Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 138

 

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Д.А,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ад холбогдох 1709012840044 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Хуушаан овогт Даваадоржийн Д.А, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сити тауэр” зочид буудалд өрөөний үйлчлэгчээр ажиллаж байсан, ам бүл 5, эх, дүү нарын хамт ............................... тоотод оршин суух,

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаатай албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, /РД: .................../,

          Д.А нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пума империал” зочид буудлын 1401 тоот өрөөнд нэвтрэн орж, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Ш-ийн гар цүнхэн дотроос биет 550 юанийг нууцаар авсны улмаас 206.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Аыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Аын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Д.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн флаш диск 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Ад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байна. Би ам бүл 5, өндөр настай эх, бага насны 3 дүүгийн хамт амьдардаг. Би хэрэгт холбогдохын өмнө “Пума империал” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хувиарлагдсан өрөөг цэвэрлэж дуусаад гарахад 1401 тоот өрөө онгорхой байсан. Өрөөнд ороход хүн байхгүй байсан ба нэг эмэгтэй хүний цүнх байсан. Онгойлготол зөндөө их мөнгө байсан. Би захад нь байсан Хятад улсын мөнгөн дэвсгэртийг авч гарсан. Тэгээд ажлаа дуусгаад гэртээ харьсан. Өөрийн болгоомжгүй байдлаасаа болж бусдын эд зүйлийг авч ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би бусдын эд зүйлийг хулгайлъя гэсэн санаа зорилготой тэр өрөөнд ороогүй. Сонирхож ороод, эзэнгүй байсан эд зүйлсийг өөрийн дураар авч гараад бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн мөн хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж оногдуулсан. Миний хулгайлсан мөнгөний хэмжээ 206.640 төгрөг буюу бага хэмжээтэй байхад шүүхээс Эрүүгийн хуулийн өөр бусад заалтуудыг хэрэглэх боломж байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлахдаа “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэжээ. Харин шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад дээрх тайлбар хамаарахгүй гэж үзэж надад ял оногдуулсан гэж бодож байна. Гэвч хууль тайлбарлах эрх зөвхөн шүүхэд байдаг тул гомдол гаргаж байна. Миний үйлдсэн хэргийн хохирлын хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт тооцох эсэхийг хянаж өгнө үү. Надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү ...” гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтаст Хавхэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.Ад холбогдох хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Д.А нь 2-8 жилийн хорих ялтай, хүнд гэмт хэрэгт холбогдсон ба анхан шатны шүүхээс хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Д.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг тэнсэж өгнө үү гэсэн нь гомдол гаргасан байна. Тэнсэх тухай ойлголт нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд яригдах тул Д.Аын гомдлыг хүлээн авах боломжгүй юм ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.А нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пума империал” зочид буудлын 1401 тоот өрөөнд нэвтрэн орж Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Ши Жиегийн гар цүнхэн дотроос биет 550 юанийг нууцаар авсны улмаас 206.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч S-гийн “... Би Монгол улсад 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2 дахь удаагаа албан ажлаар ирээд “Пума империал” зочид буудлын 1401 дугаартай өрөөнд байрлаж байгаа ба өнөөдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагт оройн хоол идэх гээд өрөөний хаалгаа хаагаад гарсан. Тэгээд 21 цагт өрөөндөө буцаад орох гэтэл өрөөний хаалга онгойчихсон байхаар нь гайхаад дотогш ороход хувцасны шкафны хажуугийн тавиур дээр байсан цүнхний цахилгаан хагас онгойчихсон байдалтай, дотор нь байсан түрийвч дэлгэгдчихсэн байхаар нь түрийвчээ аваад үзэхэд дунд талын тасалгаанд нь байсан 550 юань алга болсон байсан. Тэр дор нь 1 давхарт буудлын ажилтанд мэдэгдээд камер шүүж үзэхэд намайг хоолонд орохоор гарсны дараа буудлын ажилтан миний өрөөнд ороод гарч байгаа бичлэг байсан. Тэгтэл буудлын ажилчид миний өрөөнд орсон ажилтан руугаа утсаар ярихад би өрөө андуураад орчихсон байна гэж байснаа дахин асуухад би өрөө шалгах гэж орсон гэж 2 өөр хариулт хэлсэн. Миний түрийвчний дунд тасалгаанд 550 юань, цахилгаантай хэсгийн ар талд 3000 юань байсан ба дунд талын тасалгаанд байсан 550 юань алга болсноос өөр эд зүйл алдагдаагүй...” /хх-16/,

Иргэний нэхэмжлэгч Ш.О-ийн “... 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн үед манай ажлаас намайг утсаар залгаж дуудсан. 1401 тоот зочны өрөөнөөс мөнгө алдагдсан хулгайн хэрэг гарлаа гэж дуудсан. Тэгээд би 21 цаг 30 минутын үед ажил дээр очоод хамгийн түрүүн шинээр ажилд орсон Д.А гэгчийг сэжиглэсэн. Тэгээд ямар ч байсан эхлээд камерын бичлэг шүүж үзье гээд шүүтэл шинэ ажилтан А 1401 тоот өрөөрүү орж байсан. Өөр орж, гарсан хүн байгаагүй. БНХАУ-ын иргэн Shi Jie 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай зочид буудалд анх байрлаад 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарах ёстой байсан. Манай байгууллагаас 208.670 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны салбараас 550 юань болгон солиулж үйлчлүүлэгч Ш-гийн хохирлыг барагдуулсан...” /хх-25/,

Гэрч Б.З-ийн “... Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Пума империал” зочид буудалд зочин угтагчийн ажил хийж байсан бөгөөд орой 21 цаг 15 минутын үед ээлж солилцох гэж байтал манай буудлын хамгаалагч О гэх залуу лифтнээс гадны зочинтой хамт бууж ирээд “энэ зочны өрөөнөөс мөнгө алга болчихсон байна, камер шүүлгэмээр байна” гэж хэлэхээр нь би зохион байгуулагчийн гар утас руу залгаад камерын кодыг асуугаад, бичлэгийг ухраалгаж үзэхэд өнөөдөр манай зочид буудалд ажилд орсон Д.А гэх эмэгтэй тухайн зочныг өрөөнөөсөө гарсны дараа өрөөнд нь ороод 1 минут орчим болоод гараад явж байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь би Д.Аыг олж уулзах гэтэл ажлаа дуусгаад явчихсан байсан. Тэгээд би хүний нөөцийн ажилтнаас утсыг нь аваад залгахад утсаа авахгүй болохоор нь Д.Аын 95980485 дугаарын утас руу өөрийн утаснаас хэд хэд удаа залгасан боловч утсаа авахгүй болохоор нь зочны өрөөнд хулгай орсон байна, камер шүүж үзэхэд чиний бичлэг байна, утсаа авахгүй бол цагдаад мэдэгдлээ шүү гэсэн утгатай мессеж бичихэд өөрөө миний утас руу залгасан бөгөөд түүнд би болсон асуудлыг хэлэхэд би наад өрөө рүү чинь андуураад орчихсон гэхээр нь цагдаа ирэхээс өмнө чи мөнгийг нь өгчих гэтэл би хүний өрөө цэвэрлэж байж хүний эд зүйл ухах зав байхгүй шүү дээ гэж эхний хариултаасаа өөр зүйл хэлсэн. Тэгээд би одоо завгүй байна, цагдаагаа над руу залгуулчих, би маргааш очино гэж хэлсэн учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-26/,

Д.Аын яллагдагчаар өгсөн “... Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагаас оройн 21 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пума империал” зочид буудалд, цагаар, өрөөний үйлчилгээ буюу цэвэрлэгээний ажил хийсэн. Би 19 цаг 30 минутын үед өрөөний үйлчилгээ хийгээд явж байтал нэг өрөөний хаалга хагас онгойчихсон онгорхой байсан. Тухайн үед би эсрэг талын өрөөг нь цэвэрлэж байгаад гарахдаа тэр өрөөрүү ортол зочны эд зүйлс байсан ба ямар нэгэн хүн байхгүй болохоор нь нилээн ажиглаж зогсож байгаад эмэгтэй хүний, богино оосортой, даавуун материалтай, хар хүрэн өнгийн цүнх байхаар нь онгойлготол дотор нь урт загвартай бараан өнгийн түрийвч байхаар нь онгойлгоод үзэхэд зөндөө мөнгө байсан. Тэгэхээр нь би яг захад нь байсан Хятад улсын мөнгөн дэвсгэртийг аваад өрөөг нь онгорхой чигээр нь орхиод буцаж гараад ажлаа дуусгаад харьсан. Тухайн үед би мөнгө авчихсан байсан болохоор хүн мэдчих вий гэж бодоод айж сандарсан байдалтай байж байтал буудлын ээлжийн зохион байгуулагч дуудахаар нь би очиж уулзаагүй юм. Тэгтэл удалгүй цагдаа дуудахаар нь ирж мэдүүлэг өгөөд, 150 юань хураалгасан. Харин үлдэгдэл мөнгийг нь би урт цагаан дээр очиж солиулаад үрчихсэн...” /хх-30-31/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-13/, Худалдаа хөгжлийн банкны валют худалдах, худалдан авах маягт /хх-19/, хохирол төлсөн баримт /хх-52-53, 84/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Д.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Д.Аыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Д.Ааас “... Надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү, миний үйлдсэн гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт тооцох эсэхийг шалгаж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн  Д.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулсан нь хуульд нийцсэн байх ба давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн Д.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжтэй тохирч байх тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Д.А нь үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр буюу зочид буудлын өрөөнд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн ба хохирлын хэмжээ бага байх эсэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарахгүй.

 Иймд шүүгдэгч Д.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,   Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН