Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00582

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр           Дугаар 101/ШШ2017/00582         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, К-2 байр, 31 тоотод оршин суух, Боржигон овогт Мижиддоржийн Энхтуяа /РД:УС58113009/-гийн нэхэмжлэлтэй,

О.Сарангуаг эрэн сурвалжуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даваахишигмаа оролцов.

                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:  “...Иргэн М.Энхтуяа би О.Сарангуа гэдэг эмэгтэйд 2010.03.11-нд 2 сая төгрөг зээлдүүлсэн юм. О.Сарангуа Бөмбөгөр худалдааны төвийн хажууд паб ажиллуулдаг байсан. Гэрээ хийгээгүй. Гарын үсэг зураад авсан. Пабаа хүлээлгэн өгсөн. Түр оршин сууж байсан газраа байхгүй байсан зэргээс үүдэн холбоо тасарч олон жил болсон. Харин 2013 оны 7 дугаар сард тааралдсан. Тэр үед би “Цахлай нисэх гэж төрдөг” гэдэг кино хийсэн. Үүнийгээ аль нэг телевизэд худалдчхаад мөнгийг чинь өгнө гэсэн юм. Кино нь Эх орон тв-гээр гарч байх үед нь асуухад удахгүй мөнгөө авна гэж хүлээлгэж байсан. Гэтэл мөнгөө авангуутаа утсаа хаагаад сураггүй алга болсон юм. Би Сарангуагаас 2,000,000 төгрөгөө гаргуулж авах гэсэн юм. О.Сарангуа Соёл урлагийн их сургуульд багшилдаг байсан, одоо ажиллаж байгааг мэдэхгүй байна. Иймд О.Сарангуаг эрэн сурвалжилж, хаягийг олж өгнө үү... ” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Энхтуяа иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Сарангуаг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг О.Сарангуад холбогдуулж нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэж тайлбарлаж байна.   

Хэрэгт мөнгө хүлээн авсан О.Сарангуа, тодорхойлолт гэх баримтууд авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар “...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ...” гэж заажээ.

Иймд М.Энхтуяагийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Сарангуаг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:УХ62041881/ хамгийн сүүлд Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 45/3 байр 603 тоот хаягт амьдарч байгаад 2016.02.12-нд уг хаягаас шилжсэн, 2017.02.02-ны өдрийн байдлаар шилжин ирсэн хаягандаа бүртгэл хийгдээгүй байсан, 95884599 дугаарын утас ашиглаж байсан болохыг дурдаж байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:УХ62041881/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.Сарангуаг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. О.Сарангуа хамгийн сүүлд Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 45/3 байр 603 тоот хаягт бүртгэлтэй байсныг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ