Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 662

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч,

хохирогч Б.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Боржигон овогт Сааралын Эрдэнэтуулд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005018541032 тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ***Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 12, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ***/РД:***/

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалан” эмийн сан дотор хохирогч Б.Баярцэцэгийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “Тэр өдөр гаднаас газрын албаны хүн орж ирээд танай газрыг шийдвэрлэж өгөх гэсэн боловч хойд эмийн сангийнхан хэл ам хийгээд байх юм гэсэн. Тэгээд мэдэгдэх хуудсаа аваад байж байтал нэг дугаараас над руу залгаад өнөө орой гэхэд ТҮЦ-ээ авахгүй бол ТҮЦ-ийг чинь шатаагаад 10 хүүхэдтэй чинь гуйлга гуйлгана шүү гэсэн. Тэгэхээр нь би эмийн сан руу нь ороод өөрийн мэдэлгүй витаминуудыг нь шидчихсэн юм” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярцэцэг мэдүүлэхдээ: “Би ажил дээрээ хүнд үйлчлээд зогсож байтал гаднаас орилоод чарлаад хүн орж ирээд хатуу витаминуудыг над руу шидсэн. Тэгээд би тойроод гарах гэтэл намайг хэл амаар доромжлоод, миний хийгээгүй бүхнийг надад тулгасан. Би энэ хүний талаар юу ч яриагүй байсан. Би зөндөө цохиулсан тэгээд гараад явсан чинь араас толгой руу цохисон. Тэгэээд би хэсэг мансуураад зугтах гэхээр араас хэл амаар доромжлоод байсан. Би тэр үед хальтарч унаагүй. Манай шал хальтардаггүй материалтай. Би бодит байдлаар 841.000 төгрөг нэхэмжилж байна. Бие болон толгой тархи байнга өвдөж байгаа. Урьд нь өвдөж байгаагүй. Миний ажил хариуцлагатай ажил. Цаашдаа толгой өвдөөд байвал би яахаа мэдэхгүй байна” гэв.

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Баярцэцэгийн “Би 2018 оноос Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалан эмийн санг түрээслэн ажиллуулж байгаа юм. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчим би ажил дээрээ байж байхад гаднаас манай эмийн сангийн урд талын гутал засварын газарт ажилладаг 30-35 орчим насны зүс таних эмэгтэй орилж чарлаж орж ирээд шууд эмийн сангийн урд талын лангуун дээр байсан витаминуудыг аваад над руу шидээд “чамайг би алаад шоронд явна” гээд лангууны хойноос орилоод байсан. Тэгэхээр нь би лангууныхаа араас гараад тэр эмэгтэйг болиулах гэтэл тэр эмэгтэй  шууд  намайг элдэв янзын үгээр хараагаад байхаар нь би гадагшаа гарах гээд гүйтэл тэр эмэгтэй миний толгойн дагз хэсэг рүү цохиход нь би газар унаад байж байхад манай нөхөр эмийн сангийн хойд талын өрөөнөөс гарч ирээд тэр эмэгтэйг бид хоёрын голоор салгах гэтэл тэр эмэгтэй манай нөхөр лүү бас дайраад байсан. Тэгээд манай нөхөр тэр эмэгтэйтэй ярилцах гэтэл тэр эмэгтэй над руу дайраад байсан. Тэгэхээр нь би өмсөж байсан углаашаа тайлаад цохих гээд далайсан. Тэрнээс биш тэр эмэгтэйг цохисон зүйл байхгүй ээ. Би шууд гадагшаа коридорт гартал тэр эмэгтэй миний араас гарч үүдэнд хаалга түшүүлсэн байсан тоосгыг аваад над руу шидэх гэхэд нь манай нөхөр тэр эмэгтэйгээс барьж байсан тоосгыг нь авсан.

... Тэр эмэгтэй урьд өмнө нь манай эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа объектийн үүдэнд гутал засварын үйл ажиллагаа явуулах гээд объектийн эзнээс зөвшөөрөл аваад уг объект баригдаад үйл ажиллагаа явуулж эхлээд уг эмэгтэйг нүү гэхэд нь нүүгээгүй гэсэн. Тэр эмэгтэй ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд дүүргийн газрын алба уг эмэгтэйг гутал засварын газраа нүүлгэ гэхэд нь намайг гомдол гаргасан гэж бодоод над руу дайрсан юм шиг байна лээ. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхдоржийн “... эхнэр Б.Баярцэцэг бид хоёр ажил дээрээ манай эхнэр Б.Баярцэцэг лангуун дээрээ би хойд талын амрах өрөөндөө байж байхад гаднаас гэнэт нэг эмэгтэй орилоод орилж орж ирэхээр нь би эмийн сан доторхи камерны хяналтыг харж байхад тэр эмэгтэй лангуун дээр байсан эд зүйлсийг манай эхнэр лүү шидлээд байхаар нь би хойд талын амралтын өрөөнөөс гарч ирэхэд 35-40 орчим насны махлагдуу биетэй эмэгтэй манай эхнэрийг гадагшаа гарах гээд гүйж байхад нь тэр эмэгтэй манай эхнэрийн толгойн хойд хэсэг рүү цохиход нь манай эхнэр доошоо суусан. Тэгэхээр нь би тэр эмэгтэй дээр очоод эхнэрээсээ холдуулахад тэр эмэгтэй манай эхнэр бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5833 дугаартай:

“1. Б.Баярцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 24-25 дугаар хуудас/,

Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо /хэргийн 26 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг минут болон секунд нь харагдахгүй үед эмийн сангийн гадна хэсгээс улаан хүрэн урт цамцтай эмэгтэй хүн орж ирээд  эмийн сангийн лангуун дээрхи эд зүйлсийг авч эмийн сангийн худалдагч буюу хохирогч Б.Баярцэцэг рүү шидэж байгаа нь бичигдсэн байв. ... хохирогч Б.Баярцэцэг үүдний хэсэг рүү гүйхэд гаднаас орж ирсэн улаан хүрэн өнгийн хувцастай эмэгтэй араас нь алхаж байгаад толгой хэсэг рүү нь цохиход хохирогч Б.Баярцэцэг доошоо хөл алдаж сууж байгаа нь бичигдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 36-39 дүгээр хуудас/,

С.Эын яллагдагчаар өгсөн “... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 44-45 дугаар хуудас/

“... Би 2002 оноос эхлэн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Е март худалдааны төвийн зүүн талд хувиараа гутал засварын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манайх урьд нь зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байж байгаад 2020 оны 05 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрлөө авчихсан байсан юм. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчим ажил дээрээ байж байхад Баянгол дүүргийн газрын албаны мэргэжилтэн гэх эмэгтэй орж ирээд “танай газрын асуудлыг шийдвэрлэж өгөх гэтэл танай хойд талын барилга буюу Жаргалан эмийн сангаас гомдол гаргаад байна, тийм учраас танайх энэ  газраа чөлөөлж өг” гээд мэдэгдэх хуудас өгчихөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би хойд талд байрлах Жаргалан эмийн сан руу ороход уг эмийн санг ажиллуулдаг эгч дүү хоёрын дүү нь байхаар нь би “та нар хүний муу үзлээ, би амьдрах гэж л явна, та нарт огт гай болоогүй байхад яаж байгаа юм бэ” гээд лангуун дээр нь байсан витанминаас 4, 5 ширхэгийг атгаж байгаад тэр эмэгтэй рүү шидсэн. Гэтэл тэр эмэгтэй чи битгийн хуцаад бай гэж хэлээд лангууныхаа араас гарч ирээд над руу ойртохоор нь би гараараа түлхэхэд тэр эмэгтэй гадагшаа гарч гүйхээр нь би тэр эмэгтэйн хойноос нь цохисон боловч миний гар хүрээгүй байхад тэр эмэгтэй газар хальтраад уначихсан. ... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Баярцэцэг, гэрч Б.Мөнхдорж, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, С.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр шүүгдэгч С.Э нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалан” эмийн сан дотор “газрын албанд гомдол гаргалаа” гэсэн шалтгаанаар уг эмийн сангийн эд зүйлийг авч шидэн улмаар  хохирогч Б.Баярцэцэгийн толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Баярцэцэгт хэрэгт цугларсан баримтуудаар  эмчилгээний төлбөр, эмийн зардалд нийт 833.940 төгрөг /хэргийн 32-33 дугаар хуудас/ тогтоогдож байна. Үүнээс шүүгдэгч 200.000 төгрөг төлснийг хасч үлдэх 633.940 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 10 хүүхэдтэй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сааралын Эрдэнэтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С.Э торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Эаас 633.940 төгрөг гаргуулж хохирогч Б.Баярцэцэгт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ