугаар тушаал хүчинтэй хэвээр бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар түүний зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг Д гэхийг “Даныш” гэж алдаатай бичиж техникийн алдаа гаргасан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
|