Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 606

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Г.Г нарыг оролцуулан “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам

Нэхэмжлэлийн шаардлага: Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга барих 2018/XII.1.24 дугаар тендерийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шалгаруулалтуудын шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендерийн дахин үнэлгээг хууль журмын дагуу хийхийг болон тендерийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, Б******* аймгийн “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах, уг тендерийн шалгаруулалтыг шинээр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан “/Б*******, Ө******* сум/ Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга” барих 2018/XII.1.24 дугаар тендерт оролцохоор болж, үнийн саналыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 033 тоот албан бичгээр 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлж байсан.

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас  манай компанийг хамгийн бага харьцуулах тендерт эрэмбэлэгдээгүй тул гэрээ байгуулах боломжгүй гэсэн үнэлгээний хорооны дүгнэлт гарсан. Үүнийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Монгол Улсын Сангийн яаманд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 045 тоот албан бичгээр гомдол гаргаж байсан ба Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр  орлон гүйцэтгэгч И.Бгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгээр манай байгууллагын гомдлыг хүлээн авч, Барилга, хот байгуулалтын яаманд “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Б*******, Ө******* сум/” барих 2018/XII.1.24 дугаар тендерийг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг үүрэг болгосон.

Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Бгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр хууль, журам зөрчиж өмнөх шийдвэрээ дахин гаргасан байна.

Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яам нь тендер сонгон шалгаруулалтад оролцох байгууллагын сүүлийн 3 жилийн борлуулалтын хэмжээ санал болгож буй үнийн саналын 50 хувиас багагүй байна гэж заасан байхад нийт борлуулалтын хэмжээ нь 25 хувьд ч хүрэхгүй байгаа “М” ХХК болон “М” ХХК-иудын түншлэлийг сонгон шалгаруулж байгаа нь хууль бус болсон.

Мөн гүйцэтгэгч байгууллагын ерөнхий инженер нь барилгын зөвлөх инженер байх ба барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна гэснийг тус тус зөрчсөн “М” болон “М” ХХК-иудын түншлэлийг шалгаруулсан нь хууль журамд нийцээгүй гэх мэт олон хуулийн заалтуудыг зөрчсөн. 

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд болон холбогдох бусад хууль, журамд тендерийг хэрхэн явуулах, хэрхэн шалгаруулах талаар тодорхой зохицуулсныг хариуцагч илт зөрчиж, дээрх тендерт 3 компани оролцсоны 2 компани нь шаардлага хангахгүй байхад манай компанийн үнийн санал энэ 2 компаниас хамгийн өндөр гэдэг шалтгаанаар татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд тендерийн шаардлагыг хангаагүй компаниудтай, шаардлагыг бүрэн хангаж байгаа манай компанийн үнийн саналыг харьцуулж байгаа нь төрийн захиргааны байгууллагаас ялгавартайгаар хандаж, хууль бусаар давуу байдлыг олгож байгаа нь манай компанийн эрхийг ноцтойгоор хөндөж байна.

Мөн хариуцагч нь Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Б*******, Ө******* сум/” барих 2018/XII.1.24 дугаар тендерийн үнэлгээг хууль зөрчиж явуулсны улмаас манай компанийн тендерт оролцох, түүнийгээ хууль журмын дагуу үнэлүүлэх болон хөдөлмөр эрхэлж, ашиг орлого олох зэрэг эрхүүдээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн талаар: 

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан шийдвэрийн талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Бгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгээр манай компани гомдлыг хүлээн авч, Барилга, хот байгуулалтын яаманд “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Б*******, Ө******* сум/” барих 2018/XII.1.24 дугаар тендерийг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг үүрэг болгосон боловч хууль журмын дагуу үнэлгээ хийхгүйгээр өмнөх шийдвэрээ дахин гаргасан юм. Нэгэнт хуульд заасан дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Б*******, Ө******* сум/” барих 2018/XII.1.24 дугаар тендерийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шалгаруулалтуудыг тус тус, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, мөн хуулийн 106.3.4-т зааснаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээг хууль журмын дагуу хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, тендерийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, Б******* аймгийн “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Б*******, Ө******* сум/” барих 2018/XII.1.24 дугаар тендерийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шалгаруулалтуудыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон мөн хуулийн 106.3.4-т зааснаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээг хууль журмын дагуу хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, тендерийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, Б******* аймгийн “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа.

Гэтэл энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тендер шалгаруулалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалтыг зарласан байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Баян-ө*******, Ө******* сум/” барих 2018/XII.1.24 дугаар тендерийн шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулахдаа: “Манай компани нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дараах байдлаар тодруулж байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга барих 2018/XII.1.24 дугаар тендерийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шалгаруулалтуудын шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендерийн дахин үнэлгээг хууль журмын дагуу хийхийг болон тендерийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, Б******* аймгийн “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах, уг тендерийн шалгаруулалтыг шинээр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах.”

Тодруулсан шаардлагатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татсан байсан Барилга, хот байгуулалтын яамны дээрх тендерийн үнэлгээний хороог байгуулсан шийдвэр нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/131 дугаартай “Үнэлгээний хороог шинэчлэн байгуулах тухай” тушаалаар хүчингүй болж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тендер шалгаруулалтыг хийсэн үнэлгээний хороо татан буугдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу хариуцагчаар Барилга, Хот байгуулалтын яамыг тодорхойлж байна.” гэжээ. 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа холбогдуулан гаргасан нэмэлт тайлбартаа: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна”, 45.2-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад дор дурдсан этгээд захиалагч байна”, 45.2.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн захиргааны төв болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн хэрэгцээнд худалдан авах бүх бараа, ажил, үйлчилгээний хувьд”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.1-т “Энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэж тус тус заасны дагуу захиалагч нь төрийн захиргааны төв байгууллага буюу яам байх бөгөөд яам нь тендерийн үнэлгээний хороо байгуулах эрхтэй гэдгийг хуульчилсны зэрэгцээ урьд нь хариуцагчаар татсан байсан Барилга, хот байгуулалтын яамны дээрх тендерийн үнэлгээний хороог байгуулсан шийдвэр нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/131 дугаартай “Үнэлгээний хороог шинэчлэн байгуулах тухай” тушаалаар хүчингүй болж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тендер шалгаруулалтыг хийсэн үнэлгээний хороо нь дээрх тушаалаар татан буугдсан байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу хариуцагчаар Барилга, хот байгуулалтын яамыг тодорхойлж байна.

Хэдийгээр тендерийн үнэлгээний хороог яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулж, татан буулгаж байгаа боловч Төрийн нарийн бичгийн дарга нь яам буюу захиалагчийг төлөөлөн тушаал гаргаж байгаа этгээд болохоос өөрийн эрхлэх асуудлын хүрээнд буюу өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаагүйн зэрэгцээ хуульд Төрийн нарийн бичгийн дарга захиалагч болохгүй, яам нь захиалагч байхаар хуульчилсан байна.” гэжээ. 

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Г.Г нараас нэхэмжлэлийн эцсийн байдлаар тодруулсан шаардлагад холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: “... Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/26 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2018/XII.1.24 урилгын дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан.

Уг тендер шалгаруулалтад “Х” ХХК, “М” ХХК болон “М” ХХК-ийн түншлэл, “Н” ХХК-иуд оролцсон бөгөөд үнэлгээний хорооны зүгээс тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “Хуулийн” гэх/ 27, 28 зүйлд заасныг дагуу тус тус хянан үзэж үнэлгээ хийсэн.

Тендерийн үнэлгээний хорооны зүгээс тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг хуулийн 14-16 дугаар зүйлд заасан захиалагчаас шаардсан шалгуурыг хангаж байгаа эсэхийг магадалж үзэхэд “Х” ХХК ерөнхий нөхцөлийн магадлалыг хангаагүй гэх үндэслэлээр хасагдаж, “М” ХХК болон “М” ХХК-ийн түншлэл болон “Н” ХХК-иудын үнийг харьцуулж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэн хамгийн бага үнийг санал ирүүлсэн “М” ХХК болон “М” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлж, “Н” ХХК-ийн тендерээс татгалзаж, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд ““хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03/1951, 03/1952, 03/1953 албан тоот бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн. “Н” ХХК-иас захиалагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн хуулийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс үндэслэлтэй гэж дүгнэн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 6-1/3445 дугаар албан тоот бичгээр “М” ХХК болон “М” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(а),(г)-д заасан шалгуурыг хангаагүй тул дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.

Сангийн яамнаас өгсөн шийдвэр нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 хэсэгт зааснаар эцсийн шийдвэр тул Үнэлгээний хороо дахин хуралдаж, оролцогч “М” ХХК болон “М” ХХК-ийн түншлэлийн борлуулалтын орлого, “Н” ХХК-ийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө буюу ТОӨЗ 5.3(д)-д заасан авах боломжтой зээл буюу арилжааны банкнуудаас судлагдсан зээлийн талаарх банкны тодорхойлолтыг тодруулах шаардлагатай гэж үзэн Татварын ерөнхий газар, К банкинд тус тус албан тоот илгээсэн.

Татварын ерөнхий газраас бидний хүссэн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн бол К банкнаас зээлийг банкны үйл ажиллагааны дагуу судалж үзээд, зээл олгох талаар шийдвэрлэнэ гэсэн утгатай албан бичгүүдийг тендерийн үнэлгээний хороонд ирүүлсэн нь “Н” ХХК-ийг түргэн хөрвөх чадвартай хөрөнгө буюу тус банкинд судлагдсан зээлийн шугамтай эсэх нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн тул Үнэлгээний хороо оролцогчдын анх ирүүлсэн тендерийн материалд дахин үнэлгээ хийх нөхцөл байдал үүссэн.

Иймээс Үнэлгээний хорооны зүгээс тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалд нэгэнт үнэлгээ хийсэн тул Үнэлгээний хорооны өмнө гаргасан шийдвэрт өөрчлөлт орохгүй гэж дүгнэн “М” ХХК болон “М” ХХК ийн түншлэл, “Н” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/2514, 03/2527 тоот албан бичгүүдээр мэдэгдлийг хүргүүлсэн.

Гэтэл “Н” ХХК Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд хандан дахин гомдол гаргасан.

Сангийн яамнаас уг гомдлыг хянаж байх явцад буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул Сангийн яамны зүгээс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4431 тоот гомдол хянасан тухай албан бичгээр уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгож,  хууль журамд  нийцүүлэн дахин зохион байгуулахыг мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдэл нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан эцсийн шийдвэр тул захиалагчийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/131 дугаартай тушаалаар Үнэлгээний хороог шинэчлэн байгуулж, уг тендер шалгаруулалтыг дахин зарласан болно.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 хэсэгт заасныг баримтлан “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Б*******, Ө******* сум/” барих 2018/XII.1.24 дугаар тендерийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шалгаруулалтуудыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, мөн хуулийн 106.3.4-т зааснаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээг хууль журмын дагуу хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, тендерийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, Б******* аймгийн “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэсэн шаардлагыг анх шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга барих” 2018/XII.1.24 дугаар тендерийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендерийн дахин үнэлгээг хууль журмын дагуу хийхийг болон тендерийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, Б******* аймгийн “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах, уг тендерийн шалгаруулалтыг шинээр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”  гэж эцсийн байдлаар тодруулж, хариуцагчаар Барилга, хот байгуулалтын яамыг тодорхойлсны хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/206 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны гишүүд Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга барих” 2018/XII.1.24 дугаар тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг үнэлээд “хамгийн бага үнийн санал болж чадаагүй тул гэрээ байгуулахаас татгалзах” гэсэн шийдвэрийг 2018 оны 05 дугаар  15-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын 2 тоот тэмдэглэл хэлбэрээр  гаргасныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03/1952 тоот албан бичгээр  мэдэгдсэн байна.    

Нэхэмжлэгчээс Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хянаад, гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгээр  Барилга, хот байгуулалтын яаманд мэдэгдсэн.  Үүний дагуу тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдаж, “М” ХХК болон “М” ХХК-ийн түншлэлийн борлуулалтын орлого, “Н” ХХК-ийн авах боломжтой зээл буюу арилжааны банкнуудаас судлагдсан зээлийн талаарх банкны тодорхойлолтыг тодруулах шаардлагатай гэж үзэн Татварын ерөнхий газар болон “К” ХХК-д тодруулга авахаар ханджээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр хийсэн тайлбарт: “Татварын ерөнхий газраас бидний хүссэн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн, “К” ХХК-иас зээлийг банкны үйл ажиллагааны дагуу судалж үзээд, зээл олгох талаар шийдвэрлэнэ гэсэн утгатай албан бичгүүдийг ирүүлсэн тул Үнэлгээний хороо тендерт оролцогчдын анх ирүүлсэн тендерийн материалд дахин үнэлгээ хийх нөхцөл байдал үүссэн. Нэгэнт нэмж материал ирээгүй учраас дахин үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзээд  Үнэлгээний хороо өмнөх гаргасан шийдвэрт өөрчлөлт орохгүй гэж дүгнэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/2527 тоот албан бичгээр  “Н” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн” гэдэг. 

Нэхэмжлэгчээс Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу дахин үнэлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байгаа нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. 

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”,  27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасны дагуу тендерийн Үнэлгээний хороо хуульд заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн бүх тендерт үнэлгээ хийхээр байна. 

Тендерт оролцогчдын тендерийн баримт бичгээс дүгнэхэд нэхэмжлэгч “Н” ХХК-иас 1,168,843,030 төгрөгийн, “М” ХХК болон “М” ХХК-иас 1,148,140,271 төгрөгийн үнийн саналыг ирүүлж, “Н” ХХК 51,493,030 төгрөг, “М” ХХК болон “М” ХХК-иудын түншлэл нь 49,140,271 төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэхээр байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч компанийн санал болгосон үнийн дүн илүү байсан ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгож болно”, 10.2-т “Энэ хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан этгээдэд давуу эрх олгох бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, энэ хуулийн 10.1.2, 10.1.4, 10.1.7-д заасан этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон бусад оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлнэ” гэж зааснаар давуу эрх олгож тооцохоор байна. 

Захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон “М” ХХК болон “М” ХХК-иудын хувьд тендерийн баримт бичигт дотоодын давуу эрхийн талаар баримт ирүүлээгүй байх тул Үнэлгээний хорооноос гаргасан “хамгийн бага үнэтэйд эрэмбэлэгдээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг шалгаруулаагүй нь шударга бус шийдвэр болжээ гэж дүгнэхээр байна. 

Мөн Тендерийн баримт бичигт сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерийн төсвийн 50 хувиас доошгүй байхаар заасан боловч түншлэлээр оролцогч 2 компанийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тухайн шаардлагад нийцээгүй байна. Түүнчлэн тендерт оролцогчид К банкнаас зээл авах боломжтой гэсэн ижил агуулга бүхий банкны тодорхойлолтыг бүрдүүлж өгсөн байхад зөвхөн “Н” ХХК-ийг зээлийн шугамтай эсэхийг тодруулахаар банкнаас тодруулга авсан нь ойлгомжгүй байна. 

Хэдийгээр тендерт оролцогчдын тендерийн баримт бичигт нэмж материал ирээгүй тул дахин үнэлгээ хийх шаардлагагүй тул өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээх эсэх асуудлаар тендерийн Үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, нийт гишүүдийн саналаар өмнө гаргасан шийдвэрээ дэмжихээр болсныг Сангийн яамнаас тендерийг дахин үнэлэх чиглэл өгснийг биелүүлээгүй гэж шууд дүгнэх боломжгүй ч хууль журмын дагуу тендерийг дахин үнэлээгүй тул Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Сангийн яамны шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд Үнэлгээний хороо өмнө гаргасан шийдвэрээ дахин баталгаажуулж, хуульд заасан журмын дагуу дахин үнэлгээ хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендерт оролцогчдын баримт бичгийг хууль журмын дагуу шударгаар дахин үнэлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. 

Тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  шийдвэрийг нэхэмжлэгч “Н” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасныг хянаж байх явцад буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4431 тоот албан бичгээр  уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын яаманд мэдэгджээ. 

Тус албан бичигт “..захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “М” ХХК-ийн 2015, 2016, 2017 оны борлуулалтын орлогын дүнгүүд, түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн 2017 оны борлуулалтын орлогын дүн нь цахим санхүүгийн тайланд тайлагнасантай тус тус зөрж байгаа нь Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 5.3. /а/-д заасан шаардлагыг хангахгүй, мөн Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 5.3. /г/-д заасан инженер, техникийн ажилтнуудын нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нь уг түншлэлийн саналаас татгалзах үндэслэл болохыг өмнө мэдэгдсэн. ... Захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас дээрх тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа ... дууссан байна, ... цаашид худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа хууль журмыг чанд мөрдөн ажиллахыг анхааруулж байна” гэж зааснаас дүгнэхэд тендерийн Үнэлгээний хорооны өмнөх шийдвэр хуульд нийцээгүй, нэхэмжлэгчээс тус  шийдвэрт гомдол гаргасныг Сангийн яам үндэслэлтэй гэж үзсэн байна.   

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1-д “Энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.3-д “Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах.”, 55.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараахь тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно”, 55.4.1-д “Тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа бол” гэж зааснаас дүгнэхэд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гомдлыг хангах  илүү үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэл хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болохоор байна. 

Хэргийн хамгийн гол үйл баримт нь нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацаанд гомдлоо төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргасан. Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн хүчинтэй хугацаа дууссан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд захиргааны актад гомдол гаргах, 93 дугаар зүйлд гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага, 94 дүгээр зүйлд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацааг тус тус хуульчилсан бөгөөд тендерийн маргааны хувьд гомдол гаргах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулсан. Гэтэл тус маргааны хувьд иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрх хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. 

Өөрөөр хэлбэл, “Н” ХХК тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийн эс зөвшөөрч, хуулийн хугацаанд гаргасан гомдлыг Сангийн яам хянаад үндэслэлтэй гэж үзээд тус тендерийн үнэлгээг дахин хийх мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо хууль журмын дагуу үнэлгээг дахин хийлгүйгээр өмнө гаргасан шийдвэрээ баталгаажуулсныг  нэхэмжлэгч эс зөвшөөрч дахин Сангийн яаманд гомдол гаргасныг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр тендерийг дахин шинээр зарласан нь нэхэмжлэгчийн захиргааны актад холбогдох захиргааны байгууллагад гомдол гаргах, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаж байгаа нь “Н” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв. 

Хэдийгээр дахин зарласан тендерт нэхэмжлэгч оролцох боломжтой гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс хийсэн боловч тухайн тендерийг дахин зарласан урилга нь өмнөхөөсөө зөрүүтэй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Тухайлбал, өмнөх тендерийн урилгад сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого тухайн тендерийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээнд гэж заасан бол Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон дахин тендер зарласан тендерийн урилгад  “тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын орлогын хэмжээ нь 2016, 2017, 2018 оны сүүлийн 3 жилийн нийлбэр нь 70 хувиас багагүй байна” гэснээр тогтоогдож байна. 

Иймд дээрх хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрхийг хамгаалах замаар “Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Б*******, Ө******* сум/” барих 2018/XII.1.24 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль журмын дагуу дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж, тендерийг дахин зарласан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Харин “ “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж, мөн 47 дугаар зүйлд Үнэлгээний хорооны чиг үүргийг тусгайлан заасан тул шүүх захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгт хөндлөнгөөс оролцож, эрх бүхий албан тушаалтны тушаалаар томилогдсон тендерийн Үнэлгээний хорооны гишүүдийн гүйцэтгэх эрх, үүргийг өмнөөс нь хэрэгжүүлж, тухайн тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичгийг бүхэлд нь хянаж, үнэлгээ хийж, шийдвэр гаргах нь боломжгүй тул тендерийн Үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны  дагуу сайтар хянаж, зөв үнэлж, шударгаар шийдвэр гаргахыг анхааруулах нь зүйтэй байна.   

Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн тухайн тендерийн дахин үнэлгээтэй холбоотой болон бусад асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно.   

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.4, 55.4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга барих” 2018/XII.1.24 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, Сангийн яамны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/3445 тоот албан бичгийн дагуу тендерт оролцогчдын баримт бичигт хууль журмын дагуу дахин үнэлгээ хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгаж, захиалагчаас тус тендер шалгаруулалтыг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тендерийн урилгаар дахин зохион байгуулахаар зарласныг хүчингүй болгож, үлдэх “...Б******* аймгийн “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.Д