| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/00224/И |
| Дугаар | 101/ШШ2017/00676 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/00676
2017 оны 02 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2017/00676 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4-р хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 170С-119 тоот, “Грандповер майнинг” ХХК-д холбогдох,
Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварт 97,402,858 төгрөг 80 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Отгонцэцэг, Э.Болор-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч О.Гончигдорж, прокурор Б.Бямбадагва, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Грандповер майнинг” ХХК нь 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5356504 тоот регистрийн дугаартай хязгаарлагдмал хувьцаат компанийн үйл ажиллагаа явуулж ирсэн. “Грандповер майнинг” ХХК нь өнөөдрийн байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого нийт 97,402,585.8 төгрөгийн татварын өртэй байна. Бид дээрх татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Монгол улсын татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкин дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд шаасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэх гэхэд “Грандповер майнинг” ХХК-ийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй байх тул боломжгүй байна. Хөрөнгөгүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаа, татварын алба болон Авто тээврийн газрын нэгдсэн сүлжээний баазаас авсан лавлагаа зэргээр нотлогдож байгаа болно. Иймд урьдчилан шийдвэрлэх боломжгүй болсон татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийн энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу “Грандповер майнинг” ХХК-д холбогдох нийт 97,402,858.8 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна ...” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийг дэмжиж байна. Хэрэгт цахим системээс хэвлэж өгсөн тайлан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр тооцогдсон тооцоолол байгаа. Хариуцагч 2015 онд цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татварт 101,347,708.80 төгрөгийн өртэй байсан. 2016 онд 1,414,994.5 төгрөгийг тайлагнасан. 2016 онд 3,944,850 төгрөг төлсөн. 2016 оны 12 сарыг дуустал тооцох татвараас 2016 оны тайлагнасан татварыг хасч 2015 онд хамаарах цалин хөлсний 97,402,858.80 төгрөгийг нэхэмжилсэн. Яагаад 2016 оны татварыг хассан бэ? гэхээр татвар төлөгчид тайланд засвар оруулах хуулийн хугацаа гэж байдаг. Энэ хугацаанд тайланд засвар орж болно гэж үзээд засвар орохгүйгээр баталгаажсан 2015 оныг дуусталх өрийг нэхэмжилсэн...” гэв.
Хариуцагч “Грандповер майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх захирал О.Гончигдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Баянгол дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2010 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид 2010-2014 онуудад үйл ажиллагаа тогтвортой явуулан татвар, шимтгэлүүдийг цаг тухайд төлж ирсэн билээ. 2015 оноос Уул уурхайн салбар, түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалсан эдийн засгийн хямралд орж, үйл ажиллагаа хумигдан одоогийн байдлаар бүрэн зогсоод байна. Энэ шалтгааны улмаас зохих татварыг цаг тухайд нь төлөх боломжгүй байсаар одоог хүрсэн. Тус татварын албаны тоогтоосон шүүхэд нэхэмжилсэн татварын өрийн үлдэгдлийн дүнг бид хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг барагдуулан төлөх, үйл ажиллагаагаа сэргээн тогтвортой ажиллахаар бид хичээж ажиллаж байна. 2016 оны сүүлээс Уул уурхайн салбарын сэргэлт ажиглагдан одоогийн байдлаар бид гурван уурхайд ажиллах санал, тендерт оролцон 2017 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаа жигдрэхээр байгаа тул дээрх нэхэмжилж буй татварын төлбөрийг 2017 оны 5, 6, 7, 8, 9 сард хуваан барагдуулах хүсэлтэй байна. Бидний хичнээн чармайлт, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх хуваарийн дагуу уг татварыг төлөх зөвшөөрөл олгож өгнө үү.
Тайлбараа дэмжиж байна. Нэхэмжилж буй татвар 97,402,858 төгрөг 80 мөнгө төлөхийг зөвшөөрч байгаа, хугацаа шаардлагатай байна. Цахим системээс хэвлэсэн цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлогыг тайлагнасан татварын тайлантай маргах зүйл байхгүй, манай тайлантай таарч байгаа...” гэв.
Оролцсон прокурор: “... Татварын өрийг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс хариуцагч “Грандповер майнинг” ХХК-д холбогдуулан “цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварт 97,402,858 төгрөг 80 мөнгө” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “2017 оны 5 сараас 2017 оны 9 сарын хооронд 5 хувааж төлнө” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Грандповер майнинг” ХХК 2010 оны 2 сарын 8-нд улсын бүртгэлд бүртгүүлж, Баянгол дүүргийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Грандповер майнинг” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, татвар төлөгчийн карт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч “Грандповер майнинг” ХХК нэхэмжлэгч байгууллага болох Баянгол дүүргийн Татварын хэлтэст цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварт 2015 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал өссөн дүнгээр нийт 101,347,708 төгрөг 80 мөнгөний татварын тайланг хүргүүлж, 2015.12.31-ний өдрийн байдлаар 101,347,708 төгрөг 80 мөнгөний өртэй байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2014 оны 1, 2, 3, 4-р улирал, 2015 оны 1, 2, 3, 4-р улирал тус бүрт гаргасан цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч 2016 онд 3,944,850 төгрөгийг цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татварт төлсөн нь зохигчдын тайлбар, татварын тооцооллын жагсаалтаар тогтоогдож байна.
2016 онд “Грандповер майнинг” ХХК цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварт 1,414,994.5 төгрөгийн татвар тайлагнасан нь 2016 оны 1-р улирлын тайлангаар тогтоодож байх боловч, энэ дүнг “...татвар төлөгч тайландаа засвар оруулах хуулийн хугацаа байдаг учраас 2016 оны тайланд засвар орж болзошгүй гэж үзэн 1,414,994.5 төгрөгийг нэхэмжлээгүй...” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн 2015 оныг дуусталх цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татвар 101,347,708.80 төгрөг төлөхөөс 2016 онд төлсөн 3,944,850 төгрөгийг хасч үлдэх 97,402,858 төгрөг 80 мөнгийг хариуцагч “Грандповер майнинг” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын орлогын дансанд оруулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 644,964 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Грандповер майнинг” ХХК-иас цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын өр 97,402,858 төгрөг 80 мөнгө гаргуулан Баянгол дүүргийн Татварын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Грандповер майнинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 644,964 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ