| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/00390/И |
| Дугаар | 101/ШШ2017/00666 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/00666
2017 оны 02 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2017/00666 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 40 дүгээр гудамж, 223 тоотод оршин суух, зорчигч тээврийн нэгтгэлд жолооч ажилтай, Мартай овогт Нямдоржийн Нацагдорж /РД:УХ88100897/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 2 дугаар байр 126 тоотод оршин суух, Дүдлэй овогт Төмөрхуягийн Ариунзаяа /РД:УН88112409/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нацагдорж, хариуцагч Т.Ариунзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2006 онд Т.Ариунзаяатай танилцаж улмаар 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтийн Г-1519 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 12 дугаар сарын 30-нд охин Н.Номин-Эрдэнэ төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Т.Ариунзаяагийн асрамжид өссөн. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Н.Номин-Эрдэнийгээ эх Т.Ариунзаяагийн асрамжид үлдээж, эцэг Н.Нацагдорж би хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Бид эвлэрэх боломжгүй, цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй, тус тусдаа гэр бүлтэй болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Т.Ариунзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 2009 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд таарамжгүй байдлын улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Н.Номин-Эрдэнийг би өөрийн асрамжид авч, Н.Нацагдоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн санал асуулгаас татгалзаж байна.” гэжээ.
Бид эвлэрэх боломжгүй, тус тусын амьдралтай болсон, хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа учраас эвлэрэх хугацаа өгөхгүйгээр шийдэж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, эвлэрэх хугацаа авах нь ямар ч үр дүнгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Нацагдорж хариуцагч Т.Ариунзаяад холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2006 онд гэр бүл болж улмаар 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 30-нд охин Н.Номин-Эрдэнэ төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь эвлэрэх боломжгүй, эвлэрэх хугацаа авсан ч үр дүн гарахгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчид охин Н.Номин-Эрдэнийн асрамжийн тал дээр маргахгүй, охиноо эх Т.Ариунзаяагийн асрамжид үлдээхийг хэн аль нь зөвшөөрч байх тул шүүх охин Н.Номин-Эрдэнийг эх Т.Ариунзаяагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд охин Н.Номин-Эрдэнийг эх Т.Ариунзаяагийн асрамжинд үлдээхийг гэрлэгчид зөвшөөрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй тул эцэг Н.Нацагдоржоос хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу Н.Нацагдоржоос улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 31,233 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 2 сарын 6-ний өдрийн А/13 тоот тушаалаар 2017 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185300 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Охин Н.Номин-Эрдэнийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Н.Нацагдоржийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Т.Ариунзаяа саад болох учиргүй юм.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Мартай овогт Нямдоржийн Нацагдорж /РД:УХ88100897/, Дүдлэй овогт Төмөрхуягийн Ариунзаяа /РД:УН88112409/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 30-нд төрсөн охин Н.Номин-Эрдэнэ /РД:УХ09323060/-ийг эх Т.Ариунзаяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 12 дугаар сарын 30-нд төрсөн Н.Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Нацагдоржоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ариунзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Н.Нацагдоржоос 31,233 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ