| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/00335/И |
| Дугаар | 101/ШШ2017/00667 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/00667
2017 оны 02 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2017/00667 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, ХО5 21 тоотод оршин суух, Боржигон овогт Болдбаатарын Амарбайгаль /РД:УЗ89092226/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монос 1-36 тоотод оршин суух, Жамбаа овогт Даваажавын Алтангэрэл /РД:НА89072975/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Амарбайгаль, хариуцагч Д.Алтангэрэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Амарбайгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2008 онд Д.Алтангэрэлтэй танилцаж, 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 10 дугаар сарын 20-нд хүү А.Хувьтөгөлдөр төрсөн. Хамт амьдрах хугацаанд зан харилцаа үзэл бодол нийлэхгүй, нөхөр гэр бүл хүүхэддээ анхаарал тавихгүй, ажил хийдэггүй байсан бөгөөд 2014 оны 2 сараас өдийг хүртэл харилцаа холбоо байхгүй, хүүхэдтэйгээ уулздаггүй тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Хувьтөгөлдөрийг эх миний асрамжид үлдээж, эцэг Д.Алтангэрэлээс хүүхдийн тэтгэлэг авахгүй болно. Бидэнд дундын өмч хөрөнгө байхгүй болно ...гэв.
Хариуцагч Д.Алтангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Би 2008 онд Б.Амарбайгальтай танилцсан. 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү Хувьтөгөлдөр төрсөн. Амьдарч байх хугацаанд таарч тохирохгүйн улмаас 2014 оны 2 сараас өдийг хүртэл цуг амьдраагүй болно. Цаашид ханилан амьдрахгүй учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Хувьтөгөлдөрийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг авахгүйг зөвшөөрч байна. Бид дундын өмч хөрөнгө байхгүй болно.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Амарбайгаль хариуцагч Д.Алтангэрэлд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2008 онд гэр бүл болж улмаар 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 20-нд хүү А.Хувьтөгөлдөр төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2014 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь эвлэрэх боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчид хүү А.Хувьтөгөлдөрийн асрамжийн тал дээр маргахгүй, хүүгээ эх Б.Амарбайгалын асрамжид үлдээхийг хэн аль нь зөвшөөрч байх тул шүүх хүү А.Хувьтөгөлдөрийг эх Б.Амарбайгалын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Амарбайгаль хүү А.Хувьтөгөлдөрт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд цаашид нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүйг дурдах нь зүйтэй.
Хүү А.Хувьтөгөлдөрийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Д.Алтангэрэлийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Б.Амарбайгаль саад болох учиргүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдая.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Жамбаа овогт Даваажавын Алтангэрэл /РД:НА89072975/ Боржигон овогт Болдбаатарын Амарбайгаль /РД:УЗ89092226/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн хүү А.Хувьтөгөлдөр /РД:УК12302039/-ийг эх Б.Амарбайгалийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амарбайгальд олгосугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ