Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 653

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч М.Э түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Боржигон овогт М.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809032620228 тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 199* оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо Нархан хотхон 104 дүгээр байрны 32 тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт ***/РД:***/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Э нь ***ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа олон нийтийн цахим сүлжээ болох facebook-т ***ХХК нь төмөр хашаа хийж нийлүүлнэ гэсэн мэдээлэл байршуулж, улмаар иргэн Б.Бурмаад төмөр хашаа хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол Бодь Интернэйшнл ХХК-ийн байрны 1 дүгээр давхарт байрлах Голомт банкны салбараас 6.125.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хаадын шилтгээн гэр” ХХК-д төмөр хашаа хийж өгөхөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаанд 12.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хос цайз” төвийн 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны тооцооны төвөөс 5058220875 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан иргэн Д.Болор-Эрдэнэд 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлхийн зусланд байрлах 131 м2 газар дээр төмөр хашааг 3.400.000 төгрөгөөр хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Л.Бат-Эрдэнээс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “Саран Элит” ХХК-тай 500 метр хашааг 30 хоногийн дотор 17.000.000 төгрөгийн төлбөртэйгээр хийхээр тохиролцон ажил  гүйцэтгэх гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж ажлын хөлсний урьдчилгаа 70 хувь буюу 11.700.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан,

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Ганбаярыг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Граду төвийн 5 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхад нь төмөр хашаа хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Баттөрийг төмөр хашаа захиалгаар хийж гүйцэтгэнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 3.420.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо Чингүнжавын гудамж 71-3 тоот байхад нь С.Ганхуягийн Хаан банкны 5003373484 дугаарын дансаар дамжуулж мобайл банк үйлчилгээгээр өөрийн 5058220875 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Очир Ундаа” ББСБ-ын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах салбарт зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Toyota Prius 20 маркийн  тээврийн хэрэгслийг худалдан авч зээлийн эргэн төлөлтийг нэг ч удаа хийхгүйгээр залилан 7.260.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 47.505.000 /дөчин долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

         

1. Шүүгдэгч М.Э нь ***ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа олон нийтийн цахим сүлжээ болох facebook-т ***ХХК нь төмөр хашаа хийж нийлүүлнэ гэсэн мэдээлэл байршуулж, улмаар иргэн Б.Бурмаад төмөр хашаа хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол Бодь Интернэйшнл ХХК-ийн байрны 1 дүгээр давхарт байрлах Голомт банкны салбараас 6.125.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Голомт банкны төлбөрийн баримтын хуулбар. /хэргийн 1 дүгээр хавтас 23 дугаар хуудас/

Хохирогч Б.Бурмаагийн “Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр facebook-ээр хайж байгаад Ирмүүн төмөр хийц гэх компанийг олж зуслангийн хашааны үнэ ханшийг судал хашааны үнэний м2-ыг тохирч хийлгэхээр болсон. Хашаа хийлгэх газраа уулзахаар болж тэр өдрөө Яармагийн эмнэлгийн урд талд тус компанийн захирал гэх М.Э гэх хүнтэй уулзсан. *** хашаа хийх газраа үзээд хийлгэхээр болоод хотын төв рүү орж мөнгөө шилжүүлэхээр болж 70 хувийн урьдчилгаа авна гэсэн. Хорооллын эцэст манай хашаа хийдэг газар байдаг гээд тэнд банк орохоор тус тусдаа машинаараа явсан. Би гэрээ хийх гээд нотариат орох гэхэд цайны цаг болоод нотариатч нь гарсан. Тэгээд би ойлгомжтой юм чинь гэж бодоод компанийн гэрчилгээг нь хараад Хорооллын эцэст байх Голомт банкны 1415115052 тоот данс руу өөрийн Голомт банкны 1165108485 тоот данснаас 6.125.000 төгрөгийг шилжүүлсэн. Хашааг 18 хоногт хийж дуусгана гээд би хугацаа нь болохоор нь залгатал утсаа аваагүй ба facebook-ээр бичтэл хашаа бэлэн болж байгаа, будгийн ажил үлдсэн гэж хариу өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа ахиад хашаагаа асуутал М.Э надад хашааны шон дутсан, ахиад 800.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би сэжиг төрж би хашаагаа үзэж байж больё гэтэл тэрнээс хойш таг болсон. Тэгээд би залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. М.Э 24-25 орчим насных байх. Гар утасны дугаар нь *** гэсэн утастай. Facebook нь Ирмүүн төмөр хийц гэсэн page хуудастай. Өөрийнх нь М.Э гэсэн facebook хаягийг нь олсон. Би өөрийг нь болон зургийг нь хараад танинаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хуудас 28-29 дүгээр хуудас/,

“... Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол Л.Энэбишийн өргөн чөлөө-9 Бодь интернэйшнл ХХК-ны байрны 1 давхарт байрлах Голомт банкны салбараас  *** Ирмүүн төмөр хийц ХХК-ний данс руу 6.125.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоо хүртэл миний хашааг хийж өгсөн зүйл байхгүй байна.

... Би гомдолтой байна. Надад 6.125.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирлоо авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 31-32 дугаар хуудас/

“...Надад гомдолтой байна. *** гэх эмэгтэйгээс өөрт учирсан хохирлыг барагдуулж авмаар байна. Хохирлоо авчихвал гомдол санал гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 195-196 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хаадын шилтгээн гэр” ХХК-д төмөр хашаа хийж өгөхөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаанд 12.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хос цайз” төвийн 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны тооцооны төвөөс 5058220875 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан иргэн Д.Болор-Эрдэнэд 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар, /хэргийн 1 дүгээр хавтас 63 дугаар хуудас/

Хаадын шилтгээн гэр ХХК-ны захирал Д.Болор-Эрдэнэ, М.Э  нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, /хэргийн 1 дүгээр хавтас  64-68 дугаар хуудас/

Хохирогч Д.Болор-Эрднийн “Би Хаадын шилтгээн гэр ТББ-н эзэшилийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах 5 га газарт төмөр хашаа бариулах гээд зар харж байгаад Алтангэрэл, *** гэх хүмүүстэй холбогдоод 5 га газарт 3 тал хашаа бариулна гэж ярилцсан. Би хашаагаа бариулахаа больдог юм уу гэж бодож байхад Алтангэрэл эгчээ бид нараар хашаагаа бариулчихаач гээд гуйгаад байсан. Энэ газар дээр 20.000.000 төгрөгөөр хашаа барина. 15.000.000 төгрөг нь ажлын зардал болоод 5.000.000 төгрөг нь ашиг болох юм байна гэж байсан. Би ажлын байранд нь очиж үзсэн. Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн хажууд 20 дугаар гудамжны 03 тоот хашаанд байсан. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Алтангэрэлээр хашаагаа бариулах гээд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн гүүрэн дээр уулзаад гэрээндээ гарын үсэг зуруулаад мөнгөө мобайл банкаар мөнгөө шилжүүлээд төмөрөө авах гээд төмрийн зах орсон чинь манай хашааг барих зузаан төмөр нь байхгүй байсан учраас маргаашнаас ирэхээр нь авна гэж байсан. Тэгээд 3 хоногийн дараа Дамбадаржаад байрлах ажлын байран дээр нь очиход манай хашааг бариагүй байсан. Утсаар ярихад наад хашаа чинь 380 цахилгаангүй, Дэнжийн 1000-д ахын хашаанд тасдаж байгаа гэсэн. Би тэр хашаа руу очиж үзье гэхэд та нар олж чадахгүй гэхээр нь очоогүй. Тэрнээс хойш удахгүй өгнө гэсээр байгаад одоог хүрсэн.  ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 81-82 дугаар хуудас/

“... миний бүх ажил энэ ажлаас болж зогсонги байдалтай байна. Хурдан хугацаанд би хохирлынхоо мөнгийг авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 83-84 дүгээр хуудас/,

“... М.Э  нь миний хохирол болох 12.000.000 төгрөгийг барагдуулсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Би шүүх хуралд оролцож чадахгүй байх одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 91-93 дугаар хуудас/

Гэрч Э.Алтангэрэлийн “Би 2017 оны зун хашаандаа төмөр хийц хийж байсан. Тэгсэн Хаадын гэр ТББ-с захиалга өгье гэсэн. Би очиж уулзсан. Хашаа бариулах газрыг нь хэмжээд үнэ хөлсөө тохироод урьдчилгаа болгож 12.000.000 төгрөг авсан. Би хүүтэй мөнгө зээлсэн байсан чинь тэр хүн өрөө дарчих буцаагаад өгье гэж хэлэхээр нь мөнгийг нь өгсөн чинь надад дахиж мөнгө зээлээгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 89-90 дугаар хуудас/

“... Д.Болор-Эрдэнэ гэх хүнтэй хашаа барих талаар гэрээг *** байгуулсан. Би тэр үед Ар гүнтэд ажилтай явж байсан. Урьдчилгаа мөнгө хэний дансанд орсон талаар мэдэх зүйл байхгүй. *** дансанд орсон байх. Би энэ хэрэгт оролцоогүй. Нэг удаа очиж хашаа барих төмөр аваачиж үзүүлсэн. Төв аймаг Эрдэнэ суманд хашаа барих газар очиж хэмжээ авсан. Өөр зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 95-96 дугаар хуудас/

          М.Эийн яллагдагчаар өгсөн “Би 11.000.000 төгрөгөөр хашаа хийх төмөр захиалсан юм. Үлдсэн 1.000.000 төгрөгөөр ажилтны цалин хөлс өгч хоол хүнс авсан байх. Би төмөр захиалаад авсан юм. Тэгээд Тэрэлжид өмнөх захиалга өгсөн байсан хүнийхээ захиалгыг хийж өгсөн юм. Тэгээд Тэрэлжид хийсэн хашааныхаа хүнээс үлдэгдэл 6.000.000 төгрөг авах байсан бөгөөд 6.000.000 төгрөгөө авч чадаагүй болохоор Д.Болор-Эрдэнийн хашааг хийж чадахгүй болсон юм. Би одоо гэхдээ Болор-Эрдэнийн 12.000.000 төгрөгийг барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг, /хэргийн 3 дугаар хавтас 94-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлхийн зусланд байрлах 131 м2 газар дээр төмөр хашааг 3.400.000 төгрөгөөр хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Л.Бат-Эрдэнээс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Бат-Эрдэнийн “2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн зусланд байрлах газартаа төмрөөр хашаа бариулахаар facebook цахим хуудсаар манай эхнэр Мягмардулам Ирмүүн төмөр хийц нэртэй байгууллагын зараар захирал нь гэх Мөнхбат овогтой *** гэх  /1994 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн/ эмэгтэйтэй уулзан 131 м2 газар дээр төмөр хашаа хийлгэхээр 3.400.000 төгрөгөөр үнэ ханшаа тохироод 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа болгон  2.000.000 төгрөгийг өгсөн ба 10 хоногийн дотор барина гэсэн. Гэтэл М.Э гэх эмэгтэй өнөөдрийг хүртэл хашааг минь барьж өгөөгүй ба эмээгийн бие муу байна, өвөө нас барчихлаа гэх мэтээр хугацаа сунгаад яваад байсан ба Үндэсний баяр наадмын дараа бороо их ороод байна гэх мэтээр ажлаа хийлгүй хугацаа сунгаж байгаад сүүлдээ утсаа авахаа болиод унтраачихсан. М.Эийн утас ***, түүний нөхөр Алтангэрэл гэх хүний утас 89244861 гэсэн дугаартай нөхөр лүү нь залгахаар намайг гэж мэдээд утсаа таслаад байх юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 129-130 дугаар хуудас/,

“... Бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд надад 10 хоногийн дотор төмөр хашаа хийж өгнө гээд урьдчилгаа 2.000.000 төгрөг бэлнээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны хажууд талд машин дотор аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хуудас 131 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Мягмардуламын “Манай нөхөр М.Э гэх охинтой уулзаад хашаа хийлгэхээр болсон юм. Тэгээд бид хоёрт хадгалж байсан 2.000.000 төгрөг бэлэн байсан болохоор манай нөхөр М.Э гэх охинд бэлнээр өгсөн. Тэгээд одоо болтол хашаа байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 132-133 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “Саран Элит” ХХК-тай 500 метр хашааг 30 хоногийн дотор 17.000.000 төгрөгийн төлбөртэйгээр хийхээр тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж ажлын хөлсний урьдчилгаа 70 хувь буюу 11.700.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Саран элит ХХК-ны болон Ирмүүн төмөр хийц ХХК-ны хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, /хэргийн 2 дугаар хавтас 22-24 дүгээр хуудас/

          Хохирогч Ш.Амарзаяагийн “... Харин М.Э нь гэрээ байгуулахдаа  хүүхэдтэйгээ хоёулахнаа орж ирээд гэрээ байгуулж тамга тэмдэгээ дараад явчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас 35-36 дугаар хуудас/

          М.Эийн яллагдагчаар өгсөн “... Төмөр материал авсан. Хувийн хэрэгцээнд хэрэглэсэн байгаа. Хохирол болох 11.700.000 төгрөгийг удахгүй барагдуулах болно. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 94-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Ганбаярыг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Граду төвийн 5 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхад нь төмөр хашаа хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ганбаярын “Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд төмөр хашаа хийх гээд facebook-ын зар дээр *** гэх эмэгтэй хүний Ирмүүн төмөр хийц гэсэн компанитай ба байнга зар тавьдаг тэгээд би *** дугаарын утас руу залгаад үнийн асуусан. Тэгээд *** гэдэг эмэгтэй өөрийн биеэр манай ажил дээр ирээд үнэ гаргаад өгье эхлээд та нар урьдчилгаа мөнгө өг гэж хэлсэн. Материал татна гэж хэлсэн. Нийт 37.000.000 төгрөгний төмөр хийж өгнө гэж хэлээд 5.000.000 төгрөгний урьдчилгаа өг гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5058220875 дугаарын данс руу 5.000.000 төгрөгийг ажлын байрнаасаа шилжүүлсэн юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хашааг чинь суулгаад эхлэнэ гэж хэлээд утсаа авахгүй алга болсон асуудал болсон юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас 130 дугаар хуудас/

“Надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа” гэсэн мэдүүлэг, /хэргийн 3 дугаар хавтас 193-194 дүгээр хуудас/

          М.Эийн яллагдагчаар өгсөн “Уг мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг Батсайханд өгсөн. Үлдсэн 4.000.000 төгрөгөөс цалин хөлс өгсөн. Тэгээд мөн адил хойд урдахаа нөхөөд явсан. Яг хэлж сайн мэдэхгүй байна. Хохирлоо удахгүй барагдуулах болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 94-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

6. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Баттөрийг төмөр хашаа захиалгаар хийж гүйцэтгэнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 3.420.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо Чингүнжавын гудамж 71-3 тоот байхад нь С.Ганхуягийн Хаан банкны 5003373484 дугаарын дансаар дамжуулж мобайл банк үйлчилгээгээр өөрийн 5058220875 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Баттөрийн “Би 2018 онд өөрийн найз нар болох С.Ганхуяг, Б.Батболд нарын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ар гүнт гэдэг газар 4 айлын газар худалдаж авсан. Тэгээд бид нар төмөр хашааны үнэ судлаад явж байтал facebook дээр Ирмүүн төмөр хийц гэсэн хаягтай төмөр хашаа, төмөр эдлэл хямд хийнэ гэсэн зарын дагуу уг компаний захирал *** гэх эмэгтэйтэй *** дугаараар холбогдоход 208 метр газарт 1,5 метр өргөнтэй босоо 20х20 харьцаатай, 20х30 хэмжээтэй зайтай, 40х40 хэмжээтэй шонтой, төмөр хашаа, 2 хаалганы хамт хийлгэхээр бодуулахад тооцоолж үзээд нийт 5.700.000 төгрөг болж байна гэсэн. Тэр үед уг үнэ нь зах зээлийн ханшнаас хямд байсан. Гэтэл *** урьдчилгаа 3.420.000 төгрөгийг явуулчихвал 14 хоногийн дараа хашаа чинь бэлэн болоод манай компаниас суурьлуулж өгнө гэсэн. Тэгэхээр нь би уг эмэгтэйтэй уулзаж Сонгинохайрхан дүүрэгт худалдаж авсан газраа харуулаад хэмжээ авхуулсан. *** манай газар дээр ирэхдээ 2 хүүхэд нэг хөгшинтэй эмэгтэйтэй бас нэг залуутай хамт ирсэн. Надад хэлэхдээ гэр бүлээрээ явж байна гэж хэлж байна. Тэгээд би түүнд итгээд түүний 5058220875 дугаарын данс руу 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Чингүнжавын гудамж 71-3 тоотоос өөрийн найз С.Ганхуягийн Хаан банкны 5003373484 дугаарын данснаас мобайл банк ашиглаж 3.420.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 14 хоног нь болсоны дараа юу болов гэхэд удахгүй гэж хэлээд өнөөдрийг хүрч байна. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон ба одоо холбоо тасарсан. *** нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн. Гомдолтой байна. Хохирлын мөнгөө гаргуулж авмаар байна. Уг хүнийг олж өгнө үү” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас 217-218 дугаар хуудас/

“Би гомдолтой байна. Миний 3.420.000 төгрөгийг барагдуулах хүсэлтэй байна. Энэ залилан мэхлэх гэмт хэргийг удаа дараа хийж байна гэж хүмүүс ярих юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас 219-221 дүгээр хуудас/

“...Би ***ийг танихгүй. Facebook-ээс зарын дагуу холбогдсон. Хохирлын мөнгөө бэлнээр авсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 3 дугаар хавтас 197-198 дугаар хуудас/,

          М.Эийн яллагдагчаар өгсөн “Би тухайн үед бусад хүмүүс хийж байсан материалтай оруулсан. Тэгээд үлдсэн мөнгө төгрөгийн хувьдаа зарцуулсан. Яг хэдэн төгрөг хаашаа хийсэн талаараа одоо сайн санахгүй байна. Би 3.420.000 төгрөг аваад хашаагаа хийх боломжгүй болсон болохоор хийгээгүй байх одоо хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 231-234 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Прокророос шүүгдэгч М.Эийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Очир Ундаа” ББСБ-ын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах салбарт зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Toyota Prius 20 маркийн  тээврийн хэрэгслийг худалдан авч зээлийн эргэн төлөлтийг нэг ч удаа хийхгүйгээр залилан 7.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

          Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийхишигийн гаргасан өгсөн  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02611 дугаартай захирамжинд “...1.Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагынхаа 374.884 төгрөгнөөс татгалзаж, 9.260.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч  Э.Алтангэрэл, М.Э нар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд 47-28 УБР улсын дугаартай NHW2030025481 арлын дугаартай, цагаан өнгийн Toyota Prius 20 маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид харилцан тохиролцон эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

          Иймд шүүгдэгч М.Эд холбогдуулан “Очир Ундаа” ББСБ-д 7.260.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч М.Эийн үйлдэл нь “Залилах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч М.Э уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бурмаад 6.125.000 төгрөгийн, Д.Болор-Эрдэнэд 12.000.000 төгрөгийн,  Л.Бат-Эрдэнэд 2.000.000 төгрөгийн, Ш.Амарзаяад 11.700.000 төгрөгийн, Б.Ганбаярт 5.000.000 төгрөгийн, Б.Баттөрд 3.420.000 төгрөгийн хохирол учирчээ.

Хохирогч Д.Болор-Эрдэнэ, Л.Бат-Эрдэнэ, Б.Баттөр нарт учруулсан хохирлыг шүүгдэгч М.Э төлж барагдуулсан талаар хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ.

Иймд шүүгдэгчээс хохирогч Б.Бурмаад 6.125.000 төгрөгийг, Б.Амарзаяад 11.700.000 төгрөгийг, Б.Ганбаярт 5.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар М.Эийн баривчлагдсан, цагдан хоригдсон 33 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх  шүүгдэгч М.Эийг хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан улсын яллагчаас ялласан хорих ялыг оногдуулах шаардлагагүй гэж үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Эийн “Очир Ундаа” ББСБ-ыг залилан 7.260.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбатын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Эийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар М.Эийн баривчлагдсан, цагдан хоригдсон 33 хоногийг нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 5.000.000 төгрөгийн торгуулийн ялаас 495.000 төгрөгийг хасч эдлэх ялыг 4.505.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Эээс 6.125.000 төгрөг гаргуулж Б.Бурмаад, 11.700.000 төгрөг гаргуулж Б.Амарзаяад, 5.000.000 төгрөг гаргуулж Б.Ганбаярт нарт тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ