Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/00687

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр          Дугаар 101/ШШ2017/00687          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр 53 тоотод оршин суух, Довчин гүн овогт Жигжидийн Энхтуяа /РД:ЧЕ62020306/-гийн нэхэмжлэлтэй, 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Жигжид овогтой Энхтуяа миний бие 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Эрдэс будгийн үйлдвэрлэл туршилтын лабораторид инженерээр ажилд орсон. 1994 онд “Монгол будаг” ХК нэртэй болсон ба миний бие 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл будгийн инженер, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн боловч баллаж зассан засвартай байсан тул шүүлгэж үзэхэд тушаал огт гарч ирэхгүй байна. Миний бие тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна.  Иймд намайг 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Эрдэс будгийн үйлдвэрлэл туршилтийн лаборатори, “Монгол будаг” ХК-д будгийн инженер, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа “ажиллаж байсан байдлаа тогтоолгох” хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч засвартай болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.

 

Ж.Энхтуяа Улаанбаатар хотын “Эрдэс будгийн үйлдвэрлэл туршилтын лаборатори”, “Монгол будаг” ХК-д 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл будгийн инженер, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Эрдэс будгийн үйлдвэрлэл туршилтийн лабораториос Ж.Энхтуяад 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгосон 233798 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газраас гаргасан лавлагаа, Ж.Энхтуяад олгосон 692153 дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл, фото зургууд, Ж.Энхтуяаг 1992 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 012 дугаартай Монгол Улсын барилгын материалын үйлдвэрийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан үнэмлэхийн хуулбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан Д.Мандах, Ө.Ариунаа нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Гэрч Д.Мандахын “...Би 1986 оны 8 сарын 15-нд “Эрдэс будгийн үйлдвэрлэл туршилтын лабораторид ажилд орсон. Намайг ажилд орсны дараахан Ж.Энхтуяа инженерээр ажилд орсон ба бид 1995 он хүртэл хамт ажилласан”, Ө.Ариунаагийн “... Би 1986 оны 9 сард “Эрдэс будгийн үйлдвэрлэл туршилтын лабораторид химич, технологичоор ажилд орсон. Намайг ажилд ороход Ж.Энхтуяа будгийн инженерээр ажиллаж байсан. Би 1994 оны 1 сард ажлаасаа гарсан, Энхтуяа 1994 оны намар хүртэл ажилласан...” гэх мэдүүлгүүд нь Д.Мандахад 1983 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Барилгын техниккумаас олгож байсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Энхтуяагийн хамт олонтойгоо авахуулж байсан фото зураг зэргээр тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ж.Энхтуяагийн Улаанбаатар хотын “Эрдэс будгийн үйлдвэрлэл туршилтын лаборатори”, “Монгол будаг” ХК-д 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл будгийн инженер, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Довчин гүн овогт Жигжидийн Энхтуяагийн Улаанбаатар хотын “Эрдэс будгийн үйлдвэрлэл туршилтын лаборатори”, “Монгол будаг” ХК-д 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл будгийн инженер, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ